Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 01034

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 04 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01034                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо 103-54 тоотод оршин суух Халхайн овгийн Баасандоржийн Оюунгэрэлийн /регистрийн дугаар ХК88012269/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1989 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 26-12 тоотод оршин суух, Боржгин овгийн Лутбаатарын Энхнаранд /регистрийн дугаар ФА89072302/ холбогдох 891 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Л.Энхнаран, гэрч Ц.Баасанжаргал, М.Мөнх-Ундрал, нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Л.Энхнаран нь 99271540 дугаарын утаснаас залгаж гар утас зээлээч гэсэн, энэ өдөр бид хоёр утсаар ярьж тохиролцоод 2 881 000 төгрөгний гар утсыг зээлж авсан, захисан утсыг Эрдэнэтийн тендерийн машинд өгч явуулсан. Үүнээс хойш 2 881 000 төгрөгнөөс 2 150 000 төгрөгийг Хаан банкны 5069040776 тоот дансанд хийсэн. Үлдэгдэл 731 000 төгрөгийг нэхсэн боловч олон шалтгаан тоочиж өдийг хүртэл өгөөгүй. Үүнээс болж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэт хотод ирж тус аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Дахин 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Иймд Улаанбаатар Эрдэнэт хотын хооронд машинд бензин хийсэн 160 000 төгрөгний зардлыг нэмэн нийт 891 000 төгрөгний хохирлыг гаргуулж өгнө үү”” гэжээ.

Хариуцагч Л.Энхнаран шүүхэд гаргасан тайлбартаа: “Л.Энхнаран надаас 731 000 төгрөг гаргуулахаар Б.Оюунгэрэл нь анх Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Орхон аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай шүүхэд гаргаж байгаа Б.Оюунгэрэл өргөдөлдөө бичсэн байна.

Б.Оюунгэрэлтэй зээлээр утас авч, тооцоог цаг хугацаанд нь хийж байсан. Энэ талаар цагдаад тайбар өгсөн. Бидний хамгийн сүүлийн тооцоо Б.Оюунгэрэлийн өөрийн гараар бичсэн 2 695 000 төгрөгийн падаан дээр 4 утас буцаалт гэсэн тооцоо дутууг Б.Оюунгэрэл өөрөө сайн мэдэж байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б.Оюунгэрэл рүү 6 утас явуулсан. Энэ утаснуудад Даваасүрэнгийн “Жи 3” утсыг код гаргуулна гэж хамт явуулсныг буцааж өгөөгүй. Миний тооцоогоор 875 000 төгрөгийн тооцоо байгаа бөгөөд миний зүгээс Б.Оюунгэрэлд төлөх төлбөр байхгүй болно. Бүх тооцоогоо хамтдаа байж нийлэх, тулгах боломжоор хангаж, өгөхийг шүүхээс хүсч байна.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Л.Энхнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оюунгэрэл бид хоёр 2016 оны 3 сараас эхлээд 4 сар хүртэл 6 удаа утас авч өгөлцсөн. Хамгийн эхэлж 2016 оны 3 дугаар сарын 16-нд 895 000 төгрөгийн үнэтэй 7 ширхэг утас, 3 дугаар сарын 21-нд 1 940 000 төгрөгийн үнэтэй 12 утас, 3 дугаар сарын 26-нд 1 315 000 төгрөгийн үнэтэй 10 утас, 3 дугаар сарын 29-нд 1 510 000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг утас, 4 дүгээр сарын 5-нд 1 990 000 төгрөгөнд 15 ширхэг утас, 4 дүгээр сарын 9-нд 2 665 000 төгрөгийн үнэтэй 26 ширхэг утас авсан. Сүүлд авсан зарим утаснууд нь эвдэрхий байсан болохоор 4 дүгээр сарын 11-нд эвдэрхий 5-н утсан дээр нь өөрийнхөө нэг утсыг нэмж 6 утас буцааж явуулсан. Би утас авч байх хугацаандаа нийтдээ утасны мөнгө гэж 10 сая төгрөг шилжүүлсэн. Миний тооцоогоор 280 000 төгрөгийн үлдэгдэл байсан. Тухайн үед тэр мөнгийг нь өгнө би чамаас утас авахаа болъё гэж хэсэн чинь уурлаад байхаар нь би нөхрийнхөө таньдаг дүүг гуйгаад эвдэрхий утасыг хот руу өгч явуулсан. Одоо би бол Оюунгэрэлд төлөх ямар нэгэн төлбөр байхгүй. Үлдэгдэл мөнгөнд нь буцааж эвдэрхий утаснуудыг нь өгч явуулсан. Мөн тэр хүн Эрдэнэтэд ирсэн гээд байгаа боловч ирээгүй. Хэрэв ирсэн бол над дээр ирж уулзах байсан. Мөн бензиний мөнгийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл хариуцагч Л.Энхнарангаас зээлээр худалдсан гар утасны үнийн үлдэгдэл 731 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол буюу замын зардал 160 000 төгрөг, нийт 891 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шаардлага гаргасан.

Хариуцагч Л.Энхнаран шүүх хуралдаанд “...би Б.Оюунгэрэлээс 2016 оны 03 дугаар сараас эхлээд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний хооронд гар утас аваад үнийг нь төлж дуусгасан. Эвдэрхий нийт 11 гар утсыг буцааж өгсөн.Тиймээс нэхэмжлэгчид төлөх төлбөргүй” гэсэн тайлбар гаргасан.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчид хэн аль нь гар утас зээлээр авсан, өгсөн тухайд маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч “...Би Л.Энхнаранд гар утас зээлээр өгч мөнгийг нь авдаг байсан. Сүүлд Л.Энхнаран над руу залгаад хэдэн утас нэмж зээлээч гэхээр нь 2 881 000 төгрөгийн утас нэмж өгсөн. Үүнээс 2 150 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 731 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн, үүнийг нэхэмжилнэ” гэж, хариуцагч “....Б.Оюунгэрэлээс нийт 84 ширхэг 10 315 000 төгрөгийн утас аваад 10 гаруй сая төгрөгийг төлж эвдэрхий нийт 11 гар утсыг буцааж өгсөн.Тиймээс нэхэмжлэгчид төлөх төлбөргүй” гэж маргаж байгаа.

Хэрэгт авагдсан хариуцагч Л.Энхнарангийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас Л.Энхнаран нь нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн нөхөр гэх Э.Мөнхбаатарын Хаан банкны 5069040776 дугаарын данс руу нийт 9 578 800 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нийт 84 ширхэг 10 315 000 төгрөгийн утас авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, харин 10 гаруй сая төгрөг буцааж өгсөн болохоо, мөн 11 ширхэг эвдэрхий утас буцааж өгсөн болохоо нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагч Л.Энхнарангаас 731 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд олгох үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагчийн авсан гэж хүлээн зөвшөөрсөн утасны үнэ 10 315 000 төгрөгнөөс түүний буцаан төлсөн, дансны хуулгаар тогтоогдож байгаа 9 578 800 төгрөгийг хасахад 736 200 болж байгаа боловч нэхэмжлэгч утасны үнэд 731 000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэв.

Хариуцагчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Ц.Баасанжаргал мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул түүний мэдүүлгийг нотлогооны ач холбогдолтойд тооцож үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Эрдэнэт хот руу ирж очих шатахууны зардал 160 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Энхнарангаас 731 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхнарангаас 22 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА