Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2022/00044

 

Н..........ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Э..........д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00216 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н..........ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э..........д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 21.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н..........ы гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Миний бие Э..........ын тамхины бөөний цэг Орхон аймаг Их залуу багт ажиллуулах гэсэн юм мөнгө зээлээч гэсэн амаар гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17.100.000 төгрөг, 1.900.000 төгрөг нийт 19.000.000 төгрөг,  02 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг, 03 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 03 дугаар сарын 20-ны 2.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 7 удаа 44.500.000 төгрөг зээлдүүлсэн юм. Э.......... нь нийт 22.000.000 төгрөг буцаан төлсөн, би 1.000.000 төгрөг уг зээлийн мөнгөнөөс хасах хүсэлтэй байна. Учир нь хоорондын тооцоогоор хасаж тооцохоор тохирсон юм. Э.......... нь одоо мөнгийг чинь өгнө, сар сард бага багаар өгнө, шүүхээр яваад аваарай гэж хэлдэг. Иймд зээлдэгч Э..........аас зээлийн төлбөр 21.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э..........ын гаргасан тайлбар, татгалзал, түүний агуулга:

Би Н..........аас  мөнгө зээлдээгүй болно. .........тай 2019 оны 3 сараас эхлэн хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаанд жирэмсэн болсон. Бид 2 маргалдсаны үндсэн дээр ......... миний биед гар хүрч байсан учраас хүүхдээ авхуулж салах шийдвэрт хүрч харилцаа холбоогоо бүр мөсөн тасалсан, дараа  нь уучлалт гуйж, ииний бие сэтгэл санааны гүн хямралд орсон байсан тул уучилж хамтран амьдрахыг зөвшөөрсөн. Энэ үйл явдлаас хойш миний данс луу 43.000.000 /дөчин гурван сая төгрөг/ 7 удаагийн давтамжтай шилжүүлсэн нь үнэн болно. Тэр цаг хугацаанд ......... Цагаан хад гэх газар ажиллаж амьдарч байсан. 1.000.000 төгрөгийг 3 сарын 8 ний бэлэг гэж өгсөн. 43.500.000 төгрөгийг намайг хадгалж бай гэсэн. 2021 оны 6 сарын 26-нд 21.500.000 төгрөгийг буцаан шилжүүлээч гэсний дагуу шилжүүлсэн. ......... хэлэхдээ би тээвэр хийдэг том машин авсан. Тээврээ 25.000.000 сая төгрөгөөр тээвэр хийдэг болсон. Ээж нь .........г эхнэртэй болсон гэдгийг хэлсэн. Тэр өдөр .........ы ээж өөрөө бичсэн цаасан дээр уншиж танилцуулахгүй зөвшөөрсөн гэдэг үгний ард гарын үсэг зуруулсан. Би зурахгүй гэсэн боловч надаар оролдсон болгон үхдэг юм шүү гэж айлгасан би айсандаа гарын үсгээ зурсан. ......... бид 2 хамтран амьдарч байсан .........аас энэхүү мөнгийг зээлийн нөхцөлөөр аваагүй болно. Миний бие эргэн төлөх чадваргүй. ......... гэх хүнтэй хамтран амьдраад эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд орсон. Миний бие дахин жирэмсэн болох боломжгүй болсон, би гомдолтой байна гэх тайлбар, татгалзал гаргасныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Батцэцэг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байна.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Э..........аас 21.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н..........д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н..........ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э..........аас 265.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н..........д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Шүүх  21.500.000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг ......... миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. ......... гэх залуутай 2019 оноос 2020 он хүртэл хамтран амьдарч байсан. Энэ хугацаандаа жирэмсэн болсон, түүний хүсэлтээр үр хөндүүлсэн. Бид 2020 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл холбоогүй байсан. 2020 оны 09 дүгээр сарын 14-нд миний ээж Тэгшдүүрэн нь гэнэтийн явдлаар нас барсан. ......... нь ээжийн маань ажил явдлын 21 хоног дээр ирсэн. Буцаж нийлээд амьдарлаа бодъё гэж хэлсэн. Тэрнээс хойш бид хоёр байнгын холбоотой Улаанбаатар хотод удаа дараа уулзсан. Эмэгтэйчүүдийн эмнэлгээр яваад үр хөндүүлснээс болоод жирэмсэн болох боломжгүй болсноо 8 дугаар сард хэлэхэд холбоо тасалсан. 11 дүгээр сард ээж нь миний хүү эхнэр хүүхэдтэй болсон одоо дахиж холбоо барих хэрэггүй гэсэн. Миний ааваас 8.000.000 төгрөг нэхсэн. 21.500.000 төгрөгийг би ганцаараа хэрэглээгүй. Бид хоёр дундаа хэрэглэсэн. Намайг хүүхэдтэй болохын тулд гадаадад эмчилгээ хийлгэ гэсэн. Нэгэн үед хамтран амьдарч байсан хүн маань намайг эрүүл мэнд болон сэтгэл санааны асар их хохиролд учруулсанд туйлын их гомдолтой байна. Энэхүү 21.500.000 төгрөгийг төлөх боломжгүй. Миний бие ......... нь өөрийн гэсэн гэр оронгүй эрхэлсэн ажилгүй. Турк улсад ажил хийх гэж ирсэн боловч одоогийн байдлаар ажил хийж эхлээгүй байна. Иймд Э.......... миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Нармандах давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

2019 оны 3 сараас 8 сарыг дуустал 5 сарын хугацаанд миний хүү ......... Э..........тай үерхэж нөхөрлөж ирэн очин байсан нь үнэн боловч хамтран амьдарч байгаагүй юм, ...хүүхэдтэй болохдоо хэнээс нь хүүхэдтэй болсныг бид мэдэхгүй. Авхуулсан эсэхийг ч мэдэхгүй. 2021 онд .........аас мөнгө зээлэхдээ ......... тамхины бөөний цэг ажиллуулахад 60 сая төгрөгийн хэрэг болоод байна. 2021 оны 06 дугаар сарын 30-нд буцааж өгье. Хугацаатай хадгаламжид байгаа гэж бодоод зээлж амьдрал ахуйд минь тус болно уу гэж гуйсны дагуу 43 сая төгрөг зээлдүүлсэн байдаг. 21.500.000 төгрөгийг Э.......... 2021 оны 06 дугаар сарын 26-нд зээлийн эргэн төлөлтөөр буцааж өгсөн. Миний хүүгээс зээлж авсан мөнгөөрөө Наран багт байрлах тамхины цэгийг нээсэн, төрсөн дүүгийнхээ нэр бичиг баримтыг хөөцөлдөж авсан байсныг нэхэмжлэл гаргасныхаа дараа мэдсэн. Харин миний хүүгийн хувьд: ээж нь өнгөрсөн, ажил төрөлгүй байгаа энэ үед нь тус больё гэсэн сэтгэлээр өгсөн юм, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          2. Шүүх Н..........ы зээл -21.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг   хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

          3. Хариуцагч Э.......... нэхэмжлэгч Н..........аас  зээл -44.500.000 төгрөг бэлэн бусаар шилжүүлж авснаас 06 дугаар сарын 2-ны өдөр буцааж 21.500.000 төгрөгийг буцааж өгсөн болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогчид нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.

         4.1. Хариуцагч Э.......... нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэж няцаасан “...уг мөнгийг хамтын амьдралтай байхдаа хэрэглэсэн, би мөнгө зээлдэж аваагүй” гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         5. Шүүх нотлох чиг үүргийг хариуцагчид хүлээлгэж, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.

         6. Харин хариуцагч Э.......... нь үр хөндүүлсний улмаас хохирсон бол  буруутай этгээдээс хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

        7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн “...хамтран амьдарч байсан хүн маань намайг эрүүл мэнд болон сэтгэл санааны асар их хохиролд учруулсанд туйлын их гомдолтой байна, би эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн гэр оронгүй тул 21.500.000 төгрөгийг төлөх боломжгүй...” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  265.450 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ