Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00638

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00209 дугаар шийдвэртэй,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох,

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа, Ж.Нандинтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312 дугаар захирамжаар Г.Т-гээс зээлийн төлбөр 97,391,949 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 644,910 төгрөгийг тус тус гаргуулан “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу Г.Т- зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардлын гэрээ байгуулж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа хэдий ч төлбөр төлөгч Г.Т- өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй.

Зээлийн барьцаанд тавьсан Г.Т-, түүний аав В.Г- нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны ... тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжилж, хураан, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн шинжээч 89,739,300 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Г.Т- 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2632 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2195 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 991 дугаар тогтоолоор тус тус Г.Т-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгийн үнэлгээний 70 хувиар тооцон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж, орон сууц 79,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, төлбөр төлөгч Г.Т- болон В.Г- нарт орон сууц нь худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Дашдаваа нь төлбөр төлөгч В.Г-ийн хураагдсан хөрөнгөнд үнэлгээ дахин шинээр тогтоолгох өргөдлийг хүлээн аваад шинжээч томилсон тогтоол, дуудлага худалдааны тогтоолыг тус тус эрх мэдэл, албан тушаалаараа далайлган хүчингүй болгосон. Энэ нь Г.Т-гийн өмнө нь шүүхэд гаргасан үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үгүйсгэж, хууль зөрчсөн байна.

Шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгосноос болоод хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцсонтой нэгэн адил юм. Мөн анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгосон үйлдлээс болоод нэгэнт 79,000,000 төгрөгөөр зарагдсан хөрөнгө дуудлага худалдааны ялагчид шилжих, дуудлага худалдааны орлогыг төлбөр авагчид хуваарилж, төлбөр барагдуулах боломжийг хаасан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 144/06 дугаар барьцаа хөрөнгийг хураасан тогтоол хүчингүй болж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд дахин шинээр оруулахын тулд нэгэнт хийсэн хөрөнгө хураах ажлыг шинээр явуулах, талуудаас үнийн санал авах, үнийн санал нийлэхгүй бол дахин шинээр хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулах, үүнээс болоод Г.Т- цаг хожиж сурсан аргаараа хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд дахин гомдол гаргах зэрэг үйлдэл хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тухай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Т- нь эцэг В.Г-ийн хамт уг орон сууцыг өмчилдөг байсан. Уг орон сууц тэдний дундын өмчлөлийн хөрөнгө учраас аль алинаас нь үнийн санал авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэн, үнийн санал өгөөгүй бол үнэлгээний тайланг танилцуулах ёстой. Ямар ч ийм ажиллагаа хийгдээгүй байсан. Төлбөр авагч “Х” ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулахад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилох тухай 4/220 дугаар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 11/50 дугаар тогтоолыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар тогтоолоор тус тус хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон. В.Г- болон Г.Т- нарыг өмгөөлж хамгаалсан асуудал байхгүй.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгохоор хуульчилсны дагуу шийдвэр гарган, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган эрх бүхий албан тушаалтанд даалгасан тогтоол үйлдэж, албан үүргээ хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянаж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хууль зөрчсөн ажиллагааг зөвтгөх үүргийг тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт даалгасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар шийдвэрээр Г.Т-гээс 97,391,949 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 644,910 төгрөгийг тус тус гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг үндэслэн төлбөр төлөгч Г.Т-, иргэн В.Г- нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны ... тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан.

Төлбөрт хураагдсан хөрөнгөнд төлбөр төлөгч Г.Т- нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 120,000,000 төгрөгийн үнийн санал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн.

Хамтран өмчлөгч В.Г-өөс үнийн санал өгөхөөс татгалзсан хүсэл, зоригоо илэрхийлээгүй атал үнийн санал авахгүйгээр шинжээч томилон 89,739,300 төгрөгөөр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгийг үнэлүүлжээ.

Иргэн В.Г- 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буцаж нэвтэрсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон бөгөөд өмчлөгчөөс үнийн санал аваагүй Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг тус тус зөрчиж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар 79,000,000 төгрөгөөр дээрх хөрөнгийг худалдан борлуулж, ялагч тодруулсан.

Төлбөр төлөгч Г.Т- нь хамтран өмчлөгч В.Г-ийг АНУ-д байгаа талаар мэдүүлж байсан нь 2020 оны 04 дүгээр сарын 01, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан, шийдвэр гүйцэтгэгч цахим шуудангаар үнийн санал авах, мэдэгдэх ажиллагааг зохион байгуулаагүй байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн “Шинжээч томилох тухай” 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/220 дугаар тогтоолд эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, хамаарах үнэлгээчинг Э.Бат-Эрдэнэ гэж заасан атал уг тогтоол болон эрх, үүргийг шинжээч Э.Эрдэнэбатад танилцуулсан, зөрүүтэй баримт үйлдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчсөн тул мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “шинжээч томилох тухай” 4/220 дугаар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 11/50 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцсон болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохион байгуулахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгон, даалгасан.

Төлбөр төлөгч Г.Т-гээс өмнө гаргасан “хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх” гомдлыг шүүх хянаж, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хамтран өмчлөгчөөс үнийн санал авсан эсэхэд зохигчид маргаагүй, шинжээчийн дүгнэлт бодитой эсэхэд дүгнэлт хийн, шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан, шинжээч томилох тогтоолыг хүчингүйд тооцсон атал шүүх уг үйл баримтад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2017 онд төлбөр төлөгч Г.Т- зээл авсан. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Зээл авснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч төгрөг төлөгдөөгүй. 3 шатны шүүхээс үнэлгээ тогтоосон ажиллагаа хуулийн дагуу явагдсан болохыг тогтоосон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Дашдаваа нь эрх мэдэл албан тушаалаа ашиглан, хууль зөрчиж, төлбөр төлөгчийн талд ажиллаж, шинжээч томилсон болон дуудлага худалдаа явуулсан тогтоолыг хүчингүй болгосон. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 өрөө, 29 м.кв талбайтай орон сууц нь 79,000,000 төгрөгөөр худалдсаны дараа хүчингүй болгохоор тогтоол гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2, 3 жилийн хугацаагаар удаашруулж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг буруу тодорхойлж бичснийг залруулав.  

 

2. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулж ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00312 тоот захирамжаар хариуцагч Г.Т- 97,391,949 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Х” ХХК-д төлөхөөр тохиролцож талууд эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, явагдсан байна.

 

Төлбөр төлөгч Г.Т- албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02632 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2195 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00991 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүдээр үнэлгээ тогтоосон ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн гэсэн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон ажиллагааг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот тогтоолоор хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00209 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Шийдвэр гүйцэтгэх алба” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар” гэж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Шийдвэр гүйцэтгэх алба” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА