Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 136

 

Ц.........ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

М........., Д........., Д......... нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч  С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01202 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.........ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М........., Д........., Д......... нарт холбогдох,

2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, ........ сум, Даваат баг Ундарга 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрх хаяг дээр байгаа хашааны газрыг Ц........., М......... нарын нэр дээр 510 м.кв-р тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай иргэний хэргийг хэргийг,

Нэхэмжлэгч Ц.........ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч М.........ийн өмгөөлөгч М.Мэндбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Ц......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Ц......... миний бие Орхон аймгийн ........ сумын 20 дугаар багийн Даваат Ундарга 7-10 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 518.3 мкв

 

 

 

газрыг 2010 онд Д.........оос худалдаж авсан юм. Д......... нь 1020 мкв газартай байсныхаа талыг надад худалдсан юм. Тухайн үедээ газрыг өмчилж аваагүй, өмчилж авахаараа өмчлөгчөөр намайг тогтоож гэрчилгээг гаргаж өгнө гэж 2010 оны 8 дугаар сард гэрээ хийсэн юм. Тэгээд тэр намраа Д......... нь өөртөө үлдсэн газраа Д......... гэдэг хүнд зарсан бөгөөд тэр үед кадастрын зураг гарах боломжгүй байна, зураг гарах үед гэрчилгээг салгаж өгнө гэж тэр 2 хоорондоо хэлцэл хийсэн. Би хүлээгээд сүүлдээ аргаа бараад тэр хоёртой уулзсан чинь Д......... нь газрын гэрчилгээг банкны барьцаанд 5 жилийн хугацаатай тавьсан гэсэн. Би дахиад л хүлээсэн. Гэтэл Д......... гэгч нь 2015 онд гэнэт нүүгээд явчихсан байсан бөгөөд дараа нь учрыг нь олохоор хөөцөлдсөн чинь газраа байшинтайгаа Одончимэг гэдэг хүнтэй байраар сольсон байсан. Тэгээд бас л удахгүй салгаж өгнө гэж гурвуулаа надад амласан. Би бас л хүлээсээр 2018 он гараад миний худалдаж авсан газрын гэрчилгээг салгаж өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Дээрх 3 хүн шүүх дээр гурвуулаа ирээд Одончимэг бид хоёрын хооронд газар худалдах, худалдах худалдан авах гэрээ хийчих, тэгж байж л гэрчилгээ салгаж гарах юм байна гэхээр нь би итгээд гэрээ хийгээд шүүхэд эвлэрсэн гэсэн утгатай зүйл бичиж өгөөд дууссан. Тэгээд нөгөө гэрээгээ аваад Улсын бүртгэлийн газарт очсон чинь газрын гэрчилгээгээ аваад ир гэсэн. Гэрчилгээг Одончимэг бас Бид финанс ББСБ-ын барьцаанд тавьчихсан хугацаа нь дуусахаар гэрчилгээг өгье гэхээр нь би бас л хүлээсэн. Тэгээд би хүлээж ядаад нөгөө газар худалдах, худалдан авах гэрээгээ үндэслээд өөрийн худалдаж авсан 518 мкв газрын өмчлөгчөөр тогтоолгож Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Тэгсэн чинь шүүх нэхэмжлэлийг гэрээ хүчин төгөлдөр бус байна, тиймээс шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Би давж заалдсан боловч шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өмнө нь шийдсэн шүүгчийн 2018 оны 11 сарын 6-ны өдрийн 142/ШШ2018/01120 дугаартай захирамжинд гүйцэтгэх хуудас бичүүлэх гэсэн боловч шүүгч бичиж өгөхгүй гэсэн. Ингээд би бүтэн 10 жилийн турш өөрийн эзэмшиж байгаа газраа дээрх 3 хүмүүсийн хийсэн луйвар хууран мэхэлсэн үйлдлийн улмаас газар өмчилсөн гэрчилгээг гаргуулж авч чадахгүй өдий хүрээд байна. Иймд М......... бид хоёрын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож өгнө үү. Энэ гэрээ нь үнэн хэрэг дээрээ газар худалдах, худалдан авахаар тохирч хийсэн гэрээ биш юм. Тэд надад газрын гэрчилгээг гаргаж өгөхийн тулд ийм гэрээ хийж байж л гэрчилгээ салж гарна гэсний үндсэн дээр хийсэн хуурамч гэрээ байсан гэв.

Нэхэмжлэгч Ц......... нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймгийн ........ сумын Даваат баг, Ундарга 7-9, 10 тоот хашааны газар дээр олгосон газар өмчлөх Улсын бүртгэлийн Г-2101002261 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрх хоёр хаяг дээр байгаа хашааны газрыг Ц......... М......... нарын нэр дээр тус тусад нь 510 м.кв-аар тооцон газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага гаргаж шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагч М......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Ц.........ийн Д........., Д......... болон намайг хариуцагчаар татаж, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие иргэн ........гаас дээрх газар болон хашаа, байшинг худалдаж авсан. Ц......... нь бидний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгосноор миний газрыг авах боломжгүй юм. Нөгөө талаас саяхан хүртэл өөрөө мөнгөө төлөөд газар худалдаж авъя гэж гуйж байсан атлаа шүүхэд биелэх боломжгүй нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өмчлөлийн газарт түүний байшин байсаар байгаа ба одоо би өөрийн өмчлөлийн газраа албадан чөлөөлүүлэх болно. Хэрэв эвлэрвэл 2 500 000 төгрөг өгөөд, байшингийн араар хашаагаа татаад тэр хэмжээнд газрыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Д......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа:

Миний бие Д......... нь иргэн Д.........оос 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг, ........ сум, Шанд багийн 49-5 тоот хашаа байшин газрыг /Одоогийн Орхон аймгийн ........ сумын 20 дугаар баг Даваат Ундарга 7-10 тоот/ худалдан авсан бөгөөд анх 1020 мкв газрын өмчлөлийг 1 500 000 төгрөгт шилжүүлсэн. Ингээд уг газар хашаа байшинг худалдан авах үед тус хашаанд 2 байшин байсан бөгөөд нэг байшинг өөр хүний өмчлөлтэй тул хэсэг газрыг энэ байшинтай хүнд өгөх юм гэдгийг хэлсэн. Энэ үйл явдал газраа надад зарах үед болсон. Ингээд уг газар хашаа байшинд очиж би гэр бүлийн хамт амьдрах болсон. Энэ хугацаанд уг айлын эзэн гэх хүн газраа шилжүүлж авах хүсэлт гаргаагүй ба иргэн ........, Ц......... нарын хооронд газар зарсан эсэх нь тодорхойгүй гэрээ хэлцэл огт мэдэгдэхгүй байсаар 2015 онд газар хашаагаа бусдад зарах үед энэ газар миний газар, газраа авмаар байна гэж надад уг гэрийн эзэн Бамбага гэх хүний эхнэр Ц......... хэлсэн ба ямар ч баримт үзүүлээгүй. Үүнээс хойш чимээгүй байсан. 2015 оны 02 дугаар сарын 09-ний үед иргэн М.........т газар хашаа байшингаа зарах үедээ мөн энэ хашаа байшинтай газар энэ айлынх гэсэн. Одоо болтол шилжүүлж аваагүй. Авах эсэх мэдэгдэхгүй байгаа. Хэрвээ авах бол тал газар гэж ........ хэлсэн байгаа. Газраа зарсан гэх ямар ч баримт үгүй байгаа. Тодорхойгүй гэж хэлсэн. Ингээд М......... тухайн хүнтэй өөрөө учраа олно гэж хэлсний дагуу би газрыг худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийсэн бөгөөд газраа би 1 000 000 төгрөгөөр зарсан. Анх газрын талыг 800 000 төгрөгөөр худалдсан гэж ........, Ц......... нар амаар хэлсэн боловч ямар ч баримт үзүүлдэггүй, тэдний хэлсний дагуу надад газрыг хувааж зарсан гэх ойлголтыг авсан бөгөөд газрын хэмжээний талаар би мэдэхгүй байсан. Иймээс Ц.........т газрыг зарахдаа тэдний хэлсний дагуу тал газар нь энэ айлынх гэсэн ойлголтойгоор би тал газраа 1 000 000 төгрөгөөр зарна гэсний дагуу М.........тээ худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Ц........., ........ нарын хооронд ямар гэрээ хийсэн нь мэдэгдэхгүй учир би мөн л амаар М.........т хэлсэн. Энэхүү маргаантай асуудал 2018 онд үүсэж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар дуудагдсан ба уг хурал дээр М........., Ц......... нар газрыг хуваасан гэрээ нотариатаар орж хийсэн гээд талууд эвлэрлээ гээд нэхэмжлэлээсээ татгалзсан. Талууд гэрээг нотариатаар байгуулах үед би хажууд нь байсан ба үйлчилгээний төв байрлах нотариат дээр гэрээг байгуулж байсан. Ингээд Ц......... гэрчилгээг хөөцөлдөн авна гээд үлдсэн. Үүнээс хойш би мэдэх зүйл байхгүй. Энэ бүгдийн учрыг сайн мэдэх иргэн ........, Ц......... нарын хоорондох асуудлыг эхэлж шийдвэрлэх нь зөв болов уу. Миний хувьд газрыг хувааж худалдан авсан гэж ойлгож байгаа. Ийм хэмжээний газраа бусдад зарсан гэх ойлголтоор явж байгаа. Ямар хэмжээний газар худалдсан болох газрын хэмжээг тусгаарласан хашаа зэрэг байхгүй өдий хүргэсэн. Би байхдаа нэг жижиг хашаа барьсан. Үүнийг тухайн хүн буулгаагүй байсан. Талууд тохиролцсон бол дахин дахин шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх үндэслэл байхгүй талаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/01120 тоот шийдвэр гарахдаа тодорхой хэлж шийдвэрт заасан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ........, Ц......... нарын хооронд хэдий хэмжээний газар зарсан нь тодорхойгүй энэ олон жил болсон бөгөөд хариуцлагыг Д......... би хүлээх үндэслэлгүй. Намайг газрын өмчлөгч байхад ч өөрийн өмчлөлд авна гэх газартаа хайнга хандсан тоодоггүй, өмчлөх эрхийнхээ араас хөөцөлддөггүй, тусдаа кадастрын зураг, шон ч байхгүй. Энэ асуудлаа хөөцөлдөж газраа өөрийн болгоё гэж явдаггүй байсаар олон жил болсон бөгөөд хэдий хэмжээний газар өмчлөх гээд байгаа нь тодорхойгүй хүмүүс байсан. Би газраа зарахдаа ........ын захисны дагуу дараагийн хүнд хэлээд өмчлөлөө шилжүүлж байсан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ ........, ........ нарт ямар нэхэмжлэлийн шаардлага холбогдуулан гаргасныг тодруулахгүй байгаад гайхаж байна гэжээ.

Хариуцагч Д......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Орхон аймаг, ........ сум Даваат баг Ундарга 7-9 тоотод оршин суугч Доржсүрэн овогтой ........ миний бие нь 2008 онд ........ Шанд 49-05 тоот 1020 мкв талбай бүхий хашаагаа хувааж 510 мкв талбайг Ц.........т зарсан нь үнэн. Мөн 2008 оны 10 дугаар сард үлдсэн хашаа байшингаа Орхон аймаг, ........ сум, Зэст баг 1-6-87 тоотод суугч Давааням овогтой ........д зарахаар тохиролцож өгсөн. ........ нь бэлэн мөнгөгүй тул хашаа байшинг банканд тавиад мөнгийг нь маргааш нь өгсөн. Уг хашааны гэрчилгээ нь 1020 мкв талбай гэсэн нэг байсан тул ........тай гэрчилгээг салгаж 510 мкв талбай худалдаж авахаар тохиролцож,бичгээр гэрээ хийж гарын үсэг зуралцсан. Мөн ........, ........ хоёр хашааны 1020 мкв талбайг хувааж гэрчилгээ гаргахаар тохиролцсон тул хашаагаа дундуур нь хувааж барьсан. Тэгээд ........ нь гэрчилгээ салгаж хуваалгүй хүнд зарсан байна. Энэ хоёр хүн хашаа байшингаа авахдаа газар хувааж авна гэж 510 мкв хэлцэл хийж гарын үсэг зуралцаж хүлээн зөвшөөрсөн. ........ гэрчилгээгээ гаргаж авъя гэхээр банканд тавьсан гэрээ дуусахаар аваад солиулъя гэсэн боловч хэлэлгүй шууд зарсан байдаг юм. ........ тэгж хүний газар зарах ёсгүй. Авсан ........ гэдэг хүн дундуураа хашаа бариад байшин барьсан хамар хашаа байсаар байтал цуг авсан гэрчилгээг салгахгүй гэж байгаа нь үндэслэлгүй хэрэг юм” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01202 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Ц........., М......... нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, ........ сум, Даваат баг Ундарга 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрх хаяг дээр байгаа хашааны газрыг Ц........., М......... нарын нэр дээр 510 м.кв хэмжээгээр тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.........ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.........т олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Ц......... давж заалдсан  гомдолдоо:

Шүүх илтэд тодорхой асуудлыг дутуу шийдэж, миний гаргасан гэрчилгээ олгох, мөн М.........т олгосон газрын гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хүчингүй болгосонд гомдолтой байна. Уг нь хариуцагч Д........., Д......... нар нь шүүхэд болсон асуудлын талаар үнэн зүйл бичиж өгсөн байсан. Тэдгээрийн тайлбарыг үндэслээд 510 м2 газрыг Ц......... миний өмчлөлийн газар гэдгийг мөн М......... нь миний нэр дээр газрын гэрчилгээ салган гаргаж өгөхийн тулд газар худалдах. худалдан авах гэрээг бүгд байлцаж байгаад хийсэн гэдгийг тэд бүгдээрээ хэлсэн байсан. Тэгээд Д........., М......... хоёрын хооронд хийгдсэн газар яаж шилжүүлсэн тухай баримтыг улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулъя гэхэд шүүгч хуулбар нь байна гээд манай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй. ...Энэ 3 хүн намайг хэрхэн яаж залилж байгаа нь тодорхой байхад надад газрыг минь олгосон бүртгэл хийхийг яагаад Улсын бүртгэлийн хэлтэст даалгаагүй байгаа юм. Би өөрийн газар, одоо дээр нь байшин бариад амьдарч байгаа гэдгээ нотолсон. М......... нь үүнийг огт үгүйсгээгүй. Тийм учраас миний нэхэмжлэлийг хангасан заалтыг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.........ийн өмгөөлөгч М.Мэндбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нар хариу тайлбартаа:

Маргаан бүхий газрыг М......... нь Д.........гаас 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан. Энэхүү гэрээг байгуулах үед газрын хууль ёсны өмчлөгчөөр Д......... нь улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан  байсан. Уг газрыг Д.........гаас худалдан авч улсын бүртгэлд бүртгэгдсэнээр М......... нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Үл хөдлөх өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж зааснаар өмчлөгч болсон. Гэтэл өмчлөх эрхгүй Ц......... нь шүүхэд олон удаа нэхэмжлэл гаргаж, газрыг хууль бусаар буюу Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж газрыг өөрт нь өгөх ёстой гэх агуулгатай шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх хуулийн дагуу өмчлөгч болсон өмчлөгчийн эрхийг зөрчиж үнэ төлбөргүйгээр газар өмчлөх хүсэлтэй Ц.........ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01202 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ. 

                                                       ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц......... нь хариуцагч М........., Д........., Д......... нарт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, ........ сум, Даваат баг Ундарга 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрх хаяг дээр байгаа хашааны газрыг Ц........., М......... нарын нэр дээр 510 м 2 тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Ц........., М......... нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, ........ сум, Даваат баг Ундарга 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрх хаяг дээр байгаа хашааны газрыг Ц........., М......... нарын нэр дээр 510 м.кв хэмжээгээр тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2010 оны 8 дугаар сард хариуцагч Д......... нь өөрийн өмчлөлд байсан Орхон аймгийн ........ сумын  Шанд багийн 49-05 тоот,  одоогоор  Орхон аймгийн  ........ сумын  Даваат баг Ундарга 7-9 тоот  1020 м2 талбай бүхий газрын талыг буюу 510 м2 газрыг нэхэмжлэгч Ц.........т худалдахаар аман хэлцэл байгуулжээ.

 Нэхэмжлэгч Ц......... нь хариуцагч Д.........од  800.000 төгрөг өгч, нэхэмжлэгч Ц......... нь одоогийн Орхон аймгийн  ........ сумын  Даваат баг Ундарга 7-10 тоот газарт байшингаа барьжээ.

2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д......... Д......... нарын хооронд  газар худалдах,  худалдан авах гэрээ байгуулагдаж,  Д......... нь Даваат баг Ундарга 7-9 тоот  1020 м2 талбай  газрыг Д.........д 1.500.000 төгрөгөөр зарж, газрыг түүнд шилжүүлжээ.

Д......... нь тухайн газрыг Капитал банканд бэлэн мөнгөгүйн улмаас зээлийн барьцаанд газрын өмчлөх эрхийг барьцаалж байжээ.

 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д........., М......... нарын хооронд  үлд хөдлөх хөрөнгө худалдах,  худалдан авах гэрээ байгуулагдаж, Даваат багийн Ундарга  7-9 тоот хаягт байрлах 1020м2 талбайтай газрыг М.........т шилжүүлжээ.

2015 оны 08 дугаар сарын 03-нд М......... нь Орхон аймгийн  ........ сумын  20 дугаар баг Даваат Ундарга 7-9 тоот  1020 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болж, улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.

Хариуцагч Д.........,  Д......... нар нь Орхон аймгийн  ........ сумын  20 дугаар баг Даваат Ундарга 7-9 тоот  1020 м2  талбайтай газрын талыг нэхэмжлэгч Ц.........т шилжүүлэн өгөх ёстой гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн  боловч өөрсдөө 1020 м2  талбайтай газрыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр дараагийн хүмүүст шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ц......... 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д........., Д......... нарт холбогдуулан гаргасан бөгөөд газрын гэрчилгээгээ гаргаж авсан тул нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсний дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1120 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц......... нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч М.........т холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1294 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц......... давж заалдах гомдол гаргасан. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Ц........., М......... нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, ........ сум, Даваат баг Ундарга 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрх хаяг дээр байгаа хашааны газрыг Ц........., М......... нарын нэр дээр 510 м2 хэмжээгээр тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ц.........ийн гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Нэхэмжлэгч Ц.........ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээх зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц......... давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ц.........ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                             Б.БАТТӨР

Алтан