| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 149/2020/00045/И |
| Дугаар | 210/МА2022/00302 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2022/00302
| 2022 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2022/00302 |
Р.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/03359 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Бийн хариуцагч С.Од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч С.Оээс 100,000,000 төгрөг гаргуулна.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.О нь нэхэмжлэгч Р.Бийн нөхөртэй хамтарч алтанд явдаг байсан. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хамт Заамар руу алтанд явах болсон их хэмжээний мөнгө шаардлагатай ирээд төлнө гээд 100,000,000 төгрөг зээлдүүлэхийг гуйсан тул Хаан банкны дансаар зээл гэх утгаар шилжүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 100,000,000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулж 80,000,000 төгрөгийг хэрэгт холбогдсон хохирогчдоо өгсөн. С.Од 43,300,000 төгрөг, 56,700,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Эхлээд 43,300,000 төгрөг нэхэмжилсэн, дараа нь үлдэх 56,700,000 төгрөгөө нэмж нэхэмжилсэн. Тухайн үед нэхэмжлэгч ээжийгээ асраад, ар гэрийн асуудлаас болж хөөцөлдөж чадахгүй байсан. Гэрч Н.Нэргүйбаатар, Н.Н, В.Бэлгэмдэмбэрэл нар хариуцагчийг хувьдаа 2 өрөө байр авсныг нотолдог гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: С.О нь Н.Нын ажилд тусалж, Заамар руу явж 2017 оны 03 дугаар сард алтны чулуу авахаар болсон. Н.Н Заамарт банк байхгүй гээд С.Оийн данс руу эхнэрээрээ 100,000,000 төгрөг шилжүүлье гэсэн. Н.Нын эхнэр Р.Б 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Тухайн өдөр банк 100,000,000 төгрөг шууд гаргах боломжгүй гэсэн тул 40,000,000 төгрөгийг нь банкнаас авсан. Өөрт байсан 2,000,000 төгрөгөөр машиных нь редуктор буюу мост худалдаж аваад Формула авто сервист 209,000 төгрөгөөр янзлуулсан. 40,000,000 төгрөгийг Заамарт ирж Наранбаатарт бэлнээр аваачиж өгсөн бөгөөд энэ үед Билэгдэмбэрэл хамт байлцсан. Заамарт 2 хоног Н.Н чулууг ачуулаад байж байсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн данснаас чулуу ачихад ашигласан эксковаторын хөлс 5,000,000 төгрөгийг 5556228585 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөнхбат гэдэг хүнээс зээлсэн 2,000,000 төгрөгөөр Н.Н машинд редуктор авсан тул өөрийн данснаас авч эргүүлж өгсөн. Наранбаатар, Билэгдэмбэрэл нартай чулуугаа ачаад Баруунхараа руу явж, Наранбаатар үлдсэн 50,000,000 төгрөг аваад ир гэхээр нь Билэгдэмбэрэлийн хамт Баруунхараагийн Хаан банкнаас бэлнээр авч өгсөн. Банк гүйлгээний хураамжид 100,000 төгрөг суутгасан. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Наранбаатар 5753543239 тоот дансанд 2,100,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Үлдсэн 500,000 төгрөгийг бэлнээр авч, Наранбаатарт өгсөн. Н.Н мөнгөнөөс аваагүй, найзын хувьд тусалж байсан. Билэгдэмбэрэл тухайн үед Н.Н ажилчин байсан. Нэхэмжлэгч нөхөртөө шилжүүлсэн мөнгийг зээл гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол овогтой С.О зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулах тухай Боржигон овогтой Р.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815,900 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Р.Б болон түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1 Хариуцагч С.Оийн “Заамар руу дахин буцаж алтанд явах боллоо, сая авч ирсэн чулуу маш сайн гарсан. Одоо их хэмжээгээр чулуу авч ирсэн гэсэн юм. Их хэмжээний мөнгө 100,000,000 төгрөг зээлж, ахдаа туслаач, ирээд саадгүй төлнө гэсний дагуу түүний Н.Баттулгын нүд сохолсон, хохирол төлөх шаардлагатай байдлуудыг харгалзан үзэж хүүхдийнхээ сургалтын төлбөрт хадгалж байсан мөнгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээг амаар байгуулж түүний дансанд 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийг 43,300,000 төгрөг, 56,700,000 төгрөгөөр хувааж зээлдүүлэв гэсэн утгаар шилжүүлсэн. Бидний хооронд Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй. Хариуцагч 100,000,000 төгрөгийг авсан болох нь талуудын дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Н.Нын мэдүүлгээр тогтоогдож байхад үйл явдлыг мэдэхгүй хүмүүсийн мэдүүлгийг үнэлсэн нь учирсан дутагдалтай байна. Гэрч Золбаярын “ би сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэгч байгаа. Нэхэмжлэгчээс хариуцагч 100,000,000 төгрөг зээлснийг Н.Наас өөр хүн мэдэхгүй. Хариуцагч тайлбартаа Наранбаатарт 40,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг өгсөн гэдэг ба гэрч Н.Н дээрх мөнгийг аваагүй гэж мэдүүлсэн байхад шүүх тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүйд гомдолтой байна.
4.2 Мөн хариуцагчийн тайлбарт “тэр үед 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн данснаас чулуу ачихад ашигласан экскаваторын хөлс 5,000,000 төгрөгийг 5556228585 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн” гэдэг. Уг данс хэний эзэмшлийнх болох, ямар мөнгийг хэнд шилжүүлсэн талаар хариуцагч нотлоогүй байхад шүүх хийсвэр дүгнэлт хийсэн.
4.3 Хариуцагч С.О нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөг зээлдэн авч Заамар руу алтанд явсныг гэрч Н.Н “С.О эхнэртэй ярьж данс руугаа 100,000,000 төгрөг хийлгэж авсан. С.О уг мөнгийг чулуу авахад зарцуулсан. Энэ мөнгөнөөс миний биө аваагүй бөгөөд өөрөө 20,000,000 төгрөгтэй явсан. Чулуу авахад нь тусалж хамт явснаас олсон ашгаас миний бие ямар нэгэн ашиг аваагүй” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн атлаа хэргийн нөхцөл байдалтай уялдахгүй байна гэж үзсэн нь буруу. Нэхэмжлэгч нь анхнаасаа хариуцагч С.О нь “Заамар руу алтанд яваад ирье, ахдаа туслаач, зээлээ удаахгүй өгнө гэсэн учир хүүхдийн сургалтын төлбөрт хадгалж байсан мөнгөө зээлсэн. Хэрэв Баттулгын нүдийг сохолсон хохирлыг төлөхөөр мөнгө зээлье гэсэн бол мөнгө зээлүүлэхгүй байсан. Нэхэмжлэгч н.Баттулгыг таньдаг бөгөөд түүнтэй утсаар ярьж учир явдлыг асууж утсан дээр бичлэг хийж шүүхэд гаргаж өгөхөд хүлээж аваагүй, мөн гэрчээр н.Баттулгыг асуулгах, эсвэл С.О, н.Баттулга нарт холбогдох цагаатгах тогтоолыг нотлох баримтаар гаргуулъя гэхэд хүлээж аваагүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг зөрчсөн.
Гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байхад дахин асуугаагүй. С.О нь нэхэмжлэгчээс зээлсэн 100,000,000 төгрөгийг захиран зарцуулж, алттай чулуу худалдан авч, тээрэмдүүлээд олсон ашгаа өөртөө захиран зарцуулсан байдлыг гэрч Н.Н мэдүүлсээр байхад энэхүү асуудлаар шүүх болон цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүйгээр түүний шаардлага үгүйсгэгдэж байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдийн 99,909,000 төгрөг нь С.О алт олборлох үед авч явсантай тохирч байгаа. Уг маргаан нь зээлийн гэрээтэй холбоотой асуудал тул цагдаагийн байгууллагад хамааралгүй.
4.4 Өмнө нь бидний хооронд 50,000,000 төгрөгтэй холбоотой маргаан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэгдсэн. Энэ нь 100,000,000 төгрөгтэй хамааралгүй гэж шүүх зөв дүгнэсэн атлаа 2018 оны 07 дугаар сард Р.Б нь С.Оээс мөнгөө нэхсэн үйл явдлыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлсэн 50,000,000 төгрөгөө нэхсэн гэж үзэх үндэслэлтэй мэтээр нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна.
4.5 Шүүгч гэрч В.Билэгдэмбэрэлийг Бямбадорж гэгчтэй андууран шүүх хурал үргэлжилсэн. Талууд энэ талаар хэлсэн бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хариуцагч нь хэрэгт хамааралгүй Ж.Гантулгыг гэрчээр асуулган нэхэмжлэгчийг буруугаар ойлгуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч анх 43,300,000 төгрөг нэхэмжилсэн. Дараа нь 100,000,000 төгрөг зээлүүлсэн гэж тайлбарладаг. Гэрчээр асуугдсан этгээдүүд нэхэмжлэгчийн хамаарал бүхий хүмүүс байдаг. Н.Н 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд эхний мэдүүлэгтээ хагас дутуу үнэн мэдүүлэг өгсөн боловч сүүлдээ нэхэмжлэгчийн заавраар худал мэдүүлэг өгсөн. Хариуцагч талаас н.Гантулгыг гэрчээр асуулгасан ба н.Гантулгыг адил аргаар луйвардсан учраас түүнээс мэдүүлэг авахаар дуудсан. н.Г мэдүүлэгт З.Бямбадоржийн талаар, 2,100,000 төгрөг шилжүүлсэн хүний талаар тодорхой байдаг. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн захирамж, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тогтоол зэрэг нотлох баримт гарч ирсэн. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа биш гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Р.Б хариуцагч С.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,300,000 төгрөг нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 56,700,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 100,000,000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С.О Заамар руу алтанд явахад их хэмжээний мөнгө шаардлагатай, ирээд төлнө гэж гуйсны дагуу 100,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч буцааж өгөөгүй” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөг зээлж аваагүй, нэхэмжлэгчийн нөхөр Н.Н миний дансаар эхнэрээсээ 100,000,000 төгрөг шилжүүлж авсан. Уг мөнгөний 40,000,000 төгрөгийг Заамарт ирж данснаасаа авч Н.Нт өгсөн, чулуу ачихад ашигласан экскаваторын хөлсөнд 5,000,000 төгрөг төлсөн. 2,000,000 төгрөгөөр Н.Нын машинд редуктор авсан, Баруунхараад ирээд үлдсэн 50,000,000 төгрөгийг бэлнээр авч Н.Нт өгсөн. 2,100,000 төгрөгийг Н.Нын шилжүүл гэсэн данс руу шилжүүлсэн, үлдсэн 500,000 төгрөгийг бэлнээр авч Н.Нт өгсөн ...” гэж тайлбарладаг. /хх1, 199/ Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар маргааны үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна.
4. Хариуцагч С.О нэхэмжлэгч Р.Бээс 100,000,000 төгрөгийг зээлийн харилцааны үндсэн дээр эсхүл нэхэмжлэгч Р.Б, гэрч Н.Нт хариуцагч С.Оийн дансаар дамжуулан шилжүүлсэн эсэх, С.О, Н.Н нар хамтын ажиллагааны үндсэн дээр авсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Р.Бээс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийг хариуцагч С.Од “зээлэв” гэсэн утгатай мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн дүгнэлт хийх боломжгүй. /хх4/
4.а. Учир нь гэрч Н.Нын маргааны үйл баримтын талаар өгсөн 2 удаагийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байна. Тодруулбал, дээрх гэрч нь нэхэмжлэгчээс хариуцагчид “зээл” гэсэн утгатай шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн талаар “... С.О эхнэртэй ярьж дансандаа 100,000,000 төгрөг хийлгэж авсан. Би түрүүлж Заамарт очсон. С.О араас мөнгө авч ирсэн ба бид нар 45,000,000 төгрөгөөр чулуу худалдан авсан .., ховооны зардал гэж мөнгө өгөөд С.Оийн авч ирсэн мөнгө дууссан. Данснаас дахин мөнгөө авч чулуугаа 4 ховоогооор зөөж Баруун-хараад авч ирсэн. Энэ бүхний зардал болон ажилчдын цалин өгч, хоол унд авч 100,000,000 төгрөг дууссан ... 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баруунхараад банкнаас 30,000,000 төгрөг бэлнээр өгсөн ...” гэж мэдүүлж байжээ. Үүний дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.Наас дахин хууль сануулан гэрчийн мэдүүлэг авахад “... 2017 оны 01 дүгээр сард С.О залгаад н.Тулгаа гэдэг хүний нүдийг цохисон эмчилгээний мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд энэ асуудлаас болоод мөнгө зээлэх шалтгаан болсон .., тэр үед С.О Тулгаад эмчилгээний зардал гэж нийт 80,000,000 төгрөг өгсөн ... С.О манай эхнэрээс зээлсэн 100,000,000 төгрөгөөрөө чулуу худалдаж авсан сурагтай байсан ...,” гэж өмнөхөөс өөр агуулгатай мэдүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт “гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд уг мэдүүлгийн зөрүүтэй байдлын талаар дүгнэлт хийх шаардлагатай. /хх69-70, 186-190/
4.б. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлохоор Н.Ныг гэрчээр асуулгасан, түүний мэдүүлэгт анхан шатны шүүх ач холбогдол өгөөгүй гэж давж заалдах гомдол гаргадаг боловч мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүтэй байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.
5. Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн байна. Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчтай утсаар ярьсан ярианы бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх энэ хэрэгт хамааралгүй, бичлэгийг хуулийн дагуу хийгдсэн гэж үзэхгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь буруу. Хуралдааны тэмдэглэлээс үзэхэд сиди /CD/-д ямар агуулгатай яриа бичигдсэн, энэ нь хуульд заасан журмаар бүрдэгдсэн эсэхийг тодруулаагүй байна. Зүй нь шүүх тухайн утасны ярианд юу бичигдсэн, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар хариуцагч мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн эсэхийг эхлээд үзлэг хийж бэхжүүлсний үндсэн дээр нотлох баримтаар үнэлэх эсэхээ шийдвэрлэх ёстой. /хх203/
6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/03359 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гарзгах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
А.МӨНХЗУЛ