Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00666

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00525 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн хариуцагч “О-” ХХК, М.Н- нарт холбогдуулан гаргасан 2,546,014,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулах гэрээний 2 дах заалт болон 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 3 дах заалтын “хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөгт сарын 1,2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай “О-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “О-” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Р, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Э.Д, тэдгээрийн өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хоёр компани 2014-2016 онд одоогийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Саруул” хотхон нэртэй 12 давхар, 2 блокоос бүрдсэн, доороо үйлчилгээний төвтэй орон сууцны барилга дээр хөрөнгө оруулж, хамтарч ажилласан. Тус гэрээг эхлүүлэхдээ 2014 онд хамтын ажиллагааны гэрээ  байгуулсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болон 05 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт гэрээг тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр “Н-” ХХК өөрийн эзэмшлийн 2,300 м.кв талбайтай газраар хөрөнгө оруулж, тус барилга ашиглалтад орсны дараа 69,48 болон 96,8 м.кв талбайтай 2 орон сууц, 2 авто машины зогсоол, 1 болон 2 давхрын үйлчилгээний төвийн 75 хувьтай тэнцэх 2031,75 м.кв талбайг авахаар болсон. Ингээд “О-” ХХК, “Н-” ХХК-ийн эзэмшлийн газар дээр өөрийн хөрөнгөөр барилгыг барьж дуусган барилга ашиглалтад орсны дараа “Н-” ХХК-д ногдохоос бусад орон сууцууд болон зоорийн давхрын машины зогсоолуудын талбайг авах мөн 1 болон 2 давхрын үйлчилгээний төвийн 25 хувьтай тэнцэх хэмжээтэй талбайг авахаар тохирсон байдаг. Энэхүү гэрээтэй хамт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Н-” ХХК-ийн 2,300 м.кв талбайтай газрын хөрөнгө оруулалтын дүнд өгөх барилгын үнэлгээг 4,128,182.000 төгрөгөөр тооцохоор тогтоож хоёр компани тооцоо нийлсэн акт үйлдсэн. “О-” ХХК уг барилгыг ашиглалтад орсны дараа 40,000,000,000 гаруй төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг авсан. Харин “Н-” ХХК-д тохирсон ёсоор 2 орон сууц, 2 автомашины зогсоолыг хүлээлгэж өгсөн. Ингээд 1 болон 2 давхрын үйлчилгээний төвийн 75 хувьтай тэмцэх талбайг авах болоход барилгын зураг төслийн дагуу баригдаагүй, 2 давхар барилга барих ёстой байсныг 3 давхар болгон өөрчилснөөс болж “Н-” ХХК барилгыг хүлээж авах боломжгүй болсон. Улмаар энэ үйлчилгээний талбайг хэрхэх талаар харилцан ярилцаж, өмнөх “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г бүрэн дүгнэж дуусгасан. “Н-” ХХК-ийн 75 хувьд ногдох 2031,75 квадрат метр талбайг “О-” ХХК манайд худалдчих, бид зараад мөнгийг нь өгнө гэж ярилцсаны үндсэн дээр “Худалдах худалдан авах гэрээ”-г 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр худалдах үнийг 3,657,150,000 төгрөгөөр үнэлсэн ба хугацаанд төлбөрөө төлөхгүй бол алданги ногдуулахаар харилцан тохиролцсон. Мөн уг гэрээгээр 2016 онд багтааж бүх төлбөрийг төлөхөөр тохирсон байсан боловч 2016 оноос 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 1,227,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулснаас хойш 2018 онд 300,000,000 төгрөгийг төлснөөс хойш бодитой мөнгөн төлбөр өгөөгүй. “О-” ХХК гэрээний дагуу төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулаагүй явсаар 2017 онд манай компанийн захирал Н.О- гадагш эмчилгээнд явах болсон. Иймд “О-” ХХК-ийн захирал М.Н-той уулзаж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулж, тус гэрээний 5 дахь хэсэгт төлбөрийн хүүг бартераар тооцох асуудлыг тохирсон байдаг. Үүнээс хойш төлбөр төлөгдөхгүй, гэрээ байгуулснаас хойш 7 сарын дараа 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “О-” ХХК-ийн ерөнхий захирал М.Н-той уулзсан. Тэр үед М.Н- “та авах төлбөрийнхөө 1,500,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулчих. Надад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шар хоолойн ам”-ны нутаг дэвсгэрт 5.3 га газар байна. Тэнд хоёулаа сувилал амралтын зориулалтын 3,000 м.кв талбайд барилга барьж, хувааж эзэмшье. Барилгын ажлыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн дуусгана. Хамтарсан компани байгуулаад 51 хувийг “Н-” ХХК эзэмшээрэй. Газрыг хамтарсан компанийн нэр дээр шилжүүлье. Амралт сувиллын барилгаас гадна төлөвлөгдөж буй амины орон сууцнаас Н.О-д 1 хаус хөрөнгө оруулалтаас тооцон барьж өгнө. Амины орон сууцыг сувиллын барилгатай хамт 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулна. Хөрөнгө оруулалтаас гадна Үлдэгдэл 880,150,000 төгрөгийг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн төлнө. Гэрээ биелэгдэхгүй тохиолдолд хөрөнгө оруулсан 1,500,000,000 төгрөг, үлдэгдэл 880,000,000 төгрөгөөс хүү бодож өгнө. Хүүг чинь бартер буюу хөрөнгө оруулалтын хэлбэрээр барагдуулъя” гэсэн санал тавьж, нөхцөл байдлаа харилцан тохиролцсон. Тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай “О-” ХХК-иас “Н-” ХХК-д “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” болон 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/2017 дугаартай “О-” ХХК-ийн ерөнхий захирал М.Н-, “Н-” ХХК-ийн захирал Н.О- нарын “Хамтран ажиллах гэрээ”-г эцэслэн байгуулсан. Бид М.Н-ын хэлсэн ярьсанд итгэсэн боловч М.Н- “Хамтран ажиллах гэрээ”, “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй алга болсон. Амралт сувилал баригдахгүй бол Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Ус сувгийн газрын урд баригдаж байгаа “Токио тауэр” одоо “Токио резиндэнс” нэртэй болсон үйлчилгээтэй орон сууцнаас үлдэгдэл бүх төлбөр түүний хүүг нийлүүлж тооцоод түүндээ талбай аваарай гэсэн давхар баталгаа гаргаж санал тавьсан. Энэ тохиролцоонд “Н-” ХХК итгэж хүлээж явсан. Улмаар тухайн уулзалт хийсэн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 05/2018 дугаартай “О-” ХХК-ийн ерөнхий захирал М.Н-, “Н-” ХХК-ийн захирал Н.О- нар “Хамтран ажиллах гэрээ”-г дахин байгуулж, тус гэрээгээр өмнөх 2017 онд байгуулсан ч биелэгдээгүй үүргийн гүйцэтгэлийг үргэлжлүүлж, “Хамтран ажиллах гэрээ”-ний хугацааг дахин сунгасан. “О-” ХХК-ийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар 2018 онд барилгын ажил огт хийгдээгүй. Гэрээнд “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгаж өгнө гэж тохиролцсон байдаг. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 05/2018 дугаартай гэрээнд сувиллын барилгын ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн дуусгана. Н.О-гийн амины орон сууцны барилгын 1, 2 давхар барилгын ажлыг 2018 оны 11 дүгээр сард багтаан хийж, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө. Бэлэн мөнгөний үлдэгдэл болох 580,150,000 төгрөгийг 2018 онд багтаан бүрэн төлж дуусгана. Сувиллын эзэмшил 5.3 га газруудыг хариуцлагатай хувьцаат компани байгуулж, М.Н-, Н.О- нарын нэр дээр шилжүүлж М.Н-, Н.О- нар хамтран 49х51 хувь эзэмших, 2018 онд төлөгдсөн бүх бэлэн мөнгөний төлбөр тооцоо бүрд 1.5 хувийн хүү бодож, сар бүр бэлнээр тооцоог хийнэ. Хөрөнгө оруулалтын 1,500,000.000 төгрөгт сарын 1.2 хувийн хүү бодогдоно. Хүүг бартераар тооцож болно. Сувиллын ажил 2019 онд хийгдэхгүй орхигдох, ажил сунжирч, дуусахгүй болох тохиолдолд “О-” ХХК хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөг дээр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний дагуу тухайн үед бодогдох хүүг нэмж, нийт тооцоондоо Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Токио тауэр” комплексын барилгаас 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр тооцон , талбайг шилжүүлэн өгөх давхар баталгааг гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээнд заасны дагуу сувиллын барилгыг бүрэн хүлээж авахаар байсан боловч гэрээ биелэгдээгүй, тохирсон ёсоор газар шилжүүлж өгөөгүй, бэлэн мөнгөний үлдэгдэл 580,150,000 төгрөгийг төлөөгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол урьдчилан сануулах шаардлагагүй гэрээнээс татгалзах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Иймд үлдэгдэл төлбөр болох 2,080,150,000 төгрөг, хүү 480,864,000 төгрөг буюу нийт 2,561,014,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, нийт 2,546,014,000 төгрөгийг хариуцагч “О-” ХХК-аас мөнгөн хэлбэрээр гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. “О-” ХХК нийт 1,594,000,000 төгрөгийг бэлнээр, 529,211,000 төгрөгт эд хөрөнгө буюу бартераар шилжүүлсэн. Үлдэгдэл 3,657,150,000 төгрөгийн 1,500,000,000 төгрөг хөрөнгө оруулалтад орж тодорхой эд хөрөнгө бий болсон, үлдэгдэл мөнгө шилжүүлбэл зохих эд хөрөнгийн үлдэгдэл байхгүй гэж үзэж байна. “Хамтран ажиллах гэрээ”-г 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд тухайн хөрөнгө оруулалтын гэрээгээр “Н-” ХХК газраараа хөрөнгө оруулж, “О-” ХХК бусад барилга барихад шаардлагатай зардал, тусгай зөвшөөрлийг хариуцаж “Оршил” хотхоныг барьж, ашиглалтад оруулахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу “Н-” ХХК-д газрын хөрөнгө оруулалтад 475,000,000 төгрөгийг өгөхөөр заасан байдаг. “Хөрөнгө оруулалтын гэрээ” шинэчлэгдэж, 2,375 м.кв үйлчилгээний талбай 2 орон сууц, 2 зогсоол болон өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг 2016 оны 05 дугаар сард дүгнэж, “Оршил” хотхоныг ашиглалтад оруулж, 2,300 м.кв үйлчилгээний талбай болон бусад орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн хамт “Н-” ХХК-д шилжүүлж өгсөн. “Н-” ХХК “танай ашиглалтад оруулсан үйлчилгээний талбай барилгын стандартын шаардлага, зураг төслийг зөрчиж баригдсан тул хүлээж авахгүй. Харин манайд шилжүүлэх ёстой үйлчилгээний талбайгаа манайхаас худалдаж аваад, мөнгийг өг” гэх санал тавьсан. Үүний дагуу 2,300.75 м.кв  үйлчилгээний талбайг “Н-” ХХК-д шилжүүлэлгүй, үнийг төлөөд явж байна. 2016 онд үйлчилгээний талбайг “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нийт үнэ 3,657,150,000 төгрөг болдог бөгөөд уг төлөх ёстой мөнгийг харилцан тохиролцож, 2017 оны 02 дугаар сард “Хамтран ажиллах гэрээ”-ний тухай тохиролцсон. Өөрөөр хэлбэл бид 3,657,150,000 төгрөгийг “Н-” ХХК-д өгөх ёстойгоос 1,500,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтад оруулаад “Н-” ХХК 51 хувийг, “О-” ХХК 1,400,000,000 төгрөг оруулж 49 хувийг эзэмшиж, сувиллын үйл ажиллагааг хамтарч явуулахаар харилцан тохирсон. 2017 оны 02 дугаар сард 1,500,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтад тооцсон боловч хөрөнгө оруулалтад тооцсон мөнгө нь дээрээ хүү тооцож буй хуульд нийцэхгүй байна. “Хамтран ажиллах гэрээ”-ний агуулга, чөлөөт байдлын зарчим байсан ч хөрөнгө оруулалтаа эд зүйл болгож, тусгай зөвшөөрөл авч, 2017 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулсан боловч хөрөнгө оруулалтад оруулсан мөнгөн дээрээ сар болгон хүү нэмэх нь хуульд нийцэхгүй. Хуульд зааснаар 0.5 хувийн алданги тооцно гэж заасан байхад талууд гэрээний чөлөөт байдлын зарчим гэж үзэж 0.6 хувиар алданги тооцвол хуульд харшилна. Яг үүнтэй адил “Хамтран ажиллах гэрээ” мөнгөн төлбөрийн үүрэг шаардахгүй учир хүү тооцох боломжгүй тул 480,000,000 төгрөгийн хүү тооцно гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Алданги, хүүгийн зохицуулалт өөр учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан. Үнэхээр хүү тооцох бол хүүг хэдийн хугацаанд тооцох ёстой талаар зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн тайлбарласнаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны барилга ашиглалтад орох өдөр хүртэл хүү тооцно гэж тодорхойлж болохгүй. Хугацаа тодорхойгүй байхад санаачилгаараа хүүг тогтоож болохгүй. “О-” ХХК-ийн үйлчилгээний талбай зарагдахгүй болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж хугацаанд нь мөнгөө шилжүүлж байгаагүй үйлдлүүд байсан байж болно. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ оруулсан мөнгөндөө хүү тооцож буй үндэслэлгүй байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 05/2018 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэ хоёр гэрээний холбогдох 2 заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2017 оны гэрээний 2 дахь заалтыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 2017 онд талууд харилцан тохиролцож “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээгээр 1,500,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтанд тооцохоор 2017 оны 11 дүгээр сард биш 2 сард “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээнд 2017 оны 02 дугаар сард 1,500,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтад тооцож, талууд сувиллын үйл ажиллагааг хамтран эрхлэхээр харилцан тохиролцсон. 2017 онд уг үйл баримтыг гэрээний хэлбэрт буюу бичгийн хэлбэрт оруулсан. “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-гээр хөрөнгө оруулалтад тооцсон 1,500,000,000 төгрөгийг сар болгон 1.2 хувийн хүү тооцно гэж заасан. Гэвч хөрөнгө оруулалтын гэрээний зорилго талууд хамтран төлбөрөө төлөөд тухайн хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг гэрээ зээлийн гэрээ биш, худалдах, худалдан авах гэрээ биш, ажил гүйцэтгэж, сувиллын барилгыг хүлээлгэж өгөх гэрээ биш. Нэхэмжлэгч 1,500,000,000 төгрөгийг сувиллын барилгад хөрөнгө оруулчихаад миний оруулсан хөрөнгө оруулалтад сар болгон 1.2 хувийн хүү нэмэгдэнэ, 1.2 хувийн хүүг бартер болон хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр авна гэж тохиролцож болохгүй. Энэ нь “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн агуулга, зарчмыг зөрчсөн, хүү тооцох боломжгүй гэрээ. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/2018 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний 3 дахь заалтад хөрөнгө оруулалтад тооцсон 1,500,000,000 төгрөгт сар болгон 1.2 хувийн хүү авна гэж заасан. Гэрээний уг 2 заалт хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Уг 2 заалт хүчин төгөлдөр бус болсноор 1,500,000,000 төгрөгт хүү тооцох эрх нь алдагдана. Хэлцэл бүхэлдээ бус гэрээний 2 болон 3 дахь заалтууд хүчин төгөлдөр бус байгаа нь “О-” ХХК-ийн зүгээс сарын 1.2 хүү тооцож төлөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөрөнгө оруулсан 1,500,000,000 төгрөг, үйлчилгээний талбайн үлдэгдэл төлбөр 480,864,000 төгрөг буюу нийт 2,080,150,000 төгрөгт хүү тооцсон байдаг. Хүү тооцсон тооцоолол бүхий баримт дээр 2017 онд 1,500,000,000 төгрөг дээр нэмээд хүү тооцсон байна. 2018 онд 1,500,000,000 төгрөг дээр 1.2 хувийн хүү тооцсон дүн дээр нэмж хүүгийн тооцоолол гаргасан. Иймээс дээрх 2 заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

            4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээний хүү тооцон барагдуулах хэсэг, 2018 оны хүү тооцох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Н-” ХХК, “О-” ХХК-ийн хооронд олон урт хугацааны шаардлага үүссэн бөгөөд үүнийг нэг мөр барагдуулах шаардлагатай байсан тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар “Тооцоо нийлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Тооцоо нийлэх гэрээ”-гээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүсэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохирсон бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ. Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг шаардах эрх үүснэ. Мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дах хэсэгт “Тооцоо нийлэх гэрээ”-ний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2017 оны гэрээний шаардлагын үндэслэл болж буй “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 2 дахь хэсэг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/2018 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” Иргэний хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан, нотариатаар батлагдсан гэрээ. Нэхэмжлэгч гэрээг бодит байдалд яаж хэрэгжсэн талаарх баримтыг нотлох баримтаар өгсөн. Төлбөрийг хүү тооцон, төлбөрийн хүүг бартер буюу хөрөнгө оруулалтын хэлбэрээр барагдуулж болно гэх заалтыг “О-” ХХК хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулж, гэрээний төлбөрийн нөхцөлд гэрээний дагуу хүүд тооцно гэж заасан ба хүүг зөвшөөрч, зохих хэсгийг төлж байсан. Иймд уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.5, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О-” ХХК-аас 2,546,014,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгож, хариуцагч М.Н-од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “О-” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 2 дахь заалт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/2018 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний “... хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөгт сарын 1.2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,120,970  төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 13,120,970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            6.Хариуцагч “О-” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг гаргасан байна.

6а.Шүүх эрх мэдпийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл нь шүүхийн шийдвэр болдог тул шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх явдал юм. Нэхэмжлэгч “Н-” ХХК нь 2 хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцуулж байгаа эсэх, эсхүл хариуцагч тус бүрт өер өөр шаардлага гаргаж буй эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, ажиллагааны явцад ч дахин дахин гаргасан энэ зөрчлийг арилгалгүйгээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн бөгөөд М.Н-од холбогдох шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаараа шийдвэрт дурдаагүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэл бие даасан нэхэмжлэл мөн эсэх, эсхүл үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар эсэхийг анхаарах нь чухал. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгч сөрөг нэхэмжлэлд дурдагдсан гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор ямар үр дагаврыг шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байгааг болон “Н-” ХХК-аас юу шаардаж байгааг тодруулалгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэснээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт хийгдэхгүй, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үр дагаварт хүргэсэн байна. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэсэн атлаа талууд хамтран ажиллах гэрээний дагуу ямар үүрэг хүлээсэн, хамтын ажиллагааны үр дүнд ямар үр дүн гарсан, хамтын ажиллагааны улмаас ямар ашиг, алдагдал бий болсон, тухайн ашиг, алдагдал нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнтэй хэрхэн хамааралтай байгаа, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бол тухайн нөхцөл байдалд талуудын хэн нь ямар буруутай, хамтран ажиллах гэрээнээс гарах тохиолдолд хуульд заасан ямар журмыг баримтлах ёстой, уг журмыг хэн хэрхэн баримталсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.

6б.Шүүх талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон гэх барилгын ажлын явцын талаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж байгаа нь хариуцагч “О-” ХХК-ийн хүсэлт гаргах эрхийг зөрчсөн явдал болсон бөгөөд Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн байна. Шүүгч хүсэлтийг хангахгүй орхихдоо нэхэмжлэгч мөнгөн төлбөр гаргуулах шаардлага гаргасан тул хамтын ажиллагааны явцад бий болсон гэх барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байх нь нэхэмжлэлийн шаардлагад хамаагүй гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх заалтад заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ талын нөхцөл байдлыг харгалзан үзэж, холбогдох баримтыг цуглуулан үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр маргааныг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхийг шүүгч огт анхаарч үзээгүй болохыг харуулж байна.

6в.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэх төлбөр барагдуулах гэрээ, түүнтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа гэж үзэж, уг үндэслэлдээ тулгуурлан 480,000,000 төгрөгийн хүүгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд үйлдсэн гэх төлбөр барагдуулахтай холбоотой баримт нь юуны өмнө хариуцагч “О-” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдийн үйлдсэн баримт биш бөгөөд шүүх тухайн баримттай холбоотой харилцааг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дахь заалтад заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай, буруу болсон байна.

6г.2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгч хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад зааснаар хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлж цуглуулах 14 хоногийн буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааг хариуцагчид олгосон атлаа уг шүүх хуралдаанаас гаргасан захирамждаа дараагийн шүүх хуралдааныг хуульд заасан хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр товлосон нь хариуцагчийн эрхийг хуульд заасан хугацаанаас 3 хоногоор хязгаарласан шийдвэр болсон.

6д.Шүүгч нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч тал шүүгч болон тухайн шүүхийн бүх шүүгчээс татгалзсан татгалзлыг хүлээн аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасныг зөрчсөн.

6е.Шүүх хуралдаан дээр хариуцагч талаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчлүүлэх үүднээс гэрч асуулгах, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах үүднээс шинжээч томилуулах хүсэлтийг гаргахад хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтад зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хийх ажиллагаа байхад дээрх хүсэлтүүдийг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй гэж буруу дүгнэлт хийж, хангахгүй орхисон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй.

6ё.Шүүгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа хариуцагч М.Н-од холбогдох нэхэмжлэлийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр дээр дурдсаны дагуу шүүгч танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул шүүх хариуцагч М.Н-од холбогдох нэхэмжлэлийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Шүүхийн шийдвэрт шүүх хуралдаан дээр танилцуулсан тогтоох хэсгийн агуулга тусгагдах ёстой. Үүнийг шүүхийн шийдвэр зөвлөлдөх тасалгаанаас бус харин хуралдааны дараа шүүгчийн албан өрөөнөөс гарсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: “Н-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 компанийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан 03/2017 дугаар “О-” ХХК-аас “Н-” ХХК-д төлбөр тооцуулах тооцоо барагдуулах гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 2,080,150,000 төгрөг, хүү 480,864,000 төгрөг, нийт 2,561,014,000 осел “О-” ХХК-аас гаргуулах, тус хэрэгт М.М.Н-ыг хамтран хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэл гаргасан. Бидний хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь компани хооронд байгуулсан гэрээ тул “О-” ХХК-ийг тухайн үед бүх хэлцлүүдэд оролцсон гэх үндэслэлээр хариуцагчаар татсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан эрхийн дагуу М.Н-ыг хариуцагчаар тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон шүүхийн хэлэлцүүлэгт уг төлбөр тооцоог барагдуулах үед М.Н-од хамааралгүй талаар тодорхойлж шүүх М.Н-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч талаас гомдолгүй байдаг. Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлаж, зохиогчийн эрх, үүргийг тайлбарлаж, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийн татгалзан гаргах эрхтэй зохиогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан шинэ нотлох баримт гаргах ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт нь өөрийн барьж буй барилгад хэдэн төгрөг зарцуулагдсаныг тогтоолгохыг хүсдэг. Бодит байдал дээр батлагдсан зураг, төсвийн хүрээнд өөрийн хийж гүйцэтгэж байгаа ажил, хэдэн төгрөг тухайн өдрийн байдлаар зарцуулагдсаныг өөрөө бодож өгөх боломжтой. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ тухайн барилга талуудын харилцан тохиролцсон хугацаанд баригдаагүй, ашиглалтад ороогүй, хамтарсан компани байгуулагдаагүй, газрыг дундын эзэмшил, өмчлөлд шилжүүлээгүйг үндэслэдэг бөгөөд барилга баригдаж байгаа эсэхэд нэхэмжлэгчийн зүгээс маргадаггүй учраас шинжээч томилох шаардлагагүй. Шүүх хуралдаанд хүсэлт шийдвэрлэх ажиллагаа дууссан үед шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй талаар тайлбарыг өгсөн. Хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 123 дугаар зүйлд заасантай нийцсэн. Улмаар хэргийг хянан хэлэлцэх явцыг явцад “О-” ХХК-ийн өмгөөлөгч н.Баясгалан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн нар нь хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр шүүх хуралдааны дэг зөрчиж, шүүгчийг үл ойшоосон, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдахгүй байх нэхэмжлэгч бидний хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх боломжийг алдагдуулах үйлдлийг удаа дараа гаргаж, хуралдаан даргалагчийн зүгээс нөхцөл байдлыг тайлбарлан хууль сануулсан боловч тухайн үйлдлээ гаргасаар байсан. Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээнд зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шар хоолойн аман дах сувиллын байр болон бусад байрыг барих ажлаа 2019 оны 11 сарын 11-ний өдөр дуусгахаар гэрээний хугацааг сунгасан хэдий ч өнөөдрийг хүртэл барилгаа барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөөгүй үйлдлээс хамаарч нэхэмжлэгч түүний үр шимийг хүртэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээ хэрэгжиж биелэгдсэн тохиолдолд хамтын үйл ажиллагаа явуулснаар талуудын ашиг олох зорилго биелэх байсан гэж дүгнэж, талуудын өглөг авлагын тооцоог дүгнэн Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.4 дэх хэсэг, 479 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дууссанаар, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй нь тодорхой болж энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэгчээс хамаарахгүй нэхэмжлэгчийн буруугүй үйлдэл” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. “О-” ХХК нь 3,000,000,000 гаруй төгрөгийг сувиллын барилгын барилгад хөрөнгө оруулсан гэж ярьдаг боловч сувиллын барилгад холгогдох санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Зөвхөн барилгын одоогийн явцын зургуудыг гаргаж өгсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 191-232 дугаар талд авагдсан. Шүүх нэхэмжлэгчийн төлбөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэдий ч огт хэрэгжээгүй болохыг зөв дүгнэсэн. Шүүх хэлбэр, агуулгын хувьд уг гэрээг хуульд заасан шаардлага хангасныг тодорхойлсныг хариуцагчийн зүгээс илтэд гуйвуулж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас хальж хамтран ажиллах гэрээг дүгнэсэн мэтээр гомдол дурдсан нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс 2 компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний гол нөхцөлүүдэд холбогдох “Н-” ХХК-ийн захирал н.О-гийн нэр дээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар “Н-” ХХК-аас өөр компани бүртгэлгүй, хамтарсан компани байгуулаагүйг нотлох хуулийн этгээдийн тухай лавлагааг гаргаж өгсөн нь хэргийн 115-117 талд авагдсан. Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Шар хоолойн аман дах 5,3 га газар “Н-” ХХК болон захирал н.О-гийн нэр дээр шилжээгүйг нотлох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн Газар эзэмших эрхийн лавлагааг гаргаж өгсөн нь 2 дугаар хавтас хэргийн 116 дугаар талд авагдсан. Мөн 2 компанийн хооронд байгуулагдсан нийт гэрээ, тооцооны баримтуудыг бүрэн гаргаж өгсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт энэ талаар хуульчилсан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээ биелэгдсэн болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа татгалзал, сөрөг нэхэмжлэлийнхээ хүрээнд холбогдох тайлбарыг баримтаар нотолж чадаагүй, нотлох баримт байхгүй учраас гаргаж өгөөгүй. Талуудын хооронд үүссэн төлбөр тооцоо, барагдуулахтай холбоотой баримт нь “О-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн үйлдсэн баримт гэж “О-” ХХК тайлбарладаг. “О-” ХХК нь 2006 оны 8 дугаар сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөл тус компанийн ерөнхий захирал, гэрээ байгуулсан М.Н- нь тухайн компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус компанийн зуун хувь хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгчөөр одоог хүртэл бүртгэлтэй байгаа бөгөөд тухайн компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй этгээд юм. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт энэ талаар хуульчилсан байдаг. Хариуцагчийн зүгээс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн давж заалдах гомдолдоо “шүүгч хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан захирамж гаргасан боловч хариуцагчийн зүгээс гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж зохих журмын дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан хэлэлцэх үед шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хасахаар шийдвэрлэсэн гэх нотлох баримтууд хэргийн материалаас алга болсон байсан нь тогтоогдсон. Энэ нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай тогтоол бол мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл тус тус тодорхой тусгагдсан, бэхжигдсэн” гэх байдлаар гуйвуулж, худал тайлбар гаргаж байна. Тухайн баримтууд нь алга болоогүй одоо 2 дугаар хавтас хэргийн 115, 154, 155, 189, 190 дүгээр талд байгаа. Шүүх хуралдааны үед шүүгчийн туслах өөртөө уг баримтуудыг авч үлдсэн алдааны улмаас уг баримтуудад ямар материал байгаа нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр шүүхээс хэргийн материалд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 525 дугаар шийдвэртэй хамааралгүй асуудал юм. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ы өдрийн 14845 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахдаа зөвхөн “Оршил констракшин” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэм хэмжээнд битүүмжилж, хариуцагч М.Насанцогт холбогдуулан ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцээгүй гэж гомдол гаргасан. Тус гомдлын үндэслэл нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 525 дугаар шийдвэртэй хамааралгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хязгаарлаагүй, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжид хариуцагчийн зүгээс гомдол гаргах хугацааг тодорхой заасан боловч хуулийн заасан хугацаанд гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч талаас нь М.Н-од холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргаагүй, зөвхөн “О-” ХХК-д холбогдуулан гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн нь  нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийн дагуу гаргасан захирамжтай холбогдуулан хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргасан. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 515 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэсгт нийцсэн, мөн 168 дугаар зүйлийг зөрчөөгүй тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч “О-” ХХК, М.Н- нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж нийт 2,546,014,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулах гэрээний 2 дах заалт болон 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 3 дах заалтын “хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөгт сарын 1,2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.а.Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Н-” ХХК нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2,300 м.кв талбай бүхий газраар хөрөнгө оруулах, хариуцагч “О-” ХХК нь тус газар дээр үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий 12 давхар, зоорьтой барилгыг өөрийн хөрөнгөөр барьж дуусган, үйлчилгээний төвийн 1 давхрын 75 хувьтай тэнцэх талбай, 2 давхрын 75 хувьтай тэнцэх талбай, хоёр ширхэг орон сууц /2 өрөө байр 1ш, 4 өрөө байр 1ш/, автомашины зогсоол 2 ширхэгийг нэхэмжлэгч “Н-” ХХК-д хуваарилан өгөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 19-25-р тал/

            3.б.Хариуцагч “О-” ХХК нь дээрх гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор зохигчид 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” дүгнэсэн акт үйлдэн дээрх гэрээг дуусгавар болгожээ. /хх-ийн 29-30-р тал/.

3.в.Мөн өдөр талууд “Үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Н-” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, “Саруул хотхон”-ы үйлчилгээний төвийн 1 болон 2 давхрын 75 хувьтай тэнцэх 2031,75 м.кв үйлчилгээний талбайг 3,657,150,000 төгрөгөөр худалдах, хариуцагч “О-” ХХК нь төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон болох нь талуудын байгуулсан гэрээгээр тогтоогджээ. /хх-ийн 32-34-р тал/

3.г.Улмаар талууд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, бэлэн мөнгөний үлдэгдэл төлбөр 880,150,000 төгрөг байгааг баталгаажуулан, хамтарсан компани байгуулах хэлбэрээр нэхэмжлэгч “Н-” ХХК нь дээрх гэрээнд заасан 3,657,150,000 төгрөгөөс 1,500,000,000 төгрөгөөр сувиллын барилгын ажилд хөрөнгө оруулах, хариуцагч “О-” ХХК нь барилгын ажилтай холбоотой бүх асуудлыг бүрэн хариуцан 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор барилгыг хүлээлгэн өгч, талууд хөрөнгө оруулалтыг 49:51 хувийн харьцаатай байхаар тохиролцсон байна. /хх-ийн 35-36-р тал/.

3.д.Мөн өдөр талууд “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулж, бэлэн мөнгөний төлбөрийн үлдэгдэл 880,150,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр улиралд багтаан 3 хувааж төлөх, үлдэгдэл төлбөрт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1,5 хувийн хүү тооцох, хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөгт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1,2 хувийн хүү тооцож, хүүг бартер буюу хөрөнгө оруулалтын хэлбэрээр тооцох, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-ний заалт биелэгдэхгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөг болон бэлэн мөнгөний үлдэгдэл төлбөр байх тохиолдолд дүнг нэмж, нийт дүндээ 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу хоногийн 0,1 хувийн хүү бодож бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 35-37-р тал/

3.е.Дээрх гэрээгээр тохиролцсон сувиллын барилгын ажил хугацаандаа ашиглалтад ороогүйтэй холбоотойгоор талууд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин “Хамтран ажиллах гэрээ” байгуулж бэлэн мөнгөний төлбөрийн үлдэгдэл 580,150,000 төгрөг байгааг баталгаажуулан, сувиллын барилгын ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн дуусгах, хугацаандаа ашиглалтад ороогүй тохиолдолд хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөг дээр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний дагуу тухайн үед бодогдох хүүг нэмж, нийт тооцоонд Баянзүрх дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “Токио тауэр” комплексийн барилгаас 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр тооцон бодож тодорхой талбайг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

Иймд талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, гэрээнээс үүссэн өглөг, авлагын талаар тохиролцсон гэж үзэхээр байна. /хх-ийн 38-39-р тал/

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд үүрэг хүлээсэн этгээд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.

5.а.Хариуцагч “О-” ХХК нь гэрээгээр тохиролцсон сувиллын барилгын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч “Н-” ХХК нь гэрээнээс татгалзаж, хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөг болон бэлэн мөнгөний төлбөрийн үлдэгдэл 580,150,000 төгрөг, хүү 480,864,000 төгрөг, нийт 2,561,014,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, нийт 2,546,014,000 төгрөгийг нэхэмжилсэн.

5.б.Хариуцагч татгалзалдаа “сувиллын барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, барилгын гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэж” тайлбарласан. Талууд тус барилга хүлээлцэх хугацааг хоёр удаа сунгасан боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч “Н-” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр шаардсан нь үндэслэлтэй.

5.в.Харин хүү гэх 480,864,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Тодруулбал, талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор удаа дараа төлбөр тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсныг мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ гэж үзэхгүй юм.

Иймд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н-” ХХК-д хүү шаардах эрх үүсээгүй гэж үзэх бөгөөд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Хэдийгээр талууд гэрээнд “хүү  төлөх” талаар тохиролцсон байх боловч уг тохиролцоо нь хамтран ажиллах гэрээний агуулга, зорилгод нийцээгүй, хүсэл зоригийн илэрхийлэл ойлгомжгүй, тодорхой бус байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй. 

Иймд хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөг болон бэлэн мөнгөний төлбөрийн үлдэгдэл 580,150,000 төгрөг, нийт 2,080,150,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, нийт 2,065,150,000 төгрөгийг хариуцагч “О-” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 480,864,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6.Хариуцагч М.Н-од холбогдох шаардлагын тухайд анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үндэслэлээ шийдвэртээ заагаагүй байх боловч уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. М.Н- нь нэхэмжлэгчтэй иргэний хувиар гэрээний харилцаанд ороогүй, харин хариуцагч “О-” ХХК-ийн ерөнхий захирлын хувиар тус компанийг төлөөлөн гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, М.Н- нь нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

7.а.2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулах гэрээний 2 дах заалт болон 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 3 дах заалтын “... хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөгт сарын 1,2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талуудын тохиролцоо хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууныг зөрчих агуулгатай биш байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

8.а.Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь “анхан шатны шүүх барилгын явцад үзлэг хийлгэх, шинжээч томилуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтүүдийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй, шүүгчийн татгалзлыг хуулийн дагуу шийдвэрлээгүй, мөн нэхэмжлэгч “Н-” ХХК-ийг сөрөг нэхэмжлэлд өгөх хариу тайлбарт хугацаа олгоогүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

8.б.Үзлэг хийлгэх, шинжээч томилуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтүүдийг хангахгүй орхисон гэх гомдлын тухайд хэргийн оролцогч нар нь шүүх хуралдаан болохоос өмнө нотлох баримт бүрдүүлэх, энэ талаар хүсэлтээ гаргахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан. Иймд шүүх хуралдаан эхлэхэд гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтүүдийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үндэслэлд хамаарахгүй.

8.в.Шүүгчийн татгалзлын тухайд анхан шатны шүүх зохих журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр татгалзлын асуудлыг шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдсан. /2хх-ийн 149-153-р тал/ Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө шүүгчийг татгалзах эсэх талаар дахин асуусан байх бөгөөд хариуцагч талаас татгалзлаа илэрхийлээгүй, үүнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. Хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хуралдааныг үргэлжлүүлсэнтэй холбогдуулан татгалзах талаар хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдааны явцад тогтоогдсон” үндэслэл биш юм.

8.г.Сөрөг нэхэмжлэлд өгөх хариу тайлбарт хугацаа олгоогүй гэх гомдлын тухайд нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөх хугацаа авах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэх тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байна. /2хх-ийн 167-р тал/. Иймд сөрөг нэхэмжлэл гардуулах ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлгүй, талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Иймд уг гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдьсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2, 225 дугаар зүйлийн 225.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч “О-” ХХК-аас 2,065,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 480,864,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.Н-од холбогдох нэхэмжлэлийг, мөн нэхэмжлэгч “Н-” ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулах гэрээний 2 дах заалт болон 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 3 дах заалтын “... хөрөнгө оруулалтын 1,500,000,000 төгрөгт сарын 1,2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч “О-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 13.120.970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод оруулсугай.” гэснийг “хариуцагч “О-” ХХК-аас 10,483,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “О-” ХХК-аас үндсэн нэхэмжлэлд төлсөн 13,120,970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, сөрөг нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

 

                                                                                    Г.ДАВААДОРЖ