Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00300

 

 

 

 

                                     Б А ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02086 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б А ХХК-ийн хариуцагч Э.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 25 252 500 төгрөг, нотариатын зардал 6 500 төгрөг, нийт 25 259 000 төгрөг гаргуулах үндсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 379 тоот, 538 тоот гэрээнүүдийг тус тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ...УБХ улсын дугаартай Сузуки искудо маркийн автомашины өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Э.Бээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15,400,000 төгрөг, алдангид 7,700,000 төгрөг, хохиролд 6,300 төгрөг, нийт 23,106,300 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 2,146,200 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 25,252,500 төгрөг гаргуулна.

1.3 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч компани 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай Э.Бд зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд ...УБХ улсын дугаартай Сузуки искудо маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн хүүнд 4,355,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 15,400,000 төгрөгийг төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн. Зээлдэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, автомашиныг өөрөө эзэмшиж ашиглаж байна. Зээлийн гэрээний 2.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 7,700,000 төгрөг төлөх үүрэг үүснэ. Мөн гэрээний 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 6,300 төгрөгийг гаргуулна.

Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх болсон үндэслэл нь хариуцагч зээлийн хүүнд 4,750,000 төгрөг төлөхөөс 4,355,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд ашигласан хүү 354,000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр гэрээний хугацаа дууссан. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон бөгөөд алданги 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 19,000,000 төгрөгт тоологдож эхэлсэн. Хариуцагч нь гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг нэхэмжлэгчийн данс руу зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн байдаг. 4,000,000 төгрөгөөс 354,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд ашигласан хүүгийн үлдэгдэлд суутгасан. 400,000 төгрөгийг ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалыг төлсөн. 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 72 хоногийн хугацаанд 19,000,000 төгрөгт 6,840,000 төгрөгийн алданги хуримтлагдсан байдаг. Иймд 3,247,500 төгрөгийг 6,840,000 төгрөгийн алданги тооцон хасч суутгасан ба 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 3,592,500 төгрөгийн алдангийн өртэй үлдсэн. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш үндсэн зээл 19,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд уг өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд 19,000,000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги үргэлжлэн тоологдож эхэлсэн. Хариуцагч нь үндсэн зээлд 19,000,000 төгрөг, алдангид 6,252,500 төгрөг төлөх үүрэг үүссэн. Иргэний хуульд зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй 19,000,000 төгрөгийн үүргийн 50 хувь буюу 9,500,000 төгрөгөөс хэтэрч болохгүй тул 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр алдангид тооцож суутгасан 3,592,500 төгрөгийн алданги 9,500,000 төгрөгөөс хасаж гарсан зөрүү 6,252,500 төгрөгийн алдангийг нэхэмжилнэ гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Э.Б 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Б А ХХК-аас 19,000,000 төгрөг зээлж аваагүй. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б А ХХК-аас Сузуки Искудо маркийн ...УБХ улсын дугаартай автомашиныг 24,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож  урьдчилгаа төлбөр 8,379,000 төгрөгийг Б А ХХК-ийн захирал н.Грүү шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд мөнгө бэлнээр авсан гэж бичихийг шаардаж, 16,000,000 төгрөг буюу автомашины үлдэгдлээр гэрээ байгуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 16,000,000 төгрөгийг бэлнээр авч байгаагүй. Уг зээлийн гэрээ нь автомашин худалдан авсан үйл баримтыг халхавчлах зорилгоор хийгдсэн. 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр уг зээлийн гэрээг шинэчилж хийсэн бөгөөд бэлнээр авсан гэж бич гэж шаардсан. Э.Б 19,000,000 төгрөг бэлнээр авч байгаагүй. Б А ХХК-аас ямар нэгэн мөнгө зээлж байгаагүй. Анх энэ гэрээний харилцаа Б А ХХК-ийн захирал н.Г Сузуки искудо маркийн автомашиныг Э.Б худалдан авахаас эхэлж гэрээний харилцаа үүсч эхэлсэн. Э.Б уг автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 8,379,00 төгрөгийг н.Г Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг н.Г эзэмшлийн Б А ХХК-тай 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаар автомашины төлбөрийг бүрэн төлсөн. Э.Б автомашиныг бодитоор хүлээж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай гэсний дагуу фидуцийн гэрээ байгуулсан. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16,000,000 төгрөгийн гэрээгээр 16,000,000 төгрөг, хүү 5,280,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,100,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,343,500 төгрөг нийт 5,443,500 төгрөг төлж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөлт хийж чадаагүй. Энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шинэчилж байгуулах шаардлагатай гэсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж ямар нэгэн дугаар бичигдээгүй зарлагын ордер дээр гарын үсэг зурж өгсөн. Гэхдээ кассын ордер дээр гарын үсэг зурж фидуцийн гэрээ байгуулсан ч 19,000,000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй. Уг гэрээг байгуулснаас хойш Э.Б 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 950,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 910,500 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 871,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1,623,500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 8,335,000 төгрөг тус тус төлсөн байдаг. н.Гдахин зээлийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлага тавьж эхэлсэн. Ингээд төлсөн 8,335,000 төгрөг хугацаа хэтэрсэн хүү, алдангид тооцогдоод явсан, үндсэн зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй, 20,000,000 гаруй төгрөгөөр зээлийн гэрээг шинэчилж байгуулах шаардлагатай гэсэн шаардлагыг тавьсан.  Тухайн цаг хугацаанаас хойш хариуцагч нь ямар нэгэн төлбөр төлөөгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

3.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Э.Б, Б А ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 379 тоот, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 538 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу “46-12” УБХ улсын дугаартай Сузуки Искудо /Suzuki Escudo/ маркийн автомашины өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчид даалгана.

3.2 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э.Б Б А ХХК-ийн захирал Н.Гөөс ...УБХ улсын дугаартай Сузуки Искудо маркийн автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 8,379,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг түүний Хаан банкны 5076181458 тоот дансаар шилжүүлж, үлдэх 16,000,000 төгрөгийг Б АХХК-тай 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулах замаар төлсөнд тооцуулж, худалдан авсан автомашиныхаа төлбөрийг бүрэн барагдуулсан. Н.Гөөс автомашинаа бодитоор хүлээн авсан боловч Б А ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай гэсэн тул фидуцийн гэрээг байгуулсан. Автомашины өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлэхгүйгээр Б А ХХК-д шилжүүлсэн боловч хариуцагч автомашиныг бодитоор эзэмшиж байгаа. Хариуцагч нь Б А ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,100,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,343,500 төгрөг төлсөн ба 2018 оны 11 дүгээр сарын 05, 2018 оны 12 дугаар сарын 05, 2019 оны 01 дүгээр сарын 05, 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн төлөлтийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж чадаагүй. Энэ талаар Б А ХХК-ийн захирал Н.Гөд утсаар болон мессэжээр хэлж, төлбөрийг хойшлуулж ирсэн. Н.Г 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлага тавьсны дагуу 19,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн мэтээр гэрээг байгуулж, бодитоор 19,000,000 төгрөгийг хүлээн аваагүй атлаа гэрээнд бэлнээр зээлж, хүлээн авав гэж бичүүлэн Э.Бээр кассын зарлагын ордер гэх дугааргүй баримт дээр гарын үсэг зуруулсан. Мөн фидуцийн гэрээг шинэчлэн байгуулсан байдаг.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 286.1, 286.4 дэх хэсгийг зөрчиж хариуцагчтай барьцааны гэрээ бус фидуцийн гэрээг 218 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус байгуулж, Э.Бд өмчлөх эрх үүссэн ...УБХ улсын дугаартай Сузуки Искудо /Suzuki Escudo/ маркийн автомашиныг ашиглах эрхийг Э.Б /шууд эзэмшигч/-д үлдээж, өмчлөх эрхийг Н.Гөөс өөртөө шууд шилжүүлэн авсан/шууд бус эзэмшигч/ байдаг. Э.Б, Б А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 379 тоот, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 538 тоот фидуцийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл мөн.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б А ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд өгөхийг шаардах эрхтэй.  ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу өмчлөлдөө шилжүүлж авсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 214.5 дах хэсэгт заасан фидуцийн гэрээ юм. Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56.4-т заасан хууль зөрчсөн мэтээр байгуулсан нөхцөл байдал байхгүй, Иргэний хуулийг зөрчөөгүй гэжээ.

5. Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бээс нийт 25 217 500 /хорин таван сая хоёр зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б АХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б А ХХК хариуцагч Э.Бээс нийт 25 259 000 /хорин таван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 35 000/гучин таван мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 379 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б А ХХК-д ... УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн автомашины өмчлөх эрхийг хариуцагч Э.Бд шилжүүлэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгч Б А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 322,772 төгрөгөөс илүү төлсөн 34,009 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б А ХХК-д олгож, хариуцагч Э.Бий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 452,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч  Б АХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 452,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Э.Бд олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна.

6.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх 2-р  хавтаст хэргийн 13-47 дугаар хуудсанд авагдсан Б АХХК-ийн 2019 оны 04 дүгээр улирлын “Ерөнхий журнал”-ыг хуулийн дээрх зохицуулалтын дагуу үнэлээгүй. Б АХХК 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Э.Бтэй 538 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба гэрээний зүйл болох 19,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр  шилжүүлж өгсөн. Шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид 19,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь кассын дэвтэр, кассын болон мөнгөн гүйлгээний тайлан зэрэг баримтуудаар нотлогдохгүй байна гэж үздэг. Б А ХХК-аас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19,000,000 төгрөгийг зээлдэгч Э.Бд шилжүүлэн өгсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр талд авагдсан кассын орлогын ордер, Б А ХХК-ийн 2019 оны 4 дүгээр улирлын Ерөнхий журналын 4 дүгээр хуудасны 236 дугаар дараалал дахь нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл зэргээр нотлогдож байна. Зээлдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 538 дугаартай зээлийн гэрээгээр 19,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авснаа кассын орлогын ордероос гадна зээлийн гэрээний 2-р нөхцөл дээр “19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг бэлнээр хүлээн авснаа хүлээн зөвшөөрч бичгээр мэдэгдэж гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэж үзнэ.

6.2 “Билэгт анд” XXК Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэдэг. Хуулийн 14.3.1-т заасны дагуу анхан шатны баримт болох кассын орлого, зарлагын ордерыг хэрэгт өгсөн.  Мөн нягтлан бодох бүртгэлийн журналд 538 дугаартай зээлийн гэрээний зээл олголт хийсэн бичилт 236 дугаар дэс дараалалд тусгагдсан. 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 379 дугаартай зээлийн гэрээний зээл хаалт журналын 496, 497 дугаар дэс дараалалд тусгагдсан. Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Э.Бээс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 379 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 15,620,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлж зээлээ хаасан. Энэ нь Б А ХХК-ийн 2019 оны 4 дүгээр улирлын ерөнхий журналын 496, 497 дугаар дэс дараалалд тусгагдсан байдаг.

6.3 Шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид 19,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь кассын дэвтэр, кассын болон мөнгөн гүйлгээний тайлан зэрэг баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзсэн  нь ойлгомжгүй байна. Б АХХК нь мөнгөн гүйлгээний тайлангаа Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу Монголын Татварын албанд жил бүр тайлагнадаг. Хөндлөнгийн аудитын компаниар санхүүгийн хяналт шалгалтыг тогтмол хийлгэдэг. Нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3-т заасны дагуу дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөлтийн бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтөлдөггүй, мөн зүйлийн 14.3.4-д заасны дагуу ажил, үйлчилгээний тайлангаа “Ерөнхий журнал”-д тусган мэдээ гаргадаг. Шүүхээс нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дарааллын дагуу гүйцэтгээгүй нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаанд нөлөөлөхөөр эрх зүйн дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд буруу. Талуудын хэн аль нь анхан шатны баримтад маргаангүй байхад ийм дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон. Нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй нь зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд нөлөөлөхгүй.  19,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь зээлийн гэрээ, кассын орлогын ордер, 2019 оны 4 дүгээр улирлын Ерөнхий журнал, аудитын тайлан зэрэг баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Э.Бээс зээлийн гэрээний үүрэгт 25,259,000 төгрөг гаргуулж өгнө үү.  

6.4 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон шийдвэр гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон шийдвэрлээгүй байх тул хууль хэрэглээг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул хэргийг бүхэлд нь хянаж үзнэ үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Зээлийн гэрээний харилцаа анх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүссэн. Хариуцагч Э.Б нь н.Гантөгсөөс Сузуки искудо маркийн автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 8,379,000 төгрөгийг төлж, үлдэх 16,000,000 төгрөгийг н.Г барьцаалан зээлдүүлэх газар болох Б АХХК-тай зээлийн гэрээ байгуулан авсан. Тус зээлийн гэрээний дагуу эхний 3 сарын төлөлтийг цаг тухайд нь хийж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны төлөлтийг төлж чадаагүй. н.Гнь зээлийн гэрээг шинэчлэн байгуулах хэрэгтэй, зээл болон зээлийн хүүг нэмээд шинээр гэрээ байгуулъя гээд үндэслэлгүйгээр 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэ гэрээний дагуу Э.Б мөнгөн хөрөнгө шилжүүлж аваагүй ба үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээндээ бэлнээр хүлээж авав, тоолж хүлээж авав гэх мэтээр бичүүлж авсан. Тус гэрээний дагуу Э.Б нь 8,355,000 төгрөгийг төлж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үргэлжлүүлэн төлөх боломжгүй болоход зээлийн гэрээг шинэчилье, 8,000,000 төгрөг нь хүү, алдангид тооцогдсон, 19,000,000 төгрөгөөс хасагдаагүй, зээлийн хүү нэмэгдэнэ гэсэн учраас талуудын хооронд маргаан үүссэн ... Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.Бий төлсөн төлөлтүүдийн үсгийн фонд өөр байдаг тул сүүлд нэмж бичсэн үү, орлуулж бичсэн үү гэдэг нь ойлгомжгүй. Мөн Э.Б 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн атал ерөнхий журналд 3,250,000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн. Э.Б нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,623,500 төгрөг төлсөн нь ерөнхий журналд тусгагдаагүй байх тул ерөнхий журналыг хуульд заасан үндэслэлийн дагуу үнэлэх нотлох баримт мөн эсэхэд эргэлзээ төрдөг. Шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ерөнхий журналыг нотлох баримтаар үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтыг тусгаагүй гэж нэхэмжлэгч тал ярьдаг ба давж заалдах шатны шүүхээс үүнд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б А ХХК хариуцагч Э.Бд холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 19,000,000 төгрөг, алдангид 6,252,500 төгрөг, нотариатын зардалд 6,500 төгрөг, нийт 25,259,000 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 35,000 төгрөгөөр багасгаж 25,224,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 379 тоот болон 538 тоот гэрээг тус тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхийг даалгахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 35,000 төгрөгөөр багасгасан байхад шүүх 35,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан гэх үндэслэлээр холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

            4. Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болон 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн эсэх талаар маргаж байна.

Хэрэгт 538 дугаартай хариуцагч Э.Б 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б А ХХК-аас 19,000,000 төгрөг 5 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авах тухай зээлийн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 379 дугаартай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16,000,000 төгрөг, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авах тухай зээлийн, мөн фидуцийн гэрээ авагдсан байна. Дээрх фидуцийн гэрээнүүдийн зүйл нь хариуцагч Э.Бий нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Н.Гөөс худалдан авсан Япон улсад үйлдвэрлэгдсэн Сузуки искудо маркийн ...УБХ улсын дугаартай автомашин байна. /1хх19-26/

Нэхэмжлэгч нь “ ... хариуцагчид 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хариуцагч бэлэн мөнгөний кассын баримтад гарын үсгээ зурж мөнгийг хүлээж авсан, уг гэрээний дагуу эргэн төлөлт хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулсан” гэж тайлбарлажээ. /1хх1-2, 2хх60-63/

            Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

            2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 19,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн гэх үйл баримт хэргийн баримтаар хангалттай тогтоогдсонгүй. Тухайлбал, хэрэгт хариуцагчийн гарын үсэгтэй “19,000,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээн авав” гэсэн бичиглэл бүхий зээлийн гэрээ, мөн кассын зарлагын ордер гэх баримтаас гадна 19,000,000 төгрөгийн зээл гэж тэмдэглэгдсэн нэхэмжлэгч компанийн 2019 оны 4-р улирлын ерөнхий журнал бүхий нэг талын баримтууд байх боловч эдгээр баримтуудаар хариуцагчийг 19,000,000 төгрөг хүлээн авсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. /1хх104, 2хх13-47/

Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн хуваарь, хариуцагчийн төлбөр төлсөн дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч “16,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, нэхэмжлэгч тал худалдан авсан автомашины өмчлөгч, нэхэмжлэгч компанийн захирал Н.Гт төлбөрийн үлдэгдэлд шилжүүлэн өгсөн, уг дүнгийн хэмжээгээр хүү, алданги төлөхөөр тохиролцсон” гэж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөгийн зээлийн үүрэг биелэгдсэн гэж 15,620,000 төгрөг төлсөн гэх баримт ирүүлснийг хариуцагч “2019 оны гэрээгээ шинэчлэн байгуулахын тулд 2016 оны зээлийн гэрээг хааж байгаа дүр үзүүлэн 15,620,000 төгрөгийг төлсөн мэтээр гарын үсэг зуруулсан” гэж үгүйсгэсэн. /1хх12, 22, 26, 29-35, 2хх 65/  Уг баримт нь хариуцагчийг 19,000,000 төгрөг зээлдэн авсан гэх өдрөөр буюу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр огноологдсон байна. Зээлдэгч тухайн төлбөрийг төлөөгүй гэж үгүйсгэж байгаа нөхцөлд зээлдүүлэгч санхүүгийн бусад баримтуудаар орлого орсныг нотлох ёстой боловч өөр баримтгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийн байдлыг буюу хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Н.Гөөс худалдан авсан, төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгч компаниас зээлдэн авч төлж барагдуулсан, 2 зээлийн гэрээний фидуцийн зүйл уг автомашин байгаа зэрэг баримтыг хариуцагчийн тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу дүгнэвэл хариуцагчийн “2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр  19,000,000 төгрөгийг бодитойгоор хүлээж аваагүй, өмнөх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг шинэчилж байгуулсан” гэх тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзлээ. /2хх65/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэл болох ба хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримтгүй байна. Иймд талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүссэн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэв.

Хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээлд 16,000,000 төгрөг, зээлийн хүүд 5,280,000 төгрөг, нийт 21,280,000 төгрөг  төлөх үүрэгтэй байх ба тэрээр 2018 онд 5,443,500 төгрөг, 2019 онд 8,355,000 төгрөг, нийт 13,798,500 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул зөрүүг гаргуулах нь зүйтэй. 

            Гэрээний 3.1.1-т зааснаар талууд “зээлдэгч нь эргэн төлөлтөд зээл болон хүүг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлүүлнэ” гэж тохиролцсоныг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүн 7,481,500 төгрөгийн дүнгээс алданги тооцож 3,374,750 төгрөг /7,481,500+3,374,750=10,856,250/ нийт 10,856,250 төгрөг гаргуулна.  

5. Харин анхан шатны шүүхийн фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой хийсэн дүгнэлт үндэслэл муутай байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг нь барьцаалан зээлдүүлэх газар өөр бусад аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, түүний дотор фидуцийн гэрээ байгуулахыг шууд хориглосон агуулгатай биш байна. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд зээл олгохдоо барьцааны зүйлийг шаардах, захиран зарцуулах журмыг тогтоосон зохицуулалт болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулиар хориглоогүй агуулгаар хэлцэл хийх эрхтэй. Гэвч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзэв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бээс 10,856,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,367,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож, 3 дах заалтын дугаарлалтыг 2 гэж, 4 дэх заалтын дугаарлалтыг 3 болгож “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 322,772 төгрөгөөс илүү төлсөн 34,009 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б А ХХК-д олгож, үлдэх 288,763 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 188,602 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б А ХХК-д олгон, хариуцагч Э.Бий сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Б А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 452,950 төгрөг гаргуулан хариуцагч Э.Бд олгосугай” гэж, 5 дах заалтын дугаарлалтыг 4 гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,763 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН

                                                                                           А.МӨНХЗУЛ