Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/00071

 

Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2016/01034 дүгээр шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Энхнаранд холбогдох,

891 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Л.Энхнаран нь 99271540 дугаарын утаснаас залгаж, гар утас зээлээч гэсэн, энэ өдөр бид хоёр утсаар ярьж тохиролцоод 2 881 000 төгрөгний гар утсыг зээлж авсан, захисан утсыг Эрдэнэтийн тендерийн машинд өгч явуулсан. Үүнээс хойш 2 881 000 төгрөгнөөс 2 150 000 төгрөгийг Хаан банкны 5069040776 тоот дансанд хийсэн. Үлдэгдэл 731 000 төгрөгийг нэхсэн боловч олон шалтгаан тоочиж өдийг хүртэл өгөөгүй. Үүнээс болж 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэт хотод ирж тус аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Дахин 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн.Иймд Улаанбаатар Эрдэнэт хотын хооронд машинд бензин хийсэн 160 000 төгрөгний зардлыг нэмэн нийт 891 000 төгрөгний хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Оюунгэрэл бид хоёр 2016 оны 3 сараас эхлээд 4 сар хүртэл 6 удаа утас авч өгөлцсөн. Хамгийн эхэлж 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 895 000 төгрөгийн үнэтэй 7 ширхэг утас, 3 дугаар сарын 21-ний өдөр 1 940 000 төгрөгийн үнэтэй 12 утас, 03 дугаар сарын 26-ны өдөр 1 315 000 төгрөгийн үнэтэй 10 утас, 3 дугаар сарын 29-ний өдөр 1 510 000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг утас, 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 990 000 төгрөгөнд 15 ширхэг утас, 4 дүгээр сарын 09-ний өдөр 2 665 000 төгрөгийн үнэтэй 26 ширхэг утас авсан.Сүүлд авсан зарим утаснууд нь эвдэрхий байсан болохоор 4 дүгээр сарын 11-ний өдөр эвдэрхий 5-н утсан дээр нь өөрийнхөө нэг утсыг нэмж 6 утас буцааж явуулсан. Би утас авч байх хугацаандаа нийтдээ утасны мөнгө гэж 10 000 000 төгрөг шилжүүлсэн.Миний тооцоогоор 280 000 төгрөгийн үлдэгдэл байсан. Тухайн үед тэр мөнгийг нь өгнө би чамаас утас авахаа болъё гэж хэсэн чинь уурлаад байхаар нь би нөхрийнхөө таньдаг дүүг гуйгаад эвдэрхий утсыг хот руу өгч явуулсан. Одоо би Б.Оюунгэрэлд төлөх ямар нэгэн төлбөр байхгүй. Үлдэгдэл мөнгөнд нь буцааж эвдэрхий утаснуудыг нь өгч явуулсан. Мөн тэр хүн Эрдэнэтэд ирсэн гээд байгаа боловч ирээгүй. Хэрэв ирсэн бол над дээр ирж уулзах байсан. Мөн бензиний мөнгийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1034 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Энхнарангаас 731 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхнарангаас 22 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1034 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Б.Оюунгэрэлийн 891 000 төгрөгийг хариуцагч Л.Энхнарангаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Иргэн Л.Энхнаран нь анх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ирж, “Чамайг утас бөөнддөг гэсэн. Утас авах гэсэн юм. Ямар ямар утас байна” гээд асуугаад явсан. Дараа нь Монтел гар утасны худалдааны төвд орж ирэн “Утас авах гэсэн чинь манай нөхөр машин авчихлаа. Мөнгөгүй болчихлоо. Боломжтой бол утас зээлж өгөөд явуулаач” гэсэн тул 895 000 төгрөгийн утас зээлээр өгч явуулсан бөгөөд үүнээс хойш мөнгийг нь цаг тухайд нь хийж байсан.Дахин утас захиж өөрөө ямар ямар маркийн утас байгааг асууж залгадаг болсон. Иргэн Б.Оюунгэрэл би захисан утсыг нь бэлдэж төв вокзалаас тендерийн унаагаар өгч явуулдаг байсан. Утсаар Л.Энхнарантай харилцан ярьж утасны маркаа тохиролцож байгаад 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2 665 000 төгрөгийн утас авч, урьдын утасны үлдэгдэл мөнгө болох 181 000 төгрөг нэмэгдсэн....Миний тооцоогоор Л.Энхнарангаас авах мөнгө нь яг тулж байсан. Тэгтэл Л.Энхнаран нь “Чиний утаснаас болж хүмүүстэй зодолдож, цагдаагийн газраар явсан, бас миний нүүрийг маажсан болохоор чиний мөнгийг өгмөөргүй байна” гэсэн. Л.Энхнаран нь “Чиний эвдэрхий S2-1 ш, J7-2ш утаснууд чинь байна” гэж хэлсэн учир би “Тэр эвдэрхий утаснуудаа хот руу явуул” гэж хэлсэн. Л.Энхнарангаас авах утасны тооцоо нийт 791 000 төгрөг нэхэмжилсэн. Л.Энхнаранг Эрдэнэтийн цагдаад өгч шалгуулсан. Дараа нь Орхон аймгийн Иргэний хэргийн шүүхэд хандсан. Эрдэнэт рүү нийт 4 удаа хувийн унаагаар очсон. Л.Энхнаран нь надтай мессеж бичиж үлдэгдэл мөнгөө хүлээн зөвшөөрсөн мессеж ирүүлсэн боловч түүнээс хойш утсаа аваагүй.Давж заалдах шатны шүүх хуралдаан нь зөвхөн Л.Энхнарангийн шийдвэрийг харгалзан үзсэн байна. Л.Энхнаран нь 4 ширхэг утас өгч явуулсан гэж худал хэлсэн. Л.Энхнарантай холбоотой баримттай, нотолгоотой бүх баримт цагдаа, шүүхэд бүгд байгаа. Иймд миний бие давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх хүсэлтэй байгаа тул миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй боловч маргаантай эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээр Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл Улаанбаатар хотод, хариуцагч Л.Энхнаран Орхон аймагт гар утасны худалдаа хувиараа эрхэлдэг бөгөөд хариуцагч Л.Энхнаран нь нэхэмжлэгч Б.Оюунгэрэлээс гар утас авч, Орхон аймагт худалдсаны дараа төлбөрийг нэхэмжлэгчид гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд зохигчид уг харилцааны талаар маргаагүй ажээ.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл хариуцагч Л.Энхнаранд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ гар утасны төлбөрийн дутуу 731 000 төгрөгийг, өөрт учирсан хохирлын 160 000 төгрөгийн хамт нийт 891 000 төгрөг шаарджээ. Хариуцагч Л.Энхнаран шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзсан байна.

Хариуцагч Л.Энхнаран нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ шүүхэд өгсөн бичгийн тайлбартаа “бидний хамгийн сүүлийн тооцоо Б.Оюунгэрэлийн өөрийн гараар бичсэн ... падаан дээр “4 утас буцаалт” гэсэн тооцоо дутууг Б.Оюунгэрэл сайн мэдэж байгаа” гэсэн бол цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа “Би энэ хугацаанд Оюунгэрэлээс зээлээр авсан гар утаснуудынхаа мөнгийг бүгдийг нь өгсөн. Харин 731 000 төгрөг нь Оюунгэрэлийн надад зарсан гар утаснууд эвдэрч буцаж ирээд байхаар нь би Оюунгэрэлд үлдэгдэл мөнгийг чинь буцааж өгөхгүй, би чамаас болж алдагдалд орсон гэж хэлсэн юм”, “Мөн надад зарсан гар утаснууд нь зах бөөний ханшнаас өндөр үнэтэй, надад ашиг гаргахгүй байсан учраас би энэ тухайгаа Оюунгэрэлд хэлэхэд заавал дутуу мөнгөө авна ... гээд байсан болохоор би гар утасны үлдэгдэл 731 000 төгрөгийг өгч чадахгүй гэж Оюунгэрэлд утсаар ярьж, өөрт нь хэлсэн юм” гэжээ \хх-ийн 13, 35 дугаар тал\

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нийт 84 ширхэг 10 315 000 төгрөгийн гар утас авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч 10 гаруй сая төгрөг болон 11 гар утас буцаан өгсөн болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлээс 731 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Үүргийн харилцаанд үүрэг гүйцэтгэгч тал үүргээ гүйцэтгэсэн болохоо нотлоогүй бол үүрэг хүлээх учиртай тул нотлогооны үүргийг хариуцагчид ногдуулсаныг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Зохигчид нэхэмжлэгчээс шилжүүлсэн гар утасны тоо, хэмжээний талаар маргаагүй, харин хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгсөн утас, төлбөрийн талаар маргасан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 160 000 төгрөгийн шаардлагыг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Хариуцагч Л.Энхнаран гар утсыг авч борлуулсаны дараа нэхэмжлэгчид төлбөр төлдөг байсан зохигчдын харилцаа нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний зарим шинжийг агуулж байгаа хэдий ч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарахгүй юм. Худалдаж буй эд хөрөнгийн төлбөрийг тухайн эд хөрөнгийн шилжүүлэн авсны дараа төлөх талаарх тохиролцоо бүр зээлээр худалдах-худалдан авах гэрээ болдоггүй бөгөөд зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.   

Дээрх үндэслэлээр  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2016/01034 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 26 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН