Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 22

 

Х.Сонинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 17А дугаар шийтгэх тогтоол,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, 201621010010 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Сонин, түүний өмгөөлөгч Б.Батсүх, Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хэрэйд овогт Хашхүүгийн Сонин нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Х.Сонинд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж, шүүгдэгч Х.Сонинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 17А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Б.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Б.Батсүх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Сонин, түүний өмгөөлөгч Б.Батсүх, Ж.Энхжаргал нарын  хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Батсүх хэлсэн саналдаа: “...Шүүх хэт нэг талыг буюу яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Х.Сонин нь бичиг, үсэг огт мэдэхгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Хосбаяр нарын эрхийг эдлүүлээгүй, сэжигтэн яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй байна. Шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг өмгөөлөгч нарт танилцуулаагүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан шинжээчийг татгалзан гаргах, нэмэлт асуулт асуух, хүсэлт гаргах, баримт бичиг өгөх, тэр талаар тайлбар гаргах, прокурорын зөвшөөрөлтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргахад байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхээр хангасангүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн болон бусад байдлыг тогтоогоогүй байна. Хэргийн газрын үзлэг хийгдээгүйгээс болж гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байна. Мөрдөн байцаалт явуулахдаа хэргийн газар үзлэг хийж илрүүлэх биш, гэрчийн мэдүүлгийн дагуу хэтэрхий яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн. Хохирогч Мөнхбаяр болон шүүгдэгч Сонингийн мэдүүлгийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлд зааснаар мэдүүлгийн үнэн зөвийг шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд ял шалгах хуудсыг хавсаргахдаа УДШ, ЦЕГ, ШШГЕГ-ын хамтарсан тушаалыг ноцтой зөрчжээ. Урьд ял шийтгэгдэж байгаагүй бол ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй дардас дарж, шалгасан алба хаагч гарын үсэг зурж, он сар, өдрийг бичиж тэмдэглэнэ гэжээ. Гэтэл Булган сумын цагдаагийн хэлтсийн дарга нь тамга дарсан байна. Энэ нь Ховд аймгийн хэмжээнд буруу практик шинээр бий болгож байгаа бөгөөд дээрх албан тушаалтнуудын захирамж, тушаалыг биелүүлэхгүй байж болох талаар жишиг тогтоосонд гомдолтой байна.Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн байдлын улмаас ухамсарлах боломжгүй” байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шинжилгээнд ирүүлсэн хутга хохирогч Мөнхбаярын цээжний хөндий рүү орсон хутга мөн эсэхэд эргэлзээ төрсөн төдийгүй уг үйлдэл нь болгоомжгүй үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Х.Сонинд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Х.Сонинг 2016 оны 2 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч Э.Мөнхбаярыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Х.Сонинг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байна гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Сонин нь хохирогч Э.Мөнхбаярыг хутгалах болсон санаа зорилго, сэдэлтийг бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй, өөрөөр хэлбэл хохирогчийг ямар ч шалтгаангүйгээр, эсхүл үл ялих зүйлээр шалтаглаж хутгалсан, түүнчлэн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн буюу шүүгдэгч Х.Сонин нь тодорхой хувийн сэдэлттэйгээр хохирогчийг санаатай хутгалсан, эсхүл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогчид хүнд гэмтэл учруулсан эсэхийг нарийвчлан шалгаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд гэмт хэргийн сэдэлтийн талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтад заасныг нотлоогүй байх тул энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулах шаардлагатай гэж үзэв.

Хохирогч Э.Мөнхбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бие зүгээр болсон” гэсэн мэдүүлэг өгсөн боловч түүний эмчилгээний зардал бодитой төлөгдсөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Х.Сонинг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, төлөх төлбөр байхгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь үндэслэл муутай байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас Х.Сонинд холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:                   

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 17А дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Х.Сонинд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Х.Сонинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН