Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0191

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар0221/МА2018/0192

Улаанбаатар хот

 

 

С.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0055 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.О нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.О 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0055 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг эс биелүүлж, шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн мэргэжил, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах ангилал, зэрэглэлийн ТЗ-9-5 шатлалын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл 7 сар 5 хоногийн цалин 8.444.568 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулан олгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг: Нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэл гаргахдаа “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

С.О Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/71 дугаар тушаалаар Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон ажилласан.

Дээрх албан тушаалд томилсон тушаалыг гарсан цагаас хойш С.О нь уг албан тушаалын цалин хөлсийг авч ажилласаар ирсэн байдаг бөгөөд энэхүү 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/71 дугаар тушаалд холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй мөн шүүхээс уг тушаалыг хүчингүйд тооцсон аливаа шийдвэр гарч байгаагүй.

Өөрөөр хэлбэл С.О Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилсон 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/71 дугаар тушаал нь хүчин төгөлдөр захиргааны актад тооцогдоно. Дээрх хүчин төгөлдөр захиргааны акт байсаар байхад мөн нэхэмжлэгч уг 2015 оны Б/71 дугаар тушаалтай маргаагүй, хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал анхан шатны шүүх Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргаар томилсон 2015 оны Б/71 дугаар тушаалыг үндэслэлгүй гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 520 дугаар шийдвэр биелэгдсэнд тооцогдсон тухай Чингэлтэй дүүргийн Прокурорын газар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг төрийн эрх бүхий байгууллагуудын хууль ёсны шийдвэрүүд байсаар байхад, мөн 2014 оны 520 дугаар шүүхийн шийдвэрийн биелэлтийн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал анхан шатны шүүх дээрх 2014 оны 520 дугаар шийдвэрийн биелэлтийн талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч үнэлэлт дүгнэлт хийж хэргийг шийдсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 520 дугаар шийдвэр биелэгдсэн нь хэрэгт авагдсан дараах үйл баримтаар тогтоогдож байгаа. Үүнд

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/71 дугаар С.О ажилд томилсон тухай тушаал,

-Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 667 дугаар тогтоол,

-Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/536 дугаар албан бичиг,  

-Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 405 дугаар тогтоол,

-С.О нь 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/71 дугаар тушаалаар Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг гүйцэтгэж хууль тогтоомжийн дагуу цалин хөлс авч ажиллаж байсан бодит нөхцөл байдал зэрэг үйл баримтуудаар 2014 оны 520 дугаар шийдвэр биелэгдсэн нь тогтоогдож байгаа.

Мөн нэхэмжлэгч С.О Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал анхан шатны шүүх нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгох нь зүйтэй хэмээн дүгнэж хэргийг шийдсэн байдаг.

Шүүх нэхэмжлэгчийн сонгоод гаргаад ирсэн тэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн.

Хоёр: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох эрхтэй буюу тухайн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, эдгээр чиг үүргүүд хоорондоо давхцахгүй байхаар хуваарилан тогтоох эрх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байдаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц батлагдан. Сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар агентлагийн орон тоог баталсан.

Батлагдсан орон тоогоор “Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга” гэсэн тусдаа орон тоо манай байгууллагын бүтцээс хасагдсан. Иймд ажлын байраар хангах үүднээс С.О тус газрын Хяналт шалгалтын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчаар 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар ажилд томилсон бөгөөд улмаар энэхүү тушаалыг гаргахдаа хууль зүйн үндэслэлгүй гаргасан байсан учир, мөн Төрийн албан зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 914 дугаар албан бичгийн дагуу манай байгууллага өөрсдийн гаргасан 2016 оны Б/235 дугаар тушаалаа 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар бүхэлд нь хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасны дагуу манай байгууллага өөрсдийн гаргасан дээрх Б/235 дугаар тушаалаа хүчингүй болгох эрхтэй. 2016 оны Б/235 дугаар тушаал хүчингүй болсонтой уялдаж С.О өмнөх ажил албан тушаалын асуудал хөндөгдсөн.

Дээрх 2016 оны Б/235 дугаар тушаал гарахын өмнө С.О Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан тушаалыг эрхэлж байсан. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар тус тус батлагдсан бүтэц, орон тоогоор “Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга” гэсэн тусдаа орон тоо манай байгууллагын бүтцээс хасагдсан байсан.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 914 дугаар албан бичигт “...ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэ” гэж мэдэгдсэний дагуу С.О эрхэлж байсан Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан тушаалтай адилтгах албан тушаал болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга, Хяналт шалгалтын газрын дарга, Хүний нөөцийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн даатгалын бодлогын газрын Бүртгэл тооцооны хэлтсийн дарга, Сургалт сурталчилгааны хэлтсийн даргын албан тушаалуудын аль нэг албан тушаалд томилох гэтэл хуулийн дагуу боломжгүй байсан.

Учир нь эдгээр адилтгах албан тушаалуудад Б.Д, Д.Г, Б.Ү, Г.Б, Д.Э нар томилогдон ажиллаж байсан бөгөөд Төрийн албан тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, төрийн жинэхэн албан хаагчийн тангараг өргөсөн, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх эрхтэй хүмүүс юм.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх” зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтална гэж тус тус заасныг баримтлаад төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх эрхтэй хүмүүсийн эрхэлж байгаа албан тушаалыг үндэслэлгүйгээр өөрчилж оронд нь С.О томилох боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байсан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг үндэслээд хуульд нийцэхгүй байсан учраас С.О дээр дурьдсан адилтгах албан тушаалд томилох боломжгүй.

Иймд адилтгах албан тушаалд томилох боломжгүй, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан тушаал нь батлагдсан бүтэц орон тоогоор хасагдсан байсан учир Төрийн албан зөвлөлийн “...хуулийн хүрээнд шийдвэрлэ” гэж мэдэгдсэний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулах болсныг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/2280 дугаар албан бичгээр, мөн С.О 91999918 дугаарын утсаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр холбогдож тус тус мэдэгдэж улмаар биечлэн уулзах сонсох ажиллагааг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус байгууллагын тамгын газрын даргын 405 тоот өрөөнд 12:00 цагт явуулж С.О Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажил, албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо хасагдсан байгааг мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг мэдэгдсэн.

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Нийгмийн даатгалын ерөнхий газрын /хуучнаар/ даргын 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/157 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажил албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар С.О үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалууд нь хүчин төгөлдөр захиргааны актууд мөн уг тушаалуудаар баталсан бүтэц, орон тоо нь хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байсан тул хуулийн дагуу С.О “...бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо хасагдсан” үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч С.О Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилсон 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/71 дүгээр тушаал нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан гэж дүгнэх үндэслэлтэй, энэ нь ч нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор үүссэн “шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн” гэх эрүүгийн хэргийг түүнийг дээрх албан тушаалд томилсноор шүүхийн шийдвэр биелэгдсэн байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 667 дугаар тогтоолоор батлагдана.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 520 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар магадлалаар нэхэмжлэгч С.О өмнө нь эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүй албан тушаалд томилохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасны дагуу дээрх томилгоо хийгдсэн байхад анхан шатны шүүхээс энэ талаар буруу дүгнэлт хийсэн, гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаалаар баталсан бүтцийн хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан орон тоогоор Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга төдийгүй тус алба бүхэлдээ хасагдсантай холбогдуулан С.О 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар тус газрын Хяналт шалгалтын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчаар томилсон ч, С.О гаргасан гомдлоор Төрийн албаны зөвлөлөөс энэхүү томилгоог хууль бус гэж дүгнэсний дагуу хариуцагчаас дээрх тушаалаа хүчингүй болгосон атлаа зөвлөлийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй эс үйлдэхүй гаргажээ.

Тухайлбал Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 914 дүгээр албан бичигт “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг хүчингүйд тооцохоос гадна С.О өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангаж ажиллахыг мөн адил хариуцагчид мэдэгдсэн байна.

Иймд хариуцагчийн зүгээс зөвхөн тушаалыг хүчингүйд тооцсоноос бус нэхэмжлэгчийг албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан ч энэ хугацаанд хариуцагчаас гомдол гаргаагүй тул Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН