Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1383

 

 

 

 

 

  2019         09         06                                         2019/ШЦТ/1383

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч П.Болормаа,

Хохирогч П.Батбулган, түүний өмгөөлөгч Ю.Батболд /ҮД:1958/,

Шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Т.Одгал /ҮД:0104/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Шд холбогдох 1906 02397 1269 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 05 сарын 14-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст зохицуулагч цагдаа ажилтай, ам бүл 3, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 72 дугаар байрны 1-9 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Дын Ш /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Ш нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хөөмий” нэртэй караоке бааранд иргэн П.Батбулгантай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шгийн өгсөн: “Юуна гэх ресторонд болсон. Юуна гэх ресторанд гэр бүлтэйгээ хамт явсан ба тухайн үйл ажиллагаанд зөв зохистой явна гэж баталгаа дээр би гарын үсэг зурсан байсан. Үйл ажиллагаа тараад хэдэн хүмүүс “Хөөмий” караокед орсон. Тухайн өдөр нэлээн олон хүмүүс байснаас явсаар байгаад Амгаланбаатар, Эрдэнэ, Батбулган, манай эхнэр, бид нар үлдсэн. Амгаланбаатар, Эрдэнэ тамхи татах гээд гарсан. Батбулган, манай эхнэр, бид гурав үйлдсэн. Би өмнөх ресторанд нэг лааз, караокед нэг лааз пиво уусан байсан учир эрүүл шахуу байсан. Тухайн үед манай эхнэр миний өөдөөс хараад сууж байсан ба мөн нэг лааз пиво уусан байсан. Тухайн караоке нь дугуйрсан буйдантай, буйдангийн урд талд ширээтэй, миний зүүн гар талд дэлгэц байсан. Харин хохирогч Батбулган нэлээн согтуу байсан. Хохирогч Батбулган нь нөхрөө хайгаад байхаар нь би “тамхи татахаар гарсан, одоо удахгүй ороод ирэх байх” гэж хэлэхэд надаас “чи олоод ир, сүртэй юм бэ” гэж орилж байснаа буйдан дээр хагас хэвтээд миний баруун талын шанаа руу нэлээд хэдэн удаа хөлөөрөө жийсэн. Би хойшоо бултахад хохирогч хий өшиглөж, буйдангаас унасан. Босоод ирэхэд хамраас нь цус гарсан байсан бас хохирогч “чи намайг зодлоо” гэж хэлээд над руу дайрч, орилж чарласан. Удалгүй Амгаланбаатар, Эрдэнэ гэх албан хаагч нар өрөөнд орж ирсэн. Би 3 эгч, нэг охин дүүтэй хүн, эмэгтэй хүнийг гараа атгаж шанаадаж зодох хүн би биш. Би хохирогчийг цохиж зодоогүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Батбулганы өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхрийн маань ажлын шинэ жилийн албан ёсны хүлээн авалт болсон. Би нөхрөө дагаж явсан. Манай хүн тухайн байгууллагад шилжиж очоод удаагүй шинэ ажилтан байсан ба би шинэ хүмүүстэй хамт сууж байсан учир огт архи дарс амсаагүй. Үйл ажиллагаа даруухан болоод тараад гэртээ харихаар явж байх үед ажлынх нь газрын хүн “13 дугаар хорооллын Хөөмий караокед орж байна, хүрээд ирээч” гэж манай хүнийг дуудсан. Бид хоёр гэртээ харьж машинаа тавиад тухайн караокед очсон. Нөхөр бид хоёрыг очиход нэлээн хэдэн хүн байсан ч хүмүүс нялх нойтон хүүхэдтэй гээд явцгаасан. Сүүлд Эрдэнэ гэх залуу, шүүгдэгчийн гэр бүл, манай гэр бүлийнхэн үлдсэн байсан. Тухайн үед шүүгдэгч гөлөрч, толгойгоо унжуулсан байдалтай нэлээн согтуу сууж байсан. Би шүүгдэгчийн хажуугаас караокены ном авах гэж очих үед шүүгдэгч надад “би танай нөхөртэй банк, дипломат хамгаалалтад хамт ажиллаж байсан” гэж хэлэхээр нь би “харин тийм гэсэн, би сонссон” гэж хариулсан. Шүүгдэгч “би цагдаагийн офицер хүн” гэж удаа дараа буюу 4-5 удаа хэлж, над руу муухай хараад байхаар нь би “чиний офицер байх надад хамаагүй, чи наад үгээ ажил төрөл дээрээ хэл” гэж хэлсэн. Шүүгдэгч миний хажуунаас босч цаашаа яваад буцаж ирээд бөгж зүүсэн гараа зангидаад толгойн гурвын дунд маш хүчтэй цохисон. Шүүгдэгчийн эхнэр намайг ирээд удаагүй байхад “энд яах гэж ирсэн юм бэ, архи дарс уух гэж ийм газарт ирдэг юм” архиар их шахаад байхаар нь архинаас 2 удаа татсан. Шүүгдэгч болон түүний эхнэр нэлээн согтуу байсан. Манай нөхөр болон Эрдэнэ нарыг тамхи татахаар гарч 2-3 минутын дараа орж ирэхэд би шалан дээр цустай холилдоод уйлаад сууж байсан. Би нөхөртөө “шүүгдэгч намайг зодчихлоо” гэж хэлэх үед л шүүгдэгчийн эхнэр нь шүүгдэгчийг дагуулаад явсан байсан. Би нөхөртөө “би энэ газарт цоо эрүүл ирсэн байж одоо ийм байдалтай гармааргүй байна” гэж хэлээд уурласан. Би “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхэд хэн ч надад туслаагүй. Шүүгдэгийн үйлдлээс болж миний толгой тархи, зүүн нүдний салст гэмтсэн. Одоо хараа муудсан. Хамрын таславч баруун, зүүн тийшээ муруйсан, тархинд уйланхай үүссэн учир 2019 оны 04 дүгээр сард хоёр удаа хагалгаанд орж уйланхайгаа соруулсан. Шүүгдэгчийн үйлдлээс болж би эрүүл мэндээрээ маш их хохирсон. Намайг үнэхээр зодоогүй байсан бол надад яагаад мөнгө төгрөг өгсөн юм бэ. Цагдаагийн албан хаагч хүн байж хохирогч намайг гүтгэж байгаад гайхаж байна. Тухайн үед миний тархи толгой өвдөж байсан учир зарим баримтаа цуглуулж чадаагүй. 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон 280.000 төгрөгийн баримтаа авч чадаагүй. Баримттай 1.080.000 төгрөг дээр Хятад улсад эмчилгээ хийлгэсэн 978 юанийг нэхэмжилнэ. Тухайн үед нэг юань монгол мөнгөөр 390 төгрөг байсан. Би эмчилгээний зардалд нийт 5.900.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би үнэхээр гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагад хохирогч П.Батбулганы гаргасан гомдол /хх.9-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Батбулганы өгсөн: “... эрэгтэйчүүд тамхи татах гээд гарсан байхад Ш нилээн согтчихсон “би урд нь танай нөхөртэй банк хамгаалалтын хэлтэст ажиллаж байсан... би цагдаагийн офицер хүн шүү” гээд дахин дахин хэлээд байхаар нь дүргүйцэж ... гэнэт эргэж хараад бөгжтэй зангидсан гараараа миний зүүн нүд рүү маш хүчтэй цохьсон, гал манараад л шокийн байдалд орчихсон үед дараалан миний дух, баруун талын шанаа руу хэд хэдэн удаа буюу миний санаж байгаагаар 5 удаа цохьсон, миний дух цоорчихсон их хэмжээний цус гарч би доошоо хараад уйлчихсан сууж байхад манай нөхөр гаднаас орж ирсэн. Яасан юм бэ гээд надаас асууж байх хооронд эхнэр нь Шг дагуулаад гараад явчихсан. Анх намайг Шгийн эхнэр нь эмнэлгээр дагуулан явж үзүүлж ...  хамрын таславч уйланхай 2-т чинь хагалгаа хийнэ гэсний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 дүгээр эмнэлэгт хийлгүүлсэн. Эмчилгээний зардал 5.400.000 төгрөг нэхэмжилж байна... зодчихоод гэмшсэн шинжгүй уучлалт гуйхгүй, эмчилгээний зардал төлөхгүй хохироож байгаад гомдолтой байна...” гэх тайлбар, мэдүүлэг /хх.12-13, 76-78/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Батбулганы гэрчээр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны орой ... Ш нилээн согтчихсон “Би урд нь танай нөхөртэй Дипломат банк хамгаалалтын хэлтэст цуг ажиллаж байсан” гэж хэлэхээр нь “харин тийм, би сонссон” гэж хэлсэн, тэгээд над руу сүүмийсэн согтсон нүдээр хараад “би цагдаагийн офицер хүн” гээд дахин дахин хэлээд байсан. Би дургүйцэж “чиний офицер байх надад ямар хамаатай юм бэ? чи ажил дээрээ тэрийгээ гаргана биз” гэж маргасан. Над руу учиргүй муухай харчихаад цаашаа эргээд явахаар нь санаанд оролгүй тайвшраад үлдсэн, намайг буйдан дээр сууж байхад гэнэт эргэж хараад бөгжтэй зангидсан гараараа миний зүүн нүд рүү маш хүчтэй цохьсон, гал манараад л шокийн байдалд орчихсон үед дараалан миний дух баруун талын шанаа руу 5 удаа цохьсон, миний дух цоорчихсон их хэмжээний цус гарч, миний өмсөж явсан палааж цус болчихсон байсан... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 дүгээр эмнэлэгт бүтэн норкозтой хамрын таславч тэгшилсэн, тархины уйланхай соруулж авах дурангийн хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнийн өгсөн: “... Амгаланбаатар бид 2 караокений өрөөнд орж ирэхэд шалаар цус болсон Амгаланбаатарын эхнэрийн нүүр нь цус болсон байдалтай байсан... бага зэрэг маргалдаж байсан ... тамхи татчихаад орж ирснээс хойш Батбулган нь Амгаланбаатарт “намайг Ш цохьсон цагдаа дуудъя” гэж хэлж байсан. Энэ яриаг сонсох үед Ш эхнэрийн хамт явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.42-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амгаланбаатарын өгсөн: “... би буцан орж ирсэн, манай эхнэрийн дух болон хамарнаас нь цус гарсан байдалтай ... манай эхнэр Батбулган “Ш цохьсон” гэж надад хэлсэн... эхнэртээ хандаж “одоо явъя” гэхэд “би явахгүй, цагдаа дуудаж бодит байдлыг шалгуулна” гээд байхаар нь “маргааш учир нь олдох байлгүй” гэж хэлээд гэртээ харьсан... хамар нь муруйгаад таславч гэмтэж, уйланхай үүссэн байсан. Хоёр хөмсөгний голд язарсан байсан. Шал цус болсон байсан... цус ширээнээс зайтай байсан... Бүгд тодорхой хэмжээний халаалттай байсан... Хэрэг болсноос хойш Ш “бид нэг газарт хамт ажиллаж байгаа юм чинь гадагшаа яриад яах вэ? ямар нэгэн асуудалгүй, эмчилгээний гарах зардал мөнгийг өгье” гэж гуйсан...” гэх тайлбар, мэдүүлэг /хх.15-16, 44-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оюунгэрэлийн өгсөн: “... анх эмнэлгээр үзүүлэхэд томографийн 150.000 төгрөг өгсөн... 250.000 төгрөгийг нөхрийнх нь данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.80/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Жавхлантөгсийн өгсөн: “... настай байрын плажтай эгчийг сүүлд гарч явах үед нь текэн дээр харсан, нүүр нь хавдчихсан байсан... хэнд зодуулж хадвсан эсэхийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх.81-82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Өлзийбаярын өгсөн: “... Батбулган нь 2018 оны 12 дугаар сарын 26-нд бусдад зодуулаад түр балартсан гэж хэлсэн. 2, 3 удаа бөөлжсөн толгой их өвдөн, хатгана дотор муухайрч хий огино гэж үзүүлсэн... зовхи, нүүр хөхөрсөн, нүдний салстанд цус хурсан, зүүн талдаа илүү гэмтсэний улмаас толгой өвдөлт, цусны даралт ихсэх гэсэн онош тавьж, шинжилгээнд ор гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.84-85/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4711 дугаартай:

“1. П.Батбулганд хамрын таславчийн муруйлт, зовхинд тус хуралт, нүдний алимны доргилт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь 2018 оны 12 дугаар сарын 26-нд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.47/,

Иргэний үнэмлэх, төрөл садны лавлагаанууд, ажлын байрны анкет, тодорхойлолт /хх.22-34, 99-100/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.98/,

Хохирогч П.Батбулганы хохирлын баримтууд /хх.51-93, 103, 126-128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Шгийн яллагдагчаар өгсөн: “... Дарга нар шалгагдах л юм бол ажлаас халчих гээд байдаг болохоор нь ажилгүй болчих юм болов уу гэж бодож айсандаа тухайн үедээ хэл амгүй болгох үүднээс л Батбулганыг эмнэлгээр дагуулан явж үзүүлэн, тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.93-94/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Ш нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хөөмий” нэртэй караоке бааранд хохирогч П.Батбулгантай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цагдаагийн байгууллагад хохирогч П.Батбулганы гаргасан гомдол /хх.9-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Батбулганы өгсөн: “... бөгжтэй зангидсан гараараа миний зүүн нүд рүү маш хүчтэй цохьсон, гал манараад л шокийн байдалд орчихсон үед дараалан миний дух баруун талын шанаа руу 5 удаа цохьсон миний дух цоорчихсон их хэмжээний цус гарч, миний өмсөж явсан палааж цус болчихсон байсан... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 дүгээр эмнэлэгт бүтэн норкозтой хамрын таславч тэгшилсэн, тархины уйланхай соруулж авах дурангийн хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх.38-39, 76-78/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнийн өгсөн: “... Амгаланбаатар бид 2 караокений өрөөнд орж ирэхэд шалаар цус болсон Амгаланбаатарын эхнэрийн нүүр нь цус болсон байдалтай байсан... Батбулган нь Амгаланбаатарт “намайг Ш цохьсон, цагдаа дуудъя” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.42-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амгаланбаатарын өгсөн: “...би буцан орж ирсэн, манай эхнэрийн дух болон хамарнаас нь цус гарсан байдалтай ... манай эхнэр Батбулган “Ш цохьсон” гэж надад хэлсэн... хамар нь муруйгаад таславч гэмтэж уйланхай үүссэн байсан. Хоёр хөмсөгний голд язарсан байсан. Шал цус болсон байсан... цус ширээнээс зайтай байсан...” гэх мэдүүлэг /хх.44-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Жавхлантөгсийн өгсөн: “... настай байрын плажтай эгчийг сүүлд гарч явах үед нь текэн дээр харсан, нүүр нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.81-82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Өлзийбаярын өгсөн: “... Батбулган нь 2018 оны 12 дугаар сарын 26-нд бусдад зодуулаад түр балартсан гэж хэслэн. 2, 3 удаа бөөлжсөн, толгой их өвдөн, хатгана дотор муухайрч хий огино гэж үзүүлсэн... зовхи, нүүр хөхөрсөн, нүдний салстанд цус хурсан, зүүн талдаа илүү гэмтсэний улмаас толгой өвдөлт, цус ны даралт ихсэх гэсэн онош тавьж шинжилгээнд ор гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.84-85/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4711 дугаартай:

“1. П.Батбулганд хамрын таславчийн муруйлт, зовхинд тус хуралт, нүдний алимны доргилт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь 2018.12.26-нд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх.47/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Батбулганы өгсөн: “.....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оюунгэрэлийн өгсөн мэдүүлэг, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.Шгийн өгсөн мэдүүлэг зэргээс илүү үнэн зөв, ач холбогдолтой гэж шүүх үнэлсэн болно.

Д.Ш хохирогчийн биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч мэтгэлцэн тайлбарлаж байх боловч тухайн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Шг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Д.Шгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч П.Батбулганы 5.400.000 төгрөгийн нотлох баримтгүй нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.370.820 төгрөг, 978 юань /370.820 төгрөг/ нийт 1.741.420 төгрөгөөс шүүгдэгч Д.Ш 470.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 1.271.420 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч П.Батбулган нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Шгээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Шгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Шд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Шд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. А овогт Дын Шг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Шд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Шд сануулсугай.

          5. Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Шавинцэрэнгээс 1.271.420 төгрөг гаргуулж хохирогч П.Батбулганд олгосугай.

7. Хохирогч П.Батбулган нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Шгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР