Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 8

 

 Х......................ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д......................ад холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 142/ШШ2019/01332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х......................ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д......................ад холбогдох,

“Амины орон сууцны түлхүүр гаргуулах, 25.105.100 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Х......................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х......................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Д......................, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Х...................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Х...................... нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д......................тай амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр худалдагч тал Х...................... нь Булган аймаг, Орхон сумын 2-р баг Ар мэргэнд байрлах 230 м.кв талбай бүхий амины орон сууцыг 280 000 000/хоёр зуун наян сая/ төгрөгөөр худалдах, худалдан авагч тал болох Д...................... нь амины орон сууцыг худалдан авч гэрээний үнийн дүн болох төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Д...................... нь гэрээний үнийн дүнг 3 хувааж төлөх үүрэгтэй байсан ба амины орон сууцанд орохдоо эхний 30.000.000 /гучин сая/ төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэвч Д...................... нь гүний худгаа өөрөө гаргаж авна гэсэн учир 10 000 000 /арван сая / төгрөгийг өөрт нь үлдээж АОС-ны түлхүүрийг өгснөөр эд хогшлоо аваачин нүүж ороод 1 жил 3 сар шахуу болоод байна. Д...................... нь 2-3 тэрбум төгрөг орж ирнэ том худалдааны төв барина, бага насны хүүхдүүдээ өвөл зунгүй утаагүй агаарт амьдруулах хэрэгтэй байна гэж уг амины орон сууцыг худалдан авахаар өөрөө санал тавьсан. Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ, АОС- ны өмчлөх эрхийг бүрэн шилжүүлж өгөхөөр ярилцан тохиролцсон. Ингээд 2018 оны 6 дугаар сараас уг сууцыг шилжүүлж, эзэмшил ашиглалтанд нь өгсөн бөгөөд харин Д...................... сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй. Уг сууцыг худалдан авахаасаа өмнө эхнэр Ариунаа, хүүхдүүдийн хамт 2018 оны 5 дугаар сарын сүүлээр очиж амины орон сууцны инженерийн шугам,цэвэр бохир ус,халаалт амины орон сууцны ашиглалтын байдал, барилгын хийцтэй танилцаж заалгаж авсан. Д...................... уг амины орон сууцтай танилцсаны дараа 11-р хорооллын Саруул хотхоны 29 байрны 15 тоот 3 өрөө бүхий шинэ орон сууцыг төлбөрт оруулж өгье гэж санал тавихаар нь бид очиж үзсэн. Д...................... нь өөрөө шинэ орон сууцаа зарж төлбөрөө хийхээр тохирсон. Гэтэл Д...................... нь амины орон сууцны халаалтыг ажиллуулаагүйгээс болж хөлдөөн надад хохирол учруулсан тул би өөрөөсөө зардал гарган шинээр тавиулж, засуулж солисон. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол хүйтний улирал ирж байгаа тул дахин хөлдөх аюултай. Ингээд амины орон сууцны түлхүүрийг нэхэхэд өгөхгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлагчид хандаад эвлэрч асуудлаа шийдээгүй. Иймд Д......................аас Булган аймаг дахь Орхон сумын 2 дугаар баг Армэргэнд байрлах амины орон сууцны түлхүүрийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Х...................... нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

            Миний бие Х...................... нь Д......................аас Булган аймгийн Орхон сум,2-р баг Армэргэнд байрлах 230 м.кв амины орон сууцны түлхүүр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Д...................... нь 2018 оны 6-р сараас 2019 оны 10-р сар хүртэл дээрхи хувийн сууцыг ззэлээр худалдан авах гэрээ хэлцлийн дагуу эзэмшиж байхдаа өөрийн хайхрамжгүй эс үйлдэхүйн улмаас сууцны подваль хэсэгт байрлах /өөрөөр хэлбэл инженерийн байгууламжууд/ цэвэр усны даралтат сав, халуун усны бойлор, шугам хоолойнуудыг хөлдөөж,хохирол учруулсан тул уг хохирлыг арилгахтай холбоотойгоор дараах зардал гаргасан. Шинээр худалдан авч сольсон тоног төхөөрөмж бараануудын үнэ 9 844 100 төгрөг, ажлын хөлс-3 900 000 төгрөг,бараа тээврийн үнэ 350 000 төгрөг, зочид буудлын хөлс-/4 хүн-5 хоног/- 400 000 төгрөг, хоол хүнс -700 000 төгрөг, сууцны үнэ 280 сая төгрөг, Орлогын албан татварын хуулийн ҮХЭХ элэгдэл,хорогдол,шимтгэл тооцох тухай 13 дугаар зүйлд заасны дагуу элэгдэл,хорогдлыг 40 жилээр тооцвол жилийн 7 сая ,сард 583 000 төгрөг болно. Үүнийг Д......................ын эзэмшилд байсан 17 сарыг тооцвол 9 911 000 төгрөгөөр элэгдэл хорогдлыг тооцон нийт 25 105 100 /хорин таван сая нэг зуун таван мянга нэг зуун / төгрөгийг гэм хорын хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Х...................... сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

            Хариуцагч Д......................ын 2019.09.19-ны өдрийн гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Тэрээр тайлбартаа 2018 оны 6-р сард Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Ар мэргэнд байрлах амины сууцыг худалдан авах тухай асуудал ярьсан. Гэрээ гэж өөрөө нэг зүйл бичиж авчраад гэрчилгээ, түлхүүр ч байхгүй байшингаа хүлээлцэлгүй мөнгөний хэрэг болоод байна,гадагшаа явах гээд байна гэхээр нь 10 сая төгрөг өгсөн. 1 ш түлхүүр, гаражийн удирдлага ах нь авчирч өгсөн. Худаг гаргаж өгнө тэгж байж байшиндаа орно, хэсэг хугацааны дараа мөнгө хэрэг болоод байна гэсэн тул хүссэнээр нь мөнгө өгсөн. Тэр байшинд орж чадаагүй тул би мөнгөө авъя гэхэд миний мөнгийг өгөхгүй гэсэн гэж бичсэн нь бодит байдалд нийцсэн үнэн зөв тайлбар гаргаагүй байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан байгаа. Анх 2018 он 5-р сард Д...................... нь таныг байшингаа зарах гэж байгааг хүнээс сонслоо хэмээн өөрөө ирж уулзаад улмаар 2018 оны 05 -р сарын 31-ний өдөр эхнэр, бага насны 2 хүүхдүүдтэйгээ Армэргэнд очиж байшинг үзэж танилцахад нь би эхнэр н.Энхмаагийн хамт байшингаа үзүүлэн ямар зарчмаар ажилладаг талаар тайлбарлаж өгсөн. Ингээд бидэнд маш их таалагдлаа авъя гэсэн. Бэлэн мөнгө алга, бартер хийж болох уу гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг Залуус хотхоны 29-15 тоот 3 өрөө байраа үзүүлээд 110 сая төгрөгөөр бодож бартер хийе, би барилга барьж байгаа, намар гэхэд үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн. Би, байраа чи өөрөө зараад мөнгөө өгнө биз гэсэн. Ингээд Армэргэн дэх байшингаа 280 сая төгрөгөөр зарна гэдгээ хэлж, Д...................... зөвшөөрч бид хүсэл зоригоо илэрхийлснээ гэрээгээр баталгаажуулж манай албан конторын БӨ сум Хүрэнбулаг баг "ХАРХ" ХХК-ийн 303 тоот өрөөнд ирж урьдчилгаа 10 сая төгрөгөө төлж, 2 тал гарын үсэг зурцгаасан. /2018.06.12/ Анх уулзах үеэсээ манай худаг доголдолтой байгаа тухайгаа хэлэхэд байрныхаа мөнгөнөөс худаг гаргасан зардлаа хасаж тооцъё. Би Дэнжид хашаа байшиндаа худаг өрөмдүүлсэн хэмээн саналаа хэлсэн. Харин би худгийн мотор, труба, троссоор туслахаар тохирсон. Д......................ыг эхнэр 2 хүүхдийн хамт анх байшинг очиж үзэхэд яаж халдаг, яаж ажилладаг бохирын шугам, цахилгаан, байшингийн хийц, польш инженер, барилгачид барьсан тодорхой ойлголтуудыг өгсөн. Д...................... нь уг байшинд нүүж орсон буйдан болон бусад эд хогшлоо аваачсан байсан. Найз нөхдөдөө ч байшин авсан тухайгаа гайхуулан ярьж аваачиж үзүүлсэн байсан. Нүүж орсныг нь хажуу хөршүүд болох Ш.Оюунбаяр, Ш.Оюунбат нар мэдэх билээ. Мөн 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр ЭБЦТС ТӨХК-ны цахилгааны байцаагч Баярт гэдэг хүнээр стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан 3 фазын ЭТ53 маркын №150903002764 тоот тоолуурыг 59 лацаар битүүмжлүүлж Д...................... өөрөө худалдан авч тавиулсан байдаг. Ингээд гэрээний дагуу төлбөрөө хий хэмээн шаардахад 2018,08,01-нд манай эхнэр Энхмаагийн ХААН банкны дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш төлбөр хийгээгүй. Удаа дараа залгахад Эрдэнэтэд байхгүй, Баянхонгор аймагт Алтны уурхайд ажиллаж байна, удахгүй очно гэсээр 2019 он гарсан. Подваль руу ороход цэвэр усны даралтат сав, халуун усны бойлор, шугам хоолойнууд хагарсан, хана шал нь нойтон, хөгцөрсөн байдал үүссэн байсан. Ийм болсон болохоор нь би .....................ад "чи сууцыг өөрийн эзэмшилдээ оруулж авчихаад түлхүүр удирдлага нь байхад ийм байдлатай болгодог нь яаж байгаа юм бэ" гэхэд маш их уурлаж шүүхдээ хандана биз, надад гэрээ хамаагүй, миний 20 сая төгрөгийг хүүтэй нь өг тэгвэл би түлхүүрийг чинь буцааж өгөөд наймаа буцна хэмээн маргаж түлхүүрээ өгөхгүй явсан. Зун болж хөлдсөн бойлорын ус гэсч /ойролцоогоор 0,5 тн ус хөлдөөд хайлж байсан/ подвалаа их усанд автуулахгүйн тулд аргагүйн эрхэнд УБ хотоос сантехникийн мэргэжлийн хүмүүсээ дуудан, Д......................ад аргагүй учраа тайлбарлан утсаар 2 удаа ярьж мессеж бичихэд Д...................... нь согтуу байсан, өөрийн эрэгтэй дүүгээрээ түлхүүр өгч явуулсан байсан. /2019.06.14/

            Бид 2-ын хооронд Булган аймаг Орхон сумын 2-р баг Армэргэнд баригдсан 230 м.кв талбай бүхий амины орон сууцыг 280 сая төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг тохирч, бичгээр гэрээ хэлцлийг хийж, уг хэлцлийн дагуу Д...................... үнийг төлөхөөс өмнө сууцыг өөрийн эзэмшилд авсан. /2018 он 6-р сараас 2019 он 10-р сар хүртэл/ Иймээс төлбөрийг хувааж төлөх үүргийн дагуу 2 удаа 10,10 саяар нийт 20 сая төгрөг төлсөн байсан юм. Төлбөр төлөгдсөний дараа гэрээг зохих газар бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон юм. Д......................ын бичээд байгаа шиг авах гэж байгаа сууцаа үзэж харахгүйгээр хүнд 20 сая төгрөг өгнө гэдэг нь ямар ч хүнд ойлгомжгүй худал ярьж буй нь тодорхой байна. Энэ маргаантай асуудлаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахад эвлэрүүлэн зуучлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүртэл хуулийн зөвлөлгөө өгсөн. Худгаа Д...................... өөрөө гаргана гэж ярьсанаа мартан бүр эсрэг юм бичсэнээ энэ хүн ойлгож байгаа юм болов уу. Мөн шүүхэд хандах хүртэл /2019 оны 09-р сарын 01 өдөр/ Д.Эрдэнбатын эд хогшил нь дээрх байшинд байсныг бид фото зургаар баталгаажуулж авсан.

            Иймд харин Д...................... нь өөрөө худалдан авна гэчихээд үүргээ биелүүлэхгүй буюу төлбөрөө төлж чадахгүй, байшинг эзэмших, ашиглах хугацаандаа харж хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан тул би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэжээ.

            Хариуцагч Д...................... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          Х......................ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2018 оны 06 дугаар сард Х......................той Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Ар мэргэнд байрлах амины орон сууцыг худалдан авах тухай асуудал ярьсан. Ингэхдээ тухайн сууцыг 280.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд гэрээ байгуулж байшингаа хүлээлцэн гэрчилгээнүүдээ авчирч өгөхөөр тохиролцсон. Тэрээр тухайн үед гаргасан худаг нь ажилладаггүй тул дахин худаг гаргаж өгч байж орно гэдэг асуудал ярьсан. Гэвч гэрээ гэж өөрөө нэг зүйл бичиж авчираад гэрчилгээ ч байхгүй, түлхүүр ч байхгүй байшингаа ч хүлээлцэлгүй мөнгөний хэрэг болоод байна гадагшаа явах гээд байна гэхээр нь би байсан 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд гадаад явах болсон тул ирээд бусад юмаа авч өгөлцье гэсэн. Мөн худгаа гаргаж өгнө тэгж байж байшиндаа орж гэрээгээ албан ёоор хийхээр тохиролцон 10.000.000 төгрөг өгөөд авчирсан гэрээн дээр нь 10.000.000 төгрөг өгсөнөө тэмдэглээд л явуулсан. Маргааш нь гадаад явна ахад түлхүүрээ өгчихье гэсэн. 3 хоногийн дараа ах нь 1 ширхэг түлхүүр, гараашийн түлхүүрийн хамт авчирч өгсөн. Тэгээд хэсэг чимээгүй байснаа дахиад утсаар яриад мөнгөний хэрэг болоод хэд ч хамаагүй мөнгө хэрэгтэй байна гэсэн. Би харин хариуд нь хэзээ худгаа гаргаад хэзээ байшиндаа орох юм бэ гэхэд хүлээж бай тун удахгүй л гэсэн. Тэгээд за яахав нэгэнт орохоос хойш гэж бодоод хүссэн ёсоор нь 10 сая төгрөг шилжүүлж өгсөн. Харин та байшин саваа хүлээлгэж өгөөд худгаа гаргаад өг л дөө гэсэн. Тэгнэ хотоос удахгүй хүмүүс ирж худаг гаргаж өгнө гэсээр өвөл болсон . Худаг байхгүй тул тэр байшинд бид орж чадахгүй байсааар хавар болсон. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймээс би ер нь больё гээд 2019 оны 4 сард ажил дээр нь очиж уулзаад танай байшинд орж чадалгүй жил боллоо, миний 20 сая төгрөгийг та жил хэрэглэлээ таны худаг ч алга иймээс ер нь танай байшинг авахаа болъё би мөнгөө буцааж авъя та түлхүүрээ ав гэж хэлсэн. Харин тэд байшингаа эзэмшсээр байгаа нь илт байна. Яагаад гэвэл надад 1 ш түлхүүр л өгсөн. Ямар ч хаалга 4-6 түлхүүртэй байдаг. Тэгэхээр тэд өөрсдөө тэдгээр түлхүүрээр орж байшингаа эзэмшдэг болох нь харагдаж байна. Нэгэнт түлхүүрээ авна байшингаа өгөхгүй гэж байгаа бол 20 сая төгрөгөө буцааж аваад түлхүүрийг нь өгөхөд татгалзах зүйлгүй. Түүний нэхэмжлэлдээ дурдсан тухайн орон сууцыг шилжүүлж эзэмшил ашиглалтад өгсөн гэдэг нь худлаа. Тэд харин хэлсэн ярьсандаа хүрэлгүй хүний мөнгө авчихаад байшингаа хүлээлгэж өгч худгаа ч гаргаж өгөхгүй хэл сураггүй алга болчихоод одоо болохоор мөнгийг маань жил гаран хэрэглэчихээд худал зүйл бичиж байгаад гайхаж байна. Мөнгийг маань өгөхгүй бол сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ. 

            Хариуцагч Д...................... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

            Би Х......................той 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Ар мэргэнд байрлах 230м2 бүхий амины орон сууцыг 280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд гэрээр “гаргасан худаг нь ажилладаггүй, дахин худаг гаргаж өгнө” гэсэн. Худаг байхгүй, ус байхгүй тул тэр байшинд орж чадахгүй байсаар хавартай эолгосон. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймээс би “ер нь больё” гээд 2019 оны 4 сард ажил дээр нь очоод “Танай байшинд орж чадалгүй жил боллоо. Миний өгсөн 20.000.000 төгрөгийг та жил хэрэглэлээ. Таны худаг ч алга. Иймээс ер нь танай байшинг авахаа больё. Би мөнгөө буцааж авъя. “Та түлхүүрээ ав” гэж хэлсэн. Гэтэл надад “Бойлуурын зарим нэг зүйл хөлдсөн. Чиний мөнгийг өгөхгүй. Харин чи надад мөнгө нэмж өг. Мөн түлхүүр өг” гэж хэлсэн. Би “Та надад албан ёсоор түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй. Байшингаа ч хүлээлгэж өгөөгүй. Байшинд орж амьдраагүй учир бусад зүйлийг чинь мэдэхгүй” гэдгээ хэлсэн. Энэ байшингийн мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ч надад өгөөгүй, шилжүүлээгүйгээр миний 20,000.000 төгрөгийг авсан тул түүнээс гаргуулан авахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

            Иймд Х......................оос миний 20.000.000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д...................... нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Х......................ийн тус шүүхэд хандаж гаргасан нэмэлт хариу тайлбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад өөрийн өмнөх өгсөн тайлбар, гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж дараах хариу тайлбарыг нэмж гаргаж байна. Үүнд 2019 оны 10-р сарын 19-ны өдөр гаргасан тайлбартаа “2018 оны 05 сарын 31-ний өдөр Армэргэнд байрлах маргаан бүхий байшинг намайг очиж үзсэн, халаалт болон бусад зүйлийг ямар зарчмаар яаж ажилладаг талаар тайлбарлан өгсөн, худаг гаргасан зардлаа хасаж тооцъё. Харин би худгийн мотор, труба, троссоор туслахаар тохирсон. Яаж халдаг, яаж ажилладаг, бохирын шугам, цахилгаан, байшингийн хийц, Польш инженер, барилгачид барьсан гэсэн ойлголтуудыг өгсөн” гэх зэргээр үндэслэлгүй, гүтгэлэгийн чанартай тайлбарыг бичиж өгчээ. Энэ талаар болон анхны өгсөн нэхэмжлэлд тайлбар өгөхдөө, мөн сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа тодорхой тайлбарыг би өгсөн билээ. Тэрээр өөрөө надаас мөнгө авчихаад сураггүй алга болсноороо бруутай гэж би үзэж байгаа. Тэрээр мөн надад эзэмших эрхийн гэрчилгээг ч албан ёсоор шилжүүлэн өгөөгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухайд тоног төхөөрөмж, бараануудын үнэ болох 9.844.100 төгрөг, ажлын хөлс 3.900.000 төгрөг, бараа тээврийн үнэ 350.000 төгрөг, зочид буудлын хөлс 400.000 төгрөг, хоол хүнс 700.000 төгрөг, элэгдэл хорогдол 9.911.000 төгрөг нийт 25.105.100 төгрөг нэхэмжилж байгаа нь мөн л үндэслэлггүй бөгөөд миний буюу надаас авсан 20.000.000 сая төгрөгийг өгөхгүй гэсэндээ үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа гэж би үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 142/ШШ2019/01332 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Д......................аас Булган аймаг, Орхон сумын 2-р баг Ар мэргэнд байрлах 230 м.кв талбай бүхий амины орон сууцны түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч Х......................ид, нэхэмжлэгч Х......................оос 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Д......................ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 25,105,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 354,001 төгрөг, хариуцагчийн 257,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 257,950 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х......................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01332 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х......................ийн нэхэмжлэлийн шаардлага 25.105.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх хурлаас нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэхдээ сууцны түлхүүр гаргуулахыг хангаж, хор хохирол учруулсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч Х......................, хариуцагч Д...................... нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1., Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу гэрээ байгулах санал болон хүлээн зөвшөөрөх санал байна. Ийнхүү гэрээ байгуулах санал болон саналын хариу байгаа тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Энэ талаар талууд маргаангүй талаар шүүх хуралд тайлбартаа дурдсан. Шүүх энэ талаар гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Талууд маргаангүй гэдгийг мөн дурдсан. Гэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг хууль болон гэрээнд нийцүүлж зөв тодорхойлоогүй. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсвэл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлд уг гэрээнийг хэлбэрийг бичгээр хийхээр гэрээний нөхцөлд тусгах талаар зохицуулсан. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3.-т дагалдх баримт бичгийг шилжих үүрэгтэй гэсэн байдаг боловч талууд төлбөр хийж дууссаны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасны дагуу худалдан авагч үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй бол татгалзах эрхтэй гэж 264.2.-т 264.1.-т заасан тохиолдолд учирсан хохирол зардал худалдан авагчаас шаардах эрхтэй гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй. Иргэний хуулийн 56.1.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж улсын бүртгэлд бүртгүүлэхээр уг гэрээ хүчин төгөлдөр байх гэрээ хэлцлийн хэлбэрийн шаардлага зөрчигдсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болж байгаа юм. Энэ тохиолдолд өгсөн авсан зүйлийг буцаах үр дагавар үүсч, буруутай этгээд учирсан хохирлыг нөхөн төлнө. Хариуцагч Д...................... нь түлхүүрийг авч эд хогшлоо аваачин, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна. 2018 оны 06 сарын 13-нд Х...................... сууцыш чөлөөлж, түлхүүр подвалын удирдлагыг шилжүүлэн өгсөн нь шүүх хуралд оролцсон гэрч Х.Бат-Эрдэнэ,  М.Баярт, Д.Батзаяа нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн гэрээнээс татгалзаж, түлхүүр, удирдлага авчирч өгөхийг шаардаж байснаа утсаар явуулсан мессэжээр нотлогдоно. Хариуцагчийн дүүгийн хамт 2018 оны 06 дугаар сарын 14-нд очиж байр болон подвалийг онгойлгож хор хохирол учруулсныг мэдэж хор уршгийг арилгуулах талаар түүнд хэлэхэд гэрээ надад хамаагүй, мөнгийг өг тэгвэл түлхүүр өгнө гэж шаардлагыг эсэргүүцсэн. Шүүхээс нэхэмжлэгч Х......................ийн хохиролд 25.105.100 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, хариуцагч сууцанд гэр бүлийн хамт амьдраагүй, халаалт ажилуулах шаардлага байхгүй байгаа, халаалтыг хэрхэн ажиллуулах болон халаалттай холбоотой зүйл яриагүй. Халаалт хэдийд яаж хэний буруугаас болж хөлдсөн нь тодорхойгүй, түүнийг ашиглах явцдаа хөлдөөсөн гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч сууцанд амьдраагүй, халаалтын систем доголдож улмаар хөлдөж хагарсныг мэдээгүй. Энэ талаар мэдэгдээгүй, гомдол гаргаж байсан эсэх нь тогтоогдоогүй байна гэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтанд тулгуурласангүй. Энэ нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчиж байна. Талууд хэн юу шаардаж байгаага нотлох үүрэгтэй. Хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй байгаагаа нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шаардлагыг тусгах ёстой. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрийг гаргах ёстой. Нэхэмжлэгч талаас гэрчээр нотлуулсан хариуцагч Д...................... сууцыг суллуулан өөрөө эзэмшиж байсан талаарх нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2., 40.3.-т заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х...................... нь хариуцагч Д......................ад холбогдуулан  “Амины орон сууцны түлхүүр,  25.105.100 төгрөг гаргуулах тухай , хариуцагч Д...................... нь  нэхэмжлэгч Х......................ид холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Д......................аас Булган аймаг, Орхон сумын 2-р баг Ар мэргэнд байрлах 230 м.кв талбай бүхий амины орон сууцны түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч Х......................ид, нэхэмжлэгч Х......................оос 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Д......................ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 25.105.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч Д...................... нь худалдан авсан 230 м2 талбай бүхий амины орон сууцны инженерийн шугам сүлжээг хөлдөөснөөс түүнийг засаж хэвийн ажиллагаатай болгохоор засварласан зардал 25.105.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь гэм хор учруулснаас үүсэх хохирол байхад нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад  үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс болж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийг зөрчиж тухайн хэргийг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх атал шүүгч дангаар шийдвэрлэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4.-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Х......................ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжинд төлсөн 383.476 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 142/ШШ2019/01332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Х......................ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 383.476 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                                    Б.БАТТӨ