Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00042

 

Хей Хү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/00780 дугаар шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 150 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Хей Хү-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нарт холбогдох,

Эд хөрөнгө гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч нарын 54 588 712 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, Ч.Моломжамц, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 05 сараас Билэгбаатар гэгч залуутай танилцаж, үйлдвэрээ хамтарч ажиллуулах болж, түүний өмчлөл болох Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 16-д байрлах 622 м2 объектод тоног төхөөрөмжөө суурилуулахаар болсон. 2013 оны 05 дугаар сараас бороо ус их орж, төхөөрөмжийн эвдрэл гарч Хятадын өмнө зүгээс сэлбэг ирэхэд 20 гаруй хонож ирэх зэрэг шалтгаанаар 2 сар гаруй хугацаанд ажиллуулж ашиг олоогүй болно. Блок тоосгоны тоног төхөөрөмж ажиллуулж, блок тоосго хийнэ гээд банкинд хэлчихлээ. Энэ тухай бичиг хийж өгөөч гэж Билэгбаатар хэлэхээр нь түүнд албан бланк дээр худалдсан гэсэн бичиг хийж өгсөн.Энэ бичгээр н.Билэгбаатар нь манай тоног төхөөрөмжийг банкинд барьцаанд тавьсныг мэдээгүй. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 10-ны үеэс Ч.Билэгбаатарын өмгөөлөгч гэж хүн манай ажил дээр ирж шүүхийн шийдвэрийг үзүүлснээр тоног төхөөрөмжийг барьцаанд тавигдсаныг мэдсэн. Бид анх 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ч.Билэгбаатарын объектыг сар бүр 1 500 000 төгрөгөөр түрээсэлж, мөнгийг Капитал банкны зээлэнд хийдэг байсан. Түрээсийн байр нь цахилгааны хүчдэл хүрэхгүй, хаалга, дулаан байхгүй байрыг өвөл зунгүй 1 500 000 төгрөгөөр түрээсэлж энэ тухай бид шаардаж байсан боловч хэрүүл хэл ам их хийж байснаас бид тэр чигээр нь ажиллуулж байсан. Миний бие тус шүүхэд иргэн Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нарт холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмж болох зуурагч машин-1ш, хэвлэгч төхөөрөмж-Зш, конвейр-1ш, хэв-2ш, шингэний болон бусад төхөөрөмж-Зш, компьютер-1ш, телещик-2ш, жижиг оврын кофш-1ш, жижиг оврын погрузка-1ш, хүнээр хийлгээд үнийг нь төлөөгүй поддон мод-100 гаруй ширхэг зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлага дараах байдлаар тодруулж байна.Хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нараас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн блок үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэр, БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын погрзукчик 1 тонн даацтай-1ш БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын кофш-1ш, Поддон мод 169ш, Багажны хайрцаг-1ш тус тус нэхэмжилж байна. Би хэдий Хятад улсад төрсөн ч монгол хүн, яс үндсээр ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байдаг. Монгол улсад хөрөнгө оруулагч, настай хүн бидэнд хууль хүртэл эрх тэгш, үйлчлэх ёстой бишүү. Би танай хуулийн өмнө гэрчлэх гэрээтэй хүнтэй хэлэлцмээр байна. Өөрийн нутагтаа, өөрийн хэлээрээ гэрээ хэлцэл бичиж чадаагүй. Билэгбаатар, Дүүрэнзаяа нарын буруугаас болж би хохирох ёсгүй. Уг асуудлыг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Дээрх үйлдвэрийг “УМ МАНИ” ХХК-ийн захирлын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай тушаалаар хариуцагч Ч.Билэгбаатарын өмчлөлд шилжүүлснээр дээрх үйлдвэр хариуцагч Ч.Билэгбаатарын өмч болсон. Ч.Билэгбаатар дээрх тоног төхөөрөмж үйлдвэрээ 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь Капитал банкны салбарт зээлийн барьцаанд тавьж 50 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 2,3% хүүтэй зээлдэж аваад 30 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн.Нэхэмжлэгч дээрх мөнгийг аваад БНХАУ-аас нэг вагон цемент, погрушик-1ш, жижиг оврын ковш-1ш тус тус оруулж ирээд дээрх үйлдвэрийг Билэгбаатарын өмчлөлийн ажлын байранд угсарч хамтран ажиллахаар болж газрыг нь 5 сая төгрөгөөр тэгшлүүлнэ гэж нэхэмжлэгч авсан байдаг. Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчөөгүй учир дээрх тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа юм. Ч.Билэгбаатарын ажлын байрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэн дээрх үйлдвэрийг ажиллуулж ашиг орлогоо бүгдийг нь нэхэмжпэгч аваад банкнаас авсан зээлийг бүгдийг төлж дуусгахаар тохирсон атлаа эхний хэдэн сар төлөлт хийгээд байхгүй болсноор Ч.Билэгбаатар сүүлийн хэдэн сар зээлийн төлбөрийг хийж байгаад зээлээ төлж чадахгүй болсноор банк 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган Ч.Билэгбаатараас 40 067 292 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дээрх төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах гэснээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1045 дугаартай шийдвэрээр Ч.Билэгбаатар. Х.Дүүрэнзаяа нараас 33 597 292 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгө болох блок тоосго хийдэг үйлдвэрүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах гэжээ. Дээрх шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болох блок, тоосгоны үйлдвэр нь Ч.Билэгбаатарын өмч болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр юм. Маргааны зүйлийг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 оны 05 дугаар сард Хей Хү, Мядагсүрэн нар надтай уулзаад миний ажлын байрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэн тоног төхөөрөмжөө угсран үйл ажиллагаа явуулах, материал тоног төхөөрөмж авах мөнгө байхгүй гэснээр би өөрийн нэр дээр банкнаас зээл авч Хей Хүйгийн биднээс нэхэмжлээд байгаа тоног төхөөрөмжийг барьцаанд тавихаар тохиролцоод 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Капитал банкнаас 50 сая төгрөгийн зээл авч 30 сая төгрөгийг Хей Хүд өгсөн. Хей Хү нь 25 сая төгрөгөөр нь надаас нэхэмжлээд байгаа тоног төхөөрөмжийн заримыг Эрээн явж авчираад миний хувийн өмч болох ажлын байранд суурилуулаад үйл ажиллагаа явуулах болсон.Миний ажлын байрыг түрээслэж байгаагийн хувьд сар бүр надад 1 500 000 төгрөг өгч байхаар тохиролцоод 1 500 000 төгрөгийг банкинд зээлийн төлбөрт хийж байхын зэрэгцээ өөрийн авсан 30 сая төгрөгөө хүүгийн хамт сар бүр банкинд хийж байхаар тохиролцсон боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Миний авсан 50 сая төгрөгийн 30 саяыг Хей Хү хүүгийн хамт банкинд төлөх учиртай тул анх зээл авахад барьцаанд тавьсан тоног төхөөрөөмжүүдийг би түүнд өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тэр авсан мөнгөө түрээсийн төлбөртэйгөө төлж байж л надаас нэхээд байгаа тоног төхөөрөмжөө авах учиртай. “Ум Мани” ХХК-ийн захирал Хей Хүгийн авсан 30 сая төгрөгийг сарын 2,3%ийн хүүгээр тооцоход 477 хоногт нийт хүү нь 10 820 712 төгрөг болж байгаа учир нийт 40 820 712 төгрөг авахаас банкинд түүний төлсөн 13 232 000 төгрөгийг хасаж, 27 588 712 төгрөг, миний ажлын байрны түрээсийн төлбөр 2012 оны 06 дугаар сарын 18-наас 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сарын 1 500 000 төгрөгөөр тооцоход 27,0 сая төгрөг, нийт 54 588 712 төгрөг болж байгаа юм.Иймд “Ум мани” ХХК-ийн захирал Хей Хүгээс 54 588 712 төгрөг буюу барьцааны зүйлүүд болох тоног төхөөрөмжүүдийг гаргуулан хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа бид нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Билэгбаатарын өмчлөлд шилжүүлсэн гээд байгаа 04 тоот тушаал нь хамтран ажиллаж банкнаас зээл авахын тулд банкинд үзүүлэхийн тулд хийсэн баримт. Хэлцэл биш юм. Урьдчилгаа төлбөр гэж хийгдээгүй, өөрөөр хэлбэл хариу төлбөр хийгдээгүй. Хей Хүгийн авсан 30 сая төгрөгөөс ковш, погрушик авсан, одоо байгаа 13 232 000 төгрөгийг банкинд төлсөн, 5 000 000 төгрөгийг тоног төхөөрөмжийг суурилуулахад зарцуулсан байдаг. Түрээсийн гэрээ байгуулагдаагүй, орон байрыг хүлээлгэж өгөөгүй.Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/00780 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.3-д зааснаар хариуцагч Ч.Билэгтбаатар, Х.Дүүрэнзаяа нараас 1/ блок үйлдвэрлэх QТ8-15 иж бүрэн машин үйлдвэр/ Үүнд: QТ8-15 загварын гол төхөөрөмж 1 ширхэг, 240x115 см х53 см хэв-1 ком, QТ 8-15 тусгай зориулалтын хавтан дугаарлах төхөөрөмж-1 ширхэг, 450 см х 7000 см харьцаатай зуурмаг дамжуулагч төмөр-1 ширхэг, QТ8-15 загварын тусгай зориулалтын бүрэн автомат цахилгаан хуваарилах удирдлагын шүүгээ 1 ширхэг, JS5000 загварын зуурагч-1 ширхэг,СРС20 загварын сэрээт өргөгч-2 ширхэг. ЗКW-4 загварын дамжуулагчийн цахилгаан төхөөрөмж-1 ширхэг, дамжуулагчийн цахилгаан төхөөрөмжийн дугуй-1 ширхэг, В2150 загварын ремень-2 ширхэг,15 метрийн урттай туузан дамжуулагч-1ширхэг, тогтоогч-4 ширхэг, 600-гийн бул 3 ширхэг 240-ийн бул 16 ширхэг, босоо бул-6 ширхэг, багс-1 ширхэг, маслоны хошуу-8 ширхэг, JS500 зуурагчийн насос 1 ширхэг, 12смх40 см-ийн хэмжээтэй боолт зэрэг /, БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оворын погрушик 1 тонн даацтай -1 ширхэг, 3/ БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын ковш- 1 ширхэг 4/ Поддон мод-169 ширхэг 5/ Багажны хайрцаг-1 ширхэг буюу 52.419.819 төгрөг Ч.Билэгтбаатар, Х.Дүүрэнзаяа нараас гаргуулж нэхэмжлэгч Хей Хү-д олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг баримтлан Хей Хүгээс 11.768.000 төгрөг гаргуулан Ч.Билэгтбаатар, Х.Дүүрэнзаяа нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 42.820.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 445,450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 420,049 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгчээс 203,238 төгрөг гаргуулан хариуцагчид гаргуулан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ /тоосго блокны иж бүрэн тоног төхөөрөмжийг битүүмжлэх/ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 150 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 780 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “...Хей Хү-гээс 11.768.000 төгрөг” гэснийг “...24.700.000 төгрөг” гэж “...42.820.712 төгрөг” гэснийг “...29.888.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд миний бие Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 150 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрээр 11 768 000 төгрөгийг Хэй Хү-гээс гаргуулахаар заасныг 24 700 000 төгрөг болгож өөрчилснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.Давж заалдах шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Ингэж үзэх учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааныхаа талаар нэхэмжлэл, хариуцагч нарын гаргасан хариу тайлбар, мөн хариуцагчийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт зэргээс үзвэл нэхэмжлэгч Хэй Хү нь анх харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нарын Капитал банкнаас авсан зээлийн эргэн төлөлтөнд 2013 оны 10 дугаар сарын 20-ыг хүртлэх хугацаанд нийт 33 824 300 төгрөгийг төлсөн болохоо мэдэгдэж үүнээс 13 232 000 төгрөгийг Б.Мядагсүрэн Капитал банкны Билэгбаатарын нэр дээрх зээлийн 2035029235 тоот дансанд төлсөн талаарх тооцооны жагсаалт, мөн Б.Мядагсүрэнгийн гарын үсэгтэйгээр шилжүүлсэн банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байгаа, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч огт маргадаггүй.Үүнийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэлж дүгнэн хариуцагч Ч.Билэгбаатараас нэхэмжлэгч Хэй Хү-гийн авсан гэх 24 700 000 төгрөгнөөс 13 232 000 төгрөгийг хасч тооцож шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтын талаар үндэслэл муутай дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 24 700 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай боллоо.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж магадлалд заасан байх атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт байгаа энэ талаарх дүгнэлт нь яагаад, ямар үндэслэлээр буруу байгаа тухайд огт дурдахгүйгээр өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна.Иймээс хуульд заасны дагуу маргаангүй үйл баримтын талаар буруу дүгнэлт хийж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2016/00780 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулсан Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 150 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх ба шүүх хамтран ажиллах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд өөрчлөлт оруулсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй ба зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны үйл баримт эдгээр нотлох баримтаар тогтоогдсон эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг баримталсан асуудлаар дүгнэлт хийж, хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянах үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндсэнд нь зөв гэж үзсэн боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг хасч тооцсоныг учир дутагдалтай гэж дүгнэжээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болж буй мөнгөөр эд хөрөнгө, бараа материал худалдаж авсан, эдгээрээр хэдий хэмжээний блок үйлдвэрлэж, ашиг олсон болох нь баримтаар тогтоогдоогүй, энэ байдлыг нэхэмжлэгч нотлоогүй тул сөрөг шаардлагаас 24 700 000 төгрөгийг хангах нь зүйтэй гэж магадлалд тодорхой тусгагдсан байна. Иймд “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь яагаад, ямар үндэслэлээр буруу байгаа тухайд огт дурдахгүйгээр өөрчлөлт оруулсан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Хей Хү хяналтын шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахдаа хадам эхийн өвчний талаарх баримт ирүүлээгүй хэдий ч шүүх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааны дотор хойшлуулсан байх ба цаашид тодорхой бус хугацаагаар хэргийг хянан шийдвэрлэхгүй байх боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хянан шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 150 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН