Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2022/00026

 

“..........” ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Д...........д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2022/00015 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: .......... ХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д...........д холбогдох,

 

 “Гэм хорын хохирол 30.439.862.10 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О...........ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... ХК-ийн гүйцэтгэх захирал О........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 .......... ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр .........." ТӨҮГ нь Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт .......... УНҮ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг .......... ОРХ улсын дугаартай .......... маркийн автомашин мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн байна. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг гүйцэтгэж, .......... ОРХ улсын дугаартай, .......... маркийн автомашины жолооч Дарамсэнгийн .......... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт, 4-р хавсралтын 2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Хохирлын хэмжээг 2020 оны 11 сарын 16-ны өдөр Итгэлт .......... 3 ХХК нь 19166674-1100 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 41.516.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 30.439.862.10 төгрөгийг буруутай этгээд болох Д...........гаас гаргуулж, .......... ХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Д........... миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний унаж явсан автомашины дугуй салж, зам дээр өнхөрсөөр өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн ба уг тээврийн хэрэгсэл аюул бий болмогц зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд намайг тухайн үед Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлийн 51-р зүйлийг зөрчсөн гэж шийтгэлийн хуудас гэдгийг цагдаагийн ажилтан танилцуулсны дагуу 100.000 төгрөгийн торгууль төлсөн. Энэ үед ..........ийн өмч гээд түүнийг төлөөлж байгаа гэх Энхнаран гэх залуу надаас 10.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн билээ. Энэ үед би Тэнгэр даатгал ХХК-ийн даатгалтай гэсэн чинь тухайн даатгалын байгууллагаас мөнгийг хөөцөлдөж авна гээд надаас Тэнгэр даатгал ХХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар зэргийг авсан. Дараа нь Тэнгэр даатгал ХХК-аас 6.224.784 төгрөг авсан гэж хэлж байсан. Энэ талаарх баримтыг бол хараагүй. Үүнээс өмнө 3.600.000 төгрөгийг сэлбэг зардаг гэх хүний данс руу шилжүүл гэсний дагуу би шилжүүлж байсан. Ингээд уг асуудал дуусгавар болсон гээд намайг 100.000 төгрөгөөр торгосон. Харин энэхүү нэхэмжлэлд намайг замын хөдөлгөөний дүрмийн 1.3 болон 4-р хавсралтын 2.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Ийм дүгнэлт байцаагч танилцуулж байгаагүй. Тухайн үед .......... ХХК-ийн өмч болох Ланд крузер 200 маркийн .......... УНҮ дугаартай автомашиныг жолоодож явсан Алдар гэх хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуудлыг цадаагийн албан хаагч шалгана гэж байсан. Яаж шалгасныг би мэдэхгүй. Гэхдээ дугуй өөдөөс нь өнхрөөд ирэхэд зогсоох арга хэмжээ аваагүй гэх асуудал тухайн үед яригдаж байсан. Гэтэл миний огт мэдэхгүй Итгэлт Эстимейт-3 гэх ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар даатгал төлсөн гэх .......... ХК-ийн нэхэмжлэлийг үзээд гайхаж байна. Надад холбогдуулсан зөрчлийн хэргийг танилцуулахад Итгэлт Эстимейт-3 ХХК гэх хөрөнгийн үнэлгээ байгаагүй, харин зам тээврийн осол хэрэг үзлэгээр автомашинд учирсан эвдрэлийг тодорхой бичсэн гэх замын цагдаагийн газрын баримтыг үзүүлж байсан ба уг баримтад зүүн урд их гэрэл хагарсан, урд буфер хагарсан, зүүн урьд крело хонхойж зурагдсан, приус маркийн автомашины баруун хойд хаалга хонхойсон, баруун хойд крыло хонхойж зурагдсан гэх баримт танилцуулж байсан ба хэрэг хаагдаж байна гээд хэд хэдэн баримтад гарын үсэг зуруулсан. Энэ үед заримыг нь унших гэхэд яараад байна гэсэн учир би гарын үсэг зураад өгсөн. Иймд эвдрэлтэй холбоотой уг баримтаас өөр үнэлгээний баримт байгаагүй. Автомашинд 41.516.000 төгрөгийн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн автомашиныг яг одоо засуулж байна гээд сэлбэг хэрэгслийн үнэ гэж 3.600.000 төгрөг надаас авсан атлаа маш их хэмжээний эвдрэл гарсан мэт үнэлгээ хийгдэж гарсныг үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн даатгалын байгууллага нэгэнт төлсөн гэж байгаа төлбөрийг би хариуцах үндэслэлгүй. Төлбөр гарсан тохиолдолд би төлнө гэх гэрээг .......... ХК-тай хийж байгаагүй. Мөн .......... ХХК нь өөр байгууллагад даатгалтай байсан юм бол Тэнгэр даатгал ХХК-аас төлбөр гаргуулах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Замын хөдөлгөөнд оролцож байх үед миний барьж байсан .......... ОРХ дугаартай тээврийн хэрэгслийн урд талын дугуй, саадны үзүүрийн резванд шувтарч мултарсан. Үүний улмаас .......... УНУ улсын дугаартай ланд круйзер 200 маркийн автомашин нь өнхөрч явсан дугуйтай мөргөлдөж, тухайн тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан. Тухайн газарт Өлзийсүрэн гэх байцаагч хэмжилт хийж зургийг авч, гэмтлийг тогтоосон. Зүүн урд гупер, урд их гэрэл, зүүн урд кардан эвдэрсэн гэх эвдрэлийн үнэлгээг гаргасан. Замын цагдаагийн газраас үнэлгээ хийлгэ гэсэн. Үнэлгээний газрын хүн үнэлгээг хийлгэх гэтэл Энхнаран гэх хүн энд үнэлгээ хийлгэхгүй, Улаанбаатар хотод очиж үнэлгээ хийлгэнэ. ..........хада ХХК-аас авсан машины баталгаат хугацаа дуусаагүй байгаа, манайх ..........д 100 хувийн даатгалтай байдаг гээд тухайн машиныг Улаанбаатар хот руу аваад явсан. ..........хада ХХК-аас сэлбэгийн үнэ бичсэн баримт танилцуулж байсан. Би өөрийн зүгээс 3.200.000 төгрөг өгсөн. Үүн дээр даатгалаас өгсөн мөнгө нэмэгдээд нийт 10.000.000 төгрөг өгсөн. Жолооч Баярсайхан гэх залуу надаас гэрэл авна гээд 3.200.000 төгрөг авсан. Хишигням гэх хүнээс 3.000.000 төгрөгөөр гэрэл аваад 200.000 төгрөгөөр нь бусад холбогдох хэрэгслийг авсан байсан. 2 хоногийн дараа Хишигням гэх хүнд гэрлийг буцааж аваачиж өгөөд мөнгийг нь бэлнээр авсан байсан. Засварын хөлсөнд 11.167.000 төгрөгийн үнэлгээ гарсан байсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 30.439.860 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 .......... нь зам тээврийн осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч зөрчлийн хэргээ шийдвэрлүүлсэн. Үнэлгээг 12 дугаар сарын 17-ны өдөр буюу зөрчлийн арга хэмжээ авагдсан өдөр танилцуулсан. 12 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн хэргийг хаасан. Ослын хохирлыг тооцож гаргах тухай ямар ч баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэр шинжээч томилох тухай тогтоол хэрэгт байхгүй. Итгэлт .......... ХХК-ийн гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасныг зөрчсөн байна. Уг дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 222 дугаартай замын цагдаагийн тасгийн тодорхойлолтоор Ланд 200 маркийн автомашины урд талын их гэрэл хагарсан, гуперын зүүн хэсэг хагарсан, урд моторын хаалт чирэгдсэн зэрэг гэмтлийг дурдсан. Энэ нь хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдсон. Энэ хугацаанд хохирогчийн зүгээс тухайн машиныг ..........хада ХХК-аас авсан машин байсан учир ..........хада ХХК-аар асуудлыг шийдвэрлүүлнэ гээд 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 ширхэг хохирлын баримтыг гаргаж ирсэн. Нэг нь 18.978.200 төгрөг, нөгөөх нь 16.982.100 төгрөг гэсэн баримтууд байсан. Эдгээр баримтуудын дийлэнх нь эвдрэл гэмтлээс бус элэгдэл, хорогдлоос шалтгаалсан гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл зүүн хаалганы гишгүүрийг солих, өөрчлөх гэх мэт байсан. Ослын улмаас зүүн хаалганы гишгүүрт гэмтэл учраагүй байсан. Үүнтэй холбоотойгоор маргаан үүсгэж ..........хада ХХК-ийг зөвхөн гэмтсэн хэсгийг тодруулж өгнө үү гэж дахин хандсан. Хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 11.167.200 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийг төлж гүйцэтгэсэн. Үүнээс өөр баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн хохирол төлбөрт 12.408.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хариуцагч нь Тэнгэр даатгал ХХК-аас 5.600.000 төгрөгийг, өөрөөсөө бусад эвдрэлийн сэлбэг хэрэгслийг авах мөнгө болох 3.200.000 төгрөгийг Хишигням гэх худалдагч руу шилжүүлсэн. Нийт 9.800.000 төгрөгийг хариуцагч нь төлсөн. Үүнээс хойш талууд хохирол төлбөрийн талаар дахин маргаан гаргаагүй. Гэтэл гэнэт уг хохиролтой холбоотойгоор 30.000.000 төгрөг төлөгдсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гарсан. Итгэлт .......... ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай тогтоолгүй уг үнэлгээнд үндэслэн нэхэмжлэл гаргаад байгаа. Эд хөрөнгийн хохиролд 12.408.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоос 9.800.000 төгрөгийг төлж барагдуулсан. .......... ТӨҮГ нь хууль бус үнэлгээгээр .......... ХК-аас мөнгө авч тухайн мөнгийг хохирлыг засварлахад огт зарцуулаагүй. Даатгагч болон даатгуулагчийн хооронд үүссэн хууль бус үйлдлийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Даатгагч компани нь шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчаас шаардах эрхийг даатгуулагчаас шилжүүлж авсан тухай баримт байхгүй. Даатгуулагчийн биднээс уг мөнгийг шаардах эрхийг зөвшөөрсөн эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь хууль ёсны байсан бөгөөд үүний дагуу нөхөн төлбөрийг төлсөн гэх байдлыг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Төлбөрийн гүйцэтгэлийн тухайд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12.408.000 төгрөгийг төлбөрийг төлсөн. ..........хада ХХК-ийн зүгээс хамгийн сүүлийн байдлаар 11.167.200 төгрөгийн хохирол гарсан болохыг тодорхойлж өгсөн. Уг төлбөрийг 100 хувь төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Нарангэрэл бичгээр гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Д........... нь машинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан боловч даатгалын компани нь засварын газарт 30 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн гэх боловч шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй учраас Д........... энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2022/00015 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д...........гаас гэм хорын хохирол 2.364.898 /хоёр сая гурван зуун жаран дөрвөн мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.074.964 /хорин найман сая далан дөрвөн мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.150 /гурван зуун арван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д...........гаас улсын тэмдэгтийн хураамжид 52.788 /тавин хоёр мянга долоон зуун наян найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .......... ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О........... давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд: 1.1.Нэхэмжлэгч “..........” ХК нь “..........” ТӨҮГ-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Барилга, байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээ” байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр даатгуулагч “..........” ТӨҮГ-ын өмчлөлийн даатгалын зүйл болох .......... УНҮ улсын дугаартай ланд крузер 200 маркийн автомашинд Д...........н Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан байдаг. Ингээд даатгалын тохиолдол бий болсон үндэслэлээр “..........” ТӨҮГ-аас даатгалын гэрээний 14.5-д заасны дагуу нөхөн төлбөрийн материалуудыг даатгагчид бүрдүүлэн өгсөн. Уг автомашинд “..........хада” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр 36.042.165 төгрөгийн, “Итгэлт ..........” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто машин техник үнэлгээний тайлан”-гаар 41.516.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд эдгээр үнэлгээнүүд 2-уул хүчин төгөлдөр юм. Шүүх даатгалын зүйлд учирсан эвдрэл гэмтлийг “..........хада” ХХК засварласан, “..........” ТӨҮГ нь автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлуулсан засвар үйлчилгээний хөлсөнд нийт 11.167.200 төгрөгийг “..........хада” ХХК-д төлсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнээд үндсэндээ “..........” ТӨҮГ-аас “..........хада” ХХК-д төлсөн гэх төлбөрийн хэмжээгээр хохирлын хэмжээг тодорхойлсон нь агуулгын хувьд ЗӨВ дүгнэлт хийсэн боловч “Эрдэнэ үйлдвэр" ТӨҮГ-аас 2020.12.14-ний өдөр 24.874.965 төгрөг, 2020.12.22-ны өдөр 11.167.200 төгрөг буюу бүгд 36.042.165 төгрөгийг шилжүүлсэн байхад зөвхөн 11.167.200 төгрөгийг л шилжүүлсэн мэтээр дүгнэж, хохирлын хэмжээг буруу тодорхойлох болсон үндэс нь шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэхдээ тухайн бүрдүүлсэн баримттай нэхэмжлэгч талыг танилцуулаагүй, баримттай холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримт гаргах бололцоогоор хангаагүй буюу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасантай шууд холбоотой юм.

1.2. Шүүх "Итгэлт ..........” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №74/ДД№19166674-1100 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт авагдсан ба уг баримтаар уг тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохирлыг шууд зардлын дүн 33.985.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон 41.516.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд уг үнэлгээг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр гаргасан, үнэлгээний дүн зөрүүтэй, үнэлгээний тайланд компанийн салбарын тамга, тэмдэг дарагдсан, үнэлгээ хийсэн компани нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлтийг хийж, хүчин төгөлдөр үнэлгээг үгүйсгэсэн байдаг. “Итгэлт ..........” ХХК нь 2007 оноос хойш бизнесийн зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх ба 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авч, мөн хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 6 салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулж, Санхүүгийн зохицуулах хорооны вебсайт /www.frc.mn/, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл хэсгээс /opendata.burtgel.gov.mn/ харж болох ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан нийтэд илэрхий үйл баримт юм.“..........” ТӨҮГ нь “.........." ХК-тай байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Барилга, байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээ”-нд заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон тул даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор даатгалын гэрээний 14.5.1.6-д заасны дагуу “..........хада” ХХК, “Итгэлт ..........” ХХК-иудаар өөрийн өмчлөлийн .......... УНҮ улсын дугаартай toyota маркийн авто машинд учирсан хохирлыг тогтоолгож үнэлгээ гаргуулсан байдаг. Ийнхүү “..........” ХК-иас нөхөн төлбөр авах зорилгоор даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгож үнэлгээ гаргуулахад эрх бүхий албан тушаалтны шийдвэр шаардлагагүй ба “..........” ТӨҮГ нь “Итгэлт ..........” ХХК-ийн үнэлгээний тайланг “..........” ХК-д өгч даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор гаргуулсан гэдэг нь “Итгэлт ..........” ХХК-ийн гаргасан “Авто машин техникийн үнэлгээний тайлан”-ийн захиалагч хэсгээс тодхон харагдана. Мөн “Итгэлт ..........” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто машин техникийн үнэлгээний тайлан”-гийн үнийн дүн ямар нэгэн зөрүүгүй ба авто машины солих шаардлагатай сэлбэгийн шууд зардал нь 33.984.000 төгрөг, тэдгээрийг солих ажлын хөлс, засварын зардал, тэнхлэг тохиргоо гэх мэт шууд бус зардал 7.531.000 төгрөг нийт 41.516.000 төгрөгөөр хохирлыг үнэлсэн, ...даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, үнэлгээний тайланг “..........” ХК-д өгч даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор гаргуулсан, даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор үнэлгээний тайлан гаргуулахад эрх бүхий албан тушаалтны шийдвэр шаардлагагүй тул шүүхийн шийдвэрт тусгагдсан дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэдийгээр даатгалын гэрээний талууд “Итгэлт ..........” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоогоогүй боловч даатгалын гэрээний 14.5.6-д зааснаар тухайн үнэлгээний дотор багтаж буй “..........хада” ХХК-ийн үнэлгээг баримталсан нь талуудын гэрээний тохиролцоо болон холбогдох хуулийн зохицуулалтуудад нийцэж байгааг тэмдэглэмээр байна.

2. Шүүх “Нэхэмжлэгч “..........” ХК нь даатгалын нөхөн төлбөрт “..........” ТӨҮГ-т 30.439.862 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн боловч даатгалын нөхөн төлбөрт 27.395.875.89 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.”, “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагчаас “..........” ТӨҮГ-ын өмчлөлийн Тоуоta 200 маркийн .......... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол болох 11.167.200 төгрөгөөс хариуцагчийн хохиролд төлсөн 3.200.000 төгрөг, “Тэнгэр даатгал” ХХК-иас “..........” ТӨҮГ-т шилжүүлсэн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 5.602.302 төгрөгийг төлөх ёстой хохирлын төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй." гэх дүгнэлтийг хийж хариуцагч Д...........гаас 2.364.898 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.074.964 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “..........” ХК нь “..........” ТӨҮГ-ын өмчлөлийн тоёота ланд крузер-200 маркийн .......... УНҮ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг даатгалын гэрээний 14.5.6-д хохирлын хэмжээг хамгийн бага үнэлгээгээр тооцохоор заасны дагуу “..........хада” ХХК-ийн үнэлсэн 36.042.165 төгрөгийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоосон талаар дээр тайлбарласан.Хариуцагч Д........... нь “Тэнгэр даатгал” ХХК-тай жолоочийн хариуцлагын даатгалын гэрээтэй байсан бөгөөд тус даатгалаас Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1.2-т заасны дагуу 36.042.165 төгрөгийн хохирлоос 5.602.302.9 төгрөгийг төлсөн тул “..........” ХК-иас Иргэний хуулийн 443.5-д заасны дагуу зөрүү 30.439.862.1 төгрөгийн нөхөн төлбөрийг “..........” ТӨҮГ-т даатгалын гэрээний дагуу олгохоор шийдвэрлэсэн, ... 30.439.862.1 төгрөгийн 10% /3.043.986.21 төгрөг/-тг суутган “..........” ХК-аас татварт төлж, үлдэх 90% 127.395.875.89 төгрөг/-тг “..........” ТӨҮГ-т шилжүүлсэн байдаг. Нэгэнт "..........” ХК-аас 30.439.862.1 төгрөгийн зардал гарсан нь бодитой тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ дүнгээр тодорхойлсон нь хууль ёсных. Гэвч шүүхээс нэхэмжлэгч талын энэхүү тайлбарыг авч хэлэлцэлгүй 30.439.862 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн боловч даатгалын нөхөн төлбөрт 27.395.875.89 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу “Тэнгэр даатгал” ХХК-иас “..........” ТӨҮГ-т шилжүүлсэн 5.602.302.9 төгрөгийг хохирлоос хасаж зөрүү 30.439.862.1 төгрөг /36.042.165-5.602.302.9/-ийн нөхөн төлбөрийг шилжүүлсэн байхад шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх 11.167.200 төгрөгийн хохирлоос дахин 5.602.302.9 төгрөгийг давхардуулан хасаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давхар зөрчсөн.

Хоёрдугаарт: Шүүх Д...........н гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Д...........д холбогдуулан үүсгэсэн 3110.041 тоот зөрчлийн хэргийн материалыг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулан авсан байдаг. Энэхүү зөрчлийн хэргийн материалын 22-23 дугаар талд “..........хада” ХХК-ийн “..........” ТӨҮГ-т хүргүүлсэн 1370 дугаар 24.874.965 төгрөгийн нэхэмжлэх, 26 дугаар талд мөн “..........хада” ХХК-ийн “..........” ТӨҮГ-т хүргүүлсэн 1293 дугаар 10.961.258 төгрөгийн нэхэмжлэх авагдсан байдаг. Уг баримтууд ирсэнтэй холбоотойгоор шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт товлосон “..........” ХК-ийн нэхэмжлэлтэй Д...........д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагч Д...........гийн өмгөөлөгчөөс дээрх баримтуудтай холбоотойгоор гаргасан “...“..........хада” ХХК-иас .......... УНҮ улсын дугаартай тоёота ланд крузер-200” маркийн автомашины 11.000.000 төгрөгтэй холбоотой сэлбэг, үйлчилгээний төлбөр төлсөн баримтыг гаргуулах” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. Товлогдсон энэ хуралдаанаас өмнө Орхон аймгийн дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Оюунбилэг нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргилтой түүний 9666-7822 утсаар холбогдож, ..........” ХК нь Д...........гаас гэм хор шаардаж байх тул дараагийн шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэй орохоор болсон. Иймд дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулж байна. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргилыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоход “..........хада” ХХК-иас ирүүлсэн баримтуудыг танилцуулаагүй ба баримт ирсэн гэдгийг ч мэдэгдэлгүй, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр огноолон “..........хада” ХХК-иас шүүхэд ирүүлсэн 5 хуудас баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын хүрээнд явагдах бөгөөд мэтгэлцэх зарчим нь хэргийн оролцогч эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримтуудтай танилцах, үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, тайлбар өгөх зэрэг эрхүүдийг баталгаатай эдэлсний үндсэн дээр бүрэн хэрэгжих боломжтой, ...11.167.200 төгрөгийн 5 хуудас нотлох баримтыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй. “..........” ТӨҮГ нь .......... УНҮ улсын дугаартай тоёота ланд крузер-200” маркийн авто машины засвар үйлчилгээний төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 24.874.965 төгрөг, сэлбэг, үйлчилгээний төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11.167.200 төгрөг нийт 36.042.165 төгрөгийг “..........хада” ХХК-д төлсөн байдаг. Хэрэв нэхэмжлэгч нь “..........хада” ХХК-ийн ирүүлсэн 5 хуудас баримттай танилцаж, зөвхөн сэлбэг, үйлчилгээний 11,167,200 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан гэдгийг мэдсэн бол үлдэх 24.874.965 төгрөгийн баримтыг “..........хада" ХХК эсвэл “..........” ТӨҮГ-аас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох замаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д тус тус заасны дагуу Орхон аймгийн дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны12дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2022/00015 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч О...........ы гаргасан “...нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн...” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

        Нэхэмжлэгч .......... ХК  “Гэм хорын хохирол 30.439.862.10 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хариуцагч Д........... нь “...Автомашинд 41.516.000 төгрөгийн эвдрэл гэмтэл байгаагүй. яг одоо машиныг засуулж байна гээд сэлбэг хэрэгслийн үнэ гэж 3.600.000 төгрөг надаас авсан, даатгалын байгууллага нэгэнт төлсөн гэж байгаа төлбөрийг би хариуцах үндэслэлгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон  эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна Тухайлбал:

         1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан “..........хада ХХК-иас  санхүүгийн тамга дарагдсан Ганзолбоо гэх хүний гарын үсэгтэй 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үнийн санал 11.167.200 төгрөгийн баримт гаргуулах” тухай хүсэлтийг хангаж,  ..........хада ХХК-иас 11.167.200 төгрөгийг .......... ТӨҮГ-т олгосон үнийн санал гэх баримтуудыг ирүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн ба уг захирамжилсан шүүхийн ажиллагаа бүрэн гүйцэт хэрэгжих ёстой юм. Гэвч “..........хада” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/69 дугаар албан бичгээр ирүүлсэн тооцооны хуудас, нэхэмжлэх, төлбөрийн баримт зэрэг нь тухайн компанийн тамга, тэмдэг дарагдаагүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар шинжлэн судалж, нотлох баримтанд үнэлсэн түүнчлэн шүүх хуралдааны дараа буюу 2021 оны 12 сарын 30-ны өдөр дээрх нотлох баримтуудыг  шүүх хүлээн авсан байна.

         2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ..........хада ХХК-иас шүүхэд ирүүлсэн тооцооны хуудас, нэхэмжлэх, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг шүүх хэрхэн хүлээн авсан нь тодорхойгүй энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж хэргийн материал танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

       Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар  зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2022/00015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч О...........ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.330 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                                ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ