Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 1838000000184 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.А-,

Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 50*100 зочид буудалд хохирогч П.М-той хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 50*100 зочид буудалд хохирогч П.М-той хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед байхдаа би өөрийн ажилладаг 50*100 зочид буудлынхаа өдрийн хоолонд орж байсан юм. Намайг цайнд явж ороход хамт ажилладаг хүмүүс маань хоолоо идээд эхэлчихсэн байсан.Тэгэхэд П.М- хоолоо идэж байгаад жоохон хоол үлдээчихээд босоод явсан. Тэгэхээр нь би түүний сууж байсан ширээн дээр очоод аягандаа хоол хийж авчихаад түүний идэж байсан аягатай хоолыг цааш гараараа түлхээд сууж байхад гаднаас П.М- орж ирэнгүүтээ: Та бузрын хар гараараа миний идэж байгаа хоолонд хүрлээ, наана чинь би бас хоол идэж байна ш дээ пизда чинь гэж хэлсэн. Би тухайн үед намайг олон хүмүүсийн дэргэд доромжлохоор нь түүнийг нэг алгадчихаад гараад ир, гадаа гарч байгаад ярилцъя гээд хоолоо ч идэлгүй гараад явсан ... Тэгээд хэсэг байж байхад П.М- саунд хүн оруулах гээд гадаа явж байхаар нь очоод чи битгий хүүхэд шиг сонин сонин зүйл яриад бай гэж хэлэхэд тухайн үед П.М- миний шар хөдөлгөсөн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа түүнийг 2 удаа нүүр лүү нь алгадаж цохисон. Ц.А- надад цохиулчихаад больё Аагий ахаа би харин ажлын хүмүүсийн хажууд жоохон томорчихлоо гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дугаар хуудас/,

Хохирогч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2018 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 14 цагийн үед ажил дээрээ өдрийн хоолондоо орсон юм. Тухай үед би хоолоо идэж байхад үүдэнд хүн ороод ирэхээр нь очиж уулзчихаад эргээд хоол идэж байсан ширээн дээрээ ирэхэд Ц.А- ах миний идэж байсан хоолыг яаж байна аа гэж хэлэхэд шууд гараараа миний толгой болон нүүр лүү 2-оос 3 удаа цохисон. Тэр үед би түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгэхэд Ц.А- ах гараад явчихсан. Тэгээд гадаа би грашийн үүдэнд юм хийж байхад Ц.А- ах ирээд миний толгой руу 7-оос 8 удаа цохисон, мөн цээж рүү 2 удаа өшиглөж зодчихоод яваад өгсөн. Яг тэгж зодуулсны дараа миний хамраас их хэмжээний цус гар, толгой эргэж явж чадахгүй байсан.Эмнэлэг дээр очоод рентгенд харуулж, КТГ-ын зураг авахуулж шууд Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн ... Би одоогийн байдлаар Ц.А- ахын өгсөн 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийг эмчилгээндээ зарцуулж дуусчхаад байгаа. Би гомдолтой байна. Цаашид эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Ц.А- ах П.М-ийг саунаас ирж явахад нь уулзаад би ийм хар гартай болохоороо хоол идэж болохгүй юу гэж хэлэхэд П.М- юм хэлээд байх шиг байсан, тэгэхэд л Ц.А- ах уурлаад гараараа нүүр рүү нь 2 удаа алгадаж цээж рүү нь 1 удаа элэгдсэн ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц.А- ах П.М- хоёр чанга чанга дуугаралцаад хэрэлдээд байсан.Тэгэхээр нь яваад очиход Ц.А- ах гараа далайчихсан зогсож байхаар нь би салгаж холдуулахад Ц.А- ах хүүхдээ дагуулаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 327 дугаартай: 1. П.М-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тухайн үедээ тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4. П.М-ийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмгдэл /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг баримтууд авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.А-ийн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 50*100 зочид буудалд хохирогч П.М-той хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 18380000000184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр, хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 18380000000184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР