Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00632

 

 

 

"ПС" СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/02121 дугаар шийдвэртэй

ПС" сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй Д.Од холбогдох

2,109,702 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ПС" СӨХ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 206, 208, 209/1, 26 дугаар байрны дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Оршин суугч буюу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн Д.О нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрөө төлж барагдуулахгүй нийт оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. Д.О нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт сар бүр 75,324 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 28 сарын хугацааны төлбөр болох 2,109,702 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.О нь тухайн орон сууцыг анх ашиглалтад орсон цагаас амьдарсан бөгөөд ПС" СӨХ-той гэрээ хэлцэл байгуулаагүй, тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн биш юм. Сууц өмчлөгчдийн холбоо нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явагдсан байна.

Мөн тус сууц өмчлөгчдийн холбооны сар бүрийн зардлын задаргаанд амьтан тэжээдэг бол 3,000 төгрөг нэмж нэхэмжилдэг ба Д.О нь амьтан тэжээдэггүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх төлбөр 903,888 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны амьтан тэжээсний зардал 96,000 төгрөг нийт 999,888 төгрөгийг 2,109,702 төгрөгөөс хасаж, үлдэх 1,109,814 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оээс 1,181,284 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "ПС" СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 928,418 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 32,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ПС" СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нохой тэжээдэггүй байхад амьтан тэжээсэн 3,000 төгрөгийн зардлыг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж үзэж Д.Оийн сар бүрийн төлбөрийг 3,000 төгрөгөөр бууруулж, 72,324 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Учир нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 208 дугаар байрны 34 тоот айл нохой тэжээдэг ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 3,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаж байгаагүй атлаа шүүх хуралдаанд хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш энэ асуудлаар маргаж, шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжгүй асуудлаар хариу тайлбар гаргаж маргасныг шүүх хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж чадаагүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид хариуцагчийн тэжээвэр амьтантай эсэхийг нотлох боломж шүүх хуралдаанд байгаагүй, нэхэмжлэгч тэжээвэр амьтангүй гэдгээ баримтаар нотолж чадаагүй.

4.2 ПС" СӨХ-г 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдэж, гэрчилгээ олгосноор үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзээд энэ хугацааны төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, 1,181,284 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь ПС" СӨХ нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж сууц өмчлөгчдийн холбоог албан ёсоор байгуулж, Х.Бг сууц өмчлөгчдийн холбооны анхны гүйцэтгэх захирлаар томилж хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад бүртгүүлж гэрчилгээ авсан. Х.Б ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түүнийг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Б.Зийг гүйцэтгэх захирлаар томилсныг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинээр гэрчилгээ авч баталгаажуулсан. Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй оршин суугчдын гишүүнчлэл бүхий холбоо бөгөөд хуулийн этгээдтэй адил улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар эрх, үүрэг нь үүсдэггүй. Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ нь нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй гэрчилгээ байдаг ба гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөхөд шинээр гэрчилгээ авдаг. Гэтэл шүүхээс сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн чадвар нь хуулийн этгээдтэй адил гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

  

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ПС" СӨХ нь хариуцагч Д.Од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,109,702 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 1,109,814 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 999,888 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн оршин суугчдын хурлыг 80 хувиас дээш ирцтэй хийж, 100 хувийн саналаар ПС" СӨХ-г байгуулж, ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийн хэмжээг нэг өрхөөс засвар үйлчилгээний хуримтлалыг м.кв 200 төгрөг, лифт 5,000 төгрөг, хог 3,000 төгрөг, цэвэрлэгээ 8,000 төгрөг, харуул 8,000 төгрөг, амьтан 3,000 төгрөг, цэвэрлэгээний материал 1,500 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан 6,000 төгрөг, гараашийн зардал 15,000 төгрөг, баримт 150 төгрөг байхаар тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх 39-40/

 

4. Хариуцагч Д.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 208/2 дугаар байрны 34 тоотын өмчлөгч болох нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2/3945 дугаар албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 78/

 

Иймд Д.О нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар ПС" СӨХ-ны гишүүн бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь  ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна.

 

5.а. ПС" СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тушаалаар Х.Бг гүйцэтгэх захирлаар, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Зийг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар тус тус томилсон үйл баримт тогтоогдсон байна. /хх51, 65-66/

 

5.б. Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн оршин суугчдын хурлаас ПС" СӨХ-г байгуулсан тул хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг шаардах эрхтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй. /4б/

 

5.в. Иймд анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 16 сарын зардалд нийт 1,181,284 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь алдаатай болсон тул 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 28 сарын зардалд  хариуцагч Д.Оээс 2,025,072 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПС" СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав. /4.2/

 

6. Нэхэмжлэгч ПС" СӨХ нь хариуцагч Д.Оээс амьтан тэжээсэн зардал 3,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбооны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр дээр нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4.1/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/02121 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1,181,284 төгрөг” гэснийг “2,025,072 төгрөг” гэж, “928,418 төгрөг” гэснийг “84,630 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “32,900 төгрөг” гэснийг “47,351 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

               

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                             Д.БЯМБАСҮРЭН

 

                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ