Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00649

 

Б.Бийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00284 дугаар шийдвэртэй

Б.Бийн  нэхэмжлэлтэй хариуцагч С.Бт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Б нь өөрийн танил С.Бтэй харилцан тохиролцож түүнд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Нэг жилийн хугацаанд хүүнд нийт 42,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 40,500,000 төгрөг төлсөн. Цар тахалтай үед хүү төлөхөд хүндрэлтэй байна хүүгээ багасгах хүсэлт гаргасны дагуу хүүг багасгаж 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 5 сарын хүү төлөөд дахин төлөөгүй. Шүүхэд үндсэн зээлд 70,000,000 төгрөг, хүүнд 1,500,000 төгрөг, алдангид 35,000,000 төгрөг, нийт 106,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагаа багасгаж байна. Учир нь гэрээний дагуу төлөх ёстой хүүнээс дутуу төлсөн 1,500,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 70,000,000 төгрөг, алдангид 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.   

2. Хариуцагч С.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч С.Б нь Б.Бтай танилын харилцаатай байсан бөгөөд 2012 оноос эхлэн барьцаагүй, хүүтэй зээлийг байнга авч, төлж ирсэн бөгөөд 2018 оны сүүлээр 70,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр бэлнээр авсан. Б.Б нь надад данс байхгүй, данс ашиглаж чадахгүй бэлнээр тооцоо хийгээд явж байя гэсний дагуу итгэлцэл байсан тул сар бүр 3,500,000 төгрөгийг Б.Бийн гэрт нь очиж бэлнээр, заримдаа өөрөө миний ажил дээр ирж авах байдлаар зээлийг төлж байсан. 2019 оны 06 дугаар сарьн 04-ний өдөр Б.Бтай зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн юм. Тухайн зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 5 хувь байхаар, зээлийн хугацааг 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш зээл, зээл хүүний төлбөрийг Б.Бийн Хаан банк дахь 5007714070 төгрөгийн харилцах дансанд Б гэх гүйлгээний утгатай шилжүүлж байсан бөгөөд нийт 18 удаагийн гүйлгээгээр 49,980,000 төгрөгийг дансаар, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 86,980,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хариуцагч С.Б нь “Дээрхийн заяа” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд авсан зээлээ нэн ядуу, өрх толгойлсон эхчүүдэд “Монгол” гэр авч өгөх хүмүүнлэгийн үйлсэд зарцуулсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сараас дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, нийтийг хамарсан хөл хорио эхэлсэнээр хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 86,980,000 төгрөг төлсөн байдал, зээлийн гэрээний хууль зүйн үндэслэл, цаг үеийн нөхцөл байдал зэргийг дүгнэж үзвэл одоо нэхэмжилж байгаа 106,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Д.Отгонтуяагаас 30,000,000 төгрөгийг зээлж авсан ба мөн өдрөө Б.Бийн гэрт нь очиж 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг.  Талууд зээлийн харилцаа үүссэнээс хойш зээлийн гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан ба тухайн үед С.Б нь барьцаагүй зээл авсан гэх утгаар сарын 5 хувийн хүүг хүлээн зөвшөөрсөн байдаг. 2019 оны зах зээл дэх дундаж зээлийн хүү банк жилийн 17.1 хувь буюу сарын 1.4 хувь, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байжээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тусгасан сарын 5 хувийн хүү гэдэг нь хэт өндөр бөгөөд сар бүр 3,500,000 төгрөгийн хүү төлнө гэдэг нь дундаж амьдралтай хүний хувьд боломжгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн сарын хүүг багасгаж сарын 3 хувиар тооцож өгөхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд С.Бийн төлсөн төлбөрийг зээл, зээлийн хүүнд хуваарилан тооцож үзвэл 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл /70,000,000 төг х 3 хувь = 2,100,000 төг х 5 сар/ 10,500,000 төгрөгийн хүү, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл /63,100,000 төг х 3 хувь = 1,893,000 төг х 3 сар/ 5,679,000 төгрөгийн хүү, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл /33,100,000 төг х 3 хуь = 1,655,000 төг х 4 сар/ 6,620,000 төгрөг, нийт 22,799,000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүсч байгаа бөгөөд түүнийг бүрэн төлж барагдуулсан байна. С.Бийн төлсөн 86,980,000 төгрөгөөс зээлийн хүүнд төлсөн 22,799,000 төгрөгийг хасч тооцвол 64,181,000 төгрөгийг үндсэн зээлд төлж барагдуулсан ба анх авсан 70,000,000 төгрөгийн зээлээс 5,819,000 төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

 Харин нэхэмжилж буй алдангийн тухайд хууль зүйн үндэслэлгүй юм. С.Бийн үйл ажиллагаа нь 2019 оны 11 сараас хойш зогссон болон нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх бөгөөд үүргээ гүйцэтгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул гэрээнд заасан алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй тул алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Бээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 53,520,000 төгрөг, алдангид 26,760,000 төгрөг, нийт 80,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 559,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бий гаргасан давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх нэхэмжлэгчийн төлсөн гэж зөвшөөрч буй төлбөрийн хэмжээ 58,480,000 төгрөг байгааг 51,480,000 төгрөг гэж гуйвуулсан байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигчид зээлийн гэрээгээр сарын 5 хувь буюу сар бүрийн 03-ны өдөр хүүгийн төлбөрт 3,500,000 төгрөгийг төлнө, гэрээний хугацаа 1 жил гэрээгээр тохиролцсоноос үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 12 сарын хугацаанд 42,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс бүгд 46,880,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд илүү төлсөн 4,880,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй” гэж тооцоолол хийсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд нийт 58,480,000 төгрөг төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, үүнээс 48,380,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд, 10,100,000 төгрөгийг хугацаа дууссанаас хойш төлж барагдуулсан байхаар байна. Шүүх хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлөх зээлийн хүүг шууд 70,000,000 төгрөгөөс 5 хувь, 12 сар гэж нийт 42,000,000 төгрөгийг тооцож байгаа нь үндэслэлгүй, зээлийн хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцох зарчмыг алдагдуулсан байна. Хариуцагч С.Б нь зээлийн эргэн төлөлтөд төлсөн 58,480,000 төгрөгөөс зээлийн хүүг 3 хувиар тооцон 20,978,695 төгрөгийг зээлийн хүүнд, үлдсэн 35,438,551 төгрөгийг үндсэн зээлд төлж барагдуулсан, одоо зээлийн үлдэгдэл 34,561,449 төгрөгийг төлж барагдуулахаар тооцоо гарч байна. Шүүх хариуцагчийн төлөх зээлийн үлдэгдлийг 53,520,000 төгрөг гэж тооцоо гаргаж, түүний 50 хувь буюу 26,760,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх цаг үеийн нөхцөл байдал, зээлдэгчийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр өөрөөс шалтгаалахгүй орлогын эх үүсвэргүй болсон шалтгаан нөхцөл, түүний тайлбар нь нийтэд илэрхий болсон үйл баримтаар тогтоогдож байхад анхаарч үзэлгүй зөвхөн хуулийн заалт, гэрээний тохиролцоог баримтлан алданги гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... Талууд харилцан тохиролцоод зээлийн гэрээг байгуулсан учраас зээлийн хүүг илт өндөр байна гэж байгаа нь үндэслэлгүй. Барьцаагүйгээр зээл олгосон учраас сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Бусад барьцаагүй зээл олгогч нар сарын 10-20 хувийн хүүтэй зээл олгодог. Цар тахлын үед хүүгийн хэмжээг буулгаж, 2,000,000 төгрөг авч байсан. Талууд гэрээгээрээ тохиролцсон учраас алдангийг хэмжээг багасгах боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүүгийн хэмжээг багасгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

3. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 5,819,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үндсэн зээл 70,000,000 төгрөг, алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж,

хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тусгасан сарын 5%-ийн хүү гэдэг нь хэт өндөр бөгөөд сар бүр 3,500,000 төгрөгийн хүү төлнө гэдэг нь дундаж амьдралтай хүний хувьд боломжгүй. С.Б  22,799,000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүсч байгаа бөгөөд түүнийг бүрэн төлж барагдуулсан. Түүний төлсөн 86,980,000 төгрөгөөс зээлийн хүүд төлсөн 22,799,000 төгрөгийг хасч тооцвол 64,181,000 төгрөгийг үндсэн зээлд төлж барагдуулсан. Иймд үлдэгдэл 5,819,000 төгрөгийг төлнө” гэж тус тус тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б хариуцагч С.Б нар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Иргэд хоорондын зээлийн гэрээ” гэсэн бичгийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, нэг сарын 5%-ийн хүүтэйгээр, төлбөрийг сар бүрийн 03-ны өдөр хүү болох 3,500,000 төгрөг бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. /хх.8/

5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч Б.Б нь зээлдэгч С.Бт зээлийн мөнгөн хөрөнгө болох 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 58,480,000 төгрөгийг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй. 

7. Мөн гэрээний 3-т “Зээлийг эргүүлэн төлөх болон харилцан тохиролцсон хэлцлийн үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног бүр хоногийн 0,5 хувийн алданги тооцон төлнө” гэж тохирсон байна. /хх.8/

8. Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан бөгөөд улс орон даяар цар тахлын өвчин гарч хөл хорио тогтоосон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж уг зээлийн гэрээний хүүг 3%-иар тооцохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.  

10. Иймд хариуцагч үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүүд 25,200,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 58,480,000 төгрөгийг хасч үлдэх 36,720,000 төгрөг, мөн гэрээний 3-т заасныг баримтлан алданги 18,360,000 төгрөг нийт 55,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.  

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00284 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ ... Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бээс зээлийн гэрээний үүрэгт 55,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “...559,350...” гэснийг “...433,350...” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 386,543 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

  

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                                            ШҮҮГЧИД                                Д.БЯМБАСҮРЭН

                                                  Ц.ИЧИНХОРЛОО