Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 35

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, ялтан ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох эрүүгийн 201621010010 дугаартай хэргийг хохирогч болон ялтны давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1982 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ******* *******гийн Сонин нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр танхайрч иргэн *******ыг хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган суман дахь сум дундын шүүх ”Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 болгон өөрчилж, шүүгдэгч *******г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч *******г 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлж ” шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсаныг тогтоохдоо шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэхдээ бодит байдлыг бүх талаас нь үнэлж дүгнэлгүй өрөөсгөл хандлаа гэж үзэж байна.

Учир нь ******* нь тухайн гэмтэл авсаны дараа анхан шатны эмнэлэгийн тусламж авсанаас хойш тухайн гэмтлээс болж удаан хугацаагаар эмнэлэгт болон эмнэлэгээс гадуур эмчлүүлсэн, мэс заслын хүнд, хөнгөн хагалгаа хийлгэсэн, уг гэмтэл нь ямар байдлаар хүндэрсэн гэх мэтийн байдал огт үүсээгүй бөгөөд тухайн гэмтэл авсаны дараа болон одоо биеийн байдал, эрүүл мэнд нь ямар ч өвчин шаналалгүй, эрүүл саруул ажил хөдөлмөрөө эрхлээд явж байна.

Шүүх эмнэлэгийн шинжээч дүгнэлт гаргахдаа Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмыг хэт явцуу хүрээнд баримталсан бөгөөд дээр дурдсан бодит байдлыг харгалзан үзсэнгүй.

Иймд шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байгаа тул нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн давтан шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хадам ах ******* бид хоёрын дунд гомдол тэмцэл байхгүй бид эвтэй найртай нэг хашаанд амьдардаг. Хадам ах ******* 1-3 насны 2 охинтой эхнэр нь одоо жирэмсэн сэтгэл санааны хямралаас болоод хүүхэд нь өсөлтгүй байна гэсэн.

 Миний буруутай үйлдлээс болж ийм байдалд хүрсэн. Хойшид би хэзээч ийм гомдол тэмцэл гаргахгүй гэв.

Ялтны өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг гарах үед ялтан, хохирогч хоёр согтуу байсан. Одоо хохирогчийн хувьд эрүүл саруул байгаа тухайн үед эмнэлгийн анхны тусламж авснаас хойш ямар нэгэн хүнд, хөнгөн хагалгаа хийлгээгүй.  Шинжээч эмчийн дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцэхгүй байна. Иймээс нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй эмч нарын дүгнэлт гаргах боломж олгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналыг шүүхэд хандан гаргаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтан болон хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

*******гийн Сонин нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******ыг хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас *******д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч хэргийг хүлээн аваад 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 19 дугаартай захирамжаар “******* овгийн *******гийн Сонинд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр шүүгч Ц.Энхжаргалыг томилжээ.

Ингээд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, Ц.Энхжаргал, Л.Түвшинжаргал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн нь томилогдоогүй шүүх бүрэлдэхүүнээр буюу хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч *******, хохирогч ******* нарын давж заалдсан гомдолд энэ удаад дүгнэлт өгөх боломжгүй байна.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                    М.НЯМБАЯР

                                 ШҮҮГЧИД:                                    Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                     Б.ДАМБА