Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00636

 

Ш.Аын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/03391 дугаар шийдвэртэй

Ш.Аын нэхэмжлэлтэй хариуцагч С.Бод холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,846,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хариуцагч С.Бтой “Орон сууц хөлслөх гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Гэрээгээр би өөрийн өмч болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 24А байрны 64 тоотын 66,11 м.кв байрыг сарын 700,000 төгрөгийн хөлстэй, цахилгаан, СӨХ, байрны мөнгөө хариуцагч тал төлөхөөр тохиролцсон. С.Б нь түрээсийн мөнгөө 2015 оны 8-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-9 дүгээр сарын нийт 26 сарын төлбөрөө Ш.Ат 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч ор сураггүй алга болсон. Хариуцагч гэрээний дагуу хөлслөн суусан 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хөлсийг төлсөн. 2015 оны 08 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацааны хөлс төлөөгүй. 26 сарын төлбөр (сарын 700,000 төгрөг)-ийг тооцвол 18,200,000 төгрөг болно. Үүн дээр хариуцагчийн төлөөгүй СӨХ, конторын нийт 1,646,225 төгрөгийн хамт гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч С.Бын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Би С.Б нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 24А байрны 64 тоот байрыг хөлсөлж байсан. Тухайн үед ажил төрөл бүтэмжгүй болж, түрээсийн мөнгөө төлж чадахгүй болсон. Ингээд тухайн байрны эзэн Ш.А эхнэртэйгээ ирж бүх тавилгаа үлдээгээд гар гэж хөөж гаргасан. Анх энэ байранд ороход ямар ч түрээсийн гэрээ хийгээгүй. Байрнаасаа гаргахдаа намайг түрээсийн мөнгөө төлнө гэсэн бичиг хийж өг гээд албадан хийлгэсэн. Тухайн үед би согтуу байсан, дээр нь би авто осолд ороод баруун талын нүд огт хараагүй, тархи толгойны маш хүнд гэмтэлтэй, унадаг өвчтэй, тухайн үед дарамт шахалтанд байсан учраас гарын үсгээ зурсан. Би эхнэр хүүхдээсээ салсан. Одоо айлаар амьдарч явна. Манайх 24А байрны 64 тоотод орохдоо жижиг өрөөний ком тавилга, шкаф, компьютерийн ширээ, номын тавиур, шүүгээ, ор зэргийг 3,000,000 төгрөгөөр, том өрөөний ком, цэвэр модон стенкийг 3,000,000 төгрөг, чулуун шигтгээтэй арьсан 3 хос буйданг 5,000,000 төгрөгөөр, чулуун тавцантай 4 хэсэг гал тогооны тавилга 1,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгөөр “Мишээл экспо”-оос шинээр нь худалдаж авсан ба бүх тавилгаа энэ айлд үлдээгээд 4, 5 жил болж байна гэжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Боос 18,764,162 /арван найман сая долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,082,063 /нэг сая наян хоёр мянга жаран гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257,181 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 251,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Бын давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжлэгч Ш.Аын нь байрыг түрээслэн сууж байгаад төлбөрийн чадваргүйн улмаас харилцан тохиролцож өөрийн эд хогшилоо үлдээгээд гарсан. Нийт 12,500,000 төгрөг бүхий эд хогшил тухайн байрны түрхүүрийн хамт Ш.А түүний эхнэр хоёр хүлээн авсан. Эд хогшил тохиролцож авсан болохоор өмнө авсан гарын үсэгтэй бичгээр шүүхэд хандана гэж төсөөлөөгүй. Гэтэл манайхаас нэхэж авсан хогшлыг 5 жил байрандаа түрээслүүлэгчид хэрэглүүлж байсан. Одоо буцааж аваад мөнгө өг гэж доромжилж байна. Би анхан шатны шүүхэд тайлбар дээр бичиж өгсөөр байтал шүүх хэт нэг талыг барьж шийдвэртээ эд хогшилийн талаар нэг ч үг үсэг тусгаагүй болно. Анхан шатны шүүхээс тогтоосон 18,764,162 төгрөгөөс 3 өрөө байрны бүрэн тавилга үнэ болох 12,500,000 төгрөгийг хасуулж үлдэгдэл 6,264,162 төгрөгийг боломжоороо төлж барагдуулна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.А давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч С.Бод холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 19,846,225 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...24а байрны 64 тоотод орохдоо “Мишээл экспо”-оос шинээр нь 12,500,000 төгрөгөөр худалдан авсан бүх тавилгаа үлдээгээд 4, 5 жил болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэх үндэслэл заан маргажээ. /хх.1, 37-39/

4. Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч Ш.А нь хөлслөгч буюу хариуцагч С.Бод Баянгол дүүрэг, 1-р хороо, Богда Ар хороолол, замчдын гудамж 24а-64 тоот хаягт байрлах 66.11 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөлслүүлсэн байна. Талууд гэрээний хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байхаар тохиролцжээ. /хх.4/

5. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч С.Боос орон сууц ашигласан хөлсийг төлөхийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

7. Хэргийн 7 дугаар талд зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Тооцоо нийлэх, төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, ...хөлслөгч С.Б нь түрээсийн нэг сарын төлбөр болох 700,000 төгрөгийг, 2015 оны 8-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-9 сар хүртэл нийт 26 сарын төлбөр болох 18,200,000 төгрөгийг төлөөгүй болохыг тогтоосон байна. /хх.7/

Иймд анхан шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж төлөгдөөгүй төлбөрт 18,200,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцжээ.

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн “...тавилгын үнэ 12,500,000 төгрөгийг орон сууцны ашигласан хөлснөөс хасуулж, 6,264,162 төгрөг төлнө” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

9. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт “Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө” гэж, гэрээний 3.5-д “Эд хөрөнгөтэй холбоотой ус, дулаан, цахилгаан, СӨХ гэх мэт бусад ашиглалтын зардлыг хөлслөгч тал хариуцна” гэж тус тус заасан байх тул анхан шатны шүүх хариуцагчаас орон сууц хөлсөлсөн хугацааны ашиглалтын зардалд 1,646,225 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/03391 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч С.Б нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БЯМБАСҮРЭН

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО