Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0147

 

2018 оны 02 сарын 28 өдөр     Дугаар 221/МА2018/0147             Улаанбаатар хот


Т.Б, Н.Н нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгч Т.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/971 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б, Н.Н нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/971 дүгээр шийдвэрээр: Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7, 18.4, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б, Н.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Нэхэмжлэгч Н.Н давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/971 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 201 дүгээр тушаал нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ тушаал нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүдийн хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн гарсан.
Шүүхийн шийдвэрт 2015 оны батлагдсан төсөвт “Орон байраар хангах, орон сууцны дэмжлэг үзүүлэх зардалд мөнгө төсөвлөгдөөгүйгээс дээрх тушаалыг хэрэгжүүлэх нэхэмжлэгч бүхий шүүгч нарт мөнгө олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь захиргааны байгууллагаас үл хамаарах нөхцөл байдал үүссэн... нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй” гэжээ.
Хавтас хэргийн 57 дугаар талд авагдсан Сангийн яамны албан тоотын 3 дугаар зүйлийн “а”-д “... орон сууц хөгжүүлэх зэрэг 11 санг татан буулгаж 2015 онд батлагдсан төсвийг нь холбогдох төсөв захирагчийн багцад шилжүүлсэн.
Хавтас хэргийн 65 дугаар талд авагдсан эвлэрлийн гэрээ мөн шүүгчийн захирамжид нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас төрийн байгууллагын санхүүжилтийг бууруулахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны төсвийн багц хамаарахгүй гэжээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хянан өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
                                                                                 ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй, хэргийн үйл баримтын талаар “... Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргасан боловч улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй болсон, өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагаас үл хамаарах нөхцөл байдал үүссэн нь хариуцагчийн тайлбар бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарт тушаалаар шийдвэрлэсэн тус бүр 10,000,000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Зүй нь анхан шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалыг хариуцагч хэрэгжүүлэхэд нөлөөлөхүйц шалтгаан нөхцөлийг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх байжээ.
Тиймээс анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй байна.
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны батлагдсан төсвөөс бүрэн санхүүжүүлээгүй үлдсэн бараа, ажил, үйлчилгээний гэрээгээр нотлогдох зардал болох 2,908,043,376 төгрөгийг Сангийн яам буцааж олгохоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар захирамж гаргасан бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр биелэгдсэнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 201 дүгээр тушаалаар орон сууцны дэмжлэг авах ёстой зарим хүмүүст олгох ёстой юм. Сангийн яам 2.9 тэрбум төгрөгийг татаж авснаар бид нарт олгох 10 сая төгрөгийг өгөх боломжгүй гэж байгаа” гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлийг тодруулж, үүнтэй холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Учир нь хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... орон сууцны дэмжлэг гэсэн ангилалд мөнгө орж ирэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 201 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг, гэрч С.Н “2015 онд олгох төсвийг санхүүжилтээ дутуу авч байсан учраас эвлэрлийн гэрээгээ үзүүлж байж 2015 оны хуваарилагдсан санхүүжилтээ 94 хувьтай авсан” гэсэн мэдүүлгийг шүүхэд гаргасан байна.
Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар захирамжийн биелэлт хангагдсан эсэх, улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны батлагдсан төсвөөс бүрэн санхүүжүүлээгүй үлдсэн бараа, ажил, үйлчилгээний гэрээгээр нотлогдох зардал болох 2,908,043,376 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд буцаан олгосон эсэхийг тодруулж, үүнтэй холбоотой баримт Сангийн яам болон хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан авах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг олгохоор гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах мөнгөн хөрөнгө нь 2014 оны Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт байсан бөгөөд Сангийн яам уг мөнгөн хөрөнгийг улсын төсөвт буцаан татсанаар нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг олгох тус тусын 10,000,000 төгрөгийг олгох боломжгүй болсон хэдий ч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар захирамжийн дагуу энэхүү мөнгөн хөрөнгийг буцааж Шүүхийн ерөнхий зөвлөлд олгохоор шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгч нарт олгох орон сууцны дэмжлэгийг олгох боломжтой байсан байж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалыг хариуцагч биелүүлэхэд саад болж буй үндэслэл нь бусад захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас хамааралтай бол түүнийг тодруулж, уг захиргааны актын талаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэн тогтоох нь шүүхийн хэрэгжүүлэх зарчим билээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
                                                                              ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/971 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                  Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                  Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР