Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0205

 

2018 оны 03 сарын 29 өдөр                 Дугаар 221/МА2018/0205                                   Улаанбаатар хот

М.Ч-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч М.Ч, хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Ч-ын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дүгээр шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Ч-г тус хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 4 сар 16 хоногийн хугацааны цалин 2.431.740 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ. Хариуцагч Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Э давж заалдах гомдолдоо: “М.Ч нь 2013 онд төрийн албан хаагчийн шалгалт өгч, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн боловч тухайн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нэр дэвшүүлж аваагүйн улмаас нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан байна. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/69 дүгээр тушаал, удирдамжийн дагуу хийсэн шалгалт, Налайх дүүргийн Дотоод аудитын хяналт шалгалтаар уг албан хаагчийн томилгоог зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан. Төрийн албаны зөвлөлд хандахад … Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг баримтлан ажиллах анхааруулга өгсөн. Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг 2017 оны эхний хагас жилд багтаан өгөхийг удаа дараа мэдэгдэж, ... Дахин шалгалт өгөх шаардлага, Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлттэй танилцаж хүлээн зөвшөөрсөн нь шалгалтыг 3 удаа өгснөөр харагдаж байна. ... Тус хугацаанд М.Ч нь шалгалтыг 3 удаа өгч тэнцээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангахгүй байгааг харуулсан гэж үзэн албан даалгавар, дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, дээд газрын шийдвэрийг заавал биелүүлэх үүргийн хүрээнд холбогдох байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дугаар шийдвэр нь бидний гаргаж өгсөн нотлох баримт, хяналт шалгалтын байгууллага, дээд газрын шийдвэр, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт огт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр М.Ч-г Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдэн тангараг өргөж төрийн албан мэргэшсэн байх шаардлагыг хангасан байна гэсэн ганцхан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

     Нэхэмжлэгч М.Ч Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар тушаалаар тус хэлтсийн 7 дугаар хороо хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа 2013 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /хуучин нэрээр/-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцөд бүртгэгдсэн, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.2-т заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасан бөгөөд М.Чанцалдуламын тухайд дээрх байдлаар уг шаардлагыг хангасан байна.

     Энэ тохиолдолд тэрээр хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан баталгаагаар хангагдана. Хэдийгээр хариуцагч албан тушаалтан мэргэжилтэн М.Ч-г анх төрийн жинхэнэ албанд томилохдоо Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг баримтлаагүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.    

        Өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөөс нөхөж томилоогүй өөрийн буруутай үйлдлээ нэхэмжлэгчид хамаатуулж нэхэмжлэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцохыг шаардаж, шалгалт өгүүлж, улмаар “төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт удаа дараа өгч тэнцээгүй” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан баталгааг алдагдуулсан байна.

         Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

       Хариуцагч албан тушаалтан “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан” үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                          ШҮҮГЧ                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                                          ШҮҮГЧ                                   Э.ЗОРИГТБААТАР

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Д.БАТБААТАР