Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/01459

 

Ц.Байгальмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2016/00564 дүгээр шийдвэр,        

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Байгальмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Тэрбишд холбогдох,

436 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэсант суманд Эрүүл мэндийн газрын 2-3 мэргэжилтнүүдтэй явж байгаад ажлаа дууссаны дараагаар сумын 2 эмч энэ сүлжээний талаар хэлсэн. Тэгээд сонсоод сайхан санагдаад маргааш нь аймагт ирээд Ц.Тэрбиш эмчийн харилцах дансанд 536 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний маргааш өдөр нь буцаагаад мөнгөө авъя, наадах чинь болохгүй сүлжээ гэж байна гэсэн. Тэгэхэд мөнгийг чинь удахгүй буцааж өглөө, удахгүй ашиг нь орно гэсэн тэгэхээр нь би надад ашиг хэрэггүй ээ би өгсөн мөнгөө л буцааж авъя гэсэн. Тэгээд одоо хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа учраас шүүхэд хандсан.Иймээс Ц.Тэрбиш эмчээс 436 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай С.Хүрэлтогооч эмч Төв аймаг дээр 4 хоногийн семинарт суусан. 4 хоногийн дотор 1 сая төгрөг хождог гоё юманд орчихлоо гээд очоод банкнаас мөнгөө аваад эмнэлгийнхнээ цайлаад тэр тухайгаа ярьж өгсөн. Тэр нь старт ворк маркет гээд олон улсын сүлжээ байсан юм. Нэг хүн 276 000 төгрөгөөр ордог, компьютерээр шивэлт хийж бүртгүүлдэг сүлжээ байсан. Манай эмнэлэгийнхэн бас тэр сүлжээнд орсон. Манай эмнэлгээс шивж чаддаг хүн байхгүй, манай сумын Норжинсүрэн гэж хүүхэн хот руу явуулж Туул гэж хүнээр шивүүлдэг байсан. Би хэдэн дүүгээ элсүүлэхэд надад бас 1 сая төгрөг ирсэн.Яг тэр үеэр эрүүл мэндийн газраас Ц.Байгальмаа эмч нарын бүрэлдэхүүнтэй 5 хүн ирсэн. Тэгээд С.Хүрэлтогооч эмч бид хоёр тэр сүлжээний талаар хэлсэн. Тэгсэн яасан гоё юм бэ гээд над шиг сэтгэлийн хөөрлөөр хандаад бүгд элсэхээр болоод бэлэн мөнгө алга чи наад мөнгөнөөсөө зээлүүлээд оруулчих гэсэн. Тэгээд би мөнгө зээлээд нөгөө шивдэг хүүхэндээ тэр мөнгийг нь өгсөн. 2, 3 хоногийн дараа Ц.Байгальмаа эмч 2 хүний мөнгө шилжүүлсэн юм. Тэрнээс хойш явсан хүмүүсээс 2 хүн мөнгөө буцааж явуулсан. Тэр сүлжээнд 8 хүн 276 000 төгрөгөөр ороод тодорхой хугацааны дараа нэг баг болоод мөнгө нь ордог байсан. Тэгээд 8 хүн бүрдсэнийх нь дараа нөгөө Норжинсүрэнгээрээ шивүүлээд мөнгийг нь хот руу Туулын данс руу шилжүүлсэн. Цээлийн Янжмаа эмч, Эрүүл мэндийн газрын Энхтуяа эмч 2 миний нэг сая төгрөгөөс зээлж авсан боловч мөнгөө өгөөгүй учраас би өөрөө ингээд 1 сая төгрөгөөрөө хохироод үлдсэн. Тухайн үедээ бид нар сэтгэлийн хөөрлөөр бүгд орцгоосон. Ц.Байгальмаа эмч байнга нэхдэггүй, хүний аманд ороод сүлжээнд орох хүн биш гэж би бодож байна. С.Хүрэлтогооч эмчээс байнга нэхээд энэ тэнд сургалт семинарт таарахаар мөнгө нэхээд хэцүү байсан болохоор бас сумын эрхлэгч эмч болохоор 100 000 төгрөг өгсөн гэсэн. Би бусад зээлсэн хүмүүсээс мөнгө нэхээгүй, би өөрөө хохирч үлдсэн.Тэр мөнгийг би өөрөө хэрэглээгүй, би энэ асуудалд буруугүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна би тэр мөнгийг өгөхгүй гэжээ.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2016/00564 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Цэвээндагвын Тэрбишээс 436 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цэвээндоржийн Байгальмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13 730 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13 730 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 151/ШШ2016/00564 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т ... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Тэрбишийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Энэ гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1, 172.2.2 заасан журмуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын болсон үйл явдлын фактыг 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болсон үйлдэл гэдгээ хэлсэн байна. Нэхэмжлэгч үүнээс хойш 6-н жилийн дараа өөрийнхөө эрхийг зөрчигдсөнөө гэнэт мэдэж нэхэмжилсэн байна. Ингэж нэхэмжлэлийн өргөдөл өгөхдөө Иргэний хуулийн 75.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх ямар ч хүсэлт өгөөгүй мөн Иргэний хуулийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаагаар тооцож өгнө үү гэж ч бичээгүй байхад шүүх ерөнхий хугацаагаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талд ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.Хавтаст хэрэгт Байгалмаагийн 536 000 төгрөгийг 2010 оны 5 дугаар сарын 21-нд өөрийнхөө дансруу авсан гэдэгт маргаагүй, харин энэ мөнгө нь нийт 8-н хүний мөнгө болж орсон тохиолдолд эхний хүн 1000 ам.доллар авах сүлжээ учир 8-н хүнээс энэ мөнгийг төвлөрүүлсний дараа мөнгөө сүлжээний данс хариуцсан эзэн рүү төвлөрсөн мөнгөө би шилжүүлэх ёстой. Давж заалдах шатны магадлалаар дээрх мөнгөнүүдийг шилжүүлсэн хугацааг буруу бичсэн байна. ...Мөн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт хариуцагч Ц.Тэрбиш нь нэхэмжлэгч Байгальмаагаас шилжсэн 536 000 төгрөгийг Улаанбаатар хотод байдаг Туул гэх эмэгтэйд шилжүүлсэн гэж Хаан банкны 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулганд тэмдэглэгдсэн 1 548 000 төгрөг нь Тэрбиш Байгалмаагаас дээрх мөнгийг авсан гэдэг нь давхар нотлогдож байна гэж шүүхээс үзсэн. Энэ нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх зөвхөн Байгальмаа Тэрбишид энэ 536 000 төгрөгийг өгсөн гэдэгт л ач холбогдол өгсөн болохоос биш, шилжүүлэн авсан мөнгөө Тэрбиш нь Улаанбаатар хотын Туулын дансруу шилжүүлсэн гэдэг талаар баримтаа өгч хэлсээр байхад үүнийг нотлуулах, нотлох талаарх хууль зүйн дагуу асуудалд нухацтай хандаагүй байдал харагдаж байна....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байдаг. Хариуцагч нь анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй оролцсон учир гэрч асуулгах, нэмэлт нотлох баримт гаргаж өгөх эрхээ хангалттай сайн мэдэхгүй байсан байна. Энэ мөнгө нь хэдийгээр бага мөнгө ч гэсэн би бас өөрийнхөө нэр төрийг цэвэр авч үлдмээр байна. Энэ олон жил төрийн үйлчилгээний албанд ажиллаж ирсэн. Ямар ч сүлжээнд орсон хүн эрсдлээ өөрөө хариуцдаг. Би ямар нэгэн байдлаар хүчээр тулган шаардаж дарамтлан шахалт үзүүлж оруулаагүй. Харин би олон хүний өмнөөс мөнгө өгч өөрөө хохирсон.Иймд дээрх мөнгийг сүлжээний дансруу орсон болохыг тогтоолгох, нотлуулах зорилгоор хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн үүргийн харилцааны төрлийг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч Ц.Тэрбиш нь ХААН банк дахь өөрийн харилцах дансаар нэхэмжлэгч Ц.Байгалмаагаас 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 536 000 төгрөг шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба ийнхүү шилжүүлсэн явдал нь зохигчдын хоорондох гэрээний ямар нэг тохиролцоонд үндэслэгдээгүй, харин “сүлжээний” гэх харилцаанаас үүдэлтэй болохыг талууд тайлбарласан байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар  бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй бол уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй байна. Хариуцагч Ц.Тэрбиш нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг авах эрхтэй буюу буцаан өгөх үүрэггүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй байна.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх тухай хариуцагч болон түүний хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН