Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 25

 

Хэргийн индекс: 127/2015/0005/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Г.Баясгалан, Б.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга болон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нарт холбогдох

            Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр захирамж, Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжуудын иргэн Б.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Лхагвабаатар, Хэрлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрлэн сумын газрын даамал Б.Энхтайван, гуравдагч этгээд Г.Мөнхжаргал, иргэдийн төлөөлөгч П.Цэрэнчимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг Даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 тоот, Хэнтий Аймгийн Засаг Даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 тоот захирамжийн холбогдох хэсэгт буюу эзэмших, өмчлөх эрх авах эрхийн нэрсийн жагсаалтад байгаа иргэн Батгүн овогтой Энхбаатарын нэрийг жагсаалтаас хасч өмчлөх болон эзэмших эрхийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд Боловсролын салбарын нэгдсэн төв “Боловсрол цогцолбор” барилга барих асуудал Монгол Улсын Засгийн газраас томилон ажиллуулсан 4 яамны ажлын хэсгийн эрэмбэлсэн жагсаалтад 2-т бичигдсэний дагуу эзэмшил газар сунгах хүсэлтийг Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2013 оны 08 дугаар сарын 09-нд № 270 тоот хүсэлт гаргасны дагуу хариу ирүүлэхдээ тус байгууллагын арын гарц, хашаа орсон хэсгийг иргэн Батгүн овогтой Энхбаатарт Аймгийн Засаг Даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжаар өмчлүүлсэн тул манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн.

Шүүхийн шатанд дээрх асуудлыг шалгах явцад тухайн үед Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Гүцээбал овогтой Мөнхжаргал нь тус газрын өмчлөгч гэх иргэн Б.Энхбаатарын иргэний үнэмлэхийг ашиглан, гарын үсгийг хуурамчаар үйлдэж эзэмших, өмчлөх захирамжийг 2007 онд гаргуулсан. Улмаар Б.Энхбаатарыг мэдээгүй байхад итгэмжлэл, газар бэлэглэлийн гэрээг тус тус хуурамчаар үйлдэж нотариатаар батлуулж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаас хойш 1 сарын дараа буюу 2015.05.07-нд өөрийн нэр дээр шилжүүлсэн. (Тухайн үед Улсын бүртгэлийн хэлтэс, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ тухай З.Бат-Эрдэнэ миний бие мэдэгдэж байсан болно) Шүүхийн шатанд бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудлаар Аймгийн Цагдаагийн газарт хандан 2016 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт гарсан.

Эдгээр нь: 2007 оны аймаг, сумын газар зохион байгуулалтын өлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон, Манай байгууллагын гарах гарцыг хаасан, галын аюулгүй байдалд шууд нөлөөхүйц байршил үүсгэсэн, Кадастрын зурагт авагдсанаар Боловсрол соёлын газрын ахмадын фитнес танхим, складны 2 барилга, гарах гарцтай давхцаж байгаа. Эдгээрийг буулгаж машин техник орох боломжтой болох учраас манай байгууллагад эдийн засгийн хохирол учрах эрсдэлтэй, Г.Мөнхжаргал нь албан тушаалын давуу байдлаа ашигласан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн бусдад худалдаж 18,3 сая төгрөгийн орлого олсон, шүүхийн шатанд хуурамч бичиг баримт бүрдүүлэн Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул дээрх захирамжуудын холбогдох хэсэгт буюу эзэмших, өмчлөх эрх авах нэрсийн жагсаалтанд байгаа иргэн Батгүн овогтой Энхбаатарын нэрийг жагсаалтаас хасч, эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгож манай газрыг чөлөөлж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын ар талын газрыг бусдад өмчлүүлсэн гэдгийг манай байгууллагын хэн ч мэдээгүй байсан. 2013 онд Боловсролын яамны хөрөнгө оруулалтаар ирсэн ширээ, сандлуудыг буулгаж байх үед С.Мөнхсайхан гэдэг хүн ирээд “Энэ газар манай газар, та нар байшин барилга барих гээгүй биз” гэж манай няравт хэлсэн байсан. С.Мөнхсайхан хэлэхдээ Г.Мөнхжаргалаас худалдаж авсан гэсэн. Газар олгосон шийдвэрт Б.Энхбаатар гэх хүний нэр байсан тул бид энэ хүнийг олох гээд чадаагүй. Иргэний бүртгэлд албан бичиг өгсөн, мөн багийн Засаг дарга нарт хандсаны эцэст Жаргалтхаан сумын Гичгэнэ багт байдгийг нь олж тогтоогоод манай байгууллагын төлөөлөгч уулзсан. Тэгэхэд Б.Энхбаатар нь “аймагт газаргүй, аймгийн төв 2-3 удаа л очиж байсан, Боловсрол, соёлын газар хаана байдгийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд энэ тухайгаа охиноороо бичүүлж, гарын үсгээ зурж өгсөн.

            Ингээд манай байгууллага 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн шүүх болон Цагдаагийн газарт хандсан. Г.Мөнхжаргал нь мөн өмчлөлийн газрын эргэлтийн цэгийг Газрын албаны мэргэжилтэн Золбоогоор хэмжүүлэн, тэмдэг тавьж, Б.Энхбаатарын гарын үсгийг төлөөлж зураад Хэрлэн сумын Засаг даргад “Боловсрол төвийн хашааг буулгуулан чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байсан.

            Манай байгууллага шүүхэд хандаад байхад Г.Мөнхжаргал нь хуурамч гэрээ хийгээд Б.Энхбаатарын газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг асуудал маргаантай байгаа талаар Улсын бүртгэлийн даргад би хэлж анхааруулсан боловч шүүхийн шийдвэр гараагүй байгаа, итгэмжлэл, бэлэглэлийн гэрээ нь байна гээд бүртгэл хийснээр уг газрын өмчлөгч нь Г.Мөнхжаргал болж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох болсон.

            Баримт бичгүүд дээрх гарын үсэгт шинжээч томилуулахаар шүүх, цагдаагийн байгууллагад би олон удаа хүсэлт тавьсны эцэст шинжээчийн дүгнэлт гарсан. Б.Энхбаатарын гарын үсэг биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан боловч түүний гарын үсгийг хэн орлож зурсан бэ гэдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй.

            Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа Г.Мөнхжаргал нь 2015 онд хийсэн гэх Газар бэлэглэлийн гэрээг нөхөж өгсөн байна. Энэ мэтээр түүний хуурамчаар нөхөж өгч байгаа материалууд нэмэгдсээр л байгаа.

            Уг газрыг бусдад эзэмшүүлж, өмчлүүлснээр манай байгууллагын орц, гарц хаагдсан ба уг газрыг эзэмших, өмчлөхтэй холбоотой баримтууд нь хуурамч болох нь тогтоогдож байгаа тул сумын болон аймгийн Засаг дарга нарын захирамжуудын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн” гэв.         

            Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвабаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын нэхэмжлэлтэй Аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дугаар захирамжийн хавсралтын 34 хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэрэгт, нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байна. Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн иргэн Б.Энхбаатар нь Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 тоот захирамжаар Хэрлэн сумын 3-р баг, хуучин нэрээр Боловсрол төвийн хойд талд 450 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж авсан ба уг газрыг өмчлөх хүсэлтээ 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэрлэн сумын Газрын даамалд гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 тоот захирамжаар уг газрыг өмчилж авсан байна. Иймд аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 тоот захирамжийн 34 дэх хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэжээ.

Г.Лхагвабаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэрүүдийг гаргахдаа Хэрлэн сумын болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн гаргасан гэх боловч Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын байршлыг тодорхой заагаагүй, Хэрлэн сумын багуудад газар эзэмшлүүлэх, өмчлүүлэх нийт өрхийн тоог л тавьсан байдаг.

            Б.Энхбаатарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Боловсрол, соёлын газрын газар эзэмшлийн асуудлыг анхаарч, харгалзан үзэх хэрэгтэй байсан байна. Боловсрол, соёлын газар нь 1997 оноос уг газрыг эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч газрын кадастрын зураг байгаагүй. Уг байгууллагын эзэмшил газрын кададстрын зураг нь 2012 онд үйлдэгдсэн тул Б.Энхбаатарын өмчлөлийн газартай ямар нэгэн давхцалгүй байгаа. Кадастрын зургаас үзэхэд, Б.Энхбаатарт газар өмчлүүлэхдээ Боловсрол, соёлын газарт орц, гарц гаргасан харагдаж байгаа боловч бодит байдал дээр орц гарцыг хаасан байна” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Н.Базарханд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Батгүн овогтой Энхбаатар нь Боловсрол соёлын газрын аж ахуйн хашаанд эзэмшиж байсан газраа өмчлөх хүсэлт гаргаснаар аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 тоот газар өмчлөх захирамж гарч газар эзэмших эрх дуусгавар болсон. Аймгийн Засаг даргын иргэнд газар өмчлүүлэх тухай 2007 оны 104 тоот захирамжийг хүчингүй болгох эрх нь сумын Засаг даргад байхгүй болно“ гэжээ.

Хэрлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр захирамжаар иргэн Б.Энхбаатарт газар эзэмшүүлсэн. Хэрлэн сумын 2007 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар эзэмшүүлэх өрхийн тоог ерөнхийд нь заасан байсан. Тухайн үед газрын байршлыг тодорхой зааж өгдөггүй байсан. Маргаан бүхий газар нь Баянмөнх багийн нутаг дэвсгэрт байгаа. Орц, гарцыг сайн тооцоолоогүйгээс өнөөдөр ийм байдалд хүрээд байна.

Боловсрол, соёлын газарт газар эзэмшүүлсэн шийдвэр болох 1997 оны захирамж, түүний хавсралт баримтууд хэрэгтэй байгаа боловч архивт байхгүй, үрэгдэж, гээгдсэнтэй холбоотой гэв.                                                                                   

            Гуравдагч этгээд Г.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Энхбаатарт өмчлүүлсэн газар нь Өндөрхаан хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу амины орон сууцны зориулалттай газар. Үүнийг миний бие 1992 оноос 2014 он хүртэл газар, хот байгуулалт хариуцан ажиллаж байсан хүний хувьд мэднэ. Анх Номын сангийн ард  хуучин, Сүүний газар, Хүүхдийн эрх гэсэн хоёр л барилга байсан. Баруун, зүүн талд нь цулгуй хоосон байсан. Баруун талынх нь Хүүхдийн эрх гэдэг байшинг нь Б.Баяраа эмч худалдаж авсан бөгөөд уг байшинг авсан тул газрыг нь авья гэхээр нь би 2006 онд хэмжиж өгсөн юм. Үүнээс баруун тийшээгээ 27 м газар үлдсэн бөгөөд үүнээс мөн 8 м газрыг орц, гарцад зориулан үлдээгээд Энхбаатарын газар нь 18*25 хэмжээтэй 450 м2 газар болно.

            Боловсрол, соёлын газрын газраа сунгах хүсэлтэд нь боломжгүй гэсэн хариуг өгсөөр байхад иргэний эзэмшиж, өмчилсөн газрыг авна, захирамжийг хүчингүй болгоно гэж байгаа нь хачирхалтай. Өмчлөөд 9 жил 5 сар болж байгаа газрыг дур мэдэн хашаалчихаад манай газар гэж байгаа нь зүйд нийцэхгүй.

            Нэхэмжлэгч нь газар сунгах үндэслэлээ “эрэмбэлсэн жагсаалтад 2-т бичигдсэн” гэсэн нь үндэслэл муутай байна.

            2007 онд анх газар хэмжээд гарц гаргаж байхад тэнд байшин байгаагүй, хэрэв байсан бол кадастрын зурагт тэмдэглэгдсэн байх байсан. 

            Дүү Энхбаатарын гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй, ээж нь өргөдөл гаргахаар нь би зурчихъя, дараа өөрөөр нь зуруулаарай гээд би хүлээн авсан. Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх хүсэлт гаргахад гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь дүүгийнхээ, хүүгийнхээ г.м гарын үсгийг  зурах нь байнга, түгээмэл байдаг зүйл юм.

             Нэхэмжлэгч Бат-Эрдэнэ нь дүү Энхбаатарын хөдөө гэрт нь очиж, өөрт нь мэдэгдэхгүйгээр дууг нь хураан, гарын бэлэг өгч, “утсаа авсангүй, газраа хүчингүй болгохгүй бол шүүхийн үүдэнд байлгана, ахад чинь эрүү үүсгүүлнэ” гэх зэргээр дарамталж, хүүхдийг нь багшаар нь дуудуулж асуулган, хүүхдээр нь тодорхойлолт бичүүлээд манай байгууллагад гаргаж өгсөн бичиг гэж шүүхэд өгсөн гэсэн. Энэ тухай Энхбаатар 2015 оны 08 дугаар сард иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж, шуудангаар явуулсан гэсэн бөгөөд “малаа орхиод явж чадахгүй, шүүх хуралдаанд та ороод хэлээрэй” гэсэн боловч энэ асуудал яасан нь тодорхойгүй байна.

            Миний бие сүүлийн 2 жилийн хугацаанд энэ газрын асуудлаар шалгуулж байна. Гэр бүл, ахан дүүсээрээ ярилцаад эхнэр бид хоёр газрыг буцааж өгч болох тухай З.Бат-Эрдэнэ даргатай албан өрөөнд нь 2 удаа, хувийн журмаар 2 удаа уулзаж байсан боловч үр дүнд хүрээгүй.

            Энэ мэтээр дарамтлаад байгаа тул Энхбаатар нь намайг газраа өөр дээр дээрээ байлгаж бай гэсэн юм.

            Уг газрыг хүсэлт гаргасны дагуу Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 тоот захирамж, аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжууд тус тус гарсан. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, кадастрын болон улсын бүртгэлд бүртгэгдсэн. Газраа өмчилж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Газрын албанаас эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэн өгсөн. Боловсрол, соёлын газарт гарц үлдээсэн бөгөөд орц гарцыг хаасан, галын аюулгүй байдалд нөлөөлсөн зүйлгүй. Иргэнд өмчлүүлсэн газар тул газраа сунгах тухай Боловсрол, соёлын газрын хүсэлтэд аймгийн Засаг дарга татгалзсан хариу өгсөн. Цаг хугацааны хувьд, 2007 онд Б.Энхбаатарт газар өмчлүүлсэн бол Боловсрол, соёлын газар нь 2012 онд газар эзэмшсэн. Уг газрын асуудлыг холбогдох байгууллагууд шалгаад зохих хариуг өгсөн.

            Дүү Энхбаатартай ярьж, тохирсон зүйл байдаг боловч бүтээгүй болохоор нь газрыг буцаан бэлэглэх гэрээ байгуулсан. Хоёр тал гарын үсгээ зурсан бол заавал нотариатаар батлуулах шаардлагагүй гэж үзсэн.

            Ингээд Б.Энхбаатарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

            Иргэдийн төлөөлөгч П.Цэрэнчимэд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:   Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэв.                                           

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр захирамж, Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжуудын иргэн Б.Энхбаатарт холбогдох заалтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багийн нутаг дэвсгэрт, Залуучуудын гудамжинд байрладаг ба гуравдагч этгээд Г.Мөнхжаргал /Б.Энхбаатар/-ын гэх газар тус байгууллагын эзэмшил газрын хойд талд хил залгаа байрлалтай ажээ.

            Боловсрол, соёлын газрын хойд талын газрыг иргэн Б.Энхбаатарт Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр захирамж, Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжаар тус тус эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гарсан боловч өмчлөгч нь газраа эзэмшиж, ашиглаагүй, хашаалаагүй байгаа бөгөөд кадастрын зургийн дагуу газраа хашаалсан тохиолдолд нэхэмжлэгч Боловсрол, соёлын газрын эзэмшил газрын орц гарц хаагдахаар байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, кадастрын зураг[1], газарт хийсэн үзлэг[2] зэргээр тогтоогдож байна. Гуравдагч этгээд Г.Мөнхжаргалын тайлбар болон газрын кадастрын зургийн дагуу орц гарцын 7 м орчим газар  байгаа гэх боловч уг газарт Боловсрол, соёлын газрын агуулах, ахмад багш нарын байр зэрэг байшин барилга байгаа тул уг газраар нэвтрэх боломжгүй юм. 

Иймд иргэн Б.Энхбаатарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Боловсрол, соёлын газар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхээр байна.  

            Иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг захиргааны байгууллага тухайн иргэний хүсэлтийн дагуу хүлээн авч шийдвэрлэхээр хуульчлагдсан. Тухайлбал, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт, “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д, “Иргэнд газар өмчлүүлэхэд дараах зарчим, үндэслэлийг баримтлана:

5.1.1. газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах...” гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж, 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасан.

Энэ хэргийн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон газар эзэмших, өмчлөх хүсэлтийг иргэн Б.Энхбаатар нь гаргаагүй, энэ тухай хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй   болох нь түүний Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболдод өгсөн тайлбар[3],  Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар[4] зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн газар эзэмших, өмчлөхийг хүссэн өргөдөл, холбогдох бичиг баримтуудад зурагдсан гарын үсгүүд нь Б.Энхбаатарын гарын үсэг биш болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн[5], мөн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн[6] шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д, “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан байхад “Б.Энхбаатарын” гэх газар эзэмшихийг хүссэн өргөдлийг 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бүртгэн авч, тухайн өдрөө газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            Боловсрол, соёлын газрын хойд талын, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.Мөнхжаргал  нь Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт газар зохион байгуулагч, хотын архитектороор ажиллаж байхдаа өөрийн хамаатан Б.Энхбаатарын нэрээр холбогдох бичиг, баримт бүрдүүлж, эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн болох нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл Б.Энхбаатар нь Хэрлэн суманд газар эзэмшсэн, өмчилсөн гэдгээ мэдээгүй, уг газрыг бодитойгоор эзэмшиж, ашиглаагүй, хөдөө /Жаргалтхаан сумын Гичгэнэ багт/ малаа маллан амьдарч байжээ.

            Гуравдагч этгээд Г.Мөнхжаргал нь маргаан бүхий газрыг нь дүү Б.Энхбаатарт авч өгсөн гэж тайлбарладаг ч уг газрыг бусдад худалдахаар тохирч, 18 сая төгрөг авч байсан болох нь түүний 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийсэн гэрээ[7], 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг[8] зэргээр тогтоогдож байна.

            Б.Энхбаатараас газар худалдах, бэлэглэх эрх олгосон гэх 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Итгэмжлэл дээрх гарын үсэг нь Б.Энхбаатарын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.     

            Ийнхүү маргаан бүхий 450 м2 газрыг иргэн Б.Энхбаатарт эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахад газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Боловсрол, соёлын газрын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр захирамж, Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийн хавсралт дахь иргэн Б.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр захирамж болон Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийн иргэн Б.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

            2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАЛЖМАА

    ШҮҮГЧИД                                                                  Г.БАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАЯРЦОГТ

 


[1] Хавтаст хэргийн 48, 72, 284, 285, 304 дүгээр хуудас,

[2] Хавтаст хэргийн 321-325 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 191 дүгээр хуудас,

[4] Хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас,

[5] Хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас,

[6] Хавтаст хэргийн 308-309 дүгээр хуудас,

[7] Хавтаст хэргийн 195 дугаар хуудас,

[8] Хавтаст хэргийн 193 дугаар хуудас,