Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

 

 

    Э.Д-т холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                        

            прокурор Ш.Хосбаяр,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Дын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1711000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон тайж овгийн Эрдэнэчимэгийн Давхарбаяр, Улаанбаатар хотод 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 31-44 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УЗ95112837/;

Э.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Цагаан байр”-ны орчимд Б.Анутай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, хохирогч Б.Ану Э.Даас 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Д давж заалдах гомдолдоо: “... хохирогч Б.Ануг ямар нэгэн байдлаар цохиж, зодоогүй. Харин Б.Ану нь тухайн үед манай эхнэр Хуланг уруу татаж, явах гээд байсан учраас болиулах гэхэд миний нүүрийг самардаж цохьсон. Би өөрөөсөө зайлуулж, түлхэхэд унасан. Хохирогч Ану нь өөрөө зүй бус байдал гаргадаг. Удаа дараа ийм авир гаргаж, эхнэр Хуланг буруу зүйлд уруу татдаг байсан. Энэ нь ч түүний хувийн байдлаас хангалттай нотлогдоно. Ану нь нөхөртэйгөө маргаантай, нөхөр нь байнга зоддог талаар Хулан ярьж байсан бөгөөд тухайн үед нөхөртөө зодуулчихаад надад зодуулсан мэтээр баримт бүрдүүлж, намайг хэрэгт буруутгасанд гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.Д нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэргийн хувьд шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр Э.Дын үйлдэл нотлогдсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл Э.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Цагаан байр”-ны орчим Б.Анутай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ану /хх-100-105/, гэрч А.Хулан /хх-9-10/ болон Э.Дын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Ануд баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9711 тоот дүгнэлт /хх-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Хохирогч Б.Анугийн “... Э.Д автомашинаас бууж ирээд миний зүүн шанаанд нэг удаа цохиж, ... үсдээд бетон шалан дээгүүр өвдөгөөр чирээд, зүүн хацарт цохьсон...” /хх-6, 104-105/, гэрч А.Хулангийн “... Э.Д машинаас буугаад Ануг заамдаж аваад зүүн шанаа орчимд нь нэг удаа цохьсон, ... үснээс нь татаж, хажуу тийш нь болгосон...” /хх-9-10/ гэсэн мэдүүлгүүдээр хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгч Э.Дын үйлдлээр үүссэн болох нь хөдөлбөргүй нотлогдож байх тул “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Э.Д-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Э.Д-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

         

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН