Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 593

 

                                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

             Х.Билгүүнд холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандорж, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр,   

цагаатгагдсан этгээд Х.Билгүүн, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 71 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Н.Анхбаярын бичсэн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр Х.Билгүүнд холбогдох эрүүгийн 201624000304 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овогт Хүрэлбаатарын Билгүүн, 1980 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ой зүйч мэргэжилтэй, Ойн судалгаа хөгжлийн төвийн Мод үржүүлгийн гэрээт инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12Б байрны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УС80120816/,   

Х.Билгүүн нь 2016 оны 4 дүгээр сарын 2-ны шөнийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны зүүн талын Ногоон зоорийн урд талын замд “Хаан банк” ХХК-ийн эзэмшлийн 94-54 УНЕ улсын дугаартай “Тоёота Премио” загварын автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-д заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Нямдоржийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Х.Билгүүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шарнууд овогт Хүрэлбаатарын Билгүүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Билгүүнийг цагаатгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94-54 УНЕ улсын дугаартай “Тоёота Премио” загварын  автомашины баруун гар талын толины хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн №166384 дугаартай Х.Билгүүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Х.Билгүүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, Х.Билгүүн нь хохирогч Б.Нямдоржид сайн дураар 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Билгүүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Прокурор А.Оюунгэрэл улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Х.Билгүүнд холбогдох хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Техникийн шинжээч Х.Билгүүн болон хохирогчийг хэн хэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн. Х.Билгүүний тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулснаар “урд шил урд талдаа бяцарч хагарсан, баруун талын их гэрэл хагарч, хонхойсон, баруун талын толь сууриараа хөдөлсөн, автомашин иж бүрдлийн хувьд стандартын шаардлага хангахгүй, зүүн урд их гэрлийн тусгалын тохиргоо 0, баруун урд их гэрлийн тусгалын тохиргоо 0 байна” гэх дүгнэлтэд үндэслэн “хол ойрын гэрлийн тохиргоо алдагдсан үедээ замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан” гэж дүгнэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д “тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах нь жолоочийн үндсэн үүрэг” гэсэн байдаг. Х.Билгүүн үндсэн үүргээ биелүүлээгүй нь зам тээврийн осол гарах гол үндэслэл болсон гэж үзэж байна. Хохирогч Б.Нямдорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн, гарц гарамгүй газраар зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. 

Цагаатгагдсан этгээд Х.Билгүүний өмгөөлөгч Б.Ариунбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас Эрүүгийн хуульд заасан хор уршиг учруулсан байхыг шаарддаг. Явган зорчигч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Х.Билгүүний гэм бурууг үгүйсгэж байна. Хэдийгээр техникийн шинжээч миний үйлчлүүлэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 5.2-д заасныг зөрчиж “хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэж дүгнэсэн ч хохирогч Б.Нямдорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц, гармаар зам хөндлөн гарна. Хэрвээ үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу саадгүй хэсгээр ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 3.9-д “явган зорчигч өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон. Мөн хохирогч Б.Нямдоржийн цусны шинжилгээгээр хүнд зэргийн согтолттой, биеэ авч явах чадваргүй байсан болох нь тогтоогдсон. Х.Билгүүний автомашины баруун талаар хохирогч мөргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд явган зорчигч биеэ авч явах чадваргүй байсан тул ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхгүйгээр замын зорчих хэсэг рүү орж мөргүүлсэн болох нь харагдаж байна. Тиймээс улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Х.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандоржийн өмгөөлөгч Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа техникийн шинжээчийн “жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” гэх дүгнэлтийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй. Мөн цагаатгах тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 201 дүгээр зүйлийн 201.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Хавтаст хэргээс үзэхэд осол гарсан газар нь суурин дотор, гэрэлтүүлэггүй зам байсан. Суурин дотор жолооч тээврийн хэрэгслийн хурдыг 60 км цагаас хэтрүүлэх ёсгүй. Гэтэл Х.Билгүүн нь 70 орчим км цагийн хурдтай явж байсан гэдгээ мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөөд зогссон зай, явган зорчигч мөргөгдөөд унасан зай зэргийг тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзэхэд жолооч хурдтай явж байсан болох нь харагдаж байна. Х.Билгүүн нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч аюул саад болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн болох нь “би зогсоох арга хэмжээ авалгүйгээр хохирогчийг хараад зайлуулж дарсан” гэх мэдүүлэг болон зам дээр тормозны ул мөр гараагүйгээс харагддаг. Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг бүрэн бус байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Х.Билгүүн үүнийгээ “миний автомашины гэрэл хэт хурц байсан тул би өөрөө тааруулж тохируулсан” гэж тайлбарлаад байна. тээврийн хэрэгслийн гэрлийг стандартаар тохируулсан байдаг. Өөдөөс ирж байгаа автомашиныг гялбахаас сэргийлэхэд хэдэн метрийн зайнаас гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх вэ гэдэг нь Замын хөдөлгөөний дүрэмд байдаг. Хэрвээ гэрлийн тусгал стандартад нийцсэн байсан бол хохирогчийг зам дээр байгааг жолооч хангалттай харах байсан. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанаар шинжээч жолоочийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэснийг огт хэлэлцээгүй. Зам тээврийн осол гарах үед жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авах ёстой. Ар гэрийнх нь зүгээс Б.Нямдоржийг маш удаан эрэн сурвалжилсан. Х.Билгүүн нь анх надтай уулзахдаа “Б.Нямдорж ах 2 хүнтэй хамт зогсож байсан. Осол гарсны дараа хамт байсан 2 хүн нь зугтсан” гэж хэлсэн. Гэтэл одоо “хохирогч гэнэт гараад ирсэн” гэж яриад байна. 2 хүнтэй хамт байгааг нь харсан тул автомашинаа зогсоох арга хэмжээ авч болох байсан” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Х.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын дүгнэлт хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйн дээр хэрэгт цугларсан улсын яллагчийн Х.Билгүүнийг ялласан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ нэг бүрчлэн тодорхойлж дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн өөр бусад шалтгаан нөхцөл байгаа эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах зүйлүүдийг шалгаж тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Х.Билгүүн нь 94-54 УНЕ улсын дугаартай, “Тоёота Премио” загварын тээврийн хэрэгслээр хэдэн км/цагийн хурдтай явж байсан болохыг нарийвчлан тогтоож, хурд хэтрүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх. Хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-6, 13/, шүүгдэгч Х.Билгүүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…нэгдүгээр эгнээгээр 70 км/цагийн хурдтай явж байтал…” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Х.Билгүүн нь хурд хэтрүүлэн зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байж болзошгүй байна.

2. Х.Билгүүн нь тухайн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх, энэ арга хэмжээг авах боломжтой байсан эсэхийг тогтоох. Шаардлагатай гэж үзвэл техникийн шинжээч дахин томилж, 94-54 УНЕ улсын дугаартай, “Тоёота Премио” загварын тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандарт шаардлага хангасан эсэх болон дээрх нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.  

          Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 71 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 71 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Х.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус шүүхээр дамжуулан, Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очих хүртэл Х.Билгүүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Б.ЗОРИГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ