Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 85

 

Д.Ш-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч Ю.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1383 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1078 дугаар магадлалтай, Д.Ш-д холбогдох 1906023971269 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Одгал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 14-нд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Д.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ш-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Одгалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Т.Одгал нар хамтран гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэргийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна.

Хохирогч П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг ба тухайн үйл явдал нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон гэх ба энэ асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай байсан. Хохирогч П.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрөө шүүгдэгч Д.Ш-гийн толгойн тус газар хөлөөрөө өшиглөж агсам согтуу тавьсан ба энэ үедээ караокены өрөөнд байсан ширээний өнцөг мөргөж унасан. Дээрх нөхцөлд байдлыг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4711 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэтэрхий нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дүгнэлтэд “... Биед ил гэмтэлгүй, 2019 оны 12 дугаар сарын 28-ны толгойн КТ-д тархинд өөрчлөлтгүй, хамрын таславч бага зэрэг баруун тийш муруйсан, зүүн талын гайморын хөндийн агааржилт буурсан, хана дагуу жигд бус зузаан сүүдэржилттэй, Амбулаторийн картанд: 2018 оны 12 дугаар сарын 28-ны нүдний эмчийн үзлэгт онош: Нүдний алимны доргилт, салстын цус хуралт гэжээ. 2018 оны 12 дугаар сарын 28-ны мэдрэлийн эмчийн үзлэгт: Хоёр талд зовхи, нүүр хөхрөнги гэжээ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан ...” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар тусгасан байх ба мөн журмын 2.6- д “... Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно ...” гэж заасан байна.

Тухайн гэмтэл нь тухайн үед үүссэн гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн         2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн                           4.1.5 /шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх/        19 дүгээр зүйлийн 19.1 /Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ/, 20 дугаар зүйлийн 20.1 /Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ/ гэж заасныг тус тус үндэслэн дахин шинжээч томилон дараах асуултад хариулт авч дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “... Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэж заасны дагуу П.Бы биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4711 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй эсэх, П.Б-д учирсан гэмтэл нь хуучин гэмтэл үү, тухайн үед үүссэн гэмтэл эсэхийг шинжээч эмчээс асууж тодруулах нь зүйтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1383 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1078 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Д.Шд холбогдох хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Шд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Т.Одгал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Д.Ш-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ш нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөөмий” нэртэй караокед П.Б-ыг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, “хамрын таславчийн муруйлт, зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүхээс Д.Ш-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг шалгаж, уг нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст шүүгдэгчийн гэм буруу болон үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоон ял оногдуулж шийдвэрлэхдээ нотлох баримтыг шалгаж үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан шаардлагыг баримталсан бөгөөд шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн бус, үнэн зөв болох нь эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Т.Одгал нарын хамтран гаргасан “дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Д.Ш-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Д.Ш-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1383 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1078 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Д.Ш-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын Д.Шд торгох ял оногдуулсан болон уг ялыг биелүүлэхтэй холбоотой 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Т.Одгал нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН