Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 391

 

 

 

Б.Ш-ийн нэхэмжлэлтэй, Дорнод

аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан, Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулсан шалгалтын тайлангийн Ц.Борхүүхэнийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0378 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Н,

Хариуцагч Л.Н,

Гуравдагч этгээд Ц.Б, өмгөөлөгч В.Д,

Хариуцагч болон гуравдагч этгээд, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боргилын Шүрэнчимэгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл урлагийн газарт холбогдуулан гаргасан, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Төрийн үйлчилгээний ажилтны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг, ... сонгон шалгаруулах шалгалтын тайлан-ийн Ц.Б-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0378 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш-ийн Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Төрийн үйлчилгээний ажилтны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг”, ...сонгон шалгаруулах шалгалтын “тайлан”-ийн Ц.Б-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар захирамжаар “Боргилын Шүрэнчимэгийг “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлаар мөн өдрөөс эхлэн түр томилсугай” гэсэн байдаг. “Түр” гэдэг үг нь хэсэг зуур, байнгын бус гэсэн утга илтгэнэ. Төрийн албаны зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн Төрийн албаны зөвлөлийн референт Н.Э, референт Н.Н нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт ажиллахдаа ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч болон тус газрын төрийн захиргааны албан хаагчдын хувийн хэрэгтэй танилцаж, түр томилгоотой “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, Халхгол сумын Ялалт багийн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаагүй зөрчил байгаа тухай, орон нутагт ажилласан дүнгийн хуралд танилцуулан, 2017 оны 12 сард багтаан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах, захиалгыг Төрийн албаны зөвлөлд нэн даруй хүргүүлэх үүрэг, чиглэл өгсөн.

4. Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор, Баян-Уул, Матад сумын сургуулийн захирал, Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлах тухай захиалгыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай аймгийн Засаг даргын албан бичиг Боловсрол, соёл урлагийн газарт ирсэн. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь аймгийн Засаг даргаас ирүүлсэн “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тооны захиалга”-ын дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор, Баян-Уул, Матад сумын сургуулийн захирал, Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсан.

5. Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын сул орон тоонд Б.Ш-ийг түр томилж, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш тасралтгүй 12 жил ажиллуулсныхаа дараа “сул орон тоо” гарсан гэж анхнаасаа үзээгүй бөгөөд энэ ажлын байранд аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 282 дугаар албан бичгээр “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн түр томилогдсон Б.Ш захирлыг ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах талаар ажиллаж байсныг нотлох баримтаар бид тайлбарласан.

6. Төрийн албаны тухай хуулийн /2002 онд батлагдсан / 5 дугаар зүйлийн 5.2-д энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ. /5.1.2.төрийн захиргааны; 5.1.3.төрийн тусгай;/ 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө хэмээн заасан байдаг. Засгийн газрын 2005 оны 354 дүгээр тогтоолд зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалыг “төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтан” гэж заасан байдаг ба төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2003 оны Төрийн албаны зөвлөлийн 13 дугаар тогтоол, 2013 оны Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” журмын дагуу тус тус зохион байгуулж ирсэн.

7. Гэтэл энэхүү магадлалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан бодит байдалд нийцэхгүй байна гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн үзэх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8. Гуравдагч этгээд Ц.Б, өмгөөлөгч В.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарч, уг тогтоолын дагуу томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас захиалга хүргүүлж, үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 60-р тогтоолд заасан журмын дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэ нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хэрхэн зөрчсөн талаар магадлалд тусгаагүй бөгөөд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд зохих журмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж байгаа нь харин ч төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмын хэрэгжилтийг хангаж байгаа явдал юм.

9. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн. мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан. Давж заалдах шатны шүүхээс төрийн үйлчилгээний албан тушаалын сонгон шалгаруулалт яригдаж байхад “төрийн жинхэнэ албан тушаал”-ын сул орон тоотой холбоотой зохицуулалтыг хэрэглэж, үүгээрээ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гол үндэслэл болгож байгаа нь хэт нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хууль хэрэглээний хувьд илэрхий алдаа гаргасан байна.

10. Анхан шатны шүүхээс маргаан бүхий сонгон шалгаруулалт явуулах нөхцөл байдал буюу “Сул орон тоо” гарсан эсэхийг дүгнэхдээ: “Б.Ш- нь зохих журмын дагуу сонгон шалгаруулалтанд оролгүй, “түр" гэсэн томилгоотой ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг болон тухайн албан тушаал /ажлын байр/-ын шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 4 дүгээр хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулна гэж заасныг үндэслэн, зохих журмын дагуу сонгон шалгаруулах журмаар томилогдоогүй этгээд ажиллаж байгаа тул төрийн албаны тухай хуулийн зарчмынхаа дагуу энэ тохиолдолд сул орон тоо байсан байна гэж дүгнэсэн.

11. Энэ дүгнэлтийг хийхдээ төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалт, түүнийг тайлбарласан УДШ-ийн тогтоолыг үндэслэл болгосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс харин дээрхи үндэслэл, тайлбарт дүгнэлт няцаалт хийгээгүй байна.

12. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27.2-д төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг дурдаад, 27.2.1-д “Энэ хуулийн 25 дугаар зүйл. 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгааг тусгажээ. Давж заалдах шатны шүүх дээрхи хэм хэмжээг яагаад баримталсан нь ойлгомжгүй, мөн л хууль хэрэглээний илэрхий алдаа гаргасан гэж үзэж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд хөдөлмөрлөх эрх үүсэх, дуусгавар болох харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг нь тодорхой ойлголт юм. Мөн “ажлаас халах” харилцаа огт яригдаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Захиргааны хэргийн шүүх энэ хэм хэмжээг баримталжээ.

13. Мөн анхан шатны шүүхийг хууль хэрэглээний болон нотлох баримт буруу үнэлсэн алдаа гаргасан гэж үзсэн хэрнээ анхан шатны шүүхээс баримталсан хуулийн хэм хэмжээ болох зохицуулалтууд, хариуцагч байгууллагад сонгон шалгаруулалт явуулах тусгай эрхийг олгосон хэм хэмжээ болох Боловсролын тухай хуулийн 281.1, 281.1.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг огт дүгнээгүй, үгүйсгээгүй байна.

14. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын талаар “... дээрх албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба уг ажлын байранд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5-д заасан шаардлагыг хангасан байх шалгуур тавигдах бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй, сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, албан үүргээ “хангалттай" гэсэн үнэлгээтэйгээр хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.” гэсэн дүгнэлт дурджээ. Харин уг дүгнэлтээ ямар нотлох баримтыг үндэслэж буйгаа тайлбарлаагүй бөгөөд анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримт болон нотлох баримтууд дээр дүгнэлт хийснийг няцааж, үгүйсгээгүй байна.

15. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0378 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд зөв дүгнэлт хийж чадаагүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг буруу шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан байна.

17. Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, “сонгон шалгаруулах шалгалтын тайлан”-аар Ц.Борхүүхэнийг томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн, нэхэмжлэгч Б.Ш нь “... сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарласан, ...миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль бус” гэж маргажээ.

18. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Сургуулийг татан буулгаж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” 12 дугаар захирамжаар “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийг шинээр байгуулж, Б.Ш-ийг захирлаар нь түр томилсон, “сонгон шалгаруулалт” зарлаж, зохион байгуулж явуулах үед тус сургуулийн захирлаар Б.Ш ажиллаж байсан, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

19. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “төрийн үйлчилгээний албан тушаалд ...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: ... 9.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасны дагуу улсын төсвөөс санхүүждэг ерөнхий боловсролын сургуулийн захирлын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах бөгөөд Дорнод аймгийн Засаг дарга нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирал Б.Ш-тэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан, уг асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй, дээр дурдсан “түр” томилох шийдвэрийн дагуу Б.Ш нь 12 жилийн /2006-2018 он/ туршид дээр дурдсан захирлаар ажиллаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

20. Иймд, нэхэмжлэгч Б.Ш-ийн “захирал”-аар ажилласан 12 жилийг хугацааны хувьд “түр” ажилласан гэж үзэх боломжгүй байхад уг агуулгаар нь тухайн ажлын байранд “сул” орон тоо гарсан гэж, шинээр томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулж явуулсан хариуцагчийн үйл ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын зохицуулалт, “сул” орон тоог нөхөх зорилго, агуулгад нийцэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

21. Түүнчлэн, Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Ш-ийг томилохдоо Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх” гэсэн заалтыг баримталсан, тухайн үеийн хуулийн зохицуулалтаар ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилоход “сонгон шалгаруулалт”-ын журам үйлчилдэггүй байсан, харин Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар 30 дугаар зүйлд “30.1.15.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалт нэмж, уг хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсэн ба Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баталж, орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг уг журмаар зохион байгуулахаар тогтоожээ.

22. Иймээс, Б.Ш-ийг захирлын албан тушаалд томилогдохдоо “сонгон шалгаруулалт”-ын журмаар томилогдоогүй гэж буруутгах боломжгүй, түүнийг “түр” томилсон акттай холбогдуулж, тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсан нь “сул” орон тоонд зарлах нөхцөл шаардлагыг зөрчсөн, хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

23. Харин, давж заалдах шатны шүүх, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаал буюу энэ тохиолдлын хувьд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх, сул орон тоог сонгон шалгаруулалтын журмаар нөхөх харилцаа зэргийг тусгайлан зохицуулсан хэрэглэвэл зохих Боловсролын тухай хуулийг хэрэглэлгүй, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааны талаарх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг хэрэглэж, хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

24. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтын талаар буруу, тухайлбал, “сул” орон тоо гарсан эсэх маргааны үйл баримтыг дүгнэх байтал, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу нэхэмжлэгчийг 2006 онд томилохдоо Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал,эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журмаар томилогдоогүй гэж, түүнчлэн 2006 оноос хойш тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаагүй тул нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан тухайн албан тушаалын шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн байна.

25. Эдгээр үндэслэлээр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Н, гуравдагч этгээд Ц.Б, түүний өмгөөлөгч В.Д нарын хяналтын журмаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0378 дугаар магадлалын 1 дэх заалтын “...Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 ...” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.1.7” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ