Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2022/00015

 

 

 

 

 

                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж, *******ын байранд байрлах “******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг тосгоны ******* оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

            Гэм хорын хохирол 30.439.862,10 төгрөг гаргуулах тухай 142/2021/01271/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов. 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Даатгал” ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь “Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 17-97 УНҮ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг 34-55 ОРХ улсын дугаартай Даюун маркийн автомашин мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн байна. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг гүйцэтгэж, 34-55 ОРХ улсын дугаартай, Даюун маркийн автомашины жолооч ******* ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт, 4-р хавсралтын 2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Хохирлын хэмжээг 2020 оны 11 сарын 16-ны өдөр “Итгэлт Эстимэйт 3 ” ХХК нь 19166674-1100 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 41,516,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. Ийнхүү “Монгол Даатгал” ХК-ийн ТУЗ-ын хурлын тогтоолоор 30,439,862.10 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгосон. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 30,439,862.10 төгрөгийг буруутай этгээд болох Д.*******гаас гаргуулж, “Монгол Даатгал” ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Даатгал ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багын нутаг дэвсгэрт 17-97 УНҮ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг 34-55 ОРХ улсын дугаартай Даюун маркийн автомашин мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн байна. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг Орхон аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг гүйцэтгэж, 34-55 ОРХ улсын дугаартай, Даюун маркийн автомашины жолооч ******* ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт, 4-р хавсралтын 2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Хохирлын хэмжээг 2020 оны 11 сарын 16-ны өдөр Итгэлт Эстимэйт-3 ХХК нь 19166674-1100 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 41 516 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. Ийнхүү Монгол Даатгал ХК-ийн ТУЗ-ын хурлын тогтоолоор 30 439 862.10 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгосон. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 30 439 862.10 төгрөгийг буруутай этгээд болох Д.*******гаас гаргуулж, Монгол Даатгал ХК-д олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний унаж явсан автомашины дугуй салж, зам дээр өнхөрсөөр өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн ба уг тээврийн хэрэгсэл аюул бий болмогц зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд намайг тухайн үед Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлийн 51-р зүйлийг зөрчсөн гэж шийтгэлийн хуудас гэдгийг цагдаагийн ажилтан танилцуулсны дагуу 100,000 төгрөгийн торгууль төлсөн. Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн өмч гээд түүнийг төлөөлж байгаа гэх Энхнаран гэх залуу надаас 10.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн билээ. Энэ үед би Тэнгэр даатгал ХХК-ийн даатгалтай гэсэн чинь тухайн даатгалын байгууллагаас мөнгийг хөөцөлдөж авна гээд надаас Тэнгэр даатгал ХХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар зэргийг авсан. Дараа нь Тэнгэр даатгал ХХК-аас 6.224.784 төгрөг авсан гэж хэлж байсан. Энэ талаарх баримтыг бол хараагүй. Үүнээс өмнө 3.600.000 төгрөгийг сэлбэг зардаг гэх хүний данс руу шилжүүл гэсний дагуу би шилжүүлж байсан. Ингээд уг асуудал дуусгавар болсон гээд намайг 100.000 төгрөгөөр торгосон. Харин энэхүү нэхэмжлэлд намайг замын хөдөлгөөний дүрмийн 1.3 болон 4-р хавсралтын 2.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Ийм дүгнэлт байцаагч танилцуулж байгаагүй. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өмч болох Ланд крузер 200 маркийн 17-97 УНҮ дугаартай автомашиныг жолоодож явсан Алдар гэх хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуудлыг цадаагийн албан хаагч шалгана гэж байсан. Яаж шалгасныг би мэдэхгүй. Гэхдээ дугуй өөдөөс нь өнхрөөд ирэхэд зогсоох арга хэмжээ аваагүй гэх асуудал тухайн үед яригдаж байсан. Гэтэл миний огт мэдэхгүй Итгэлт Эстимейт-3 гэх ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар даатгал төлсөн гэх ******* ХК-ийн нэхэмжлэлийг үзээд гайхаж байна. Надад холбогдуулсан зөрчлийн хэргийг танилцуулахад Итгэлт Эстимейт-3 ХХК гэх хөрөнгийн үнэлгээ байгаагүй, харин зам тээврийн осол хэрэг үзлэгээр автомашинд учирсан эвдрэлийг тодорхой бичсэн гэх замын цагдаагийн газрын баримтыг үзүүлж байсан ба уг баримтад зүүн урд их гэрэл хагарсан, урд буфер хагарсан, зүүн урьд крело хонхойж зурагдсан, приус маркийн автомашины баруун хойд хаалга хонхойсон, баруун хойд крыло хонхойж зурагдсан гэх баримт танилцуулж байсан ба хэрэг хаагдаж байна гээд хэд хэдэн баримтад гарын үсэг зуруулсан. Энэ үед заримыг нь унших гэхэд яараад байна гэсэн учир би гарын үсэг зураад өгсөн. Иймд эвдрэлтэй холбоотой уг баримтаас өөр үнэлгээний баримт байгаагүй. Автомашинд 41,516,000 төгрөгийн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн автомашиныг яг одоо засуулж байна гээд сэлбэг хэрэгслийн үнэ гэж 3.600.000 төгрөг надаас авсан атлаа маш их хэмжээний эвдрэл гарсан мэт үнэлгээ хийгдэж гарсныг үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн даатгалын байгууллага нэгэнт төлсөн гэж байгаа төлбөрийг би хариуцах үндэслэлгүй. Төлбөр гарсан тохиолдолд би төлнө гэх гэрээг Монгол Даатгал ХК-тай хийж байгаагүй. Мөн Эрдэнэт Үйлдвэр ХХК нь өөр байгууллагад даатгалтай байсан юм бол Тэнгэр даатгал ХХК-аас төлбөр гаргуулах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын хөдөлгөөнд оролцож байх үед миний барьж байсан 3455 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийн урд талын дугуй, саадны үзүүрийн резванд шувтарч мултарсан. Үүний улмаас 1797 УНУ улсын дугаартай ланд круйзер 200 маркийн автомашин нь өнхөрч явсан дугуйтай мөргөлдөж, тухайн тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан. Тухайн газарт Өлзийсүрэн гэх байцаагч хэмжилт хийж зургийг авч, гэмтлийг тогтоосон. Зүүн урд гупер, урд их гэрэл, зүүн урд кардан эвдэрсэн гэх эвдрэлийн үнэлгээг гаргасан. Замын цагдаагийн газраас үнэлгээ хийлгэ гэсэн. Үнэлгээний газрын хүн үнэлгээг хийлгэх гэтэл Энхнаран гэх хүн энд үнэлгээ хийлгэхгүй, Улаанбаатар хотод очиж үнэлгээ хийлгэнэ. Мөнххада ХХК-аас авсан машины баталгаат хугацаа дуусаагүй байгаа, манайх *******д 100 хувийн даатгалтай байдаг гээд тухайн машиныг Улаанбаатар хот руу аваад явсан. Мөнххада ХХК-аас сэлбэгийн үнэ бичсэн баримт танилцуулж байсан. Би өөрийн зүгээс 3 200 000 төгрөг өгсөн. Үүн дээр даатгалаас өгсөн мөнгө нэмэгдээд нийт 10 000 000 төгрөг өгсөн. Жолооч Баярсайхан гэх залуу надаас гэрэл авна гээд 3 200 000 төгрөг авсан. Хишигням гэх хүнээс 3 000 000 төгрөгөөр гэрэл аваад 200 000 төгрөгөөр нь бусад холбогдох хэрэгслийг авсан байсан. 2 хоногийн дараа Хишигням гэх хүнд гэрлийг буцааж аваачиж өгөөд мөнгийг нь бэлнээр авсан байсан. Засварын хөлсөнд 11 167 000 төгрөгийн үнэлгээ гарсан байсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 30 439 860 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ******* нь зам тээврийн осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч зөрчлийн хэргээ шийдвэрлүүлсэн. Үнэлгээг 12 дугаар сарын 17-ны өдөр буюу зөрчлийн арга хэмжээ авагдсан өдөр танилцуулсан. 12 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн хэргийг хаасан. Ослын хохирлыг тооцож гаргах тухай ямар ч баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэр шинжээч томилох тухай тогтоол хэрэгт байхгүй. “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасныг зөрчсөн байна. Уг дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 222 дугаартай замын цагдаагийн тасгийн тодорхойлолтоор Ланд 200 маркийн автомашины урд талын их гэрэл хагарсан, гуперын зүүн хэсэг хагарсан, урд моторын хаалт чирэгдсэн зэрэг гэмтлийг дурдсан. Энэ нь хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдсон. Энэ хугацаанд хохирогчийн зүгээс тухайн машиныг “Мөнххада” ХХК-аас авсан машин байсан учир “Мөнххада” ХХК-аар асуудлыг шийдвэрлүүлнэ гээд 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 ширхэг хохирлын баримтыг гаргаж ирсэн. Нэг нь 18 978 200 төгрөг, нөгөөх нь 16 982 100 төгрөг гэсэн баримтууд байсан. Эдгээр баримтуудын дийлэнх нь эвдрэл гэмтлээс бус элэгдэл, хорогдлоос шалтгаалсан гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл зүүн хаалганы гишгүүрийг солих, өөрчлөх гэх мэт байсан. Ослын улмаас зүүн хаалганы гишгүүрт гэмтэл учраагүй байсан. Үүнтэй холбоотойгоор маргаан үүсгэж “Мөнххада” ХХК-ийг зөвхөн гэмтсэн хэсгийг тодруулж өгнө үү гэж дахин хандсан. Хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 11 167 200 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийг төлж гүйцэтгэсэн. Үүнээс өөр баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн хохирол төлбөрт 12 408 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хариуцагч нь Тэнгэр даатгал ХХК-аас 5 600 000 төгрөгийг, өөрөөсөө бусад эвдрэлийн сэлбэг хэрэгслийг авах мөнгө болох 3 200 000 төгрөгийг Хишигням гэх худалдагч руу шилжүүлсэн. Нийт 9 800 000 төгрөгийг хариуцагч нь төлсөн.  Үүнээс хойш талууд хохирол төлбөрийн талаар дахин маргаан гаргаагүй. Гэтэл гэнэт уг хохиролтой холбоотойгоор 30 000 000 төгрөг төлөгдсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гарсан. “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай тогтоолгүй уг үнэлгээнд үндэслэн нэхэмжлэл гаргаад байгаа. Эд хөрөнгийн хохиролд 12 408 000  төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоос 9 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ” нь хууль бус үнэлгээгээр Монгол Даатгал ХК-аас мөнгө авч тухайн мөнгийг хохирлыг засварлахад огт зарцуулаагүй. Даатгагч болон даатгуулагчийн хооронд үүссэн хууль бус үйлдлийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Даатгагч компани нь шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчаас шаардах эрхийг даатгуулагчаас шилжүүлж авсан тухай баримт байхгүй. Даатгуулагчийн биднээс уг мөнгийг шаардах эрхийг зөвшөөрсөн эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан. Даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь хууль ёсны байсан бөгөөд үүний дагуу нөхөн төлбөрийг төлсөн гэх байдлыг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Төлбөрийн гүйцэтгэлийн тухайд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 408 000 төгрөгийг төлбөрийг төлсөн. “Мөнххада” ХХК-ийн зүгээс хамгийн сүүлийн байдлаар 11 167 200 төгрөгийн хохирол гарсан болохыг тодорхойлж өгсөн. Уг төлбөрийг 100 хувь төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Д.******* нь машинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан боловч даатгалын компани нь засварын газарт 30 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн гэх боловч шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй учраас Д.******* энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй юм гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан  гэм хорын хохирол 30.439.862,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт  өөрийн өмчлөлийн DAYUN маркийн 34-55 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад түүний машины зүүн урд талын дугуй салж өнхөрч, эсрэг урсгалаас явж байсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмчлөлийн Toyota Land cruiser-200 маркийн 17-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 ”Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 4-р хавсралтын 2.1 “Жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн” гэсэн заалтыг зөрчиж хохирол учруулсан, улмаар түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан 2025001164 дугаартай зөрчлийн хэргийн материал, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3100041200026662 дугаар шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХК нь 2020 оны 09 сарын 18-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай  Барилга байгууламж, тоног  төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба уг гэрээгээр Toyota Land cruiser-200 маркийн 17-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан, улмаар дээрх ослын улмаас даатгалын тохиолдол үүссэн, даатгалын нөхөн төлбөрт 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 27395875,89 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлсэн  үйл баримт тогтоогдож байна.

Ийнхүү даатгуулагчид нөхөн төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “...гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “...буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж заасны дагуу хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид хуулиар шилжсэн бөгөөд  нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчаас Toyota Land cruiser-200  маркийн 17-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч гэм бурууд маргаагүй, харин хохирлын хэмжээнд маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заажээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Хохирлын хэмжээг 2020 оны 11 сарын 16-ны өдөр “Итгэлт Эстимэйт 3 ” ХХК нь 19166674-1100 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 41,516,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон,  “Монгол Даатгал” ХК-ийн ТУЗ-ын хурлын тогтоолоор 30,439,862.10 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгосон...” гэж тодорхойлж,  Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 27395875,89 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу Тэнгэр даатгал ХХК-аас хохиролд 5 600 000 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлсэн, би эвдрэлийн сэлбэг хэрэгслийг авах мөнгө болох 3 200 000 төгрөгийг Мөнххада компанийн худалдагч Хишигням гэх хүн рүү өөрөө шилжүүлсэн.  “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр гарсан, уг машинд 12 408 000  төгрөгийн хохирол учирсан, хохирлоос 9 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ” нь хууль бус үнэлгээгээр Монгол Даатгал ХК-аас мөнгө авч тухайн мөнгийг хохирлыг засварлахад огт зарцуулаагүй. ...” гэж тайлбарлаж мөнгө шилжүүлсэн дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн баримт, Хас банкны цахим гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хэрэгт нотлох баримтаар “Итгэлт Эстимэйт 3”  ХХК-ийн 2020 оны 11 сарын 16-ны өдрийн №74/ДД№19166674-1100 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт авагдсан ба уг баримтаар Toyota Land cruiser-200  маркийн 17-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохирлыг шууд зардлын дүн 33985000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 41516000 төгрөг гэж тогтоосон бөгөөд уг үнэлгээг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр гаргасан, үнэлгээний дүн зөрүүтэй, үнэлгээний тайланд компанийн салбарын тамга, тэмдэг дарагдсан, үнэлгээг хийсэн компани нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй байна. 

 

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 232 дугаартай тодорхойлолтоор ослын улмаас Toyota Land cruiser-200  маркийн 17-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зүүн урд талын их гэрэл хагарсан, зүүн талын урд крыло зурагдаж хонхойсон, урд буферны зүүн хэсэгт хагарсан, урд нүүр сетка зүүн хэсэгт хагарсан эвдрэл учирсан болох нь тогтоогдсон ба уг эвдрэл гэмтлийг Мөнххада ХХК засварласан, Мөнххада ХХК-ийн 2020 оны 10 сарын 31-ний өдрийн тооцооны хуудас, 2020 оны 12 сарын 22-ны өдрийн нэхэмжлэх, төлбөрийн баримтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Toyota Land cruiser-200  маркийн 17-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийг засварлуулсан засвар үйлчилгээний хөлсөнд нийт 11167200 төгрөгийг Мөнххада ХХК-д төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ХК нь даатгалын нөхөн төлбөрт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 30439862 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн боловч даатгалын нөхөн төлбөрт 27395875,89 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагчаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өмчлөлийн Toyota Land cruiser-200  маркийн 17-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол болох 11167200 төгрөгнөөс хариуцагчийн хохиролд төлсөн 3200000 төгрөг, Тэнгэр даатгалын ХХК-иас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т шилжүүлсэн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 5602302 төгрөгийг төлөх ёстой хохирлын төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр болон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон ийн “хариуцагч Д.******* нь машинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан боловч даатгалын компани нь засварын газарт 30 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн гэх боловч шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй учраас Д.******* энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй юм” гэх дүгнэлтэд үндэслэн хариуцагч Д.*******гаас гэм хорын хохирол 2.364.898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.074.964 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 52,788 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******гаас гэм хорын хохирол 2.364.898 /хоёр сая гурван зуун жаран дөрвөн мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.074.964 /хорин найман сая далан дөрвөн мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.150 /гурван зуун арван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 52.788 /тавин хоёр мянга долоон зуун наян найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                            Б.БЯМБАСҮРЭН   

                                                                Р.ҮҮРИЙНТУЯА