Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 225/МА2022/00010

 

 

 

 

                                                                    

 Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00164 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Г.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Отгонбаярт холбогдох

4,698,368 (дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч Д.Отгонбаяр болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлдээ: ... 2018 оны эхээр Мөрөн сумын иргэн Дэмбэрэлийн******* нь надад мөнгийг чинь өсгөөд цаг хугацааны дараа буцааж өгье гэсэн санал тавьж, би түүнд 2018 оны 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд түүний ХААН банкин дахь 5890469561 тоот дансанд 2 удаагийн үйлдлээр 6 сая төгрөгийг шилжүүлж өгсөн юм. ...Тэрээр өөрийн дансаар надаас авсан мөнгөө 4 удаа буцааж шилжүүлсэн ба нийт үнийн дүн нь 1,301,632 төгрөг болсон. Миний бие түүнээс зөвхөн дансаар шилжүүлж өгсөн мөнгөнийхөө үлдэгдлийг авахаар удаа дараа шаардаж байгаа боловч тооцоо хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

 Мөрөн сумын иргэн Д.Отгонбаяр нь миний мөнгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан ба мөнгөний жинхэнэ хариуцагч мөн тул мөнгөний үлдэгдэл 4,698,368 төгрөгийг гаргуулж хохирол барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч бид хоёрын хооронд үүрэг хүлээх харилцаа бий болоогүй. Stamford сүлжээнд бүртгүүлье гэхэд нь та өөрийн сайн дурын үндсэн дээр иргэний үнэмлэхтэйгээ ирээд бүртгүүлээрэй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн эхнэр нь Ж.Энхжаргал гэх хүнээс мэдээлэл авсны дараа энэ сүлжээнд элсэж мөнгөө өсгөх боломжтой юм байна гэж бодсон учир мөнгөө өсгөх зорилготой байна гэж над руу мөнгө шилжүүлж Stamford сүлжээнд элсэж орсон. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлж, хохирол гомдлыг нь барагдуулах боломж байхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00164 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Отгонбаяраас 4,698,368 (дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга гурван зуун жаран наймтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,124 (ерэн мянга нэг зуун хорин дөрөвтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж 90,124 (ерэн мянга нэг зуун хорин дөрөвтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Г.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт. заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, гэх үндэслэлд хамаарч байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

...нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийг Г.******* нь дан ганцаар нэхэмжлэх эрхгүй буюу уг мөнгө нь бүхэлдээ түүний мөнгө биш болох нь дээр дурдсан үйл баримтаар нотлогдсоор байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан иргэнийг хуульд зааснаар төлөөлөх буюу нас барсан эхнэр болох Ж.Сэрсмаагийн өв залгамжлагч нь Г.******* нь мөн болох талаар баримт үгүй байтал хууль хэрэглээний ноцтой алдаа гаргалаа.

Мөн уг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа”, 65.1.8 дахь хэсэгт заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа...” гэх үндэслэлүүдэд хамаарах бөгөөд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах хангалттай шалтгаан болохыг тайлбарласаар байтал шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

...Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2. ...Нэхэмжлэгч “...зээлүүлсэн мөнгө гэж... шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сүлжээнд элсэх гэж бүртгүүлэн мөнгө шилжүүлсэн гэж ...үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн...” гэх мэтээр нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж байгаа аль эсвэл тодруулж байгаа эсэх нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нөхцлийг бүрдүүлж байсныг шүүх анзааралгүй орхигдуулсан.

3. ...Талуудын хооронд үүрэг үүссэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* хүлээн зөвшөөрч “...нэг нь мөнгөө дансанд шилжүүлж өгөх, нөгөө нь түүнийг зохих хэмжээний ашигтайгаар буцаан өгөх...” үүрэг үүссэн талаар тайлбарлаж, энэхүү нөхцөл байдал нь бодит байдал дээр хэрэгжиж, Stamford trading ХХК нь зуучлагч Д.Отгонбаярын дансаар дамжуулан, 4 удаагийн гүйлгээгээр нийт 1,301,632 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болох нь нотлогддог.

Энэ талаар талууд маргадаггүй бөгөөд дээрх үйлдэлд үндэслэн дүгнэхэд талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм.

Иймд анхан шатны шүүх нь маргааны зүйл, үйл баримтын талаар үнэн зөвөөр тодорхойлж, дүгнэж чадаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.Отгонбаяраас 4,698,368 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс  зөвшөөрч, “...над руу мөнгө шилжүүлж Stamford сүлжээнд элсэж орсон. ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч Д.Отгонбаярын данс руу шилжүүлж, 1,301,632 төгрөг буцаан авсан нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23-24-р тал/-аар нотлогдсон байх ба зохигч энэ талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн үндэслэлээ “...Д.Отгонбаяр надад мөнгийг чинь өсгөөд цаг хугацааны дараа буцааж өгье гэсэн санал тавьсан, би түүнд  2 удаагийн үйлдлээр 6 сая төгрөгийг шилжүүлсэн, ...Stamford сүлжээнд элссэн талаарх баримтыг хараагүй” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д.Отгонбаяр “...6,000,000 төгрөг шилжүүлж Stamford сүлжээнд элсэж орсон, нэхэмжлэгчийн мөнгийг өөрийн дансаар шилжүүлсэн болохоос өөртөө авч ашиглаагүй” гэсэн тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн 6,000,000 төгрөгийг хариуцагч бусад этгээд рүү шилжүүлсэн тухай болон Stamford гэх компанийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн, шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5913169158 тоот данснаас  нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч Д.Отгонбаярын данс руу  шилжүүлсэн нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх ба харин нэхэмжлэгчийн эхнэр хариуцагчид мөнгө шилжүүлсэн, нэхэмжлэл гаргавал зохих этгээд гэх байдал баримтаар тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд   байх тул анхан шатны шүүхийн “...хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэсэн дүгнэлтийг  үндэслэл бүхий гэж үзнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага, зүйл үндэслэлийн талаар иргэний өөр хэрэг шүүхээр хянан хэлэлцэж байгаа  тохиолдол,  65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэдэг нь  нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондох маргаантай холбоотой асуудал эрүүгийн хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдол юм.

Зохигчийн маргаж буй 6,000,000 төгрөгтэй холбоотой иргэний өөр хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа болон хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд л шүүх иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг  дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзана. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээр дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул өөр хүмүүсийн гомдлоор шалгагдаж буй гэх хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2- т зааснаар “Нэхэмжлэгч нь  нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  тодруулах, өөрчлөх нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй.

4.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,124 /ерэн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

                             ШҮҮГЧИД                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                            Б.СОСОРБАРАМ