Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2021/00012

 

Б.Б*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.Э*******д холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Э*******д холбогдох,

Булган аймаг, Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэ бүрэн, Найрамдал 1 дүгээр гудамж, 101 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, Ц.Э*******ыг уг орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  Б.Б*******ийг өвлөх эрхээ алдсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мө*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч Г.Мө******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батхуяг, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Б******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэ бүрэн Найрамдал, 1 дүгээр гудамжинд байрлалтай, 101 дүгээр байр, 1-6 тоот, нийт 248,4 мкв орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Хариуцагч Ц.Э******* нь дээрх дурдагдсан үл хөдлөх байрны 1 тоотод оршин суудаг бөгөөд өөрийн эзэмшлийн орон сууцыг эзэмшиж, ашиглахаар хариуцагчид 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 101 дүгээр байрны 1 тоотыг суллаж өгөх талаар мэдэгдэх хуудас өгсөн. Гэвч хариуцагч Ц.Э******* нь мэдэгдлийн дагуу 1 тоотыг суллаж өгөхгүй байх тул орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. ...Манай ээж 1999 онд нас барсан. Түүнээс хойш тухайн байр байдаг талаар мэдээгүй ба 2020 онд мэдсэн. Мэдсэн цагаас өөрийн өмчлөлд авсан. Тухайн орон сууцанд оршин суудаг хүмүүстэй тохиролцож эхэлсэн. Хариуцагч Ц.Э*******тай тохиролцож чадаагүйн улмаас шүүхэд орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Мөн 2020 оны 11 сарын 03-ны өдөр тус шүүхэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжинд байрлалтай 101 дүгээр байр 1 тоот орон сууцыг хариуцагч Ц.Э*******аас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлэн гаргаж байна.

Үүнд: Миний бие тухайн орон сууцыг өөрийн төрсөн эх болох А.Б*******гаас өвлөж авсан бөгөөд тухайн өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 11 сарын 29-ны өдөр Булган аймгийн Хялганат тосгоны Захирагчийн ажлын албаны дарга, нотариатын үүрэг гүйцэтгэгч А.С******* гэрчлүүлэн гаргаж авсан. Хариуцагчийн зүгээс тухайн орон сууцны улсын бүртгэлийг Захиргааны хэргийн шүүхэд өгч маргаан үүсгэсэн бөгөөд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 09 тоот шийдвэр мөн Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 420 дугаар магадлалаар Нотариатын тухай хуульд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр буюу 25 дугаар зүйлийн 25.3-т "Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1,4 /өвлөх эрхийн гэрчилгээ олгох/, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна” гэж заасныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг нотариатын үүрэг гүйцэтгэгч бус харин тухайн орон сууцны тойргийн нотариат болох Булган аймгийн нотариат дээр гэрчлүүлэх ёстой байсан дүгнэлтийг гаргасан бөгөөд тухай шийдвэр магадлалдаа миний өөрийн эхээс тухайн орон сууцыг өмчлөх эрхийг хөндөөгүй болохыг маш тодорхой заасан. Миний хувьд тухайн нотариатын үүрэг гүйцэтгэгчийн Нотариатын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг мэдэхгүй буруутай үйлдлээс болж ийнхүү хохирч байгаа болно. ...

Хариуцагч Ц.Э******* нь тухайн орон сууцыг 2017 онд бусдаас худалдаж авсан гэх боловч худалдагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлөөгүй, харьяа аймгийн бүртгэлийн газарт хандан ямар нэгэн мэдүүлэг, өргөдөл гаргаагүй, тухайн орон сууцыг эзэмших ашиглах талаар ямар нэгэн баримт бичиггүйгээр одоог хүртэл амьдран сууж байна. Миний хувьд өөрийн эхээс өвлөж авсан орон сууцыг албадан чөлөөлөх мэдэгдлийг өгсөн боловч суллаж өгөхгүй байгаа тул нэхэмжлэгч Б.Б******* миний бие тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох мөн тухайн орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна.

Иймд намайг Булган аймгийн Хялганат тосгоны Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжинд байрлалтай 101 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

   Миний бие 2017 онд Хялганат тосгоны иргэн Г.Б******* 5 дугаар байрны 1 тоотыг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед байрны гэрчилгээний тухай асуухад байранд гэрчилгээ гэж байхгүй олон жил амьдрахад энэ талаар асуудал гарч байгаагүй гэсэн тул бид харилцан тохиролцож бэлэн мөнгөөр худалдаж авсан. Бат-Энх нь амьдарч байх хугацаанд тосгоны засаг захиргаанд өгсөн үүрэг даалгаврын хүрээнд  2-3 удаа засвар үйлчилгээг хийсэн. 2017 онд авахад энэ гурван өрөө буюу 48,5 мкв байр засваргүй байсан тул би өөрөө 4,000,000-5,000,000 төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 517 дугаар зүйлийн 517.1-д заасныг баримтлан Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Ц.Э*******д холбогдох,  Булган аймаг, Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэ бүрэн, Найрамдал 1 дүгээр гудамж, 101 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, Ц.Э*******ыг орон сууцнаас албадан гаргуулах тухай,  Ц.Э*******ын нэхэмжлэлтэй, Б.Б*******т холбогдох, Б.Б*******ийг өвлөх эрхээ алдсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдажшийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мө******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 107 тоот шийдвэрт “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Өмч Хувьчлах тухай хуулийн дагуу 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байршилтай Хялганатын Ой модны үйлдвэрийн харьяа 101 дүгээр байрыг дуудлага худалдаагаар хувьчилж, иргэдэд худалдах үйл ажиллагаа явагдсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Иргэний хуульд зааснаар улсын бүх байгууллагын эд хөрөнгө улсын өмч байхаар заасан бөгөөд иргэд хувьчилж авсан амины буюу хувийн өмчийг өмчлөх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгайлсан зохицуулалт байгаагүй...” гэжээ.

       ....Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Хялганат хорооны 1991 оны 12 сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколоос харвал, дуудлага худалдааг БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Байр хувьчлалыг хэрэгжүүлэх арга”-ын дагуу бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах замаар хувьчилан авсан. Дуудлага худалдаа нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтын дагуу Хялганат ой модны үйлдвэрийн танхимд явагдаж, дуудлага худалдааны хөтлөгчөөр Ганбат, төрийн захиргааны хянагчаар Доржпалам, нарийн бичгийн даргаар Сүхбаатар нар ажилласан. Нарийн бичгийн дарга Сүхбаатар дуудлага худалдааны журмыг танилцуулсан. Өрсөлдөгчгүй тул бүгд анхны үнээр худалдан авсан. Байр худалдан авсан хүмүүсийн нэрсийг жагсаасан. Дан байрыг нийт 18 иргэн, давхар байрыг 38 иргэн худалдан авсан ба үүний дотор тухай үед Хялганат ой модны үйлдвэрт ажиллаж байсан, уг орон сууцанд амьдарч байсан А.Б******* буюу Б.Баярцэцгийн ээж нь 34 ширхэг тасалбараар худалдан авсан байсан нь Орхон аймгийн архивын баримтаар тогтоогдсон байсан. Үүний дараа байр худалдан авсан нэр бүхий иргэдийн нэрсийн дотор А.Б******* нь мөн байгаа юм.

Орон сууц хувьчлах тухай хууль 1996 оны 10 сарын 25-нд батлагдаж мөн хугацаанаас мөрдөгдсөн ба энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2* 1 2 дахь хэсэгт заасан шаардлага энэ орон сууцанд хамаарах эсэх талаар тус хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Өөрөөр хэлбэл, Орон сууц хувьчлах тухай 1996 оны хууль нь нэгдүгээрт, 1996 оноос өмнө БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулиар орон сууц хувьчилж авсан иргэдэд хамаарахгүй, хоёрдугаарт, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаас бусад төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцыг хувьчлахад хамаарах хуулийн зохицуулалттай юм. Тус иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б*******ийн ээж А.Б******* нь 1996 оноос өмнө БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн дагуу 1991 оны 12 сарын 01-ний өдрийн Хялганат ой модны үйлдвэрийн дуудлага худалдаагаар тухайн үйлдвэрийн газарт ажиллаж байснаар хувьчилж авсан.

         ...Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 132/ШШ2022/00107 тоот шийдвэрт “Байраа 2017 онд Э*******д зарсан гэх зэргээс мэдүүлэг зэргээс үзвэл Ц.Э*******ын тухайн орон сууцыг худалдан авсан гэх үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй" гэжээ.

Хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар хариуцагч Ц.Э******* нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжинд байрлалтай 101 дүгээр байрны 1 тоот орон сууцыг Гантулгын хүү Бат-Энх эзэмшиж байгаад 2017 онд таван сая төгрөгөөр түүнээс худалдан авсан ...” гэжээ.

Хавтаст хэргийн материалд авагдсан Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 09 тоот шийдвэрт: "Тиймээс А.Б******* нас барахад хүчин төгөлдөр үйлчилж байсан иргэний хуулийн 403 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4,5,6 болон Б.Б*******т өвлөх эрхийн гэрчилгээг олгоход хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.5, 520.6 дахь хэсэгт заасан зохицуулалтуудын аль алинаар нь Б******* нь А.Б******* буюу А.Баясаа-гийн өмчлөлийн хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг өвлөх эрхтэй" гэж дүгнэсэн мөн “... угхүү 101 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцыг хувьчилсан дуудлага худалдааг хүчин төгөлдөр гэж үзнэ" болон “Б.Б*******ийн эх А.Б******* нь дуудлага худалдаанд оролцсон 101 дугаартай байрнаас орон сууц худалдан авсан болохыг үгүйсгэхгүй байна. Тиймээс Б.Б******* нь өөрийн эхийн дуудлага худалдаагаар хувьчлан авсан үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах эрхтэй..”, “Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар Б.Б******* нь эх А.Б*******гийн өмчлөлийн хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг гаргах хүсэлтээ өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар бол баг сумын Засаг даргад хандан гаргах учиртай. Харин Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д зааснаар гуравдагч этгээдээс А.Б*******гийн өмчлөлийнх гэж маргаж буй 101 дүгээр байрны 01 тоотод байрлах өв нээгдэх газар нь нас барагчийн сүүлчийн оршин сууж буй газар байна. Тухайн газар нь мэдэгдэхгүй бол 101 дүгээр байр байгаа газар нь өв нээгдэх газар байхаар байна. Хуулиар нарийвчлан зохицуулсан энэхүү зохицуулалтуудыг мэдэх, түүнд нийцүүлэн гаргасан нотлох баримтыг шаардан гаргуулах үүргийг Улсын бүртгэлийн байгууллага, түүнийг улсыг бүртгэгч хүлээх учиртай ...”, “Энэхүү хэргийг шийдвэрлэхэд дурдагдаж буй өвлөх эрхийн гэрчилгээтэй холбогдуулан тус шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь гуравдагч этгээд Б.Б******* /түүний эх А.Б*******/... үгүйсгээгүй бөгөөд ... Мөн тус шийдвэр нь Б.Б*******ийн эх А.Б*******гийн өмчлөлийн хөрөнгийг өвлөн авах эрхийг хөндөөгүй буюу түүний Иргэний хууль болон Нотариатын тухай хуулиудад заасан зохицуулалтуудад нийцүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс гаргуулан авах эрхийг хязгаарлаагүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ ..." гэсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй юм. Өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвчлөгчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гэм буруутай этгээд хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөх эрхээ алдахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтаас бусад шалтгаанаар өв хүлээн авах эрхтэй этгээд нь өв хүлээн авах эрхээ алдахгүй юм”, Б.Б*******ийг хуульд заасан үндэслэлээр өвлөх эрхээ алдсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй юм.

        Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 132/ШШ2022/00107 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

   Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

        ...Шүүх “Иргэний хуульд өв хүлээн авах эрхтэй этгээд нь өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэл нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол уг гэм буруутай этгээд хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөх эрхээ алдахаар зохицуулсан байна" гээд үүнээс өөр шалтгаанаар өв хүлээн авагч нь өвлөх эрхээ алдахгүй юм гэсэн өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 517 дугаар зүйлд заасан үндэслэлээр дүгнэлт хийжээ. Гэтэл өвлүүлэгч гэх Алагаагийн Б******* 1999 онд нас барсан, түүний охин Б.Б******* өв хүлээн авах талаар 2019 онд нотариатын үүрэг гүйцэтгэгчид хандсан нөхцөл байдал хэрэгт эргэлзээгүй тогтоогдсон байна. А.Б*******гийн нөхөр Бат-Эрдэнэ 2010 онд нас барсан болохыг нэхэмжлэгч шүүхэд мэдүүлсэн байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д "Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам"-ыг хуульчлан тогтоосон болно.

....Шүүгч шийдвэрээ танилцуулахдаа Ц.Э*******ыг Б.Б*******ийн өвлөх эрхийн талаар шаардах эрхтэй этгээд биш гэж танилцуулсан боловч шийдвэрт ийм дүгнэлт бичигдээгүй, харин танилцуулаагүй "өвлөх эрхээ алдсан" гэж үзэхгүй гэх үндэслэлийг бичсэн байна. Нэгэнт 1991 оны 12 дугаар сарын 1-ний дуудлага худалдаанд оролцсон, 1999 онд нас барсан Алагаагийн Б*******гийн охин Б******* нь өвлүүлэгч ээжийнхээ өв хөрөнгө гэж үзэж тухайн хугацаанаас хойш Гантулга, түүний үр хүүхдүүд байнга эзэмшиж байсан, хүү Г.Бат-Энх нь 2017 онд Ц.Э*******д шилжүүлсэн/зарсан/ 101 дүгээр байрны 01 тоотын талаар шаардлага гаргаж байгаа нөхцөлд түүний өвлөх эрхээ хуульд заасан үндэслэлээр /Иргэний хуудийн 528 дугаар зүйл/ татгалзах хэлбэрээр алдсан болохыг тогтоолгох нь:

а/. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох,

б/. Б.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа

в/. Энэ байдлыг шүүх тогтоосноор Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.5-д заасан үндэслэл бүрдэх ба уг орон сууцыг хувьчлан авахаар Ц.Э******* хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргах боломж бүрдэнэ. Б.Б******* ч бас өөрийгөө эрх бүхий этгээд гэж үзвэл хүсэлтээ гаргаж болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан  байна.

Нэхэмжлэгч Б.Б******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг Найрамдлын 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, хариуцагч Ц.Э*******ыг тухайн орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч Ц.Э******* эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б*******ийг өвлөх эрхээ алдсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд тухайн маргааны зүйл болох 101 дугаар бүхий орон сууц 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаагаар хувьчлагдаж нэхэмжлэгч Б.Б*******ийн төрсөн ээж болох иргэн А.Б******* нь 34 ширхэг тасалбараар “давхар байр” №5 /1орц, амбааргүй/  худалдаж авсан байна./ 2 дугаар х.х-ийн 17,18/

Тухайн дуудлага худалдааны протоколд “...худалдан авагчид 15 хоногийн дотор холбогдох материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших гэрчилгээг олгохоор тогтов.” гэжээ. Дуудлага худалдаанд оролцогч иргэн А.Б******* нь тухайн үед мөрдөгдөж байсан /1994 он/ Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т “...үл хөдлөх эд хөрөнгийг түүний байгаа газарт орших төрийн эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу бүртгүүлнэ гэж заасан байх ба иргэн А.Б******* нь тухайн үед хуульд заасан хугацааны дотор “давхар байр №5 /1орц 1-6 тоот/ байрны эзэмших эрхээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байсан байна.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан /1994 он/  Иргэний хууль 403 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4,5,6-д зааснаар болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан зохицуулалтаар А.Б*******гийн охин Б.Б******* нь өөрт оногдох хэсгийг хуульд заасан зохих шаардлагыг хангасны үндсэн дээр өвлөх эрх нь нээлттэй байх байсан боловч өмчлөх эрх нь ээж Б*******д шилжээгүй байсан тул Б******* өмчлөх эрхийг өвлөх боломжгүй болсон.

 Наториатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т “...нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ” олгох эрхтэй байна. Нэхэмжлэгч Б.Б*******ийн хүсэлтээр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны дарга нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 08 дугаартай “өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нь нотариатын  тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.2-т заасныг зөрчжээ.

 Өөрөөр хэлбэл захирагчийн албаны дарга нь “өвлөх эрхийн гэрчилгээ” олгох үүрэггүй бөгөөд Булган аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаартай шийдвэрээр “... захиргааны акт хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрх олгосон улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь байх ба хуулийн хүчин төгөлдөр болсон байна. / 1 дүгээр х.х-н 89/    

Иргэний хуулийн 528 дугаар зүйлд “өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам”-г хуульчлан тогтоосон бөгөөд хуулийн 528.2-т заасан “энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заажээ.

Анхан шатны шүүх А.Б*******гийн хувьчлан авсан гэх байрны 1-6 тоотод Гантулга, Энхтөр, Энхтуяа, Батмөнх, Бат-Эрдэнэ, Мөнхтөр гэх айлууд оршин сууж байсан нь байруудын судалгааны 33 дугаарт тэмдэглэгдсэн, тухайн байранд Гантулга гэх айл оршин сууж байсан гэх ба түүнд өмчлөх эрх хуульд заасны дагуу үүсээгүй тул нэхэмжлэгч Б*******ийн  өв хүлээн авах журмаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн найрамдал 1 дүгээр гудамжны 101 дүгээр байрны 1 тоот байрлах орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасантай нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэгэнт нэхэмжлэгч нь маргааны зүйл болж байгаа 101 дүгээр байрны 01 тоотыг өмчлөх этгээд болох нь тогтоогдохгүй тул сөрөг нэхэмжлэлээр өмчлөх эрхээ алдсныг тогтоох шаардлагагүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мө*******, Т.Отгонбаатар нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                         ШҮҮГЧИД                                   С.УРАНЧИМЭГ

                                                                                                                             М.ХҮРЭЛБААТАР

 

 

s