Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00581

 

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00581

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02886 дугаар шийдвэртэй,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

М-, С- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,954,666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэн, хариуцагч М-, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М-, С- нар “А” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19/07 тоот зээлийн гэрээ байгуулан, 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр 8,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нарын хүсэлт гаргасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн сунгалтын гэрээ байгуулж, гэрээний хугацааг сунгаж, зээлийн төлбөрийн графикийг өөрчилсөн.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нар зээлийн хүүд 7,680,000 төгрөг төлсөн. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны байдлаар үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 2,570,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384,000 төгрөг, нийт 10,954,666 төгрөгийн төлөлт хийгдээгүй тул зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч нараас 10,954,666 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19/008 тоот “Хөрөнгө барьцаалах гэрээ”-г байгуулан, С-, М- нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат ** гудамж, **** тоот хаягт байрлалтай, *** м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг хаягт байршилтай *** нэгж талбарын дугаартай, *** м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С-гийн эзэмшлийн, **** УБК улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг тус тус барьцаалсан. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч М-ын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нөхөр С-гийн хамт өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, автомашинаа барьцаалж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “А” ХХК-иас 8,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 6 сарын зээлийн хүү 1,920,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 6 сарын зээлийн хүү 1,920,000 төгрөг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний хугацааг сунгах хүсэлт өгсөн. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 6 сарын хүү 1,920,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 6 сарын хүү 1,920,000 төгрөг төлсөн. Хүүгээ бүрэн төлж зээлийн гэрээгээ дахин сунгасан. 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэмж 320,000 төгрөг хийснээр нийт хүүд 8,000,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлтэйгээ тэнцэх хэмжээний хүү төлсөн байхад 10,954,666 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү.

 

3. Хариуцагч С-гийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “А” ХХК-тай гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлөлтөд 8,000,000 төгрөг төлсөн боловч зөвхөн хүүд тооцож дахин 10,954,666 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Энэ их хэмжээний хүү, алдангийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Мөн гүйлгээний утга дээр нэрээ бичиж хийсэн 32,000 төгрөгийн төлөлт тооцогдоогүй байна. Тухайн үед холбогдож хэлж байсан.

Би 2010 онд ахуйн ослоор баруун гарын сарвуугаа тайруулсан учир хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан ба одоо тахир дутуугийн тэтгэмж авдаг. Мөн 2010 онд зүрхний шигдээсээр өвчилж эмчийн хяналтад байна. Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас улс даяар эдийн засгийн хямралтай энэ үед их хэмжээний хүү алданги тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Энэ бүгдийг харгалзан үзэж, хүү, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч М-, С- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,477,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,477,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-, С- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох М-, С- нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат *** дүгээр гудамж, **** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, уг хаягт байршилтай ********* нэгж талбарын дугаартай, *** м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж олсон орлогоос, мөн **** УБК улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 190,224 төгрөгийг, 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М-, С- нараас улсын тэмдэгтийн хураамжид 236,787 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай авсан ба зээл авсан сард 320,000 төгрөг зээлийн хүүд төлж, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,920,000 төгрөгийн зээлийн хүүд өгч зээлийн сунгалтын гэрээ байгуулсан.

“А” ХХК-аас 2020 оны 09 дүгээр сард намайг 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хоорондох хугацаа сунгах хүсэлт бич гэж шаардсаны дагуу бичсэн.

Зээлийн гэрээг биечилж хийгээгүй. Иймд 19/07 тоот зээлийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш хугацааг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын хооронд “А” ХХК-ийн 5084389070 тоот дансанд 8,000,000 төгрөгийг төлсөн. Өмнө төлсөн 8,000,000 төгрөгийг зөвхөн зээлийн хүүд тооцож, зээлийн хүү, алданги шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

“А” ХХК-тай үндсэн зээл 8,000,000 төгрөгийн хэмжээнд тохиролцох санал удаа дараа тавьсан боловч зөвшөөрөөгүй.

Цар тахлаас шалтгаалан эдийн засаг зогсонги байгааг харгалзан үзэж, зээлийн хүү, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд зээлийн хүү алдангийн талаар маргаагүй. Зээлийн хугацаа сунгах хүсэлтүүд баримтаар авагдсан. Тухайн үед цар тахал гарсан байсан. 2020 оны 11 дүгээр сард батлагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдүүлэхээр Засгийн газраас холбогдох тогтоолыг батлан Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагуудад зөвлөмж өгсөн. Зөвлөмжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг цахимаар хүлээж авсан, улмаар зээлийн гэрээнд биечлэн гарын үсэг зуруулалгүйгээр зээлдэгчид таатай нөхцөлөөр тухайн үед нь зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний сунгалтыг хийсэн. Хариуцагч талаас анхан шатны шүүхэд зээлийн гэрээ биечилж хийгээгүй, зээлийн гэрээний хүү, алдангийн тооцооллын талаар маргаж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Бид Улсын их хурал, Засгийн газраас өгсөн чиглэл, зохицуулагч байгууллагын зүгээс тавьсан шаардлагын дагуу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд уг гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч М-, С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,954,666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. “А” ХХК болон М-, С- нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “А” ХХК нь 8,000,000 төгрөгийг зээлдэгч М-, С- нарт шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай төлөх үүрэг хүлээсэн. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.б. Зээлийн гэрээний 2.1.1-т “зээлийг ашиглах хугацаанд сар тутам зээлээс тооцох хүүний хувь 4 %” гэж, 2.2.3-т “Зээлдэгчид нь 2.1.2-т заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-д заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө” гэж тохиролцсон. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

3.в. Талууд 2019 оны 07 дугаар сарын 29, 2020 оны 04 дүгээр сарын 06, 2020 оны 07 дугаар сарын 25, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус тус 4 удаа зээлийн гэрээний хугацааг сунгажээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа хэлцэл хийсэн эсэх талаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан. Иймд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед тайлбар, татгалзал гаргаагүй агуулгаар давж заалдах гомдлыг үндэслэж хүсэл зоригийн илэрхийлэл байгаа эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

3.г. Зээлдэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 8,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаарх зохигчид маргаагүй.

 

4.а. Зээлдэгч нар нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээл төлөх хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан журмын дагуу гэрээг цуцалсан байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлж өгсөн мөнгөн хөрөнгө болох 8,000,000 төгрөгийг, гэрээ цуцлахаас өмнөх хугацааны зээлийн хүүг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

4.б. Анхан шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүү 2,570,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384,000 төгрөг, нийт 10,954,666 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт баримтлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 50 хувь бууруулан 1,477,333 төгрөгөөр тогтоохдоо талуудын хоорондын маргаанд хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Учир нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд зааснаар зохицуулдаг. Гэтэл шүүх иргэд хоорондын зээлийн харилцаанд хамаарах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан тусгай харилцааг зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэхийг хориглосныг зөрчсөн байна. Гэвч энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг үндэслэн уг асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

5.а. М-, С- болон “А” ХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр М-, С- нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат ** дүгээр гудамж, **** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, С-гийн өмчлөлийн уг хаягт байршилтай, *** м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С-гийн өмчлөлийн,**** УБК улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “А” ХХК-д барьцаалсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5.б. “А” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох хувийн сууц, газар өмчлөх эрхийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. Харин барьцааны зүйл болох автомашиныг Иргэний хуулийн 159 дугаар зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч барьцааны зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг буруутгах боломжгүй бөгөөд уг тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдан худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангах учиртай.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэгт хавсаргасан хувь дээр шүүгч гарын үсэг зурсан, тамга дарагдсан байна. Харин хариуцагчид гардуулсан хувь дээр шүүгч гарын үсэг зурсан боловч шүүхийн тамга дарагдаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “...шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан ба шүүхийн шийдвэр нь агуулгын болон хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Харин Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3.1.4-т “Байгууллага нь баримт бичгийг... бүрдүүлж, тамга, тэмдгээр баталгаажуулан...” гэж заасныг зөрчсөн байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02886 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж,

2 дахь заалтын 159 дүгээр зүйлийн 159.1” гэснийг “158 дугаар зүйлийн 158.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА