Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00704

 

П ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/02898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй

ХариуцагчБ.Б-д холбогдох,

Гэм хорын хохиролд 26,310,075 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: П ХХК ньБ.Б-д холбогдуулан

1.1.Сүүлчийн шинжээчийн үнэлгээ болох 24,020,075 төгрөг

1.2. Анх гаргасан шинжээчийн хөлс 1,080,000 төгрөг,

1.3. Нотариатын зардал 10,000 төгрөг,

1.4. Сүүлчийн шинжээчийн зардал 1,200,000 төгрөг, нийт 26,310,075 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

П ХХК нь автомашин түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, Олон улсын стандарт, франчайзын дагуу автомашин түрээслүүлэгч бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөрБ.Б- хүсэлт гаргасны дагуу түүнд УАЗ Патриот маркийн 4210 УБХ улсын дугаартай автомашиныг 1 өдрийн 117,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Автомашиныг хүлээлцэх актаар бүрэн бүтэн хүлээлгэж өгч,Б.Б- гарын үсэг зурсан. ГэтэлБ.Б- мөн өдрөө уг машиныг унаж яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 23-71 УНН улсын дугаартай автомашиныг мөргөж манай компанид хохирол учруулсан.

Уг асуудлаар Налайх, Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж,Б.Б-г Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоож, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3100027180018333 дугаартай шийтгэх хуудсаар 100,000 төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан.Б.Б-н буруутай үйлдлийн улмаас компанийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 5 дугаар сард худалдан авсан, УАЗ Патриот маркийн автомашинд засвар үйлчилгээний зардалд 28,907,745 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд 1,080,000 төгрөг, нотариатын хөлс 10,000 төгрөг, нийт 29,997,745 төгрөгийн хохирол учирсан. Хохиролтой холбоотой  зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХЭ ХХК-аар дүгнэлт гаргуулсан. Шүүх дээр хөдөлгүүр буюу мотор, чулак буюу хөдөлгүүрийн дээр суурилагддаг хэвтээ хөндлөн эд анги, рам зэргийн үнэлгээтэй холбоотой маргасан. Энэ машин нь 2018 оны 4 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, 6 дугаар сард Монгол Улсад цоо шинээрээ орж ирсэн, 10 дугаар сард осолд орсон тул элэгдэл хорогдол гэж байхгүй. Машин баруун талаасаа мөргөгдөж, Буянт-Оюу авто засварын газрын оношилгоогоор мотор зуурч гацсан, чулак нь гулзайсан, доод эд анги нь мөргөлдсөний улмаас засахаас өөр аргагүй болсон нь тогтоогдсон. Шинэ эд анги авахаас өөр аргагүй болсон. Монгол Улсад УАЗ маркийн автомашины албан ёсны худалдааны газар байхгүй, цоо шинэ эд ангийг зөвхөн үйлдвэрлэгчээс л авах тул хөрөнгө үнэлж байгаа компаниуд үйлдвэрлэгчийн болон олон улсын жишгийг харгалзаж үнээ тогтоосон. Тус автомашиныг 51,000,000 төгрөгөөр худалдаж аваад, лизинг төлдөг байсан, 2018 онд түрээсэнд яваагүй, ямар ч ашиг олохгүй, лизинг төлөөд байсан тул 29,000,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед мотор дээр суурилагддаг эд анги буюу хөндлөн эд анги нь баруун талаасаа мөргүүлэхэд гулзайгаад мотороо цохичихсон байхад мотороо дахин асааснаас болж эвдэрсэн. Түүнээс биш мөргөлдөөд мотор эвдэрсэн биш, ослын улмаас даамжраад эвдэрсэн тул солих шаардлагатай болсон, энэ хариуцлагыгБ.Б- хүлээх ёстой. Шинжээчийн дүгнэлтийн хувьд бид эхний болон сүүлийн дүгнэлтийг аль алийг нь хүлээн зөвшөөрдөг боловч сүүлийн шинжээчийн үнэлгээ болох 24 020 075 төгрөгийг нэхэмжлэлийн үндэслэл болгож байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хариуцагч гэм хорын асуудал тодорхойгүй ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 16 гэмтлийн 13 гэмтлийн 7,561,308 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Харин урд чулак, рам, хөдөлгүүр зэрэг эд ангиудыг солих хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Налайх дүүргийн прокурорын зүгээс мөрдөгч н.Дашдорж хэргийн газрын үзлэгийг дахин хийх даалгаврыг биелүүлээгүй учир арга хэмжээ авсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.Тус хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гарсан.

Эхний шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал өөрсдийн таньдаг компаниараа машиныг авч явж гаргуулсан дүгнэлт байсан, захиалагч Налайх дүүргийн Цагдаагийн алба гэж бичсэн байдаг боловч уг албанаас энэхүү ХЭ ХХК-ийн дүгнэлтийг бид захирамж гаргаж явуулаагүй гэсэн хариу ирсэн. Энэ машин маш бат бөх, хуучны УАЗ 469 маркийн авто машины дараагийн загвар бөгөөд тус машинтай шүргэлцсэн приус автомашинд 1,300,000 төгрөгийн хохирол учирсан байхад уг машины хөдөлгүүр, рам, чулак 3 эвдрэхгүй. Нэхэмжлэгч тал нотлох баримтын шаардлага хангахгүй үнэлгээчдийг сонгож нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна. Сүүлд томилогдсон хөрөнгийн хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Бүрэлдэхүүнтэй томилогдсон шинжээчийн дүгнэлтээс С.У- шинжээч бидний хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсгүүдийн талаар мэдүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн тайлбараас бүрэлдэхүүнтэй томилсон шинжээчийн дүгнэлт, зурган байдлаас нь дүгнэсэн н.У- шинжээчийн дүгнэлттэй адилхан байдлаар гарсан учраас энэ шинжээчийн дүгнэлтийг хүчинтэй гэж ойлгож болно. Өөрсдөө машинаа булааж зугтаачхаад, одоо тэр машинаа зарчихсан байж яаж дүгнэлт гаргуулах юм. Хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан хөрөнгийн үнэлгээний төвийн “...гэрэл зургаас харахад баруун талын их гэрэл нь задарч унаагүй, урд гупер эвдрээгүй, копут гэмтээгүй, тийм учраас жолооны аппаратны иж бүрдэл, кардан, гол урд чулак, хөдөлгүүрийн үндсэн рам гэсэн эд ангиуд эвдрэлд ороогүй нь харагдаж байна гэсэн” С.У- шинжээчийн дүгнэлт бусад шинжээчийн дүгнэлтээс хамгийн ойрхон, сайн гарсан дүгнэлт, үүнийг мэргэшсэн 24 жил шинжээч хийсэн хүн хүртэл хэлээд байна. Нэхэмжлэгч тал түлхүүр түлхсэн асуудал яриад байна, яг үнэнийг хэлэхэд эдний инженер түлхүүрийг нь түлхсэн.Б.Б- 16 жил машин зарж байсан, осол болоход түлхүүр түлхэж болохгүй гэдгийг хамгийн түрүүнд мэдэх хүн. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагчБ.Б-гаас 25,220,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,090,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 284,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг талыг баримтлан туйлын үнэн мэтээр үнэлж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Учир нь тухайн хэрэг анхБ.Б- нь П ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан автомашиныг ашиглах явцдаа 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зам тээврийн осолд орж авто машины тодорхой эд эд ангиуд эвдэрсэн байдаг. Осол болсон өдөр П ХХК-аас зохих албаны этгээд ирээд осолд орсон авто машины астатерийг дарж асаан хэргийн газраас мөрдөгчийн зөвшөөрөлгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд авто машиныг цагдаагийн байгууллагын хяналтад байлгах ёстой байтал дур мэдэн авч яваад Хэрэг мөрдөгчийн тогтоолгүйгээр өөрсдөө хамаарал бүхий үнэлгээний дүгнэлт гаргах эрхгүй ХЭ ХХК-аар дүгнэлт гаргуулсан. Шүүх МХХҮХ ГҮТББ-ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийн шинжилгээний хөрөнгийн мэдээлэл гэсэн хэсэг дэх хохирлын үнэлгээ хийлгэж буй 4210 УБХ улсын дугаартай УАЗ Патриот марк загварын 2018 онд үйлдвэрлэсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслэлийг нэхэмжлэгч тал зам тээврийн осолд орсон төлөв байдалтайгаар худалдагдсан гэх тул тухайн авто машины гэмтсэн эд ангийн эвдрэлийн зэргийг гэрч П ХХК-ийн механикаар ажиллаж байсан С.Сайнболд, ХЭ ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Батзаяа нараас авто оношлогооны дүгнэлт, Иркутск-Автоваз-ийн үнийн санал, үзлэг хийсэн нөхцөл байдлын талаар тодруулга авч, фото зургуудыг үндэслэж тогтоосон болно гэсэн дүгнэлтйиг бодит дүгнэлт гэж үзэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлжээ. Тухайн дүгнэлт нь нэхэмжлэгч байгууллагын механик ажилтай С.Сайнболдын тайлбарыг баримталсан нь тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй этгээд нөлөө бүхий этгээд байсныг шүүх үнэлсэнгүй мөн ХЭ ХХКомпаны гаргасан дүгнэлт нь мөрдөгчийн тогтоолгүй нэхэмжлэгчийн өөрийн хамаарал бүхий компаниар дүгнэлт гаргуулж хууль зөрчсөн, “Иркутск-Автоваз-ийн үнийн санал нь жинхэнэ үйлдвэрлэгчийн үнийн санал биш бөгөөд сэлбэг дамжуулан борлуулагчийн үнийн санал байсан Фото зургийг үндэслэсэн нь өөр шинжээчийн дүгнэлттэй тохирохгүй байгааг Нөгөө талаас Налайх дүүргийн Замын цагдаагийн газрын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон актын тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг тогтоох хэсгийн урд гупер, баруун урд крило, баруун урд гэрэл, урд доод агрегат гэх гэсэн тэмдэглэлийг анхаарч үзээгүй шинжээчийн дүгнэлтийг баримталсан нь хуульд нийцэхгүй байна. Нөгөө талаас шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9943 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилсон бөгөөд ХҮТ ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 299 тоот дүгнэлтээр УАЗ Патриот маркийн 4210 УБХ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнийг 3,010,000 төгрөгөөр тогтоосныг шүүх хуралд гэрч ХҮТ ХХК-ийн үнэлгээчин Ж.У- би 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр энэ машины талаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Автомашиныг бодитоор үзье гэсэн боловч олдоогүй. Энэ машины одоогийн тоноглол нь өөр болохоос оросын УАЗ-469 л гэсэн үг. Зөв талдаа жолооны хүрдтэй машины жолооны механизм эвдэрсэн, копут эвдэрсэн, мотор эвдэрсэн, чулак эвдэрсэн гэж бусад шинжээчийн дүгнэлт бичсэн байсан. Гэтэл энэ машины баруун гар талаас нь мөргөсөн учир тэрхүү нөхцөлд нөлөөлөхгүй. Моторт өөрчлөлт гараагүй, хавтаст хэрэгт авагдсан машины баруун талаас авсан зургаас хархад их гэрлийн шил хагарсан боловч газарт үйрч унаагүй, тэр мөргөсөн приус машиных нь хаалга нь хонхойсон байсан. Тэгэхээр “МХХҮХ” ГҮТББ-ын үнэлгээний материалд илүү зүйл орсон байн, нэг талыг барьсан гэж би дүгнэж байна. Шүүх хариуцагч тал шинжээч томилох хүсэлт гаргаагүй гэж дурдсан байна шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр хариуцагч тал авто машины мотор, чулак, рам зэрэг эд ангиуд эвдрээгүй тул дээрх гэмтлүүдийг хохиролд тооцохгүй гэсэн итгэл үнэмшлээр шүүх хуралд орж энэ байдлаа тайлбарласан. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилсон 1,200,000 төгрөгийн зардлыг хариуцагч талаас гаргасан нь хүсэлт гаргасан тал нь зардлыг хариуцах ёстой гэсэн хуулийн зарчмыг зөрчсөн байна. Дээрхээс үзэхэд шүүхийн баримталсан шинжээчийн дүгнэлт нь илт хууль зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-д зааснаар нотлох баримт үнэн зөв байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд шинжээчийн дүгнэлтүүдийн хохирлын талаарх эрс зөрүүг арилгах үүднээс дахин шинжээч томилж зөрүүг арилгах үүднээс хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхэд гаргасан ХЭ ХХК, хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтүүд эргэлзээтэй байсан учир сүүлд Монголын хөрөнгө үнэлгээчдийн холбооны эцэслэн гаргасан дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Хариуцагч талаас 3 дахь үнэлгээний байгууллагын дүгнэлт эргэлзээтэй байсан бол энэ талаар маргах эрх нь байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан баримтуудыг бүх талаас нь бодитойгоор үнэлж гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагчБ.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд

1.1. Сүүлчийн шинжээчийн үнэлгээ болох 24,020,075 төгрөг

1.2. Анх гаргасан шинжээчийн хөлс 1,080,000 төгрөг,

1.3. Нотариатын зардал 10,000 төгрөг,

1.4. Сүүлчийн шинжээчийн зардал 1,200,000 төгрөг, нийт 26,310,075 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 7,561,308 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1, 25/

 

А. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

А.1. УАЗ Патриот маркийн 42-10 УБХ улсын дугаартай автомашины эзэмшигч нь П ХХК байсан үйл баримтад талууд маргаангүй. /хх5/

 

А.2. П ХХК болон АНУ-ын иргэн Илья Александреевич Мельников, хариуцагчБ.Б- нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ байгуулагдсан. /хх134/

 

А.3. УАЗ Патриот маркийн 42-10 УБХ улсын дугаартай автомашиныгБ.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр жолоодож явахдаа 23-71 УНН улсын дугаартай Тоёота приус автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан баримт авагдсан./хх131/

 

А.4. Хэрэгт дээрх УАЗ Патриот маркийн 42-10 УБХ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын талаар 3 удаагийн үнэлгээ, дүгнэлт авагджээ. Үүнд:

ХЭ ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээг 28,907,745 төгрөгөөр тогтоосон.

        /хх10-15/

Шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9943 дугаар захирамжаар томилогдсон шинжээч ХҮТ ХХК нь автомашинд учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнийг 3,010,000 төгрөгөөр тогтоосон. /хх141-146/

 

Дахин шинжилгээ хийсэн “МХХҮХ” ГҮТББ-ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр маргаан бүхий тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нийт 24,020,075 төгрөгөөр тогтоожээ. /хх189-204/

 

А.5. Хариуцагч нь сүүлд хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 16 төрлийн гэмтлээс 13 төрлийн гэмтэлд хамаарах 7,561,308 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрчээ./хх238/

 

В.Зохигчид маргааны зүйл болох автомашины моторын эд анги болох урд чулак 2 977,000 төгрөг, рам 4,763,402 төгрөг, хөдөлгүүр 8,717,000 төгрөг, нийт 16,450,767 төгрөгийн эд ангиудыг эвдэрч, солих хэмжээний болсон эсэх, сольсон эсэхэд маргаж байна.

 

Зам тээврийн ослыг шалган бүртгэсэн Налайх дүүргийн Замын цагдаагийн газрын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн актын тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг тогтоох хэсэгт урд гупер, баруун урд крило, баруун урд гэрэл, урд доод агрегат гэх тэмдэглэл хийгдсэн. /хх131/

 

Хэрэгт 3,010,000 төгрөг, 24,020,075 төгрөг гэх эрс зөрүүтэй шинжээчдийн дүгнэлт авагдсан байгааг анхан шатны шүүхээс анхаарч дүгнээгүй, хэргийн гол үйл баримт болох хохирлын хэмжээ тодорхой бус, эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь “29,000,000 төгрөгөөр худалдсан” гэх нэг талын тайлбарыг гаргасан боловч энэ талаар баримт авагдаагүй байна. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгч “10 гаруй сая төгрөгөөр зарсан байх, баримт байхгүй” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч тал “машиныг яг байгаа байдлаар нь засварлаагүй, 10 хэдэн сая төгрөгөөр зарсан” талаар тайлбарлажээ. /хх238/

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээний объект нь шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх, эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байхыг шаардахаас гадна мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийхээр байна.

 

Хэрэгт 3,010,000 төгрөг, 24,020,075 төгрөг гэх эрс зөрүүтэй дүгнэлтүүд авагдсан байхад дээрх ажиллагааг хийлгээгүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн “эрс зөрүүг арилгах үүднээс дахин шинжээч томилоогүй” гэх давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/02898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БЯМБАСҮРЭН

 

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД