Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2017/0680/з |
Дугаар | 128/МА2018/0195 |
Огноо | 2018-03-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 128/МА2018/0195
Ш.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Ж-ын нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-ын “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаал хасагдсан талаар нотлох баримт байхгүй, хариуцагч албан тушаалаас нь чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй ба төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байгаа болно. Уг үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөх хууль зүйн үндэслэл огт байгаагүй гэж үзнэ. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн аль нэг заалтыг үндэслэж, чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж хариуцагчийг зөвтгөж чадаагүй байна. Хэрэглэвэл зохих хууль болох Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/08 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн аль заалтыг баримталж нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь тусгагдаагүй, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн талаар тодорхой, үндэслэл бүхий тайлбар байхгүй, шүүхийн шийдвэрт хуулиар олгосон ямар эрх хэмжээний дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/08 дугаар тушаал гарсан нь зөв бөгөөд үндэслэлтэй талаар хууль зүйн үндэслэл огт дурдагдаагүй, хариуцагчид ажилд томилох эрх хуулиар олгогдсон боловч хууль зүйн үндэслэл бий болоогүй байхад төрийн албан хаагчийг халж, чөлөөлсөн захиргааны актыг илт хууль бус гэж үзэх бөгөөд Б/08 дугаар тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл огт байгаагүй, акт ямар ч хуульд үндэслээгүй. Энэхүү хэрэг, маргааны хувьд хариуцагч нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангах ёстой. Гэвч Төрийн захиргааны удирдлагын газрын Дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, сургалт, нийгмийн асуудал, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажилласныг баталгаагаар хангагдсан үзэх үндэслэл болохгүй ба уг мэргэжилтний албан тушаал нь цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих гэсэн шаардлагыг хангахгүй. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай хуулийг огт хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчийг зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ш.Ж нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тодруулбал,
Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгодог.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан тус яамны нийт ажилтан, албан хаагчдыг ажил албан тушаалаас нь чөлөөлсөн байх ба уг тушаалыг Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 “Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.6.9 “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу ажилтан, албан хаагчдыг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч Ш.Ж-ыг бусад ажилтан, албан хаагчдын адил Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй, энэ талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Энэ тохиолдолд буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон тул тухайн захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөв тайлбарласан атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1” гэснийг хасч, “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН