Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 225/МА2022/00011

 

 

 

                                                                         

     “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00157 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.Нэргүйд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр болох гэм хорын хохирол 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1601007397 тоот гэрээт даатгуулагч Эрдэнэсайхан овогтой******* нь 2017 оны 12-р сарын 14-ний өдөр Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замд И.Нэргүйн жолоодон явсан 26-15 УБТ улсын дугаартай Т.Харрер маркийн автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан.

...Буруутай этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан.

...Иймд Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т тус тус заасны дагуу И.Нэргүйгээс гэм хорын хохиролд 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2017 оны 12 дугаар сард зам тээврийн ослын улмаас өөрийн сайн найзын амь насыг хохироосон явдалд маш их харамсаж явдаг. Хохирогчийн зүгээс 26,000,000 төгрөг хохиролд өг гэж шаардаж эхэлсэн бөгөөд би холбогдох нотлох баримтыг нь харж байж шийдвэр гаргана гэж байсан. Гэтэл Эрүүгийн хууль, холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзээд би оршуулгын зардалд нэхэмжилсэн 13,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл хохирогч Гэрэлцэцэг нь үлдсэн 13,000,000 төгрөгийг хэзээ өгөх юм гэж ямар ч баримтгүй шаардаж эхэлсэн. ...Би хохирогч Гэрэлцэцэгт нийт 26,000,000 төгрөгийг хохирлын төлбөрт төлсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч И.Нэргүй шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь******* надад холбогдуулан талийгаач*******ын амь насанд хохирол учруулсан гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр болох нийт 39,997,139 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Нэргүй миний хувьд зам тээврийн осол гаргаж найзынхаа амь насыг хохироосон гэм буруудаа гэмшиж насан туршдаа сэтгэлийн шаналал тээж амьдарч байна. Хэдийгээр найзынхаа гэр бүлд орон сууцны зээлийн төлбөрт зориулж 13,000,000 төгрөг, гэм хорын хохиролд 13,000,000 төгрөг нийт 26,000,000 төгрөг төлсөн ч гэсэн цаашид найзынхаа эцэг, эх, төрсөн охинд нь туслалцаа үзүүлэхийг зорьж хичээж байна.

******* амь насны даатгалын нөхөн төлбөр гэж орон сууцны үлдэгдэл нийт төлбөрийг Голомт банкинд төлсөн байгааг буруутгах боломжгүй ч гэсэн аливаа зүйл шударга үнэн байгаасай гэж бид хүсч байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй байдаг тул би эргэлзээтэй, маргаантай байгаа нөхцөл байдлыг шалгуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. ******* Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1603007397, №1601007397 дугаар бүхий гэрээний нэг тал болох даатгуулагч Э.Сайханзулын амь нас эрүүл мэндийг гэнэтийн ослын даатгалд даатгасан хэсэг нь эргэлзээтэй буюу даатгалын гэрээнд амь нас, эрүүл мэндээ даатгуулагч нь хуульд заасан журмын дагуу баталгаажуулж гарын үсгээ зураагүй, гэрээ хүчин төгөлдөр бус байгаа нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа юм.

Иймд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1603007397, №1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж хүсч сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг сөрөг нэхэмжлэлд холбогдуулж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. ... Нөхөж хийсэн гэрээ мөн эсэх, гарын үсэг нь хэзээ зурагдсан, 2017 онд сунгалт хийсэн гэрээ мөн эсэхийг шинжээч томилуулж тогтоолгох эрх нь хариуцагч талд байсан. Даатгалын хуульд бичигдсэн даатгалын баталгаа гэж зүйл нь даатгалын гэрээг хэлж байгаа юм. Мөн Э.Сайханзулын данснаас даатгалын хураамж, зээлээ төлж байсан үйлдлээр даатгалд хүсэл зоригоо илэрхийлж, даатгуулсан нь нотлогдож байгаа гэж үзэж байна. Талийгаачийн гэр бүлийн хүн болох хамтран зээлдэгч А.Гэрэлцэцэг нь 13,000,000 төгрөг авсан гэдгийг бид мэдэхгүй. Тэр нь орон сууцны зээлийн гэм хорын хохиролд төлөгдсөн гэж яригдсан зүйл байдаггүй. Уг 13,000,000 төгрөгийг өгсөн авсан талаар хоорондоо байгуулсан гэрээ байхгүй байгаа тул энэ талаар тайлбарлаж байгааг үндэслэл бүхий тайлбар гэж үзэхгүй байна. Гарын үсгийн хувьд даатгалын хураамж төлсөн баримтаар нотлогдож байгаа зүйл юм. Энэ нь Иргэний хуулийн 189.1,19.3-т заасны дагуу даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00157 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч И.Нэргүйгээс 19,998,569,97 (арван есөн сая есөн зуун ерэн найман мянга таван зуун жаран есөн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,998,569,97 арван есөн сая есөн зуун ерэн найман мянга таван зуун жаран есөн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийг, гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 гэрээний даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,1936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч И.Нэргүйгээс 287,943 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, хариуцагч И.Нэргүйгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдэлгэр давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдэлгэр би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00157 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр болох гэм хорын хохирол 39,997,139.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 19,998,569.94 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх, түүнийгээ нотлох үүргийг нэхэмжлэгчид олгосон боловч нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй, нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байгааг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгааг анхан шатны шүүх анхаарч нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь Зээлийн 4305022475 дугаартай******* гэх дансны хуулгаас үзэхэд 2018 оны 03-р сарын 20-ны өдрийн байдлаар дансны эцсийн үлдэгдэл буюу орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 39,582,754.75 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэхэмжлэгч ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж 39,997,139.94 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгааг харуулж байна.

2.Анхан шатны шүүх Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний талууд болох даатгагч ******* ХК, даатгуулагч А.Гэрэлцэцэг нь гэрээний талаар маргаагүй, даатгуулагч даатгалын хураамжаа төлсөн болох нь Голомт банкны 8225100004, 8225100005 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдлоо гэж дүгнэсэн тухайд.

Орон сууцны зээлийн ЗГ4305022475 дугаартай гэрээний хавсралт 1-д заасан “Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоо гэх баримтаас үзэхэд Амь насны даатгалын сарын төлбөрийг 8225000056, Эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөрийг 8225000057 дугаартай дансанд төлөхөөр талууд харилцан тохиролцож гарын үсгээр баталгаажуулсан байдаг бөгөөд амь насны даатгалын сар бүрийн төлөлтийг даатгуулагч нь уг дансанд хэрхэн яаж төлж байсан эсэх нь хэрэгт авагдаагүй. Шүүх Голомт банкны 8225100004, 8225100005 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар амь насны даатгалын нөхөн төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдлоо гэх боловч төлбөр төлөхөөр зөвхөн даатгуулагч нарт зориулсан үүсгэсэн дансанд даатгалын төлбөрөө төлсөн эсэх нь хэрэгт авагдаагүй. Данс өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ гэж үзэж байна.

3.Голомт банкны 2017 оны 12-р сарын 19-ны өдрийн нэхэмжлэхээр ******* хувьцаат компани орон сууцны үлдэгдэл төлбөр 39,997,139.94 төгрөгийг Голомт банкинд шилжүүлсэн болох нь ... тогтоогдож байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм гэж дүгнэсэн тухайд

Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3-т “даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны өв залгамжлагчид олгоно” гэж заасан байна. Энэ хуульд зааснаас үзэхэд талийгч*******ын хууль ёсны өв залгамжлагч даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх, шаардах эрхтэй гэж бодож байна. Гэтэл нэхэмжлэгч талийгаачтай хамтран зээлдэгч Гэрэлцэцэгийг талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч мөн эсэхийг нотлолгүй Гэрэлцэцэгийн хүсэлтээр хууль ёсны өв залгамжлагч гэж үзэж, шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Голомт банкны хувьд ч тэр шаардах эрх нь хэрхэн яаж үүсч байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах 3 талт гэрээний үүргээ Голомт банк зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй эрсдэл, хариуцлагаа өөрөө хариуцах үүрэгтэйг уг гэрээнд тодорхой заасан байна. Даатгалын баталгааны эх хувь Голомт банкинд болон *******д байхгүй, гаргаж ирүүлээгүй байгаа нь Голомт банк эрсдэлээ хариуцах ёстойг харуулж байгаа юм. ...

4.Хариуцагчийн хувьд хуулиар хүлээх ял, хариуцлагаа эдэлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг нь зохих журмын дагуу төлж барагдуулж, учруулсан гэм хорыг арилгасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө нотлох баримт, хуульд үндэслэж, хуульд нийцэж байгаа эсэхэд зөвхөн шударга үнэнийг тогтоолгох гэсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, холбогдох нотлох баримтууд, уг нөхөн төлбөр олгосон гэх үйл баримтууд хуулийн шаардлагад нийцэж, хууль ёсны дагуу явагдсан эсэхэд эргэлзэх хангалттай үндэслэл байгаа учраас маргаж байгаа юм.

5.2016-09-27-ны өдрийн Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын зуучлалын гэрээний 2.1.2-т зааснаас үзэхэд Зуучлагч нь Даатгуулагчтай 3 хувь бүхий даатгалын гэрээг байгуулах ба даатгалын гэрээний хувь нэг бүрт Даатгуулагч, Зуучлагч нар гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байх бөгөөд Даатгагч, Даатгуулагч, Зуучлагч нар тус бүр нэг хувийг хадгална гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбараар*******тай байгуулсан даатгалын гэрээ буюу даатгалын баталгааны эх хувь байхгүй гаргаж өгөх боломжгүй, сунгалтаар байгуулсан гэх гэрээ бол даатгалын гэрээ буюу даатгалын баталгаа юм гэж тайлбарлаж байгаа нь даатгалын тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна. ...

6.2016-09-27-ны өдрийн Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын зуучлалын гэрээний 2.4-т “Даатгалын гэрээг зээлийн гэрээтэй ижил хугацаагаар байгуулах ба хураамжийг хуваан төлж болно....” гэж заасан байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа даатгалын гэрээг жил бүр жилийн хугацаатай байгуулдаг тул уг сунгалтын гэрээг байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар дээрх гэрээний заалтаар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч тал 1601007397, 1603007397 дугаартай даатгалын гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг гэрээг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох үндсэн эх сурвалж гэж үзэх боломжгүй. Дээрх гэрээний заалтаас үзэхэд Даатгалын гэрээг зээлийн гэрээтэй ижил хугацаатай байгуулах ёстой гэдгийг 3 талт зуучлалын гэрээгээр нарийвчлан тусгаад баталгаажуулчихсан байхад яагаад даатгалын гэрээ нь ердийн гэрээ тул 1 жилийн хугацаатай л байгуулдаг гэж нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр тайлбарлаж зүгтээд байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр дан ганц нэхэмжлэгчийн тайлбарт үндэслээд хууль, салбарын хуульд бүр нарийвчлан зохицуулсан 2 талт, 3 талт гэрээний заалтуудад үндэслэхгүй байгаад гомдолтой байна. Иймд ...шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХКомпани нь хариуцагч И.Нэргүйд холбогдуулан Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн болох гэм хорын хохиролд 39,997,139.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч И.Нэргүй нь Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасныг зохигчид эс зөвшөөрч маргажээ.

Зээлдэгч Э.Сайханзул, эхнэр А.Гэрэлцэцэг нар нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Голомт банк ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 43,700,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601007397 дугаар гэрээг Мандал женерал даатгал ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгаж, орон сууцыг 63,000,000 төгрөгөөр үнэлэн даатгалын хураамж төлжээ.

Гэтэл даатгуулагч Э.Сайханзул нь жолооч И.Нэргүйн буруутай үйлдлийн улмаас авто тээврийн осолд орж нас барсан болох нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол үүсч даатгагч Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөр 39,997,139.94 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх даатгуулагч нас барсан нь хамтран зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, даатгуулагч нарын хүлээх үүрэг тэнцүү байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлага болох 39,997,139.94 төгрөгийн 50 хувь буюу талийгаач Э.Сайханзулд ногдох хэсэг 19,998,569.97 төгрөгийг хариуцагч И.Нэргүйгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас А.Гэрэлцэцэгт холбогдох 19,998,569.97 төгрөгийг, Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2018 оны 03 сарын 20-ны өдрийн байдлаар дансны эцсийн үлдэгдэл буюу орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 39,582,754.75 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэхэмжлэгч ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж 39,997,139.94 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус” гэж гомдол гаргажээ.

Голомт банкны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэлээр ”*******” ХХК-иас орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 39,997,139.94 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд ЗГ4305022475 тоот зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцооны хуулбараас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 39,997,139.96 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдсон байна. Иймд гомдлын энэхүү хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн давж заалдах гомдолд “...амь насны даатгалын сар бүрийн төлөлтийг даатгуулагч нь уг дансанд хэрхэн төлж байсан нь хэрэгт авагдаагүй, ...төлбөр төлөхөөр зөвхөн даатгуулагч нарт зориулсан дансанд даатгалын төлбөрөө төлсөн эсэх нь хэрэгт авагдаагүй, данс өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэжээ.

Даатгуулагч нар нь даатгалын төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан нь зохигчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдсон ба харин даатгалын хураамжийг ямар дансанд төлж байсан, данс зөрүүтэй эсэх нь хэрэгт ач холбогдолгүй тул гомдлын энэхүү хэсэг мөн адил үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...талийгчтай хамтран зээлдэгч А.Гэрэлцэцэгийг талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч мөн эсэхийг нотлолгүй А.Гэрэлцэцэгийн хүсэлтээр хууль ёсны өв залгамжлагч гэж үзэж, шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй. Голомт банкинд шаардах эрх нь хэрхэн яаж үүсч байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах 3 талт гэрээний үүргээ Голомт банк хэрэгжүүлээгүй эрсдэл, хариуцлагаа өөрөө хариуцахаар гэрээнд заасан” гэж  гомдолд дурджээ.

******* ХК нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т заасан “Бусдын амь насанд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн хуулийн этгээд нь гэм буруутай иргэнээс төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй”, мөн зүйлийн 513.2-т заасан “Гэм хорыг хариуцвал зохих иргэн нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэх хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэл гарган шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүх Орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс А.Гэрэлцэцэгт ногдох хэсгийг хасч энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд А.Гэрэлцэцэг талийгаач Э.Сайханзулын өв залгамжлагч мөн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй. Учир нь тэрээр талийгаачийн хууль ёсны өв залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Шүүх талийгаач Э.Сайханзулын амь насанд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс ногдох хэсгийн төлбөрийг гаргуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Даатгалын гэрээ буюу даатгалын баталгааны эх хувь Голомт банкинд болон ******* ХК-д байхгүй, гаргаж ирүүлээгүй гэж хариуцагч тал маргаж,  давж заалдах гомдолдоо дурдсан боловч хэрэгт авагдсан 1601007397 дугаартай гэрээ, даатгалын хураамж төлснийг нотолсон банкны лавлагаа баримт зэрэг  нотлох баримтаар даатгагч, даатгуулагч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00157 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,943 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ЭРДЭНЭБАТ

                                       ШҮҮГЧИД                                        Б.СОСОРБАРАМ

                                                            Н.БАЯРХҮҮ