Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00702

 

 

Д.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00529 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч БХЗХТБАА-нд холбогдох,

 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 00 тоот 3 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

      Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

1.2. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 00 тоот 3 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг даалгах.

Төлбөр төлөгч Д.М-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 00 тоот 3 өрөө орон сууцыг 2019 онд дуудлага худалдаагаар оруулахаар 84,280,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэж 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/01 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гарсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “...төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ...орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ... гэснийг зөрчсөн. Мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 153,825,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Одоогийн зах зээлийн ханш 30 хувиар өссөн байна.

Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй тул дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр Б.А-, Д.М- нараас 95,074,246 төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029102 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.А-, Д.М- нар нь сайн дураар төлбөрийг төлөөгүй тул 3 өрөө сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Д.М- нь үнэлгээтэй холбогдуулж 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02325 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2108 дугаар магадлалаар үнэлгээг хэвээр үлдээж, Д.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/000994 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Д.М-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205029102 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 00 тоот 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 11/01 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Д.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг битүүмжлэх, хураан авах тогтоол үйлдээд 1 сарын дотор эд хөрөнгийн үнэлгээг тухайн зах зээлийн үеийн ханшаар үнэлүүлсэн гэдэг боловч хэт доогуур үнэлгээ хийлгэсэн байсан тул бид хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болов нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5 дахь хэсэгт “...эд хөрөнгийн үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж тус тус зохицуулсан байна. Дээрхээс үзвэл эд хөрөнгөнд үнэлгээ хийхдээ орон нутгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлгээ хийхийг хуульчилсан байна. Мөн үнэлгээ хийгдсэнээс хойш 6 сараас багагүй хугацааны дараа эд хөрөнгийн үнэ ханшид өөрчлөлт орсон тохиолдолд дахин үнэлгээ хийж болохоор хуульчилсан байна.

Гэтэл шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дахин үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна, үнэлгээнд өөрчлөлт орсон баримт  гаргаагүй учир дахин үнэлгээ хийлгэх үндэслэлгүй байна, “Анхны албадан дуудлага явуулах тухай тогтоол” гарах үед эд хөрөнгийн зах зээлийн ханш 30 хувиар өссөн нь тухайн үед тогтоогдоогүй байна гэж дүгнэж байгаа нь бодит байдалд болон хуульд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үнэлгээ хийх хугацааг 1 сар гэж заасан байх ба үүнээс хойш эд хөрөнгийн үнэ ханшид 30 хувиас багагүй хувийн өсөлт гарвал 6 сараас багагүй хугацаанд дахин үнэлгээ хийхээр хуульд тодорхой заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.4, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны 529 дугаартай шийдвэрээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч БХЗХТБАА-нд холбогдуулан

1.1. “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

1.2. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 00 тоот 3 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 23/

 

А.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

А.1. “Капитал банк” ХХК нь Б.А-, Д.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95,074,246.58 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00415 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 891 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01275 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх24-31/

 

А.2. Төлбөр төлөгч Б.А-, Д.М- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон, шинжээч барьцааны зүйлийг 84,280,000 төгрөгөөр үнэлсэн баримт авагдсан./хх34/

 

А.3. Д.М- нь үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02325 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2108 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/000994 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр  шүүхийн шийдвэрүүдээр тогтоогджээ./хх47-49, 61-66/

 

В. Зохигч анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/01 дугаар  тогтоолыг хүчингүй болгох болон орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан.

 

Төлбөр төлөгч Д.М-оос Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд “дахин үнэлгээ хийлгэх, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох” гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/01 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. /хх15/ Дээрх хугацаанд Д.М- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр гомдлыг хангахаас татгалзсан.

 

Д.М-ын ХҮ ХХК-ийн үнэлгээний баримт нь нэг талын гаргасан баримт бөгөөд хуульд заасан нөхцөл журмын дагуу дахин үнэлгээг эрх бүхий байгууллагаас хийх хууль зүйн үндэслэл бүрдээгүй. /хх71-90/

 

Хууль журмын дагуу үнэлэгдсэн хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анхны үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/01 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/3719 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд зохион байгуулах талаар мэдэгджээ. /хх6/ Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасанд нийцэх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь учир дутагдалтай байх бөгөөд 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00529 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “69 дүгээр зүйлийн 69.1 дэх” гэснийг “122 дугаар зүйлийн 122.5 дахь” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН

 

                                                       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД