Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00642

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02932 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Б, Ш.Н, Л.Ж, Н.Э, Д.Д, М.С нарын хариуцагч С.Б, Б.Н нарт холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээг эрх олгоогүй асуудлаар байгуулснаас учирсан хохиролд 597,210,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч С.Бын өмгөөлөгч, хариуцагч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч С.Бын өмгөөлөгч Н.Анар, С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б, Ш.Н, Л.Ж, Н.Э, Д.Д, М.С нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нар нь хууль эрх зүйн туслалцаа авах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Сэнгэдоржийн Батболд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 899/, түүний туслах гэх Батбаатарын Нармандах нартай тохиролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр С.Б, Б.Н нар нь “Могул Скай” ХХК-д холбогдох үндсэн төлбөр 1,405,200,455 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги 702,600,228 төгрөг, нийт 2,107,800,683 төгрөг гаргуулах үүргийг Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн ам хаягт орших “Могул таун” буюу 315 айлын цогцолбор хотхоны нэг бүрдэл хэсэг болох 28 айлын 2С байрны карказаас хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт С.Б өмгөөлөгчөөр, өөрийн туслах Б.Над итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахыг зөвлөж хүн тус бүрээр итгэмжлэл хийлгэж авсан юм. Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч Б.Н, өмгөөлөгч С.Б нар нь эрх зүйн үйлчилгээг гэрээнд заасны дагуу үзүүлсэнгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл явцын талаар мэдээлэл өгөлгүй, бид нартай ч зөвлөлдөлгүй, эрх олгоогүй асуудлаар “Могул Скай” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байна. Энэхүү шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Б оролцоогүй, зөвхөн Б.Н очиж хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тэрээр энэхүү гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, ярилцаж үр дагаврын талаар тайлбарлаж өгөөгүй. Нэхэмжлэгч нар гэрээ цуцлах, нэхэмжпэлийн зарим шаардлагаас татгалзах зэрэг эрхийг Б.Над итгэмжпэлээр олгоогүй юм. Гэтэл захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнд заасан хариуцлагаас хариуцагчийг үндэслэлгүй чөлөөлж нэхэмжлэгч нарын шаардсан алдангиас татгалзсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2. “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Эвлэрлийн гэрээ гэх гараар бичсэн баримтад бичигдсэн зүйлс нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгч нарыг захиалсан орон сууцаа авах боломжгүй болгож, хариуцагчийг үүргээс чөлөөлж, 2011 онд захиалагч нарт орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ одоо болтол биелүүлээгүй “Могул Скай” ХХК-ийг хууль болон гэрээний үүргээс чөлөөлсөн. Эвлэрлийн гэрээний 2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хооронд байгуулагдсан захиалгын гэрээ тус бүр цуцлагдсанд тооцож байна” гэжээ. Гэрээ цуцлах нь Иргэний хуулийн 204, 205, 225 дугаар зүйлүүдэд заасан журмаар шийдвэрлэгдэх бие даасан харилцаа учраас эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэх боломжгүй. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг зөрчсөн Б.Нын үйлдлийн улмаас бид захиалсан орон сууцаа авах боломжгүй болсон. Бид бүхэн анх орон сууцны захиалгын гэрээг хийхдээ төлбөрийг америк доллараар тооцож төлсөн. Орон сууцны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, ам долларын ханшийн өсөлт, хууль, гэрээнд заасан алдангиас “Могул Скай” ХХК-ийг хэсэгчлэн чөлөөлсөн зэргээс асар их хохирол хүлээж байна. Өнөөдрийн байдлаар “Могул Скай” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр гүйцэтгэлийн ажиллагаа хийхээр олон тэрбум төгрөгийн өртэй. Мөн хувь хүн, хуулийн этгээдэд их хэмжээний өр төлбөртэй байгаа учраас бид нарын хохирлыг барагдуулах баталгаа нөхцөл алга. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч С.Б нар “Могул Скай” ХХК-ий итгэмжпэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоотой 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээг эрх хэмжээ олгоогүй асуудлаар байгуулан нэхэмжпэгч нарыг хохироосон болохыг тогтоож, 597,210,193 төгрөгийг С.Б, Б.Н нараас гаргуулж нэхэмжлэгч Ж.Б, Д.Д, М.С, Ш.Н, Н.Э, Л.Ж нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Д.Д нарын иргэдийн нэхэмжлэлтэй хариуцагч “Могул Скай” ХХК-д холбогдох иргэний хэрэгт эрх зүйн бүрэн чадамжтай нэхэмжлэгч иргэдээс олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Тус итгэмжпэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлийг татан авах, хариуцагч талтай эвлэрэх эрхийг Б.Над олгосон байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар өмгөөлөгч С.Бтой амралтын өдөр уулзаж хэргийн талаар мэдээлэл авч зөвлөлддөг байсан. Мөн “2С Могул” гэх нэртэй Вичат группээр мэдээлэл дамждаг байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Нын зүгээс шүүхэд гаргасан нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийн дагуу тухайн үеийн 2С байр буюу одоогийн 93 тоот 28 айлын дутуу барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй талаарх улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, тухайн дутуу барилгатай холбоотой ямар нэгэн шүүхийн шийдвэр байгаа эсэх, байгаа бол уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэх талаарх нотлох баримтууд хэрэгт цугларсан. Хэрэгт цугларсан уг нотлох баримтуудтай танилцахад: “Могул Скай” ХХК нь 2С буюу одоогийн 93 тоот барилгыг 2012 онд Төрийн орон сууцны корпорацид барьцаалж 3 тэрбум төгрөгийг зээлсэн байсан. Гэрээний хугацаа дууссаны дараа ТОСК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Могул Скай ХХК-аас шаардсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 256 тоот шийдвэр гарч, улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд дээрх 256 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор 2С буюу 93 тоот дутуу барилгыг битүүмжлэн хураан авч дуудлага худалдаанд оруулах нөхцөл байдал үүссэнийг нэхэмжлэгч иргэд болон бид олж мэдсэн. Өөрөөр хэлбэл 2С буюу 93 тоот дутуу баригдсан барилга буюу карказаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг нь дээр дурдсан нотлох баримтуудын улмаас хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн. Уг нотлох баримтууд хэрэгт цугларсны дараа нэхэмжлэгч нарт мэдэгдсэн бөгөөд дараагийн шүүх хуралдааны өдөр дээрх иргэдийн төлөөлөл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамт хуралдаанд оролцохоор шүүх дээр ирсэн. Тэгээд шүүхийн байранд эдгээр иргэд хариуцагч “Могул Скай” ХХК-ийн төлөөлөгч н.Ичинхорлоотой уулзсан бөгөөд хэргийн талаар болон үүссэн нөхцөл байдлын талаар хоорондоо санал солилцож ярилцаж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарт хэргийн үйл явц, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг мэдэгдэж байсан юм. Иргэний хуулийн 231, 232 дугаар зүйлд тус тус заасны дагуу алданги гэдэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын зөвхөн нэг хэлбэр бөгөөд хохирол биш юм. Мөн хариуцагч бид нэхэмжлэгч иргэд болон “Могул Скай” ХХК-ий хооронд байгуулагдсан гэрээний үүрэг гүйцэтгэгч биш. Хариуцагч бид нэхэмжлэгч нарт ямар ч гэм хор учруулаагүй юм. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б, Б.Н нараас үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 597,210,193 төгрөгийг /Б.Наас 54,175,328 төгрөг, С.Боос 54,175,328 төгрөгийг гаргуулж Д.Дт, Б.Наас 40,800,000 төгрөг, С.Боос 40,800,000 төгрөгийг гаргуулж М.Сд, Б.Наас 47,115,364 төгрөг, С.Боос 47,115,364 төгрөгийг гаргуулж Ш.Нт, Б.Наас 68,296,942 төгрөг, С.Боос 68,296,942 төгрөгийг гаргуулж Н.Эт, Б.Наас 46,381,950 төгрөг, С.Боос 46,381,950 төгрөгийг гаргуулж Л.Жд, Б.Наас 41,835,512 төгрөг, С.Боос 41,835,512 төгрөгийг гаргуулж Ж.Бад/ гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н, Н.Э, Л.Ж нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н, Н.Э, Л.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,114,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид 1,557,000 төгрөг, хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 1,557,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н, Н.Э, Л.Ж нарт олгож шийдвэрлэсэн.

 

 4. Хариуцагч С.Бын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Гэрээний үүрэг зөрчсөн, эсхүл гэрээний бус үүрэг зөрчсөний аль хохирол болох талаар шүүх дүгнээгүй талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн төлөөлөгч оролцуулан анхан шатны журмаар шийдвэрлэснээс үзэхэд шүүх нэхэмжлэгч 6 иргэний гаргасан нэхэмжлэлийг гэрээний бус үүрэг зөрчиж гэм хор учруулсан үйл баримт хэмээн үзэж шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор боловч гэрээний үүргийн зөрчлөөс үүдэлтэй хохирол арилгуулах харилцаа хэмээн дүгнэж шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв дүгнээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль журам үйлчилсэн нь тодорхой бус болсныг илэрхийлнэ.

4.б. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн талаар:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “зохигч талууд хариуцагч Б.Над итгэмжлэлийг олгосон, хариуцагч С.Б нь нэхэмжлэгч нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй болно” гэжээ. Гэвч энэ талаар талууд маргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус. Энэ тохиолдолд мэтгэлцэх зарчим зохих ёсоор хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна.

4.в. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний тухай үнэлэлт өгөөгүй талаар:

Уг хэргийг шийдвэрлэхийн тулд шүүхээс нэхэмжлэгч иргэдийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тухайн гэрээний дагуу өмгөөлөгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагын талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ... талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

4.г. Шүүхээс гарч болох байсан шийдвэрийг урьдчилан таамаглаж баталгаа гаргах замаар буюу Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Шүүхийн тухай хуульд харшилсан аргаар хэргийг шийдвэрлэсэн талаар:

“Могул Скай” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч талаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах алдангиас 597,210,194 төгрөгийн хэмжээг бууруулан татгалзаж эвлэрлийн гэрээ хийсэн үйл баримтыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэхүү 2932 дугаар шийдвэрээр “эд хөрөнгөд учруулсан бодит хохирол”, “олох ёстой байсан орлого”, “гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардагдах мөнгөн төлбөр” гэж дүгнэн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч иргэдийн 2017 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тэр дундаа алданги 702,600,228 төгрөгийг тухайн шүүх хэрэв хянан шийдвэрлэсэн бол бүхэлд нь хангах ёстой байсан, тухайн шаардлага хангагдаж шийдвэрлэгдэх нь гарцаагүй байсан гэх урьдчилсан дүгнэлтийг өгсөн явдал болсон. Мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 15.11 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэрийн талаар урьдчилж “амлалт өгөх”-ийг хориглосон заалттай нийцэхгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.7-д заасантай нийцэхгүй зөрчилдөхөөр байна. 

4.д. Хариуцагч талыг гэм буруутай гэж үзэх болсон шалтгаант холбоог дүгнээгүй талаар:

Барилга захиалгын гэрээний төлбөрөө алдангийн хамт авна, үүн дээр нэмж захиалсан барилгаа бас авна гэсэн нэхэмжлэлийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхэд нэхэмжлэгч талын “хүсэл зориг”, “ашиг сонирхол” хэмээн дүгнэгдээд буй нөхцөл байдал буюу төлбөр, алданги, барилга гурвыг бүгдийг зэрэг хамт авах эрх зүйн үр дагавар гарах магадлал бага байхад шүүх энэхүү хүсэл зорилго, ашиг сонирхол хангагдаагүй нь С.Б нарын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан шалтгаант холбоотой мэтээр үзсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “гэм хор учрахад ... хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний  хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана” гэж зааснаар хэрэв шүүхээс гэм хор учруулсан гэж үзсэн бол тухайн гэм хор учрахад нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэл олгосон үйлдэл хэрхэн нөлөөлсөн, итгэмжлэлийг гэрчлэх үйлдэл хийсэн нотариатч Нотариатын тухай хууль тогтоомжоор тусгайлан хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар, эвлэрэх эрх олгосон итгэмжлэлийн үр нөлөөний талаар, түүнчлэн нэхэмжлэгч талууд эвлэрэн хэлэлцэж болохгүй гэсэн хангалттай тодорхой заавар чиглэл огт өгч байгаагүй, харин эвлэрэх эрхийг олгож байсан /энэ тохиолдолд Иргэний хуулийн 63.3 дахь хэсэгт заасан үүргийг төлөөлөгч Б.Н зөрчсөн гэж үзэх боломжгүй/ зэрэг нь хэрхэн нөхцөл байдалд нөлөөлсөн болохыг шүүх хууль хэрэглээний хувьд зайлшгүй дүгнэх шаардлагатай байсан боловч энэ талаар дүгнэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдэл болж чадаагүй. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан гэх этгээдийг буруутгах үндэслэл, хохирсон гэх этгээдийн эрх ашгийг зөвтгөх үндэслэлийг харьцуулан үзээгүй, тэнцвэргүй дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан байна.

4.е. Эвлэрэл нь хэт хохиролтой нөхцөл тусгасан эсэхийг тусгай мэдлэг ашиглан тогтоолгох хүсэлтийг хангаагүй талаар:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01692 дугаар захирамжаар баталсан эвлэрэл нь нэхэмжлэгч талын эрх ашгийг илт хохироосон эсэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрх олгогдсон эвлэрүүлэн зуучлагчаар хөндлөнгийн байдлаар судлуулж дүгнэлт гаргах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх тухайн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь уг хэргийн маргаантай үйл баримтыг тодруулах ажиллагааг бүрэн явуулаагүйг илтгэнэ.

4.ё. Үйлчлүүлэгч нар нь өмгөөлөгчийн зөвлөгөөг өөрсдийн үзэмжээр хүлээн авахаас талгалзаад буй талаар.

Өмгөөлөгч, төлөөлөгч нарын хэлэлцэн тохирч чадсан эвлэрэл, эвлэрлийн гэрээний нөхцөл, хэргийг шуурхай шийдвэрлүүлж чадсан хөдөлмөр зүтгэлийг ямар ч үнэ цэнэгүй ажил мэтээр тайлбарлаж “би өөрөө эвлэрчихэж чадна” гэх бүдүүн тойм байдлаар нотолгоогүй тайлбар гаргасныг шүүх үнэлж дүгнээгүй. 

4.ж. Бусад үндэслэлийн талаар:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь ямар нотлох баримтыг үнэлж, ямар нотлох баримтуудыг үнэлээгүй талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Мөн хууль зүйн үндэслэл бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх Шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчиж, ижил төрлийн адил шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, захирамжид дүгнэлт хийж үгүйсгэн шүүхээс гарах шийдвэрийг урьдчилсан байдлаар дүгнэлт хийсэн алдааг гаргажээ. Мөн төлбөрт төлсөн мөнгөө алдангийн хамт авах хүсэл зоригийн эрмэлзэлтэй байсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Шүүх хууль зүйн хувьд үүрэг хүлээх ёстой хэмээн С.Б, Б.Н нарыг үзвэл 101/ШШ2018/01692 тоот захирамжид энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Энэ нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, захирамж хүчин төгөлдөр байсаар атал дахин шийдвэрлэж, гэрээний оролцогч биш талуудаас /хариуцагч С.Б, Б.Н/ нэхэмжлэгч иргэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцож дурдсан алдангийг хохирол хэмээн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, бодит биш, хэт хийсвэр, хөөрөгдсөн, таамаглал дээр үндэслэсэн, хууль зүйн үндэслэлгүй байна. 2016 оны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаалагдсан эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, төлбөр авагч, барьцаалагч нарын шаардлагыг хангах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүх хэрхэн үнэлж дүгнэж байгаа, нэхэмжлэгч иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл нь тухайн нөхцөлд бүрэн хангагдсан эсэх, бодитой эсэх, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх эсэх нь тогтоох боломжгүй зэрэг нөхцөл байдлыг анхаарсангүй.

Дээрх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас илэрхийлсэн “нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангиас татгалзаагүй, энэ талаар зөвшөөрөөгүй байхад хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан алдангиас татгалзаж эвлэрсэн тул хохиролд тооцсон гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна” хэмээн дүгнээд хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч нарт гэм хор учруулсан бөгөөд хариуцагчаас гаргуулах мөнгөн төлбөрийг хохирол хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01692 дугаар захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан дүн буюу алданги 597,210,193 төгрөг нь бодит хохирол огт биш. Эвлэрлийн гэрээгээр татгалзсан алдангийн хэмжээг бодит хохирол гэж үзвэл тухайн алдангийг зайлшгүй хангуулах байсан гэдгийг тогтоох ёстой. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн нэг шаардлага “Эвлэрлийн гэрээг эрх хэмжээ олгоогүй асуудлаар байгуулсан болохыг тогтоолгох” хэмээн тодорхойлсон. Гэтэл хариуцагч Б.Над эвлэрэх эрх олгосон болох нь хариуцагч нарын олгосон итгэмжлэлээс тодорхой харагдахын зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, татан авах, гарын үсэг зурах эрх олгосон.

5.б. Нэхэмжлэгч нараас 2018 онд хариуцагч “Могул Скай” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу өгсөн үндсэн төлбөрөө хариуцагчаас буцааж авах, үүргийн гүйцэтгэлийг дутуу баригдсан барилгын карказнаас гаргуулах байсан. Дээрх шаардлагын дагуу нэхэмжлэгч нар “Могул Скай” ХХК-тай байгуулсан захиалгын гэрээнээсээ татгалзсан. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үндсэн үүрэг, шаардах эрх дуусгавар болох ба шаардах эрх дуусгавар болоход нэмэгдэл үүрэг анз шаардах эрх мөн адил дуусгавар болох эрх зүйн үр дагавартай. Гэтэл шүүх зөрүү алдангийг хариуцагч биднээс гаргуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.в. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн олон удаагийн захирамжаар итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангасан, төлөөлөгч итгэмжлэлээр олгосон эрхийг хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч нарт бодит хохирол учруулаагүй, нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж хөндөөгүй болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу цаг хугацааны хувьд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр захирамж, тогтоол байгаа болно.

            Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: “Могул Скай” ХХК-д холбогдох иргэний хэрэгт С.Б өмгөөлөгчөөр, түүний туслах Б.Н итгэмжлэлээр оролцсон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар үйлчлүүлэгчид тухай бүрт нь мэдээллэж байх, нэхэмжлэгч нартай харилцан зөвлөлдөх, асуудлын үр дагаврын талаар зөвлөх үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл Б.Н, С.Б нар нь эрх зүйн үйлчилгээг гэрээнд заасны дагуу үзүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, эвлэрлийн талаар мэдээлэл өгөлгүй, зөвлөлдөлгүй, эрх олгогдоогүй асуудлаар “Могул Скай” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ гэх гараар бичсэн гэрээг байгуулж 1692 тоот захирамж гарсан. Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, нэхэмжлэгч нарыг маш их хохироосон гэрээ болсон. Нэхэмжлэгч нарт орон сууцны захиалгын гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах эрх олгоогүй. Гэтэл захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнд заасан хариуцлагаас хариуцагчийг үндэслэлгүй чөлөөлж нэхэмжлэгч нарын шаардсан алдангиас татгалзсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 даххэсэгт заасныг зөрчсөн нь анхан шатны шүүх хурал дээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нарын хүсэл зорилго нь захиалсан орон сууцныхаа дуусаагүй барилгыг авч худалдан борлуулах замаар хохирлоо арилгуулахад байсан. “Могул Скай” ХХК нь нэхэмжлэгч нараас авсан мөнгөөр орон сууцны барилгыг босгосон. Өөрөөр хэлбэл, эвлэрлийн гэрээний улмаас захиалсан орон сууцаа авах, дуусаагүй барилгыг авч хохирлоо гаргуулах, хугацаа хэтрүүлсэн алданги төлүүлэх боломж хязгаарлагдсан. Өмгөөлөгч С.Б нь нэхэмжлэгч нарт эвлэрлийн гэрээ, түүний үр дагаврын талаар хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, ярилцаагүй, өмгөөлөгч шүүх хуралд ч оролцоогүй, Б.Н эвлэрлийн асуудлаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүйгээ анхан шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Хуульч нар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчиж, мэргэжлийн алдаа гаргасан нь Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаартай тогтоолоор тогтоогдсон. Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 597,210,193 төгрөг нь хууль, гэрээнд заасны дагуу хохиролд тооцож авбал зохих мөнгө юм. С.Б, Б.Н нар нь эрх хэмжээгээ хэтрүүлж, хууль гэрээнд заасан үүргээ хуульд заасан шаардлагын дагуу биелүүлэлгүй үйлчлүүлэгчээ хохироосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Ж.Б, Д.Д, Л.Ж, Ш.Н, М.С, Н.Э нар нь хариуцагч С.Б, Б.Н нарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээг эрх олгоогүй асуудлаар байгуулснаас учирсан хохиролд 597,210,193 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “итгэмжпэлээр … хариуцагч талтай эвлэрэх эрхийг Б.Над олгосон байсан гэсэн үндэслэл заажээ.

 

3. Н.Э, Д.Д, М.С, Ж.Б, Л.Ж, Ш.Н, Р.Мөнхсайхан, Г.Амарбаяр нар нь С.Бтой 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Д.Д, М.С, Ш.Н, Н.Э, Ж.Б, Л.Ж нарын нэхэмжлэлтэй “Могул Скай” ХХК-д холбогдох 2,107,800,683 төгрөг гаргуулах, 28 айлын 2с байрны карказаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байсан, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Л.Ж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н.Э, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.Д, Ш.Н, Ж.Б нар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр М.С тус тус Б.Над хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох итгэмжлэлүүдийг олгосон, уг итгэмжлэлүүдийн үндсэн дээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоотой эвлэрлийн гэрээ байгуулсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 101/ШШ2018/01692 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт эвлэрлийн гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүгчийн захирамж, итгэмжлэлүүд, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогджээ. /1хх 18, 69-71, 78-84, 2хх 119-116/

4. Ж.Б, Д.Д, Л.Ж, Ш.Н, М.С, Н.Э нар Б.Над эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгоогүй байхад хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан үйл баримтыг тогтоох шаардлагын хувьд хариуцагч С.Б нь иргэдтэй байгуулсан гэрээний дагуу хууль зүйн туслалцааг зохих ёсоор үзүүлээгүй, эвлэрлийн гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүссэн талаар, эвлэрэх нөхцлийн талаар үйлчлүүлэгчдээ огт мэдэгдээгүй, “улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлнэ” гэх зэргээр ёс зүйгүй байдал гаргасан, хариуцагч Б.Н нь төлөөлүүлэгч, үйлчлүүлэгч нартайгаа ярилцаагүй, тэдний зөвшөөрлийг аваагүй, үүссэн нөхцөл байдал, түүнээс гарч болох арга замын талаар харилцан ойлголцолгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан үйлдэлд нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн ба уг тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /2хх 2, 56-67, 170-179, 181-189/

Талууд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлын талаар маргасан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй” гэсэн зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон байна. Гэрээний нэг тал нөгөө талаас хохирлыг шаардах тохиолдолд үүргийн зөрчлөөс гадна хохирол учирсан гэх нөхцөл байдлыг нотолсон байх учиртай.

5. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нар Б.Над хариуцагчтай эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгож Б.Н нь нэхэмжлэгч нараас олгосон бүрэн эрхийн хүрээнд тухайн хэргийн хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд  нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч нарын хувьд алданги шаардах эрхтэй байсан, шүүхийн шийдвэрээр зайлшгүй олгогдох ёстой орлого гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Иймд хариуцагч С.Б, Б.Н нарт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6. Дээр дурдьсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.Б, Б.Н нараас 597,210,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б, Д.Д, Л.Ж, Ш.Н, М.С, Н.Э нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Боос төлсөн 1,557,000 төгрөг, хариуцагч Б.Наас төлсөн 1,651,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                            Д.НЯМБАЗАР

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН