Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Э.Д/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

хохирогч Б.Ану нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон тайж овгийн Эрдэнэчимэгийн Давхарбаярт холбогдох эрүүгийн 1711000000020 дугаартай хэргийг 2018 оны 4 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б тайж овгийн Э.Д, 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 31 дүгээр байрны 44 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЗ95112837.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Цагаан байрны орчимд Б.Анутай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Б.Ану нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 14 цагын үед найз Хулантай утсаар яриад уулзахаар болсон. Хуланг хүлээгээд байж байхад нөхрийн хамт ирсэн. Тэгээд Хулан миний машинд орж ирээд манай нөхөр намайг явуулахгүй байна гэсэн. Миний цүнхийг авчаад өгөхгүй бас хүүхдээ орхиод яв гээд байна гэхээр нь би чи тэгвэл орж учираа олчихоод гараад ир гэсэн. Хулан буцаж орж ирэхээр нь за явах уу гэж хэлэхэд хүүхдийг минь өгөхгүй байна гэхээр нь би Давхарбаярыг чи яагаад Хуланг явуулахгүй байгаа юм бэ? гэхэд Хулан ганцаараа яваг би хүүхдээ явуулахгүй гэхээр нь чи нялх хүүхэд авч үлдэж яах гээд байгаа юм бэ гэсэн. Давхарбаяр та нар шиг найз байдаггүй юм гээд намайг доромжилсон. Чамаас болоод би найзтайгаа уулзаж болохгүй юм байна гэхэд би чамайг алаад энэ жалганд булсан ч яадаг юм гээд намайг үсдээд чирсэн. Манай найз чи болиоч гэхэд машиндаа суугаад явсан. Чамайг цагдаад хэлнэ гэхэд наад зодсон хохирлынхоо мөнгийг надаас нэхэмжлээд аваарай гээд явсан. Тэгээд би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар гомдолоо өгсөн…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Э.Д нь шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би Ануг эхэлж цохиогүй. Ану намайг эхэлж маажсан. Сорив нь одоо болтол арилаагүй байгаа. Миний хувьд биеэ хамгаалах зорилгоор түлхсэн. Ану урьд нь ийм хэрэг төвөгт холбогдож байсан юм байна лээ. Ануд учирсан зүүн шанаанд цус хуралт гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрэнд нь гар хүрээгүй, нөхөр нь байнга зоддог гэсэн. Би нөхөр нь зодсон гэж бодож байна…” гэжээ /хх-75/.

              Хохирогч Б.Ану нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Давхарбаяр би явлаа буу гээд машинтай хөдлөхөөр нь би хаалгаар нэг хөлөө унжуулаад зогс би бууя гэхэд Давхарбаяр зогсоод би буугаад хаалганых нь харалдаа зогсоод чамаас болж найзтайгаа уулзах эрхгүй болчихсон юм уу гэхэд Давхарбаяр машинаас бууж ирээд миний зүүн шанаа орчим зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь чи ямар аймаар юм бэ гэхэд миний хоолойг боосон. Тэгэхэд Хулан боль хүн аллаа ш дээ гэхэд Давхарбаяр намайг тавьснаа чамайг алаад жалга руу шидсэн ч би чадна, би чадалтай хүн гээд намайг үсдээд бетон шалан дээгүүр өвдгөөр чирээд дахин нэг удаа зүүн хацар руу гараараа цохисон. Тэгээд би газарт унасан. Давхарбаяр нөхөн төлбөрөө чи надаас аваарай гэхээр нь би чамайг цагдаад барьж өгнө гэхэд, тэгэхгүй юу би чиний нөхөн төлбөрийг чинь өгөх юм чинь гээд хөдлөөд яваад өгсөн. Би араас нь машиндаа суугаад явсан боловч гүйцэгдэлгүй явчхаар нь цагдаагийн хэлтэс дээр хүрч ирээд өргөдөл гаргасан юм. ...Давхарбаярт зодуулснаас болж сэтгэл санаа айдастай болсон учраас эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ /хх-5-6/.

              Гэрч А.Хулан мэдүүлэхдээ: “...Давхарбаяр Ануг машинаа буу бид хэд явлаа гээд хөдлөхөд Ану хаалга онгойлгоод хөлөө унжуулчихсан зогс гээд байсан. Ингээд Давхарбаяр зогссон чин Ану чих ёстой сонин гар байна шүү, чамайг ийм гэж бодсонгүй гээд буугаад жолоочийн хаалганы тэнд очоод хэрэлдээд байсан. Тэгээд Давхарбаяр буугаад Ануг хувцасны захнаас нь заамдаж байгаад чи яах гээд байгаа юм бэ гээд зүүн шанаа орчимд нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд цааш нь түлхэж газар унагаасан. Ингээд Давхараа явлаа гээд машин суух гэж байхад Ану босч ирээд чи яахаараа намайг цохидог юм гээд фудволкны араас нь зуурахад Давхарбаяр эргэж хараад үснээс татаж хажуу тийш нь болгосон. Би энэ үед хүүхдээ тэврээд машинаас буучихсан байсан учраас та хоёр болиоч ээ, Давхараас чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ болиоч хүүхэд айлаа гэж хэлсэн. Тэгээд Давхарбаяр намайг машиндаа суу гээд би машиндаа суугаад бид хэд яваад, Ану цагдаад өгнө гээд хоцорсон юм...” гэжээ /хх-9-10/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9711 дүгээр дүгнэлтэд: 

“1. Б.Анугийн биед баруун өвдөгт зулгаралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ньмохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайнхэрэг болсон гэх цаг хугацаандүүссэн байх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-19/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24, 36/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Цагаан байрны орчимд Б.Анутай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Давхарбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ану нь “...Давхарбаярт зодуулснаас болж сэтгэл санаа айдастай болсон учраас эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна…” гэх боловч баримтаар нэхэмжилсэн бодит хохирол тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Э.Давхарбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б тайж овгийн Э.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хохирогч Б.Ану нь шүүгдэгч Э.Давхарбаяраас нийт 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Давхарбаярт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН