Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 389

 

М-О-ын хувь нийлүүлсэн

нийгэмлэг “У т з”-ын

гомдолтой,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн

төлөө газрын Хэрэглэгчийн

эрхийг хамгаалах газрын байцаагч

У.Х-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын байцаагч У.Х гийн гаргасан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0005512 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0531 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, хариуцагч У.Х  нарыг оролцуулж,

            Гомдол гаргагч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У т з”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-О-ын хувь нийлүүлсэн  “У т з”  ХНН-ийн гаргасан  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0005512 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0531 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны  08  дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Зөрчил шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У т з”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У т з”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал юм. Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоох нь тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой сонгох үндэс бүрдэх юм. Маргаан ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тогтоохгүйгээр маргааны зүйл тодорхой бус болохоос гадна маргаан зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглэж чадахгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадахгүй юм.

4. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэнээс гомдол гаргахдаа кассын ажилтны асуугаагүй үйлдэлд нь гомдол гаргасан юм уу, эсхүл нэмэлтээр ТВ-ийн үнэ гэж үйлчилгээний төлбөр авдаг болсон журамд гомдол гаргаад байгаа юм уу гэдгийг огт ялгаж зааглалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг.

5. Иргэнээс өгсөн гомдлын жинхэнэ хүсэл зориг нь “...энэ ер нь төмөр замаар үйлчлүүлж буй бүх зорчигчдоос зурагтын үнэ гэж авдаг бол энэ нь хууль, дүрэм, журмын дагуу эсэхийг тогтоож шалгаж өгнө үү...” /хх-ийн 38, 49 хуудас/ гэх байдлаар тодорхой хэлсэн байдаг. Энэ талаар прокуророос нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт мөн эсэхийг тодруулах шаардлагатай талаар прокурорын даалгавар /хх-ийн 36 хуудас/ өгсөн байдаг. Гэтэл энэ ажиллагааг огт хийлгүй зүгээр Хууль зүйн яаманд бүртгэгдсэн эсэх талаар лавлагаа аваад өнгөрсөн байдаг. /хх-ийн 93 хуудас/

6. Эсхүл тухайн кассын ажилтан яагаад 960 төгрөг нэмж бичсэн талаараа мэдээлэл өгөөгүй эс үйлдэхүй байх ёстой. Үүнийг тогтоосны үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “... үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах...” үүргээ биелүүлээгүй гэж торгох ёстой. Гэтэл гомдол гаргагч иргэний 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт би эргэж очоод “...яагаад 960 нэмж бичээд байгаа талаар асууж мэдсэн” гэх мэдүүлэг байдаг /хх-ийн 48 хуудас/ Энэ нь эрхээ эдэлсэн байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл иргэн Д.Цэндбазарын /цаашид иргэн гэх/ хүсэл зоригийг тайлбарлах замаар “УБТЗ” ХНН болон тус иргэн хоёрын дунд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр гэдгийг дараах үндэслэлээр нотлоё Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцөл болох “... Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу иргэнээс хүсэл зоригоо илэрхийлж түүнд нь тохирсон үйлчилгээг үзүүлэхээр талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байна. Мөн хуулийн 382 дугаар зүйлийн 382.1 Зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “ ... хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана...” гэж заасны дагуу иргэн вагоны билетийн үнийг эргэн очиж асуусан /хх-ийн 48/ үйлдлээр хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн байна.

7. Харин хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байсан эсэхийг тогтооё. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “... хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно...” мөн хуулийн 40.2 дахь хэсэгт “... нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл Замын-Үүдээс Улаанбаатар хот орох иргэний хүсэл зоригийн илэрхийллийг “УБТЗ” хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна. Харин иргэн билетийн үнэнд 960 төгрөг нэмж бичигдсэн байгааг эргэж очоод асуусны дагуу зурагтын үнэ гэж хариулахад татгалзаагүй байна. /хх-ийн 48 хуудас/ Иймд хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.

8. Мөн Иргэний хуулийн 56-61-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломгүй байна. Иймд дээрх үйл баримт болон хүсэл зоригийн илэрхийллийн дагуу зурагтын үнэ асуугаагүй гэх үйпдэл нь нотлогдохгүй байгааг шүүх дүгнээгүй байна.

9. ШӨХТГ нь кассын ажилтны асуугаагүй үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа бол түүнийг нотлох ёстой бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ...” мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ...” гэж заасны дагуу зөрчил гаргасан гэх үндэслэлийг нотлох үүрэгтэй байтал энэ талаар хэргийн материал болон шийтгэлийн хуудас алинд ч тодорхойгүй, хууль ёсны, бодитой үндэслэл дурдагдаагуй байж шийдвэр гаргаж шийтгэл ногдуулж, ямар ч хууль зүйн үндэслэлгүй нээсэн зөрчлийн хэрэг бүртгэлээ дуусгасан. Өөрөөр хэлбэл зөвхөн иргэн Д.Цэндбазарын гомдлоос өөр нотлох баримтын хэмжээнд үнэлж болохуйц баримт байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй

10. Эрх зүйн маргаантай харилцаа, маргааны зүйл хоёр нь өөр өөр ойлголт боловч нэг нь нөгөөгөөсөө урган гарч байдаг уялдаа холбоотой нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбаруудыг харьцуулан судалсны үндсэн дээр шүүх хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаас эхний ээлжинд маргаангүй асуудлыг тодорхой болговол дараа нь маргаантай хэсгийг олж тогтооход хялбар болох юм. Гэтэл талуудын мэтгэлцээний явцад маргааны зүйлээс холдож, эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг голчлон тайлбарлаж, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй холдож дүгнэлт гаргасан байна. Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосноор тухайн харилцааны оролцогчийг, мөн эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг, улмаар талуудыг зөв тогтоох боломжтой байсан.

11. Маргаан бүхий харилцааны талаар хэргийн нөхцөл байдал, оролцогчийг зөв тогтоохын тулд Англи-Саксоны эрх зүйн бүлтэй улс оронд хэрэглэдэг “5W” арга буюу хэн, хэзээ, хаана юу, яагаад гэдгийг тодруулахад л тодорхой болдог. Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдал нь гипотез, диспозиц, санкц 3 тохирч байгааг шалгах юм. Хэрвээ кассын ажилтны асуугаагүй үйлдлийг буруутгаж байгаа бол яагаад хуулийн этгээдийг торгосон нь мөн хууль хэрэглээний алдаа гаргасан.

12. Гэтэл эсрэгээрээ хуулийн этгээдээс Замын-Үүд өртөөний билет бичих цонхны дэргэд нийтэд харагдахуйц самбар дээр вагоноор зорчих тасалбарын үнийг хүрэх газар бүрээр нь ялган бичиж, түүний зэрэгцээ зорчигч хүсвэл нэмэлтээр цай, кофе, зурагтын үнийг нэмж бичих тухай зарлалын самбар байрлуулсан байгаа нь худалдан авах үед сонголт хийх боломж, үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор байршуулсан. 

13. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/Ма2019/0531 дүгээр магадлал нь тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэг “... шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна...”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэг “...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана...” гэх шаардлагуудыг хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            14. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, “У т з” ХНН-ийн  гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            15. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч У.Х  “... галт тэрэгний тасалбарт телевиз үзэх үйлчилгээний төлбөрийг санал асуулгүй нэмж авсан” гэх иргэн Х.Цэндбазарын гомдлын дагуу “У т з” ХНН-ийн гомдолд холбогдох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0005512 дугаар шийтгэлийн хуудсаар “... иргэдээс асуулгүй телевизийн үйлчилгээний төлбөр нэмж бичсэн” зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр “У т з” ХНН-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх буюу 5,000,000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулсан, “У т з” ХНН-ээс “... тасалбарын үнэд телевиз үзэх үйлчилгээний төлбөр 960 төгрөг нэмж авсан” үйл баримттай маргаагүй, “… билетийн кассын ажилтан асуулгүйгээр бичсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д хамаарахгүй, ... ШӨХТГ-ын харьяалалын хэрэг биш, ... иргэний хуулиар зохицуулагдсан гэрээний асуудал ... байхад ялгаж салгаагүй” гэх зэргээр маргажээ.

            16. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “У т з” ХНН нь 2015 оны 0_ дугаар сарын 02-ны өдөр ХАГ/15/028 дугаартай Хамтран ажиллах гэрээг “Аялал суваг телевиз” ХХК-тай байгуулж, “Аялал суваг телевиз” ХХК нь “зорчигчийн галт тэргэнд олон сувгийн телевизийг шууд дамжуулах, интернэт болон бусад үйлчилгээ үзүүлэх”-ээр, “У т з” ХНН “... үйлчилгээний үнийг тасалбар худалдаалалтын программ хангамжид оруулах”-аар тохиролцсон, “У т з” ХНН-ийн даргын 2017 оны А-266 дугаартай тушаалаар “... гэрээг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх”-өөр шийдвэрлэж, тус тушаалын хавсралтаар “үйлчилгээний үнэ”-ийг чиглэл тус бүрээр ялгамжтай тогтоосон, уг тушаалын дагуу  Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хотын Амгалан өртөө хүрэх унтлагын галт тэрэгний тасалбарыг иргэн Х.Ц-т худалдахдаа 960 төгрөгийг телевиз үзэх үйлчилгээний төлбөрт нэмж авсан, ингэхдээ тухайн үйлчилгээг авах эсэх талаар хэрэглэгчээс асуугаагүй болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх тул нь зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэгч “У т з” ХНН нь өөр бусад үйлчилгээний үнийг хэрэглэгчээр төлүүлэхдээ “... /тухайн үйлчилгээ/-ны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангаагүй” гэж үзэх үндэслэлтэй, энэ үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцжээ. 

            17. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “... /Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж/ үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах ... /үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/”-оор заасан, энэ тохиолдолд, төлбөр хурааж байгаа үйлчилгээнийхээ талаар хэрэглэгчид бодит мэдээлэл өгөөгүй, тухайн үйлчилгээг худалдан авах хүсэлтэй эсэх талаар хэрэглэгчийн саналыг асуугаагүй “үйлчилгээг худалдан борлуулсан” нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

            18. Тухайн тохиолдолд, хэрэглэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хотын Амгалан өртөө хүрэх унтлагын галт тэргээр үйлчлүүлэх “гэрээ”-г Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөний кассын ажилтан хувь хүнтэй байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, бараа ажил үйлчилгээг хэрэглэгчид худалдан борлуулж буй  “У т з” ХНН нь бараа, үйлчилгээнийхээ талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш-ийн “... Иргэний хуульд заасан хэлцэл хийгдсэн, ... тухайн кассын ажилтан яагаад 960 төгрөг нэмж бичсэн талаараа мэдээлэл өгөөгүй эс үйлдэхүй байх ёстой” гэх зэрэг үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээж авахгүй.

            19. Түүнчлэн, “... иргэдийн зөвшөөрөлгүй телевизийн үйлчилгээний төлбөр нэмж бичсэн” зөрчил нэгэнт тогтоогдож, энэ үйл баримттай  “У т з” ХНН маргаагүй, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар уг үйлдэлд нь холбогдуулж торгох шийтгэл оногдуулсан, байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... асуугаагүй үйлдэлд нь гомдол гаргасан юм уу, эсхүл нэмэлтээр ТВ-ийн үнэ гэж үйлчилгээний төлбөр авдаг болсон журамд гомдол гаргаад байгаа юм уу гэдгийг огт ялгаж зааглаагүй”, “... шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлүүдийг мөн хүлээж авах боломжгүй байна.

            20. Эдгээр үндэслэлээр, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0531 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч  “У т з” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “У т з” ХНН-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА