Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00029

“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“..........” ХХК Ф...........,

А...........  нарт холбогдох

иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б...........цэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01226 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “..........” ХХК, Ф..........., А...........  нарт холбогдох,

 “Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 49.650.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй

“42.565.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б...........цэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Сүхбаатар нь .......... ХХК-тай ба 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Ф........... ярьж,  .......... аймгийн Баяннуур суманд замын далангийн ажил хийлгэх гэсэн юм, ашигтай ажил байгаа, яаралтай ирээд уулзах хэрэгтэй байна гэж санал тавьсан ба хотод хийх ажлаа орхиод шууд Баяннуур сум руу очсон. Намайг очиход  хариуцагч Ф........... болон түүний нөхөр .......... .......... .........., тэдний ажилтан н.Бямбадорж нар хамт байсан ба надад Лүн-.......... чиглэлийн улсын чанартай А27 дугаартай авто замын .......... аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийн түр зам барих, замыг өргөтгөх, далан барих, төлбөр хураах барилгын онгоц /суурь/ цутгах ажлын саналыг тавьсан. Уг ажлыг тухайн үед нь очиж үзээд хийгдэх ажлуудаа хараад хамтран ажиллаж болохоор санагдсан тул хамтран ажиллахыг зөвшөөрч маргаашаас эхлээд хурдан ажлаа эхлэх хэрэгтэй гэсний дагуу маргаашаас ажлыг хийж эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ үед надтай хамт манай дүү Б.Билэгсайхан хамт байсан. Ингээд Дашинчилэн суманд байсан ковш /авто ачигч/ 25 тонны даацтай өөрөө буулгагч хово ачааны машин, Улаанбаатар хотоос экскаваторыг авто чирэгчээр ачиж, Төв аймгийн Заамар сумаас өөрөө буулгагч хово маркийн ачааны автомашиныг тус тус хариуцагчийн ажлыг гүйцэтгүүлэхээр Баяннуур суманд ирүүлсэн. Уг ажлыг гүйцэтгэхэд гарах зардал болон ажлын хөлсийг нийтэд 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ талаар бичгээр хийсэн. Уг ажлыг манай компани өөрийн болон бусад түрээсийн техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг татан оролцуулж, хариуцагч нарын зүгээс ямар нэгэн ажиллах хүч, тоног төхөөрөмж ирүүлээгүй. Зөвхөн зам индүүддэг индүү /3 өдөр/, замын тэгшлэгч авто грейдер-2 өдөр, усны машин /1 өдрийн хагас/-ыг явуулсан. Өөрөөр ямар нэг туслалцаа үзүүлээгүй, манай компани бусад бүх тоног төхөөрөмж, ажиллах хүчийг гаргаж ажлыг гүйцэтгэж дуусгасан. Үнэ хугацаанд тухайн ажлын урьдчилгаа гэж 2020 оны 09 дүгээр сарын 22-нд компанийн Хаан банкны 5094745266 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 23-нд миний Хаан банкны 5033375103 дугаартай дансаар 1.500.000 төгрөг, 25-нд 2.250.000 төгрөг, мөн өдөртөө компанийн дансаар 10.000.000 төгрөг, миний дансаар 27-нд 800.000 төгрөг, 28-нд 500.000 төгрөгийг,  10 дугаар сарын 10-нд 2.300.000 төгрөгийг хариуцагч Ф........... өөрийнхөө Хаан банкны 5099999022 дугаартай дансаар тус тус шилжүүлж нийт 20.350.000 төгрөгийг хариуцагч Ф...........гаас хүлээн авсан бөгөөд уг төлбөрийг тус дизель түлш, бензин, машины механизм /1 ширхэг экскаватор, 1 ширхэг авто грейдер, 1 ширхэг авто ачигч, 2 ширхэг хово/-ын түрээс, ажиллаж буй ажилтнуудын байр, хоолны зардал, барилгын материал зэрэг зардлуудад гарсан ба уг зардал нэмэгдэж улмаар миний бие өөрөө нэмж зардал гаргаж тухайн ажлыг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусгаад өөрт нь мэдэгдээд ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн. Ингээд Орхон аймагт ирээд  хариуцагч Ф...........тай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нартай уулзахаар би өөрийн найз А.Эрдэнэчулууны хамт Шүрт төвийн 1 дүгээр давхарт ажил дээрээ очоод, орой дансны хуулгаа өөрөө аваад уулзъя гээд тэр оройдоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах бистро нэртэй хоолны газар уулзалдаад тооцоо хийх гэтэл, Ф........... нөхөр болох .......... .......... ..........тэй хамт ирээд улмаар уг тендерийн ажлыг би хийж чадахгүй юм байна, танай компанитай хамтраад хийгээд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөөд .......... ХХК-ийн зүгээс гаргасан зардлаа авъя гэж тохиролцоод, манай компаниар дараах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, Үүнд: 1.Далангийн асфальтыг Улаанбаатар хотоос Баяннуур сум хүртэл тээврийн зардлыг гаргаж, асфальтан хучилт хийх, индүүг түрээслэн ажиллуулсан, 2. Замын гэрэлтүүлгийн ажлыг бүхэлд нь хийх /шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох/, 3.Замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах, 4.Төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, 5.Замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, 6.Замын пуү /автожин/ суурилуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэх санал тавьсан. Уг ажлыг манай компани гүйцэтгэхээр тохиролцож, улмаар асфальтыг Улаанбаатар хотоос Баяннуур сум хүргэх тээврийн зардалд 2.800.000 төгрөг, асфальт тараах индүүний түрээс 1.350.000 төгрөг асфальт хучих ажлын хөлс 3.000.000 төгрөг, барилгын материал /хүрз- 60.000 төгрөг, молоток түрээс 50.000, малтуур-100.000 төгрөг, хогийн шүүр-54.000 төгрөг, хогийн сав-270.000 төгрөг, ажлын бээлий-21.000 төгрөг/, замын битум- 330.000 төгрөг, замын битүүм тээвэрлэх тээврийн зардал 200.000 төгрөг, төлбөр хураах постны тээвэр- 600.000 төгрөг гэрлийн шон тээвэрлэсэн хөлс 200.000 төгрөг, төлбөр хураах постны суурь бетон цутгах барилгын ажлын хөлс 5.500.000 төгрөг, гэрлийн шон суурь ухах ажлын 80.000 төгрөг, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх. Уг ажлуудыг хийж гүйцэтгэн улмаар Улсын комисс тус ажлыг хүлээж авснаар манай компанид зардал, ажлын хөлсийг багтаан нийт 90.000.000 төгрөгийг гаргаж өгөхөөр тохиролцсон. Уг дүнд өмнөх ажлын гэрээний хөлс болох 55.000.000 төгрөг багтсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг багтаан гаргаж өгөхөөр тохиролцсон. Үүнийг миний ажилд тусалж байсан А.Эрдэнэчулуун, А.Дарханбаатар нар байнга хамт байж оролцож ирсэн тул бидний тохиролцоо, хийгдсэн ажил зэргийг сайн мэднэ. Улсын комисс уг ажлын гүйцэтгэлийг шалгаж 2020 оны 12 дугаар сарын 10-11 хооронд ажиллаж, зарим ажлыг нэмж гүйцэтгэх үүрэг өгч, улмаар уг ажлыг гүйцэтгэхэд манай компанийн төлөөлөн А.Дарханбаатар хяналт тавьж, туслан гүйцэтгэж оролцож улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан болно. Хариуцагч Ф.Болор-Эрдэнэ нь өөрийгөө .......... ХХК-ийн захирал гэх боловч тухайн компанийн захирал биш болох улсын бүртгэлийн лавлагаанаас харахад биш байна. Гэтэл өөрийн нөхөр болох .......... .......... ..........тэй хамтран уулзаж харилцан тохиролцож бичгээр болон амаар тохиролцож улмаар тендерийн ажлыг гүйцэтгүүлж улсын комисс хүлээж явсны дараа тохиролцсон ёсоор хөлсөө өгөхгүй, олдохгүй, элдэв худал шалтгаан хэлж байгаа тул шүүхэд хандахаас аргагүй болоод байна. Нөгөө талаас уг тендерийн ажлыг манай компаниар гүйцэтгүүлж, ажлын хөлсөө .......... АЗЗА ТӨХК-иар дамжуулан авсан атлаа манайд 2020 оны 10 дугаар сарын байдлаар 20.350.000 төгрөг, 2022  01 дүгээр сарын 05-нд 20.000.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 49.650.000 төгрөг төлөхгүй байна. Иймээс .......... ХХК, .......... .......... .........., Ф........... нараас ажлын хөлс 49.650.000 төгрөгийг гаргуулан манай компанид олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ф..........., А........... нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд .........." ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан .........." ХХК нь иргэн ..........а овогтой .......... миний биед холбогдуулж 49.650.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж хоорондоо байгуулсан 01/09-20 дугаартай гэрээ бөгөөд иргэн надаас дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй шаардах эрхгүй юм.

Хариуцагч .......... ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ф........... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 Манай .......... ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №01/09-20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр .......... ХХК-тай 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийн гэрээ байгуулсан. .......... ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ буюу хийвэл зохих гэрээний гүйцэтгэлээ зохих ёсоор дараах чанар стандартын дагуу гүйцэтгээгүй. Дараах стандартуудыг зөрчсөн байна. Үүнд: Авто зам дээр тээврийн хэрэгслийн хурд сааруулагчийг Хурд сааруулагч Техникийн ерөнхий шаардлага, хэрэглэх дүрэм МNS5968:2003, Авто замын төлбөр хураах цэг. Ерөнхий шаардлага МNS 6592-2016, Авто зогсоол БНбД 21-05-10, Цахилгаан техникийн ажил БНбД 3.05.06-90, Замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага МNS 4596:2014, Замын тэмдэглэл. Техникийн шаардлага МNS 4795:2014. Манай компани нь захиалагч байгууллагатай хийсэн гэрээний 1.10-т заасны дагуу "Ажлын чанарын баталгаа зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил, хэвийн ашиглалтын хугацаа 3 жил байх бөгөөд энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь хохирлыг барагдуулна гэж заасантай холбогдуулан .......... ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу, чанарын шаардлага хангаагүйгээс үүдэн гаргах зардал болох 42.565.000 төгрөгийг .......... ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбатаар сөрөг нэхэмжлэл шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

... Манай компани хариуцагч байгууллагаас ирүүлсэн материалын дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн ба инженер маань хариуцагч байгууллагын материал чанарын шаардлага хангахгүй байх талаар хариуцагч Ф...........д удаа дараа мэдэгдэж байсан. Ажил гүйцэтгэж байхад хариуцагч талын хяналтын инженер Болор-Эрдэнийн ээж Д........... байнга хяналт тавьж байсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01226 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5, 343.1, 351.1.1-д заасныг баримтлан Ф..........., А........... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, .......... ХХК-наас 49.650.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... ХХК-нд олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 343.1, 349.1, 350.1.6-д заасныг баримтлан .......... ХХК-наас 21.282.500 төгрөг гаргуулан .......... ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21.282.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч .......... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч .......... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 406,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... ХХК-д, хариуцагч Ф...........гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 370.775 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч .......... ХХК-аас 264.362 төгрөг гаргуулан хариуцагч .......... ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдсан гомдолдоо:

...Ашатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “..........” ХХК-ны гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд үндсэн нэхэмжлэл болох “..........” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээгээр гүйцэтгэсэн ажил дээрээ нэмж, далангийн асфальтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна...” гэжээ. Гэтэл ийнхүү тохиролцсон амаар гэрээ байгуулсан гэдгээ нэхэмжлэгч нотолж чадахгүй байгаа бөгөөд хариуцагч нь урд бичгээр байгуулсан 55 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнээс өөрөөр амаар гэрээ, хэлцэл байгуулаагүй гэдгээ тайлбарладаг. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан ажлуудыг нэмж хийж гүйцэтгэсэн байгаа нь амаар 90 сая төгрөгийн гэрээ байгуулсан гэдгийг нотолж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд бичгээр байгуулсан 55 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээгээр тохиролцсон ...төлбөр авах цэгийн түр зам барих, замыг өргөтгөх, далан барих, төлбөр хураах онгоц цутгах... ажилд сүүлд нэмж хийж гүйцэтгэсэн гэх ажлууд нь багтаж байгааг анхаарч үзээгүй бөгөөд энэ тухай гэрч Ганзориг мэдүүлэхдээ хэлсэн байдаг. Зам өргөтгөж, далан барих ажил хийж гүйцэтгэж байгаа этгээд замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, зурвас, цацруулагч байрлуулах, туслах зам тавих, замын захаар хааж босгосон шон суулгах гэх мэт ажлууд өөрөө багтаж явдаг. Мөн хяналтын камер, пүү буюу автожин суурилуулахад нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд эдгээр камер, автожин худалдаж байгаа этгээд нь өөрсдөө бүгдийг нь суурилуулж хүлээлгэж өгсөн байдаг, энэ нь хариуцагчийн камер, автожин худалдан авсан гэрээгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нь 90 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан гэдгээ мөн энэхүү гэрээний дагуу ямар ажил хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн 55 сая төгрөгийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, зохих ёсоор хийж гүйцэтгээгүйн улмаас байнга захиалагч тал болох “Зам тээврийн хөгжлийн төв”, “.......... Азза” ТӨҮГ-аас удаа дараа үүрэг даалгавар, шаардлага өгч байгаагаас тодорхой харагдаж байгаа тул хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо хийж гүйцэтгэх ажил болоод түүний гүйцэтгэлийн талаар мэргэшсэн шинжээч-үнэлгээчин томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх нь хүлээж аваагүй нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээ дэмжих, нотлох эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-12-08-ны өдрийн №142/ШШ2021/01226 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбаатар давж заалдсан гомдолдоо:

... Хариуцагч нарын хувьд хэн нь ч уг ажлыг гүйцэтгээгүй, гутал нь тоос ч болоогүй атлаа уг ажлын хөлсийг .......... АЗЗА ТӨХК-иас гаргуулан авсан. Тэгсэн атлаа барилгын материалаа зориулалтын шаардлага хангасан материал өгөөгүй. Үүнээс болж зарим ажил нь дахин хийгдэж болзошгүй гэж манайхаас сөрөг нэхэмжлэл гаргаж байхад шүүхээс уг сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн хувьд намрын хүйтэн сэрүүн үеэс эхлэн өвлийн дунд сар хүртэлх хугацаанд барилгын талбайд хүн томилон ажиллуулж, улсын комисс ажиллаж дуусахад нь хүртэл оролцож уг ажлыг гүйцэтгэсэн байхад ирээдүйд дахин хийгдэж болзошгүй гэж сөрөг нэхэмжлэл хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг буюу 42.565.000 төгрөгийн 50 хувь 21.282.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч Ф...........на нь манай компаниас ажиллаж байсан инженер н.Батгэрэлийн хэлсний дагуу өнгө бетон сонгож хийх ёстой гэж хэлэхэд суурь бетон /зориулалтын бус/-оор замын байгууламжийн өнгөн хэсэгт хийж болохгүй гэхэд наад ажлаа хийж хурдан дуусга гэж хэлээд хийлгүүлсэн, энэ талаар хариуцагч өөрөө ч маргаагүй ба шүүх хуралдаанд гэрчээр оролцож байсан .......... АЗЗА ТӨХК-ийн ерөнхий инженер шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Тэгтэл анхан шатны шүүхээс үүнийг анхаараагүй төдийгүй, үнэлээгүй, эсвэл хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. Нөгөө талаас хариуцагч нь өөрөө очиж ажил хийгээгүй, улсын комисс ажиллах үед нь өөрсдөө очиж, манай компаниас томилогдсон ажилтан А.Дарханбаатарыг Ерөнхий инженер гэж танилцуулан, А.Дарханбаатараар ажлын гүйцэтгэлийн явцын талаарх бүхий л мэдээллийг хүртэл өгүүлсэн байдаг. Энэ нь улсын комисс ажиллаж байх үед үйлдсэн хурлын тэмдэглэлд түүний гарын үсэг зурсан, хуралд оролцсон байдлаар нотлогддог төдийгүй шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ч энэ талаар тодорхой мэдүүлсэн болно. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 349.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь уг заалтаар гэрээгээр гүйцэтгэсэн ажлын талаарх гомдлыг шаардлага гаргах хугацаа тогтоосон хуулийн заалт байх бөгөөд уг ажлыг .......... ХХК-иас манай компанид доголдолтой хийгдсэн тухай 1 ч мэдэгдэл, дахин гүйцэтгэх албан шаардлага, гомдол гаргаж, ирүүлж байгаагүй бөгөөд харин ч сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагаараа манай компани болон хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг баталж байгааг анхан шатны шүүх анхаарсангүй. ...Иргэний хуулийн 350 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж үзвэл энэ асуудлаараа Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад анхан шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Хариуцагч нар нь манай компаниар ажил гүйцэтгүүлсэн боловч чанаргүй, муу байсан гэж шүүх хуралдаанд тайлбарладаг, өөрсдөө ажил огт хийгээгүй, зарим материалыг ирүүлж байсан талаар мөн л маргаагүй бөгөөд бүх ажлаа манай компаниар гүйцэтгүүлсэн. Үүндээ тулгуурлан сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа ба уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар манай компанийн үндсэн нэхэмжлэл нотлогдож байгаа болно. Иймээс давж заалдах шатны шүүхээс уг асуудлаар тодорхой дүгнүүлэх хүсэлтэй байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 142/ШШ2021/01226 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтанд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, 3 дахь заалтанд манай компаниас гаргахаар заасан 264.362 төгрөгтэй холбоотой хэсгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан “...шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатарын гаргасан “...21.282.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх гомдлыг хангах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч .......... ХХК нь  “Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 49.650.000 төгрөг гаргуулах”  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ф:.........., А........... нар нь “...2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж хоорондоо байгуулсан 01/09-20 дугаартай гэрээ бөгөөд иргэн надаас дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй шаардах эрхгүй юм” гэх тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “42.565.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбаатар “... манай компанитай байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан ба .......... ХХК, .......... Азза ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүрэг бидэнд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэх  тайлбар тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.

 Шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5, 343.1, 351.1.1-д заасныг баримтлан Ф..........., А........... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, .......... ХХК-наас 49.650.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... ХХК-нд олгож, Иргэний хуулийн 343.1, 349.1, 350.1.6-д заасныг баримтлан .......... ХХК-наас 21.282.500 төгрөг гаргуулан .......... ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21.282.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

        Хариуцагч .......... ХХК болон .......... ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээний 1.2-т заасан ажлуудыг  нэхэмжлэгч тал түр зам 300 метр, зам өргөтгөл далангийн ажил 130 метр, төлбөр хураах барилгын бетон суурь цутгах, төлбөр хураах барилгын онгоц цутгах зэрэг ажлуудыг гүйцэтгэх, хариуцагч  тал гэрээний 3.1-д зааснаар ажлын хөлс- 55.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

         Нэхэмжлэгч .......... ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсний дараа далангийн асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон  шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пүү /автожин/ суурилуулах, камер суурилуулах зэрэг ажлуудыг нэмж гүйцэтгэх, ажлын хөлсийг өмнөх гэрээний хөлс- 55.000.000 төгрөгийг оролцуулаад нийт хөлсийг 90.000.000 төгрөгөөр тооцсон, ажлын хөлсөнд 40.350.000 төгрөг авсан, үлдэгдэл 49.650.000 хөлс авч чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

          Нэхэмжлэгч .......... ХХК нь гэрээний 2.1.-д заасны дагуу   55.000.000 төгрөгний өртөг бүхий ажлыг бүрэн гүйцэтгэж,  ажлын үр дүнг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч .......... ХХК-д хүлээлгэн өгсөн  байна. /хх-ийн 1 хавтас,12 тал/

           Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд  “...Түр зам, зам өргөтгөлийн далангийн ажил, төлбөр хураах барилгын бетон суурь цутгах, төлбөр хураах барилгын онгоц цутгах зэрэг гэрээний дагуу хийх ажлаа бүрэн хүлээж авсны дараа хариуцагч нар өөрсдөө үлдсэн ажлуудыг хийж чадахгүй болсон учраас танай компаниар үргэлжлүүлээд хийлгэмээр байна гэж хүссэн, бид саналыг хүлээн авч ажлын хөлсийг 90.000.000 төгрөг болгон нэмж,   асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон  шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пүү /автожин/ суурилуулах, камер суурилуулах зэрэг ажлуудыг бид 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсний дараа улсын комисс ажлыг хүлээн авсан, гэрээ болон амаар тохиролцсон  бүх ажлыг манай компани хийсэн, өөр хүмүүсээр ажлаа хийлгүүлээгүй” гэж тайлбарлажээ.

          Нэхэмжлэгч .......... ХХК нь асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон  шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пүү /автожин/ суурилуулах, камер суурилуулах зэрэг ажлуудыг 2020 оны 10 дугаар  сараас эхэлж 2020 оны 12 сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд дангаараа хийж  гүйцэтгэсэн болох нь зохигчдын гаргасан тайлбар, бусад баримтуудаар  тогтоогдсон ба үүнийг хариуцагч тал үгүйсгэж чадаагүй байна.  

           Түүнчлэн хариуцагч .......... ХХК нь нэхэмжлэгч .......... ХХКомпаний хийж гүйцэтгэсэн асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон  шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пүү /автожин/ суурилуулах, камер суурилуулах зэрэг  ажлууд нь өмнөх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил, ажлын хөлсөнд орж тооцогдсон гэж тайлбарлаж, мэтгэлцсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

             Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр дариу зөвшөөрсөн хариу өгсөн” гэж зааснаар талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

          Нэхэмжлэгч талын гэрээгээр  хийж гүйцэтгэсэн  ажлын үр дүн буюу  хариуцагч .......... ХХК-ний 200.000.000 төгрөгний төсөв бүхий ажлын үр дүнг Улсын комисс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан нь тогтоогдсон, талууд хийж гүйцэтгэсэн  ажлын хөлс төлөх хугацааг тодорхой зааж  харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн ажлын хөлсний үлдэгдэл -49.650.000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлага Иргэний хуулийн 343 дугаар  зүйлийн 343.1., 346 дугаар зүйлийн 346.1. дэх заалтанд нийцсэн байна.

          Хэрэгт авагдсан баримтаар Ф..........., А........... нар нь дээрх маргаанд хамааралгүй  байх тул  шүүх  Ф..........., А...........  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

          Хэдийгээр анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19–ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч .......... ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч зардал 42.565.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд “..замын төсөвчнөөр үнэлгээ төсөв гаргуулах хүсэлтэй шинжээч томилуулах...” тухай хүсэлт гаргасан ба  шүүх сөрөг нэхэмжлэлийг  хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан,  замын төсөвчин шинжээч томилуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байх боловч  хариуцагчийн өмгөөлөгч тухайн үед хуульд заасны дагуу гомдлыг гаргаагүй, түүнчлэн хариуцагч тал анхнаасаа 200.000.000 төгрөгийн төсөвтэй ажилд гүйцэтгэгчээр оролцсон, талууд энэ талаар маргаагүй учраас  хэргийн болон хэргийн  оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.

          Хариуцагч .......... ХХК-ны  гаргасан 42.565.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

           Анхан шатны шүүх 42.565.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд захиалагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГазар  .......... Авто зам засвар, арчлалт ТӨҮГ нарын хооронд байгуулсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр төлбөр авах цэг барих /.......... аймгийн Баяннуур сумын нутагт/ ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.10.д “Ажлын чанарын баталгаа зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил, хэвийн ашиглалтын хугацаа 3 жил байх бөгөөд энэ хугацаанд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь хохирлыг барагдуулна” гэж,  .......... АЗЗА ТӨҮГазар .......... ХХК нарын хооронд байгуулсан Туслан гүйцэтгэх гэрээний 4.4-д “Гүйцэтгэсэн барилгын ажилд гэмтэл, согог илэрвэл ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага тавих эрхтэй” гэж тодорхойлжээ. Харин .......... ХХК, .......... ХХК нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үр дүнг хүлээн авснаас хойш ашиглалтын хугацаанд гарсан эвдрэл, гэмтэл  гарсан тохиолдолд  хэн хэрхэн хариуцлага хүлээх талаар харилцан тохиролцоогүй байна.

           Мөн .......... ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.2.-т  зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, урьдчилж төлсөн төлбөр, зардлыг нэхэмжлэх эрхтэй хэдий ч нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ хэрхэн биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн ажлаа чанар стандартын дагуу гүйцэтгээгүйгээс ямар гэмтэл, доголдол үүссэн, хэчнээн төгрөгийн зардал гаргасан нь тодорхой бус, ажлын үр дүнг  захиалагч тал хүлээн авсан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

          Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлын хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01226 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 349 дүгээр зүйлийн 349.1., 352 дугаар зүйлийн 352.2.2-д заасныг баримтлан .......... ХХК-ний зардал-42.565.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “...нэхэмжлэгч .......... ХХК-аас 264.362 төгрөг гаргуулан хариуцагч .......... ХХК-д олгосугай гэснийг хасч”, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406.200 төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.362 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                                ШҮҮГЧ                                               Б...........ЦЭЦЭГ