Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 651

 

                                                       О.У-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Энхтуул,

шүүгдэгч О.У-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч О.У-ын гаргасан давж заалдах гомдлоор О.У-т холбогдох эрүүгийн 1811002240134 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шаварт овгийн О.У-, 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД: /,

            О.У- нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-377 тоотод оршин суух иргэн Т.Уранчимэгийн орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч ямааны мах хулгайлан бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.У-ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.У-аас нийт 160.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Уранчимэгт олгож, О.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 7-14 насны 3 хүүхэдтэй, эхнэр маань одоо 8 сартай жирэмсэн бөгөөд амжиргааны түвшинээс доогуур орлоготой амьдардаг. Гэмт хэрэг үйлдэж ар гэрээ хохироож байгаадаа маш их гэмшиж байна. Шийтгэх тогтоолоор хохирогчид олгохоор заасан 160.000 төгрөгийг төлсөн. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.У-ын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. О.У-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч О.У- нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байсан. Иймээс шүүх ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэн 2 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан гаргах санал байхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

О.У- нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-377 тоотод оршин суух Т.Уранчимэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 100 кг ямааны махыг хулгайлан авч, бусдад худалдан борлуулж, Т.Уранчимэгт 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Т.Уранчимэг нь эд зүйл алдсан цаг хугацаа, газар байршил, алдагдсан эд хөрөнгийнхөө хэр хэмжээ, өртөг үнийн талаар /хх-ийн 15-16/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь яллагдагч О.У-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн /хх-ийн 34-35/ мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 28-29/ зэргээр нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.У-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс О.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгчийн ар гэрээс хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлсөн гэх бөгөөд хохирогч нь “...хохиролд 160.000 төгрөгийг хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн утга агуулга бүхий хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэлээ.

Иймээс шүүгдэгч О.У-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч О.У-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.У-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.У-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.У- нь хохирогч Т.Уранчимэгт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                    Н.БАТСАЙХАН