Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00126

 

                                 Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нарт

                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                  Хэргийн индекс 142/2016/00100/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтан                                     Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс

            Нарийн бичгийн дарга                 Ө.Энхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хянан шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нарт  холбогдох, 201614000194 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан М.Түвшинтөгсийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай,  бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 36-16 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ФА89110919 регистрийн дугаартай, Баяжих овогтой Түвшинжаргалын Цэнд-Аюуш.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, эцэг, ах нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 36-16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФБ87103071 регистрийн дугаартай, Соён овогтой Машлайгийн Түвшинтөгс.

 

Шүүгдэгч Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 10-наас 19-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн 3-15 тоотод оршин суух Б.Алтанхуягийн байшингаас 2 хаалгатай хөргөгчийг хулгайлж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Баяжих овгийн Түвшинжаргалын Цэнд-Аюуш, Соён овгийн Машлайгийн Түвшинтөгс нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч М.Түвшинтөгсөөс 95.000 /ерэн таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг, 3-15 тоотод оршин суух Базарраднаагийн Алтанхуяг /РД: ДМ86020811, Утас: 95345384/-т олгож,

 

Эрүүгийн 201614000194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.д зааснаар шүүгдэгч Т.Цэнд-Аюушид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цэнд-Аюушид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Түвшинтөгсөд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч М.Түвшинтөгсийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо:

 

Машлай овогтой Түвшинтөгс миний бие Т.Цэнд-Аюуштай хамтарч хулгайн гэмт хэрэг үйлдэж 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Ар гэрийн байдлын минь харгалзан үзэж хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Ялтан М.Түвшинтөгс хохирлоо төлж барагдуулсан гэж байгаа боловч хохирол төлсөн баримт нь хавтаст хэрэгт байхгүй байна. Хэргийг тэнсэх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 10-наас 19-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн 3-15 тоотод оршин суух Б.Алтанхуягийн байшингаас 2 хаалгатай хөргөгчийг хулгайлж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Хохирогч Б.Алтанхуягийн “2016 оны 03 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу ажил тараад эхнэр хүүхэд хоёроо хадмын гэрт үлдээгээд явсан юм. Тэгээд удаагүй хотоос гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг татаж онгойлгоод гэрт байсан хоёр хаалгатай Самсунг маркийн хөргөгчийг авсан байсан. Тэгээд гэрээсээ гараад явж байтал М.Түвшинтөгс, Т.Цэнд-Аюуш хоёр хамт явж байсан. Түвшинтөгс намайг харснаа шууд л зугтаагаад явахаар нь хамт явсан Цэнд-Аюушийг нь барьж аваад өөрийнхөө хөргөгчийг асуусан чинь эхлээд бид хоёр аваагүй гэж гүрийж байснаа бид авсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09.р хуудас/,

 

Гэрч Б.Сарантуяагийн “2016 оны 03 сарын 10-ны өдөр манай нөхөр хот руу явах ажил гараад явсан. Энэ өвөл нөхөр хүүхдүүд бид нар ээжийнхээ гэрт өвөлжсөн. Тэгээд өөрийнхөө хашаа байшинг хоёр гурав хоноод л эргэж тойрч бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг байсан юм. Нөхрийг хот явснаас хэд хоногийн дараа хашаа байшингаа шалгахаар очсон чинь манай хашааны хаалгыг татаж онгойлгоод гэрт байсан хоёр хаалгатай хөргөгчийг хулгайлаад авсан байсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаж хэлэхэд очиж байгаад болъё гэсэн. Тэгээд нөхөр маань ирээд хөргөгч хулгай хийж авсан хоёр хүнийг барьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10.р хуудас/,

 

Гэрч Л.Машлайгийн “...Би өнөөдөр Түвшинтөгсийн ах Эрдэнэтөгсөөс хулгайн хэргээр шалгагдаж байгаа гэдгийг нь мэдсэн. Ямар учиртай гэдэг бол мэдэхгүй байна. ...Цагаан саарал өнгийн хуучин цагийн хоёр хаалгатай Оросын хөргөгч байсан. Тухайн хөргөгчийг гэрт хоёр хонуулаад буцаагаад аваад гарсан юм” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 13-р хуудас/ мөн ялтан нарын мэдүүлэг, “Найдвар од аудит"” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчилсэн зүйлчлэл зөв, оногдуулсан ял тэдний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Ялтан М.Түвшинтөгс давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хохирлыг аав төлж барагдуулсан...” гэж байгаа боловч хавтаст хэрэгт хохирол төлөгдсөн гэх нотлох баримт байхгүй тул түүнийг хохирол төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд ялтан М.Түвшинтөгсийн “ ...миний ар гэрийн байдал болон хэргийн байдлыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Түвшинтөгсийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.