Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/01294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А

Хариуцагч: М.О

Газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.У , хариуцагчийн өмгөөлөгч М.Г , М.М , гэрч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.А иргэн М.О гээс газрын гэрчилгээ салгаж авах гэж 4 жил гуйсан. 2018 онд нотариатаар ороод жил болж байна. Газрын албаар яваад гэрчилгээ гаргуулах гэсэн боловч эх хувь хэрэгтэй гээд гаргаж өгөөгүй. Би анх Улсын бүртгэлд очно гэдгийг мэдээгүй байсан. Өөрт нь хэлсэн боловч завгүй, чадахгүй, нотариат ороод л болдог гээд утсаа ч авахаа больсон. Би газар дээрээ байшин барьсан байгаа М.О эг нь гэрчилгээгээ Банк бус санхүүгийн байгууллагад /БФ 3.17.32 тоот/ тавьсан байна. Энэ хүн барьцаанд тавьчихаад авч чадахгүй хаях буюу зарвал би хохирох гээд байна. Газрын гэрчилгээ гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Миний бие анх н.Э гэдэг хүнээс гэрээ хийхгүйгээр амаар тохирч 2010 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар багийн ДУ 1 тоот 518.3 м.кв газрыг 1 500 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг газар нь 1 020 мкв талбайтай бөгөөд нөгөө үлдсэн газар дээрээ н.Э байшин барьчихсан амьдарч байсан. Би уг худалдаж авсан газар дээрээ монгол гэр барьж, амьдарч байгаад 2011-2013 оны хооронд өвлийн блокон байшин бариад түүндээ одоо хүртэл амьдарч байна. Би н.Э оос гэрчилгээ гаргаж өгөөрэй гээд байн байн шаарддаг байсан боловч өөрийн газраа зарна тэхдээ л салгаж өгье гэдэг байсан. Удалгүй Х гэдэг хүнд зараад бид хоёрт тус тусад нь газрын гэрчилгээ салгаж гаргаж өгнө гэсэн юм. Гэтэл гэрчилгээ гаргаж өгөхгүй удаад байхаар нь би Х , Э хоёроос шаардахад Х нь өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж аваад Хас банкны зээлийн барьцаанд тавьчихсан байсан. 5 жилийн дараа зээлийн гэрээний хугацаа дуусахад салгаж өгье гэж гуйсан. Би Э той хамт нэг дор ажилладаг болохоор түүнд итгээд хүлээсэн. Тэгээд байж байтал Х гийнх 2015 онд гэнэт нүүгээд явчихсан байсан. Эхнэр нь над руу залгаад 1 дүгээр микрт байранд орсон, газраа зарчихсан шүү, та Х тай яриад газраа салгаж аваарай гэж хэлсэн. Би Х тай ярьсан чинь О эг гэдэг хүнд зарсан. Энэ хүн газрын гэрчилгээг салгаж өгнөө гэсэн. О эгийнх удахгүй нүүж ирсэн. Уулзаад ярьсан чинь бас л барьцаанд тавьсан гээд удахгүй, удахгүй гээд байсан. Тэгээд 2017 онд нөхөр маань нас барсан. Би нэг хэсэг энэ асуудлыг орхиод байж байснаа жилийн дараа шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгсөн чинь гэрчилгээ гаргаж өгөхөөр тохирсон. Тэгээд О эг бид хоёр газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийгээд би гэрчилгээг авах гэхэд О эг нь Энэ одоо чамд хэрэггүй ш дээ гэрээ хийчихсэн юм чинь болоо гээд яваад өгсөн. Би тэгээд Улсын бүртгэлийн газар очсон чинь гэрчилгээ байхгүй бол болохгүй гэсэн. Тэгээд би О эгээс гэрчилгээг авах гэсэн чинь Анагаахад сурч байгаа зун очоод салгаж өгнө дөө гээд хашаа байшиндаа ирэхгүй байсан. Өөрийнх нь хашаа байшинд дүү нь гээд нэг эмэгтэй амьдардаг болсон. Тэгээд өнгөрсөн зун уулзах гэж олон удаа оролдсон боловч надаас зугтаад олдохоо больсон. Сураг сонссон чинь БФ  гэдэг нэртэй ББСБ-д барьцаанд тавьсан байна. Тэгээд л зугтаад байсан юм билээ. Энэ хүмүүс нөхрийг минь нас барсанаас хойш намайг бүүр дээрэлхэх болсон. Өмнө нь нөхрийг минь байхад за тэгье, удахгүй гэрчилгээг чинь салгаж өгнөө л гэдэг байснаа одоо хохь чинь гэх боллоо. Би маш их гомдолтой байна. Анхнаасаа намайг хууран мэхэлсэн байна гэж бодож байна. Иймд М.О эг бид хоёрын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн газар худалдах худалдан авах гэрээг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар багийн ДУ 1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 518.3 мкв газрын өмчлөгчөөр Цэнд-Аюуш овогтой Аптантүлхүүр намайг тогтоож, Улсын бүртгэлд бүтргэж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд хандан нэхэмжлэгч Ц.А ийн нэхэмжлэлийг гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Ц.А болон М.О эг нарын хооронд газар худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй. Хэн нэгнээс газрын үнэ төлбөр аваагүй. Өөрийн өмчлөлийн газрыг бусдаас зохих үнийг нь төлж худалдаж авсан ба уг газрыг бусдад шилжүүлж өгөх боломжгүйНэхэмжлэгч Ц.А нь өөрийн газар дээрээ байшин барих эрхтэй болохоос бусдын газар дээр байшин барих эрхгүй. М.О эг нь өөрийнхөө өмчлөлийн газрыг хэн нэг этгээдээс асуухгүйгээр бусдад барьцаалах, худалдах эрхтэй бөгөөд бусдаас хууль бусаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгааг таслан зогсоохыг шаардах, газраа чөлөөлүүлэх эрхтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үүЦ.А ийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Ц.А нь Э гэдэг хүнтэй тохиролцсон тохиролцоогоо хариуцагчид холбогдуулан үүрэг хүлээсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Газар худалдах худалдах авах гэрээг түүний дарамтанд орж, хүсэл зоригоос гадуур зурагдсан. Хариуцагч нь газраа худалдах хүсэлгүй байсан боловч Ц.А ийг гуйгаад байхаар 4 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, улмаар гэрээгээ 1 500 000 төгрөг гэж бичиж гэрээ хийсэн. Тэгээд ч уг гэрээний дагуу Ц.А нь тохиролцсон газрын үнэ болох 4 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч М.О эгт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан газар худалдах худалдан авах гэрээг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, 20 дугаар баг ДУ 1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 518.3 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2010 онд Э гэдэг хүнээс хашааных нь газрын талыг 1 500 000 төгрөгөөр худалдан авч байшингаа барьсан. Э өөрийн амьдарч байсан байшинтай газраа Х д зарсан. Х банкинд тавьсан тул түр хүлээчих гээд 5 жил хүлээсэн. Дараа нь Х О эгт зарсан байсан. Энэ хашаандаа би 9 жил амьдарч байгаа бөгөөд нөхөр нас бараад сүүлийн үед орон сууц түрээслэн амьдарч байна. Газар шилжүүлж өгөхгүй байсан болохоор би шүүхэд хандсан. Х О эгтэй холбогдож газар худалдах худалдан авах тухай гэрээг нотариатаар батлуулсан. Кадастрын зураг авахуулах, гэрээний төлбөр төлөх гээд бүх зардлыг би гаргасан. Одоо уг гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сум, 20 дугаар баг ДУ 1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 518.3 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 1020 м.кв газрыг байшингийн хамтаар Х гаас байраа оролцуулан худалдаж авсан. Мөнгийг нь төлсөн учраас хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг дарамтанд орж хүсэл зоригоос гадуур байгуулсан. Ц.А гуйгаад байсан учраас 4 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч гэрээнд 1 500 000 төгрөг гэж бичүүлсэн. Тэрээр тохирсон хөлсөө төлөөгүй тул одоо газраа худалдахгүй гэж тайлбарлаж байна.

Маргаан бүхий 1 020 м.кв талбайтай газар нь анх Орхон аймгийн Баян-Өндөр сум Ш багийн 3 тоотод байрлах хаягтай гэрчээр дуудагдан ирсэн иргэн н.Э ын өмчлөлд байсан бөгөөд 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Э нь 510 м.кв талбайтай газраа /талыг нь/ Ц.А т худалдахаар зохигчид аман хэлцэл байгуулан газрын төлбөрт Ц.А 1 500 000 төгрөг төлсөн гэж, гэрч Э 800 000 төгрөг авсан гэж мэдүүлж байна. 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Э нь өөрийн өмчлөлийн газар /510 м.кв/ байшингаа иргэн Х д худалдсан бөгөөд гэрчилгээнд байгаа 1 020 м.кв-аас талыг нь Ц.А т шилжүүлэх талаар хэлсэн бөгөөд Х Хас банкны зээлийн барьцаанд тавьсан учраас зээл төлж дуустал хүлээх шаардлагатай гэж талууд тохиролцсон байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сум Ш багийн 3 тоот хаягт байрлах 1 020 м.кв талбайтай газар нь одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, 20 дугаар баг ДУ 7-9 тоот, 1 тоот хаягтай болсон талаар талууд маргаагүй.

Ийнхүү Х М.О эг нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаар одоогийн өмчлөгч нь М.О эг болсон. Өмчлөгч дахин солигдсоноор нэхэмжлэгч Ц.А өөрийн өмчлөлдөө газраа шилжүүлэхээр Э , Х нарт холбогдуулан тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.

Эвлэрүүлэн зуучлагчаас өргөдлөө буцаасан үндэслэл нь газрыг өгөхөөр тохирсон тул 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М.О эгтэй газар худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж 518.3 м.кв газрыг шилжүүлэхээр болсон. Улсын бүртгэлд хандахад гэрчилгээг эх хувиар шаардсан энэ үед хариуцагч М.О эг анагаахад сурдаг завгүй, зун очоод салгаад өгнө гэж байснаа Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавьсан байсан. Иймд бидний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний дугуу шаардаж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарладаг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талууд худалдах худалдан авах тухай гэрээгээр газрын үнийг 1 500 000 төгрөг гэж тохирч төлбөр тооцоо дууссан гэжээ. Гэтэл бодит байдал дээр Ц.А ээс уг мөнгийг М.О эгт төлөөгүй бөгөөд анх Э оос худалдан авсан үнээ бичсэн, мөнгө төлөх үүрэггүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх 1 020 м.кв талбайтай байшинг Х гаас 18 000 000 төгрөгөөр авсан бидний хоорондын тооцоо дууссан бөгөөд Ц.А ийн өмнө үүрэг хүлээгээгүй, гэрээг дарамтанд орж байгуулсан, Ц.А ийн гуйснаар 4 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч мөнгөө өгөөгүй тул одоо худалдахгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа бол хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд М.О эг, Ц.А нарын хооронд газар худалдах худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь зохигчдын тайлбар, гэрч Э ын мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэв. Гэрээ хүчин төгөлдөр бус тул худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Хариуцагч М.О эг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...Ц.А гуйсан учраас 4 000 000 төгрөгөөр газрыг худалдахаар тохирсон, ...дарамтанд орж гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг нотолсон баримтгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул Орхон аймгийн Баян-Өндөр сум, 20 дугаар баг ДУ 1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 518.3 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай хариуцагч М.О эгт холбогдох нэхэмжлэгч Ц.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ