Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 114

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

      Прокурор                                                  А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Р.Атарцэцэг

                                                                           Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн дарга                         Б.Намуунзул нар  оролцов.

  Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн Хуулар овогтой Чулуугийн Батдалай, Чонос овогтой Батсүхийн Пүрэв-Эрдэнэ нарт холбогдох 1731001960024 дугаартай хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1.Монгол улсын иргэн,1990 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 4-р хэсэг, гудамж 149-а тоотод оршин суудаг, Ургийн овог Чонос, эцгийн нэр Батсүх, өөрийн нэр Пүрэв-Эрдэнэ, регистрийн дугаар РН90080776;

 2.Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр баг Үхэрт гэх газар өвөлжиж Булаг гэх газар зусдаг, Ургийн овог Хуулар, эцгийн нэр Чулуун, өөрийн нэр Батдалай, регистрийн дугаар РН70122377;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас ховор амьтан болох 1 тооны согоог Ч.Батдалай нь тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан, шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалтын газар болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас нэн ховор амьтан болох 6 тооны хүдрийг тусгай зөвшөөрөлгүйгээр хавхаар агнасан, Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нар нь бүлэглэн дээрх нэн ховор, ховор амьтдын түүхий эд болох 6 ширхэг хүдрийн заар, согооны сүүл нэг ширхэг зэргийг Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу худалдах зорилгоор тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ч.Батдалай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...

2.Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...

           3.Хохирогч Г.Мөнхбаатарын 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүдэр сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 50 гаруй км газар Моностой гэх газар иргэн Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нар 6 тооны хүдэр, 1 тооны согоо агнасан талаар сонссон...Моностой гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газарт хамаардаг ойн сан бүхий ан амьтан байгалийн баялаг ихтэй газар юм....Булга, хүдэр,чоно гэх мэт ан амьтан ихтэй...Хүдэр сумаас иргэдэд буга, хүдэр агнах зөвшөөрөл олгогдоогүй...Батдалай, Пүрэв-Эрдэнэ нар нь миний мэдэхийн чага мөөг түүх зөвшөөрөл авч байгаагүй....Экологи эдийн засгийн хохиролыг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/

          4. Гэрч Б.Пүрэв-Эрдэнийн 2017 оны 12 сарын 7-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “...2017.11.14, 15-ны хавьцаа би өөрийн хамаатаны ах буюу нагац ах Чулуун овогтой Батдалайн хамтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ой модноос Чааг мөөг түүхээр явсан бөгөөд ууланд очоод 10 гаруй хоносон...ингэж хонохдоо нэг буга буюу эм согоо таарахаар нь  агнасан мөн 5 хүдэр агнасан юм...агначихаад буга буюу эм согооных нь сүүлийг тасдаж аваад, хүдэрийн зааруудыг салгаж аваад арьс махнууд болон бусад зүйлүүдийг нь бүгдийг нь агнасан газраа хаясан...ингээд гэртээ ирж байгаад Батдалай ах бид хоёр бугын сүүл, хүдрийн заараа УБ хотод худалдан борлуулахаар 2017-12-06-ны өдөр Сэлэнгэ аймгаас УБ  хотруу явж байгаа галт тэрэгний 8 дугаар вагоны 67, 68 дугаар суудалд суугаад өнөө өглөө 2017-12-07-ны өглөө УБ хотод ирээд вагоноосоо буугаад явж байсан чинь цагдаа саатуулж шалгасан...хорт хавдартай хүмүүс бугын сүүл болон хүдрийн заарыг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг гэж сонссон бөгөөд үнэ тохирч зарах гэж байсан...Бугыг Батдалай ах буудсан, хүдэрээ дандаа урхи тавьж агнасан...хүдэр болон буга хориглосон амьтад гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/

       5. Гэрч Г.Энхтүвшингийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 13 жил ажиллаж байна. Батдалай, Пүрэв-Эрдэнэ нар нь ан амьтан агнах эрхийн бичиг аваагүй...Хүдэр сумын Моностой гэх газар нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт хамаарна...иймд тусгай хамгаалалттай газар учраас ан гөрөө хийх, үйлдвэрлэл үйлчилгээ явулахыг хориглоно...өвлийн улиралд хүдрийг урхи зангаар барих боломжтой ч энэ аргыг хуулиар хориглодог...Заар нь эр хүдэрт л байдаг, эм хүдэрт байдаггүй, бугын эмийг согоо гэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/

       6.Гэрч Г.Тайванбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нар нь ан амьтан агнах ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. 2015 онд аймгийн хэмжээнд тооллого явагдсан байгаа. Бүртгэл судалгаа нь аймагт байгаа. Моностой гэх газарт буга, хүдэр нь сүрэглэн нутагшсан байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/

7.Гэрч Ч.Дэлгэрмаагийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эцэг, эхээс 18-лаа. Батдалай ах дээрээсээ 10 дахь хүүхэд нь байгаа юм. Батдалай ах 2016 оны 10 дугаар сарын үед манай гэрт ирснээс хойш уулзаагүй, утсаар ч яриагүй. Манайх ах дүү нар бүгд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд амьдардаг. Би ганцаараа Улаанбаатар хотод амьдардаг. Пүрэв-Эрдэнэ миний төрсөн эгч болох Цэцэгмаа эгчийн бага хүү нь байгаа юм. Бага байхаас нь хойш ерөөсөө уулзаагүй. Батдалай ах 2 жилийн өмнө “самранд явлаа” гэж гараад гэртээ ирээгүй гэсэн. Одоо яг хаана амьдардаг талаар нь мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/

8. Гэрч Ч.Дэлгэрмаагийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Садан төрлийн холбоо байхгүй. Ч.Батдалайг танихгүй. Б.Пүрэв-Эрдэнэ манай базын хүргэн байгаа юм. Би түүнийг таньж мэдээд 2 жил болж байна. Өөрөө эрхэлсэн ажилгүй, модоор мужааны ажил хийж хэдэн төгрөг олдог. Б.Пүрэв-Эрдэнэ нь ажилсаг, гэр бүл эхнэр, хүүхэдтэй халамжтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Элдэв муу зуршилгүй залуу гэж боддог. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

9.Гэрч Г.Баасанбудын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Садан төрлийн холбоо байхгүй. Б.Пүрэв-Эрдэнийн хадам нь манай хөршөөр олон жил амьдарсан. Пүрэв-Эрдэнэ хааяа даа ирдэг болохоор таньдаг болсон. Пүрэв-Эрдэнэ гарын ур дүйтэй, мужааны ажил хийдэг. Ажилсаг, шулуун шударга зантай хүн. Батдалай нь ажилч, хөдөлмөрч, үг дуу цөөтэй, хар бор ажилд сайн хүн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

10.Гэрч Р.Батбаярын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын цагдаагийн хэсэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. 05 цаг 40 минутын үед Эрдэнэт-Улаанбаатар, Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн 274, 264 дүгээр галт тэрэг ирэх үеийн хамгаалалт хийж ажиллаж байхад галт тэрэгнээс буусан 2 эрэгтэй зорчигч өндөрлөсөн тавцангаас үсэрч төмөр замын гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Уг 2 иргэнийг саатуулж шалгахад Ч.Батдалайгийн өврөөс нь 2-3 гялгар уутанд хийгээд гадуур нь скочидсон эд зүйл гарч ирэхээр нь ямар эд зүйл болохыг тодруулахад “замдаа идэж явсан мах, үнэр орчихоор нь гялгар уутанд хийгээд скочидсон, миний бие муудаад гүйлгэх гээд байна, бие засмаар байна” гэж хэлэхээр нь “бичиг баримт байна уу” гэж асуутал Пүрэв-Эрдэнэ бичиг баримтаа гаргаад ирэхээр нь Батдалайг “бие засчихаад ир” гээд гаргасан. Тэгээд үлдсэн залуу зугтаах гээд байхаар нь гавлачихаад авч явсан эд зүйлийг шалгахад 1 ширхэг согооны сүүл, 6 ширхэг хүдрийн ууттайгаа заар зэрэг зүйл байсан. Уг эд зүйл цоо шинээрээ байсан. Би хаанаас агнасан талаар асуухад “ 2 хоногийн агнасан” гэж хэлэхээр нь жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудчихаад Батдалайг нь 2 цагдаагийн хамт хайсан боловч олдоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/

11.Гэрч Ж.Баасанбатьн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны байгаль хамгаалагчаар 8 жил ажиллаж байна. Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нар нь ан амьтан агнах эрхийн бичиг аваагүй. Эдгээр хүмүүсийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/

          12. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №854 тоот дүгнэлтэнд:

          1.Шинжилгээнд ирүүлсэн буу шинжилгээнд тэнцэнэ.

          2.Шинжилгээнд 5.6 мм-ийн  /хуучнаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн, сангийн анги Х9790, замаг 387 гэсэн дугаартай, гар хийцийн онгоц модтой, гал хамгаалагч, гохны хүрээ байхгүй спорт-ангийн зориулалттай ТОЗ-8-01 загварын бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна. Энэ буунд эвдрэл гэмтэл байхгүй.

          3.Дээрх шинжилгээнд ирүүлсэн буу нь буудлага үйлдэнэ.

          4.Шинжилгээнд ирүүлсэн ТОЗ-8-01 загварын сангийн анги Х9790, замаг 387 гэсэн дугаартай буу нь ШШҮХ-ийн галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэлгүй байна.

          5.Дээрх нь буу нь галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлэн хураан авсан хошуу хонгионы санд бүртгэлгүй байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 72 хуудас/

13.Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн.... 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шиг санагдаж байна. Батдалай ах надад хэлэхдээ “Хүдэр суманд чаг мөөг ихтэй, энэ газар луу мөөгөнд явъя” гэж хэлээд “юмыг яаж мэдэхэв чоно, нохойноос өөрсдийгөө хамгаалъя” гээд өөрийн ТОЗ-8 маркийн шар өнгөтэй буугаа аваад, би ч зөвшөөрч замын унаанд суугаад Хүдэр суманд оройн 21 цагийн орчим харанхуй болсон байхад очсон. Очсон өдөртөө чаг мөөг хайж 3 хоног хийсэн зүйлгүй амарсан. Энэ үед хүдэрийн мөр хараад хүдэр агнах бодол надад төрсөн. Би хүдрийг урц барих төмөр утсаар урхи хийгээд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхний хүдэр урхинд ороод үхчихсэн байсан. Ингээд 11 дүгээр сарын 18-наас 24-нийг хүртэл 6 хоногт өдөрт нэг удаа урхи шалгаад 6 хүдэр урхиндаа оруулж агнасан. Батдалай ах урхи тавиагүй, би л урхи тавьж агнасан. Хүдрээ агнаж арьс, махыг нь шулаад тэндээ хоол унд хийж иддэг ч гэдэс, арьс, яс гээд ихэнхийг нь хаяад заарыг нь салгаж авсан. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө Батдалай ах буугаа үүрээд “чаг мөөг үзээд ойрхон яваад ирье” гэж хэлээд орой ирэхдээ “ах нь олзтой яваад ирлээ, замд согоо таараад буудаж унагаагаад сүүлийг нь авчихлаа” гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Батдалай ах бид 2 Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж хүдрийн 6 ширхэг заар, согооны 1 ширхэг сүүлээ зарж борлуулах бодолтой явж байгаад өглөө үүрээр Улаанбаатар хотын вокзал дээр цагдаагийн ажилтанд саатуулагдаж, шалгагдаж бид 2 Хүдэр сумаас 6 хүдэр, 1 согоо агнасан талаараа үнэнээ хэлсэн. Би өөрийн буруугаа ойлгож гэмшиж байгаа. Хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгнө үү. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/

14.Шүүгдэгч Ч.Батдалайн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн. ... 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 11 дүгээр сарын 14-ний өдөр шиг санагдаж байна. Пүрэв-Эрдэнэд би “Хүдэр суманд чаг мөөг ихтэй, энэ газар луу мөөгөнд явъя” гэж хэлээд “юмыг яаж мэдэхэв ах нь ТОЗ-8 маркийн буугаа авъя” гээд замын унаанд суугаад Хүдэр суманд оройн 21 цагийн орчим очсон. Тэр өдөртөө үүр цайтал буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр алхсаар Хүдэр сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 50 гаруй км газарт “Моностой” гэх газар очиж тэндээ модоор урц барьж ил гал түлж хоноглосон. Бид хоёр 2-3 өдөр чаг мөг хайсан боловч олдоогүй. Пүрэв-Эрдэнэ 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр урц барих төмөр утсаар урхи хийгээд хүдэр барихаар болж эхний өдөр 1 хүдэр бариад бид 2 алж махыг нь идсэн. Ингээд 11 дүгээр сарын 18-наас 24-нийг хүртэл 6 хоногт өдөрт нэг удаа урхи шалгаад 6 хүдэр урхиндаа оруулж агнасан. Би урхиар хүдэр барих ажилд оролцоогүй. Хүдрээ агнаж арьс, махыг нь шулаад тэндээ хоол унд хийж иддэг ч гэдэс, арьс, яс гээд ихэнхийг нь хаяад заарыг нь Пүрэв-Эрдэнэ салгаж авсан.  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Пүрэв-Эрдэнэд “ойрхон яваад ирье” гэж хэлээд урцнаасаа холгүй газарт чаг мөөг үзэж яваад 1 согоотой тааралдаж би өөрийнхөө буугаар буудахад үхсэн. Би очоод сүүлийг нь тайрч, махыг нь аваад оройхондоо Пүрэв-Эрдэнэ дээр очиж “олзтой яваад ирлээ” гэдгээ хэлсэн. Ингээд бид 2 ууланд 10-15 хоног болоод буцаж Хүдэр сумын төв рүү алхаад замын унаанд сууж Сүхбаатар суманд ирсэн. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Пүрэв-Эрдэнэ бид 2 Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж хүдрийн 6 ширхэг заар, согооны 1 ширхэг сүүлээ зарж борлуулах бодолтой явж байгаад өглөө үүрээр Улаанбаатар хотын вокзал дээр цагдаагийн ажилтанд саатуулагдаж, шалгагдаж бид 2 Хүдэр сумаас 6 хүдэр, 1 согоо агнасан талаараа үнэнээ хэлсэн. ТОЗ-8 маркийн бууг миний аав нас барахынхаа өмнө хэрэглэж байсан. Би энэ бууг эзэмшээд 4 жил болж байна. Бууны гэрчилгээ байхгүй. Би өөрийн буруугаа ойлгож гэмшиж байгаа. Хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгнө үү. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

15.Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

16.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/

17.Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

18.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт

/хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

    Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу,

экологид учруулсан хохирол төлбөрийн талаар

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Чонос овогтой Батсүхийн Пүрэв-Эрдэнэ, Хуулар овогтой Чулууны Батдалай нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас ховор амьтанд бүртгэгдсэн 1 тооны согоог Ч.Батдалай нь тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалтын газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас нэн ховор амьтанд бүртгэгдсэн 6 тооны хүдрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нар нь бүлэглэн дээрх нэн ховор, ховор амьтдын түүхий эд болох 6 ширхэг хүдрийн заар, 1 ширхэг согооны сүүл зэргийг Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу худалдах зорилгоор тээвэрлэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр харъяалах шүүхэд шилжүүлснийг  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцээд шүүх дараахи дүгнэлтийг хийв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

1.Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нар нь бүлэглэж, 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас ховор амьтанд бүртгэгдсэн 1 тооны согоог Ч.Батдалай нь тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалтын газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас нэн ховор амьтанд бүртгэгдсэн 6 тооны хүдрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нар нь бүлэглэн дээрх нэн ховор, ховор амьтдын түүхий эд болох 6 ширхэг хүдрийн заар, 1 ширхэг согооны сүүл зэргийг Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу худалдах зорилгоор тээвэрлэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэг үйлдсэн гэдгээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй байна.

  2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, халиун бугын төрөл зүйл болох согоог агнах үйлдэл хийсэн, хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн, 5.6 мм-ийн тусгалтай, гар хийцийн онгоц модтой, гал хамгаалагч гохны хүрээгүй, спортын-ангийн зориулалттай ТОЗ-8-01 загварын бага калибрийн винтов буу,

3.Эд мөрийн баримтаар хураасан халиун бугын төрөл зүйл болох согооны сүүл нэг ширхэг,

4.Эд мөрийн баримтаар хураасан 2018 оны 11 дүгээр сард агнасан, хүдрийн заар 6 ширхэг,

5.Халиун бугын төрөл зүйл болох согоог Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор зүйлийн амьтны ангилалд бүртгэсэн тухай шинжээчийн дүгнэлт,

6.Хүдэр нь хөхтөний ангийн салаа туурайтны багийн Хүдрийнхэн овогт хамаарахбөгөөд Амьтны тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтны бүртгэлд хамаарна, 1953 оноос эхлэн агнахыг хуулиар хориглосон, Ионгол улсын улаан номонд орсон амьтан, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар “нэн ховор амьтныг төрийн байгууллагын тусгай зөвшөөрлөөрзөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнах буюу барьж болно” гэсэн шинжээчийн дүгнэлт,

7.Хүдэр нь нэн ховор, эм буга буюу согоо нь ховор амьтад, аливаа ховор амьтдын эд эрхтэн нь эмийн маш үнэтэй түүхий эд болдог, эр хүдрийн хэвлий талын үржлийн эрхтний өмнө 5-7 см гүн, дугуй зууван хэлбэрийн нимгэн уутанцарт 4 грамм орчим заар боловсордог, эр хүдрийн хүйсний дэргэд хуралдсан тусгай булчирхайгаар ялгаруулдаг, өвөрмөц үнэртэй бөөмийг хүдрийн заар гэж нэрлэдэг тухай шинжээчийн дүгнэлт,  

8.Эд мөрийн баримтаар хураасан дээжүүд нь /согооны сүүл, хүдрийн заар/ аль аль нь нас бие гүйцсэн амьтдынх мөн болохыг, дээрхи амьтдын эд эсүүдээс халдварт өвчин үүсгэгч илрээгүй, уг амьтад нь халдварт өвчнаар хорогдоогүй болохыг тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт,

9.Уулын бугын төрөл зүйл болох согоог 15 сая, 6 ширхэг эр хүдрийг 36 сая төгрөгөөр экологи эдийн засгийн үнэглгээг нь тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтдуудаар шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан болох 1 ширхэг согоо, 6 ширхэг эр хүдэр  агнасан гэм буруу нь тогтоогдож байна. Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

   Шүүгдэгч Батдалай нь ховор амьтны бүртгэлд орсон, халиун бугын төрөл зүйл болох эм согоо агнасан боловч Пүрэв-Эрдэнэтэй цуг ууланд нэгэн овоохойд 15-аас дээш хоног хамт амьдарсан, ан хийх нэгэн санаа зорилготой байсан, Пүрэв-Эрдэнийг 6 ширхэг хүдэр агнасныг мэдэж байсан, агнасан ангийнхаа түүхий эдийг худалдан борлуулахаар Улаанбаатар хот руу хамт тээвэрлэж явсан зэрэг нөхцөл байдлуудаас харахад шүүгдэгч нарын гэмт үйлдэл холбогдол нь хоорондоо салшгүй холбоотой байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр зүйлчилсэн нь тохирсон гэж шүүх дүгнэв.

    Иймд шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. 

 Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ нь 6 ширхэг эр хүдэр агнасны экологи-эдийн засгийн хохиролд 36.000.000 төгрөг төлөхөөс 1.400.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 34.600.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгч Ч.Батдалай нь 1 ширхэг халиун бугын төрөл зүйл болох эм согоо агнасны экологи-эдийн засгийн хохиролд 15.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч нараар дээрхи хохиролыг төлүүлж, нөхөн төлбөрийг Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар байгаль орчны уур амьсгалын санд оруулахаар тогтоох нь зүйтэй байна.   

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай тэдгээрийн өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас экологид учруулсан хохиролоо нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч энэ хугацаанд шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ 500.000 төгрөгийн хохирол төлсөн ба шүүгдэгч Ч.Батдалай хохиролоос төлөөгүй байна. Энэ байдлыг харгалзан шүүгдэгч нарт хуулинд заасан ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлалгүйгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “...арван мянган нэгжээс дөчин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан ялаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан 2.6-3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтов.  

                Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох 19-74 ХӨБ улсын дугаартай “РАУМ” маркийн болон 82-87 СЭҮ улсын дугаартай “ТИЙДАА” маркийн тээврийн хэрэгслүүдийг чөлөөлж, тэдгээрийн жинхэнэ эзэмшигч Батсүхийн Пүрэв-Эрдэнийн эзэмшилд буцаан олгох нь зүйтэй.

 Мөн эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг согооны сүүл, 5 ширхэг хүдрийн заарыг мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,  1 ширхэг ТОЗ-8-01 маркийн спорт-ангийн зориулалттай бууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  34, 35 дугаар бүлэг 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага    болгон ТОГТООХ нь:

1.Чонос овогтой Батсүхийн Пүрэв-Эрдэнэ, Хуулар овогтой Чулууны Батдалай нарыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг заасныг журамлан мөн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Батсүхийн Пүрэв-Эрдэнийг 3 жилийн хугацаагаар, Чулууны Батдалайг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Пүрэв-Эрдэнэд оногдуулсан 3 жил, Батдалайд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, ялтан Б.Пүрэв-Эрдэнээс экологид учруулсан хохиролд 1.4 сая төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ТОЗ-8-01 маркийн спорт-ангийн зориулалттай бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 1 ширхэг согооны сүүл, 5 ширхэг хүдрийн заарыг мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.    

6.Хэрэгт битүүмжлэгдэн Б.Пүрэв-Эрдэнийн эзэмшлийн 19-74 ХӨБ улсын дугаартай “РАУМ” маркийн болон 82-87 СЭҮ улсын дугаартай “ТИЙДАА” маркийн тээврийн хэрэгслүүдийг тэдгээрийн жинхэнэ эзэмшигч Батсүхийн Пүрэв-Эрдэнийн эзэмшилд буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Батсүхийн Пүрэв-Эрдэнээс 34 сая 600 мянган төгрөг, Чулууны Батдалайгаас 15 сая төгрөг тус тус гаргуулж, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т зааснаар Байгаль орчны уур амьсгалын санд оруулахаар тогтоосугай.

8.Ялтан Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар  зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                  

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                   Б.НАЦАГДОРЖ