Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч О.У,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаварт овгийн Оюунбилэгийн Угтахбаярт холбогдох эрүүгийн 1811002240134 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овгийн О.У, 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа Хүчит шонхор зах дээр хөдөлмөр эрхэлдэг гэх, группт байдаг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 847 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, регистрийн дугаар РК84102018.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.У нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-377 тоотод оршин суух иргэн Т.Уранчимэгийн орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч ямааны мах хулгайлан бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогчид 200.000 төгрөг төлсөн. Үлдэх мөнгийг төлнө…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Т.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын эхээр Хүчит шонхор захаас 2 тонн 40 килограмм мах авч тэр махаа өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 11-377 тоотод оруулаад маргааш нь Хүчит шонхор зах дээр мах шулдаг Угтах Оюунаа гэх гэр бүлийн хоёр хүнийг гэртээ аваачиж мах шулуулсан юм. Тэгээд тэр хоёр хүн манай гэрт 8 ширхэг гулууз мах шулж хөлсөнд нь 32.000 төгрөг авсан ба би Оюунааг гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгээд нөхөр Угтах нь бид нартай мах ачиж өгөөд явсан юм. Тэрнээс хойш 2-3 цагийн мах шулж өгсөн. Угтах надтай утсаар ярьж ирэх болж байгаа юм уу? Танай гэрт очиж ажлын хувцас авах гэсэн юм. Манай эхнэр цагдаагийн газарт баригдаж явсан байна гэсэн юм. Тэгэхээр нь Угтахад би очих болоогүй байна. Чи гэрт очоод хулгай хийчхэв гэсэн чинь Угтах би гэртээ байна зурагтын дуу сонс гэж хэлж байсан. Тэгээд би орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн цонх нээлттэй гэрт байсан өглөө шулж тавьсан 2 шуудай 10-130 килограмм орчим мах алдагдсан байсан юм...” гэжээ /хх-15-16/.       

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-7-11/, Эд зүйлийн үнэлгээ /хх-28-29/.        

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-41-42/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.У нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 16-17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-377 тоотод оршин суух иргэн Т.Уранчимэгийн орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч ямааны мах хулгайлан бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Уранчимэгийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч О.Уыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.

Хохирогч Т.Уранчимэгт нийт 360.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч О.У нь 200.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд үлдэх 160.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.  

Шүүгдэгч О.У нь энэ хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 10 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн О.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Ут оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Уын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 10 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулсан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Уаас нийт 160.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Уранчимэгт олгосугай.

6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН