Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/58

 

Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                    Шүүгчид                                   Г.Давааренчин                                       

                                                                                  Д.Буянжаргал

                                

Оролцогчид:                            

                                  Прокурор                                  А.Энхтуяа

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч          Р.Атарцэцэг

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Хуулар овогт Чулуугийн Батдалай, Чонос овогт Батсүхийн Пүрэв-Эрдэнэ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001960024 дугаартай, 175/2018/0053/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1990 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 4-р хэсэг, гудамж 149-а тоотод оршин суудаг, Ургийн овог Чонос, эцгийн нэр Батсүх, өөрийн нэр Пүрэв-Эрдэнэ /Регистрийн дугаар: РН90080776/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр баг Үхэрт гэх газар өвөлжиж Булаг гэх газар зусдаг, Ургийн овог Хуулар, эцгийн нэр Чулуун, өөрийн нэр Батдалай /Регистрийн дугаар: РН70122377/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас ховор амьтан болох 1 тооны согоог Ч.Батдалай нь тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан, шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалтын газар болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас нэн ховор амьтан болох 6 тооны хүдрийг тусгай зөвшөөрөлгүйгээр хавхаар агнасан, Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нар нь бүлэглэн дээрх нэн ховор, ховор амьтдын түүхий эд болох 6 ширхэг хүдрийн заар, согооны сүүл нэг ширхэг зэргийг Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу худалдах зорилгоор тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор Чонос овогтой Батсүхийн Пүрэв-Эрдэнэ, Хуулар овогтой Чулууны Батдалай нарыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг заасныг журамлан мөн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Батсүхийн Пүрэв-Эрдэнийг 3 жилийн хугацаагаар, Чулууны Батдалайг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Б.Пүрэв-Эрдэнэд оногдуулсан 3 жил, Батдалайд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Батсүхийн Пүрэв-Эрдэнээс 34 сая 600 мянган төгрөг, Чулууны Батдалайгаас 15 сая төгрөг тус тус гаргуулж, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т зааснаар Байгаль орчны уур амьсгалын санд оруулахаар тогтоож, ялтан Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ нь 2017 оны 11 сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас 6 тооны Хүдэр агнасан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 24.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа болно. Ер нь Б.Пүрэв-Эрдэнэ гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн тал дээр болон хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Харин өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаж үзэхэд тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үндэслэл нь

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 1.900.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ төлсөн байхад 1.400.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурьдсугай гэсэн нь хохирол төлсөн үнийн дүнг буруу ташаа бичсэн байна.

2. Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэд ял оногдуулахдаа түүний хохиролоо төлнө гэсэн баталгааг харгалзан үзэхгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломж байсаар байхад хорих ялыг сонгон авч хэрэглэснийг эс зөвшөөрч байна. Шүүх шийтгэх тогтоолын ял хариуцлагын тал дээр өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас экологид учирсан хохирлоо нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч энэ хугацаанд шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ 500.000 төгрөгийн хохирол төлсөн тул хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн байна. Б.Пүрэв-Эрдэнэд бодит хохирол 18 сая төгрөг тогтоогдож түүнийг 2 нуглан төлүүлэх гэдгээр нь 36 сая төгрөг болгон үнэлгээ гарсан билээ. Түүнийг гэм буруутайд тооцсон тохиолдолд завсарлага авсан нь үнэн энэ богинохон хугацаанд машинаа зарах эхнэрийхээ зээлийг хөөцөлдсөн боловч цаг хугацааны хувьд богино өнөөдөр маргааш гэсээр 5 хоногийн хугацаа болсон. Мөрдөн байцаалтын шатанд 1.400.000 төгрөг төлсөн завсарлага аваад 500.000 төгрөг нийт 1.900.000 төгрөг төлсөн билээ. Шүүх хуралдаанаас хойш түүний эхнэр цалингаа зээлээ хөөцөлдөн хугацаа арай уужим байсан тул зээл авсан, машинаа зарж борлуулсанаар 10 сая төгрөгийг цуглуулж чадсан. Үүнийг хохиролдоо төлөхөөр бэлэн байна. Б.Пүрэв-Эрдэнэ нь эхнэр хүүхэд, өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй, асаргаанд байдаг эцэгээ ханддаг айлын ганц хүү юм байна. Амьдралынхаа нарийн ширийн асуудлыг өмгөөлөгчдөө яриагүйгээс энэ болгон өмгөөллийн үгэнд орж чадаагүй. Шүүх хуралдааны дараагаар түүний эхнэр надтай уулзан энэ болгоныг ярьж холбогдох эмнэлэгийн баримт материалыг авчирч өгсөн юм. Иймд Б.Пүрэв-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг түүний хохирол төлсөн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялаар сольж шийдвэрлэж өгнө үү. Боломжгүй байдал үүссэн гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийн 03 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь нэн ховор амьтдыг агнасан гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ял оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас ховор амьтан болох 1 тооны согоог Ч.Батдалай нь тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан, шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сард улсын тусгай хамгаалалтын газар болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моностой” гэх газраас нэн ховор амьтан болох 6 тооны хүдрийг тусгай зөвшөөрөлгүйгээр хавхаар агнасан, Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нар нь бүлэглэн дээрх нэн ховор, ховор амьтдын түүхий эд болох 6 ширхэг хүдрийн заар, согооны сүүл нэг ширхэг зэргийг Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу худалдах зорилгоор тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах” гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Батсүхийн Пүрэв-Эрдэнийг 3 жилийн хугацаагаар, Чулууны Батдалайг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Батсүхийн Пүрэв-Эрдэнээс 34 сая 600 мянган төгрөг, Чулууны Батдалайгаас 15 сая төгрөг тус тус гаргуулж, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т зааснаар Байгаль орчны уур амьсгалын санд оруулахаар тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Батдалай, Б.Пүрэв-эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч нар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Мөнхбаатар /хх-ийн 31-32-р ху/, гэрч Г.Энхтүвшин /хх-ийн 35-р ху/, Р.Батбаяр /хх-ийн 41-42-р ху/, Ж.Баасанбат /хх-ийн 45-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №854 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-73-р ху/, Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №46 тоот Дүгнэлтийн тухай албан бичиг /хх-ийн 80-81-р ху/, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №18-04-003/10 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан ба гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэн ховор амьтан болох 1 ширхэг эр хүдрийн үнэлгээг 3.000.000 төгрөгөөр, ховор амьтан болох 1 ширхэг согооны /эм буга/ үнэлгээг 7.500.000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. Б.Пүрэв-Эрдэнэ, Ч.Батдалай нарын нэн ховор амьтан болох 6 тооны хүдэр хууль бусаар агнаж, тээвэрлэсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан бодит хохирлын хэмжээг 18.000.000 /арван айман сая/ төгрөгөөр, 1 тооны согоо /эм халиун буга/ хууль бусаар агнаж, тээвэрлэсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан бодит хохирлын хэмжээг 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр тус тооцох нь зүйтэй байх тул энэ талаар бичсэн өмгөөлөгчийн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжтой гэж шүүх үзлээ.

 

Харин Амьтны тухай Монгол улсын хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “...Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно...” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ нэн ховор амьтан болох 6 тооны хүдэр агнаж амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг нийт 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөгөөр, ховор амьтан болох 1 тооны согоо /эм халиун буга/  агнаж амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг нийт 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр тус тус  тооцож  заасан нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ нь анхан шатны шүүх хуралдаанаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 өдрийн завсарлага авч энэ хугацаанд 500.000 төгрөг төлж барагдуулсан талаар шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт дурьдсан боловч “Тогтоох” хэсэгт хохирлоос хасаж тооцолгүй  нөхөн төлбөрт 1.400.000 /нэг сая дөрвөн зуу/ төлснөөр дурьдаж шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгчийн гомдлын үндэслэлийг хүлээн авч давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжсэн хугацаанд нөхөн төлсөн 8.100.000 /найман сая нэг зуу/ төгрөгийн төлбөртэй нийлүүлэн тооцож нийт 10.000.000/ арван сая/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулсан талаар магадлалд заах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Ч.Батдалай, Б.Пүрэв-Эрдэнэ нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн, тэдэнд оногдуулсан ял шийтгэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байх тул Б.Пүрэв-Эрдэнэд Эрүүгийн хуулийн  тухайн, зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн Б.Пүрэв-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэний өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэний өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.Пүрэв-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 10.000.000 /арван сая/ төгрөг төлсөн болохыг дурьдусгай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ