Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00652

 

 

 

Ө.А-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00148 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 265,828,826.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 30,100,240 төгрөг

1.2. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 9,406,606 төгрөг,

1.3. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 76,269,480 төгрөг,

1.4. Өмгөөлөгч Ө.А-, Т ХХК-ийн хоорондын харилцан тохирсон хэлцлийн үүрэгт 150,000,000 төгрөг,

1.5. Нотариатын зардалд 52,500 төгрөг, нийт 265,828,826 төгрөгийг гаргуулна.

Өмгөөлөгч Ө.А- нь Т ХХК-ийн захирал Ц.О-тэй 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, үйл ажиллагааг явуулсан. Үүнд:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00861 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай магадлал бүхий Э ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭҮ ХХК-д холбогдох “Тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгуулах” тухай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд Улсын дээд шүүхэд өмгөөлөгчөөр оролцсон. Хяналтын шатны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00788 дугаартай тогтоолоор Тавин лан ХХК-ийн гомдлыг хангахгүй үлдээж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд Т ХХК нь хэргийн оролцогчийн эрх, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсан. Т ХХК-аар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Э ХХК, Сангийн яам, Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргуулсан. Энэхүү гомдолд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Өмгөөлөгч Ө.А- нь өөрийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б-1/19-051 дугаартай албан бичгээр Улсын их хурлын гишүүн Ч.Х-, Ц.Д- нарт Э ХХК, Сангийн яам, Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдэлд холбогдох асуудалд арга хэмжээг авахуулах  хүсэлт гаргасан. Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгүүдийг авч, хэрэг бүртгэлтийн хэрэгт нотлох баримтаар өгсөн. 190200248 дугаартай хэрэгт тогтоогдсон шинээр илэрсэн нөхцөл байдлуудыг үндэслэн, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр  шүүхэд хандсан. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэрт гомдол  гаргасан. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлт гаргаагүйд тооцох тухай захирамж гарсан. ЭҮ ТӨҮГ-ын захирал Х.Б-д холбогдох хүсэлт, мэдэгдлүүдийг гарган хүргүүлсэн.

ЭҮ ТӨҮГ-ын холбогдох албан тушаалтнууд нь Ө.А-тай холбогдон, Т ХХК-тай ярилцаж, тохиролцсон гэсэн мэдээллүүдийг өгсөн. Авлигатай тэмцэх газарт шийдвэрлүүлэх санал, зөвлөгөөг Т ХХК-д хэд хэдэн удаа гаргасан боловч ойлгомжгүй шалтгаанаар эрс татгалзсан. Ө.А- надад мэдэгдэхгүйгээр мэргэжлийн үйл ажиллагааны маань явцад үүссэн нөхцөл байдлуудыг хууль бус давуу байдал болгон ашиглаж, ЭҮ ТӨҮГ-ын удирдлагатай шууд, эсхүл тендер нэрээр тодорхой гэрээнүүдийг байгуулан, ашиг олсон байж магадгүй. Т ХХК хөлс өгөхөөс татгалзсаар байна. Гэрээнд хөлсний талаар заасан. Т ХХК-ийн ажилтан нас барсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаанд мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан.Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан саналаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан.

Б ТӨХК нь тендерийн ажилдаа зарцуулагдсан нэмэлт төлбөрийг Т ХХК-д гарган өгөхөөс шууд татгалзаж, тухайн асуудлаар 2019 оны 08 дугаар сараас эхэлсэн маргаан 2020 оны 04 дүгээр сар хүртэл ямар ч үр дүнгүй үргэлжилсэн.

Өмгөөлөгч Ө.А Б ТӨХК-ийн нэр бүхий удирдлагуудтай биечлэн уулзаж, нэмэлт төлбөрийг удирдлагын эрх хэмжээний хүрээнд, холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүйгээр шийдвэрлэх арга зам, боломж нөхцөлийн талаарх санал, зөвлөгөөг өгч, харилцан ойлголцуулж, тохиролцуулж өгсөн. Үнийн дүнгийн 10 хувь буюу 150,000,000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд тооцон төлөх ёстой. Нотариатаар гэрчлүүлэхэд 52,500 төгрөгийг зарцуулсан.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Дээрх ажлуудын 3 нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй, 1 нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу бид хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан. Өмгөөлөгч дансаараа заримдаа бэлнээр мөнгө авдаг байсан. Байгуулсан гэрээний ард хэдэн төгрөг хүлээж авсан тухайгаа бичдэг байсан. Манайхаас урамшууллын мөнгө заавал өгөх ёсгүй. Өмгөөллийн хөлсөө төлсөн. Ө.А- өмгөөлөгч манайхтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан боловч ажил нь тийм ч сайн байгаагүй. Манайх өмгөөллийн хөлс гэж 40,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд өмгөөллийн хөлс дурдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд 12,000,000 төгрөгийн хэргийн өмгөөллийн хөлсөнд 9,000,000 төгрөг төлөх шаардлага байхгүй, манайх ямар нэгэн өрөнд орох гэж өмгөөлөгч аваагүй. Манай компани Б ТӨХК-ийн усан сангийн ажлыг авсан ба төслийн удирдагч нас барсан. Тухайн үед өмгөөлөгч тайлбарлахдаа хамгийн багадаа 5 жилийн хорих ял авна, чи залуу хүн карьераа бодох хэрэгтэй гэж хэлж байсан. Өмгөөлөгч хүн хэн нэгнийг сүрдүүлж өндөр хөлс авч болохгүй. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т заасныг зөрчиж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хэрэг, маргааны оролцогчийг ашиглан өөрийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг бусдад тулгах, үйлчлүүлэгч олж өгсний төлөө бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, тулгасан үйл ажиллагаа явуулсан. Таныг өмгөөлнө гэж хэлчихээд ганцхан байцаалтад хамт суусан. Хэрэгт оролцоход, хэрэгтэй танилцахад гэрээ хэрэгтэй гэж хэлчихээд одоо 50,000,000 төгрөг нэхэмжилж байгаад харамсаж байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар Т ХХК-аас гэрээний үүрэгт 2,068,528 төгрөг гаргуулж Ө.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 263,760,001.98 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,487,094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,046 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга.

4.1. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах засвар оруулах талаар санал гаргах эрхээр хангаагүй. Бичгээр гараагүй тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрийг бичгээр үйлдэж гаргасныг мэдэгдсэн.

Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж чадахгүйгээр дазж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчээр гарын үсэг зуруулж чадахгүй байна, шүүгч ажлаасаа түр чөлөөлөгдөж, бүх хэргээ тараасан, хуралдааны тэмдэглэл бэлэн болохоор нь танд мэдэгдэж, танилцуулья гэж байсныг онцлох нь зүйтэй. Шүүгч Д.Энхцэцэгийн бүрэн эрх  2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр түдгэлзсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурах, мөн шүүх хуралдааны оролцогчийн гаргасан саналыг хянан шийдвэрлэх ямар ч боломжгүй болно.Шүүгч Д.Энхцэцэг нь шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Шүүх хуралдааны эхэнд олон хуудас бүхий нотлох баримтуудыг шинжлэн судлуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Ө.А- миний хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой, хэрэв тусгагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч Ө.А- би шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу болон дүрсний бичлэгийг үндэслэн, алдаатай шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах саналыг шүүгчид гаргаж, шийдвэрлүүлэх байсан.

4.3. Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулж, эрхгүй этгээдийн томилсон этгээдийг шүүх хуралдаанд оруулсан.

4.4. Хүсэлт хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан.

Хүсэлт хангаагүй, баримтыг ямар нэгэн шийдвэрийг гаргахгүйгээр тэмдэглэл үйлдэн буцаасан.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрх тэгш явуулсан, нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, шүүгч шүүхийн байгууллагыг гүтгэх шинжтэй байх бөгөөд тэрээр шүүгчийн ёс зүй, харьцааны талаарх гомдлоо тусад нь гаргах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж талуудыг мэтгэлцүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан

1.1. Талуудын хоорондын 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 30,100,240 төгрөг,

1.2. Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үүрэгт 9,406,606 төгрөг,

1.3. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний үүрэгт 76,269,480 төгрөг,

1.4. Талуудын харилцан тохиролцсон хэлцлийн үүрэгт 150,000,000 төгрөг,

1.5. Нотариатын зардалд 52,500 төгрөг нийт 265,828,826 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

А.Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

А.1. Хариуцагч Т ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ө.А-тай бичгээр байгуулсан баримт авагджээ.            

       /1хх17-19, 71-72/

 

А.2. Талууд өмнө нь мөн гэрээний харилцаатай байсан гэж тайлбарласан байх бөгөөд ажлын хөлсөнд 40,000,000 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэгч 15,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгөөр тус тус хүлээн авсан талаар маргаагүй. /1хх3, 2хх132-133/

 

А.3. Талуудын хоорондын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр Т ХХК-д холбогдох 12,671,379 төгрөг гаргуулах ЦДҮС ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн урамшуулалд 1,267,137 төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн байна. /2хх135/

 

В. Зохигчид ажлын хөлс бүрэн төлөгдсөн эсэх, урамшуулал төлөх үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч ажлаа гэрээний дагуу зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхэд маргаантай байна.

                                                                                                                          /1хх1-3, 212/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ тус бүрээр өмгөөллийн хөлс, алданги, урамшуулал, зардал шаардаж байгаа талаар зөв тодорхойлсон боловч урамшуулал тооцсон аргачлал, алдангийн тооцоолол, хөлсний хэмжээг хэрхэн тооцоолж тодорхойлж байгааг тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн, хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажил үйлчилгээ байдаг хэдий ч гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн эсэхэд талууд маргаж байгаа нөхцөлд тухайн үйл баримт тодорхой байх ёстой.

 

Мөн хариуцагч “ажлын хөлсийг бүрэн төлсөн” гэж, хариуцагч “өмнөх гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг авсан” талаар тайлбарлаж байгаа нөхцөлд өмнөх гэрээний харилцааг тодруулах нь ач холбогдолтой байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын задаргаа тодорхойгүй байна. /1хх132-133/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл юм. Мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан.

 

Хэргийн оролцогчийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах талаар санал гаргах эрхийг хангасан эсэх нь эргэлзээтэй. Анхан шатны шүүх энэ талаар тайлбар баримт үйлдээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын 4.1, 4.2 буюу шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах засвар оруулах талаар санал гаргах эрхээр хангаагүй гэх гомдлыг хүлээн авч, харин 4.3 буюу Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулж, эрхгүй этгээдийн томилсон этгээдийг шүүх хуралдаанд оруулсан, 4.4. хүсэлт хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэх гомдол үндэслэлгүй тул хангахаас татгалзав. Учир нь хариуцагч өөрийн төлөөлөх эрхийн талаар гомдол гаргаагүй, хэрэгт шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах талаар бичгээр гаргасан хүсэлт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,487,094 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД