Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 111/2017/0021/З |
Дугаар | 221/МА2018/0181 |
Огноо | 2018-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2018/0181
Б.М-Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ө нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ө-ын гаргасан давж заалдах гомдлоор, Б.М-Э-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.ж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаарт бичигдсэн Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй нь хууль бус үйлдэл байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “...Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн “Нурамтын эргийн хамар даваа” гэх хаваржааны газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах...” гэснийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “...өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, замын зардал 409.260 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал болох 67.200 /жаран долоо мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, бусад 1.342.060 /нэг сая гурван зуун дөчин хоёр мянга жар/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ө давж заалдах гомдолдоо: “...1. Нэхэмжлэгчээс анх 2017 оны 05 дугаар 23-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн “Дээд жаргалантын угалз” 1505 м.кв өвөлжөөний газар эзэмших эрхтэйг баталгаажуулсан газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийг хавсралт Газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт байх Ж овогт Д-д Эрдэнэцогт сумын Өвөржаргалантын 3 дугаар багийн нутагт “Дээд жаргалантын угалз”-д байх 1505 м.кв газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгуулах өөрчилсөн билээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа захиргааны хуульд заасны дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор гаргана” гэж хуульчилсан байна. Хэдийгээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжтай нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч эрх залгамжлагч нар 2016 онд танилцсан, 2017 оны 10 дугаар сард энэ талаар шүүхэд хандсан байгаа нь хуульд заасан хугацааг дууссан үед шүүхэд хандан шийдвэрлүүлжээ.
Дээрх асуудлаар шүүгчээс ямар нэгэн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамж гаргаагүй болно.
2. Миний үйлчлүүлэгч Л.Д нь 1964 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт “Дээд жаргалантын ногоон дэнж” гэх газарт төрж, өөрийн ээж Л, хойд эцэг Д нартай хамт амьдарч байсан. Ингээд 1969 онд намайг 5 настай байхад ээж нь нас барж би хойт эцэгтэйгээ хамт үлдсэн. Ингээд 3 жилийн дараа хойд эцэг Д мөн нас барж ах Д гэх төрсөн ахындаа хоцорсон. Тухайн үед айлд байхдаа “Дээд жаргалантын ногоон дэнж”-д мал маллаж, тоглож өссөн. Ингээд 1986 онд хань С.О-тай танилцаж гэр бүл болсон бөгөөд 1987 од өөр газар нутаглаж байгаад 1988 онд анхны хүүгээ төрдөг жилээс “Дээд жаргалантын угалз” гэх газарт нутаглаж эхэлсэн. Дээд жаргалантын угалзад нутаглаж байхад Л.Б гэх айл Дээд жаргалантын аманд байх малын тэжээлийн цэгт жолоочоор ажиллан тэндээ нутаглаж байсан. Ингээд манайх Дээд жаргалантын угалзад байнгын өвөлжсөөр байдаг байсан бөгөөд тухайн өвөлжөөгөө эзэмшихээр 1998 онд Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрээг авч жил бүр төлбөрийг нь төлсөөр ирсэн. Тухайн гэрээг 20 жилийн хугацаатай хийж, 2002 онд Газрын тухай хууль гарсантай холбогдуулан Эрдэнэцогт сумын “Дээд жаргалантын угалз” гэх өвөлжөөний газар эзэмших 15 жилийн хугацаатай эрхийг авч газар эзэмших эрхийн 0071628 дугаар гэрчилгээг 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Тухайн үед нэхэмжлэгч Л.Б гуайнх хамтран эзэмшиж байгаагүй бөгөөд 2005 оноос нэг удаа өвөлжсөн, мөн саахалт голдуу байсан. 2016 оны хавар иргэдийн Нийтийн Хурал болоход газрын даамал Н болон Засаг дарга Т, багийн дарга М нар нь Л.Д-аас өмнө авсан болгож бүгдийг зассан байсныг мэдээд хурал дээр хэлж анхааруулж байсан гэж шүүхэд тайлбар гаргасан.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд тухайн маргаан бүхий өвөлжөөний газарт төрсөн цагаасаа нутаглаж 1998 болон 2005 онд хуульд заасныг дагуу гэрчилгээгээ авч газрыг эзэмшсээр ирсэн.
Гэтэл тус шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна. 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэх мэтчилэн хуульчилсныг дурдаад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Л.Б-ын эзэмшиж байсан газарт Л.Д хүсэлт гарган үүний үндсэн дээр хариуцагчаас газрыг давхардуулан олгосон мэтээр дүгнэж, хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна гэж үзэж байна. Учир нь Л.Б, Л.Д нар нь 1990-ээд оноос анх газар эзэмших эрхийг гэрчилгээг хуулийн дагуу авч хуульд зааснаар газрын татвараа төлж эзэмшиж ирсэн байхад шүүхээс Л.Б-ын гаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээний он, сар, өдрийг урагшлуулан зассан засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбаруудыг үнэлэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Гуравдагч этгээдээс тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэгчтэй тухайн маргаан бүхий газрыг хамтран эзэмшихэд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “Газар эзэмшигч нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй”, мөн 52 дугаар 52.7-д “Өвөлжөө хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч нар нь өөрсдийн эрх ашгийг хөндөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тус маргаан бүхий захирамжаас үүдэлтэйгээр нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зорилтыг тодорхойлохдоо “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хэн нэгэн өөрийн болон бусдын эрх ашиг сонирхол хөндөгдлөө гэж үзвэл маргаан үүсгэхээр зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэгч Л.Б, гуравдагч этгээд Л.Д нар нь тус маргаан бүхий газар нь 1998 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хамтран эзэмшиж айл саахалт өвөлжиж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь ямар нэгэн байдлаар өөрсдийн эрх зөрчигдсөн талаар маргаан үүсгэж байгаагүй. Тэд хамтран газрыг эзэмшиж, эрхээ эдэлж, үүргээ хүлээсэн амьдарсаар өнөөдрийг хүрсэн байтал хэн нэгний би гэсэн үзлээс үүдэлтэйгээр бусдын эрх ашгийг /гуравдагч этгээдийг/ хохироосонд гомдолтой байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжтай нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, эрх залгамжлагч нар 2016 онд танилцсан, 2017 оны 10 дугаар сарын энэ талаар шүүхэд хандсан байгаа нь хууль заасан хугацааг дууссан үед шүүхэд хандан шийдвэрлүүлсэн, ...ямар нэгэн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамж гаргаагүй, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн, газрын гэрчилгээг хуулийн дагуу авч газрын татвараа төлж, эзэмшиж байхад Л.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний огноог урагшлуулан зассан засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч анх “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг дарга А/501 дүгээр захирамж гаргаж, урьд гаргасан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжаа өөрөө хүчингүй болгожээ. Иймд Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 52 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийг анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 52 дугаар захирамж хүчингүй болсон байсан, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн үед хөндөгдөөгүй байжээ. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй.
Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гээд 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” зэргийг хавсаргахыг тус тус заасан.
Анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 52 дугаар захирамжийн Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо Л.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийгээгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Л.Д “Дээд жаргалантын угалз” гэх өвөлжөөний газрын эзэмшихээр, Л.Б тус газрыг хамтран эзэмших талаар хүсэлт гаргаагүй, Л.Б, Л.Д нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн акт гараагүй байхад хариуцагч 52 дугаар захирамж гарган маргаан бүхий газрын эзэмшигчээр Л.Д-г, хамтран эзэмшигчээр Л.Б-ыг бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ө-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР