Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00665

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00371 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 4839 дугаар захирамжаар Д.Ц-гээс 44,788,041 төгрөгийг гаргуулж “Э-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/12 дугаартай албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцсон тухай мэдэгдлийг надад өгсөн боловч 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болсон гэх анхны албадан дуудлага худалдааг надад мэдэгдээгүй, дуудлага худалдаа явуулахаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийн саналыг надад танилцуулаагүй, мөн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг надад мэдэгдээгүйгээс миний бие анхны албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулж миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотод байрлах орон сууцыг 74,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт болсон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар Д.Ц-гээс 44,778,041 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 190,945 төгрөгийг тус тус гаргуулж “Э-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Ц-гийн өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205005543 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар сонин болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим сайт, фэйсбүүк хуудсаар зар тавьж нийтэд мэдээллэсэн. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-144/19625 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/51 тоот дуудлага худалдааны тогтоолыг тус тус төлбөр төлөгч Д.Ц-д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-гаар дамжуулан мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Тус орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 74,000,000 төгрөгөөр гуравдагч этгээд С.Төмөрсүх дуудлага худалдааны ялагч болж худалдан авсан. Төлбөр төлөгч Д.Ц-д 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-144/21254 дугаар албан бичгээр орон сууц 74,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор төлбөр төлж барагдуулахгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх мэдэгдлийг гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгчид олгосон хугацаа дууссан тул 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-144/22677 дугаар албан бичгээр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор орон сууцыг чөлөөлөхийг Д.Ц-тэй биечлэн уулзаж мэдэгдлийг гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө мэдэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө борлогдсон талаар Д.Ц-д мэдэгдээгүй гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байсан нь хавтас хэрэгт авагдсан Д.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- нь дуудлага худалдаа зарлагдсан талаар мэдэгдсэн баримт, дуудлага худалдаа болох тухай цахимд байршуулсан талаарх тэмдэглэлийн хуулбар, сонинд өгсөн зар гэх баримтуудаар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, хугацаа авах гэсэн оролдлого байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч захирамжийг давж заалдах шатны магадлалаар хүчингүй болсон гэж худал тайлбар хэлж байна. Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг магадлалаар хүчингүй болгосон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж буй тайлбар нь худал юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхны албадан дуудлага худалдааны үнийг зөвшөөрөхгүй. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар цар тахалтай холбоотойгоор байрны үнэ өссөн тул 2019 оны үнэ өөрчлөгдсөнийг шүүгч харж үзээгүй. Миний өмчийг үнэгүйдүүлснийг үл тоож, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эрхийг минь зөрчлөө. Одоогийн зах зээлийн ханш 115,000,000-120,000,000 төгрөг байна.

5а.Өмгөөлөгч Б.Н- нь хурал болохын хоёр хоногийн өмнө надад мэдэгдсэн. Өмгөөлөгчийн хөлс тохиролцоогүй тул өмгөөллийн гэрээг хоёр тал цуцалсан байсан. Үүнийг мэдэж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичгийг авч ШШГГ-ын даргын нэр дээр хурлыг хойшлуулж өгөх өргөдөл өгсөн.

5б.2022 оны 07 дугаар сарын 23-нд урьдчилсан хурал хийж 2022 оны 09 дүгээр сарын 30-нд зээл олж төлнө. Гэхдээ 25,000,000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. Үндсэн төлбөр 15,000,000 төгрөг гэж удаа дараа шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн боловч үл анзаарч зээлийн хугацааг хүлээхгүй нэг талыг барьж дуудлага худалдааг зохион байгуулсан. Миний бие зээлээ хөөцөлдсөөр 2022 оны 11 дүгээр сарын 05-нд Төрийн банкнаас 25,430,000 төгрөгийг хэлсэн ёсоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушаасан. Одоо миний бие өргүй, илүү төлбөр нэхэж байгааг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр  хэлтэст  шалгуулж байгаа. Иймд дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлыг хуулийн дагуу шалгаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгуулах гомдол гаргаж байна гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Ц-гийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/51 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Ц-гийн өмчлөлийн, төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205005543 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 24-р байрны 23 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 69,592,000 төгрөгийн 70 хувь болох 48,714,400 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3 тоот хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоотод зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, дуудлага худалдааг дээрх хугацаанд зохион байгуулсан байна. /хх-ийн 73, 76-81-р тал/

3а.Анхны албадан дуудлага худалдаагаар дээрх 2 өрөө орон сууц нь 74,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байх бөгөөд энэ талаар хариуцагч байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Д.Ц-д мэдэгдсэн болох нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-144/21254 дугаар албан бичгээр тогтоогджээ. /хх-ийн 82-р тал/

3б.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.

3в.Нэхэмжлэгч Д.Ц- нь дээрх хуульд заасан журмын дагуу зохих этгээдэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасанд нийцээгүй байна.

4.Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00371 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-т холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                 ШҮҮГЧ                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

         Г.ДАВААДОРЖ