Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00393

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00393

 

 

 

 

                              Э.Б, С.Цнарын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/03308 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Б, С.Цнарын хариуцагч Ц.Б, Ц.Б, Д.Цнарт холбогдуулан гаргасан Т ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115,900,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Хөрөнгийн биржээр дамжуулан Э.Б, С.Цнарын Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагч Ц.Б, хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Т ХК-д учруулсан гэм хорын хохирол 115,900,000 төгрөгийг Ц.Б, Ц.Б нараас гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э.Б, С.Цнар Т ХК-ийн нийт 27,9 хувийн хувьцааг эзэмшдэг. Тус компани 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЭЖЭБ ХХК-тай 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулж, 3,380 м.кв талбайг түрээслүүлэхдээ 1 м.кв талбайг 887 төгрөгөөр түрээслэхээр тогтоосон. Гэтэл тус гэрээг байгуулсан Т ХК-ийн ТУЗ-ын дарга, хувьцаа эзэмшигч Ц.Б болон ЭЖЭБ ХХК-ийн захирал Ц.Б нар төрсөн ах дүү хоёр бөгөөд Ц.Б, Д.Ц, Ц.Б нар сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийсэн. 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөрийг жишиг үнээс 1,143 төгрөгөөр багаар тогтоож, нийт 115,900,000 төгрөгийн хохирлыг компанийн хувьцаа эзэмшигчдэд учруулсан. Т ХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ц.Б, Д.Ц, Ц.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Б, Д.Ц, Ц.Б нар 115,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Монголиан бизнес рейтинг аудит” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №02/81 тоот дүгнэлт, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №02/069 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Гэвч Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №02 тоот тогтоолоор эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг Ц.Б, Д.Ц, Ц.Б нарт эсхүл ЭЖЭБ ХХК нарт холбогдуулан гаргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийг Ц.Б, Д.Ц, Ц.Б нарт холбогдуулан гаргаж байгаа бөгөөд ЭЖЭБ ХХК-д холбогдуулж гаргаагүй. Хариуцагч Д.Цид холбогдох шаардлагаас татгалзаж байна гэжээ. Тавилга ХК-д учруулсан гэм хорын хохиролд хариуцагч Ц.Баас 57,950,000 төгрөг, хариуцагч Ц.Бгаас 57,950,000 төгрөг гаргуулна.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: 

2.1 Хариуцагч Ц.Бгийн тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.2 Хариуцагч Б.Банзрагчийн тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл:

3.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн биржээр дамжуулан Э.Б, С.Цнарын Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна.

3.2 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э.Б, С.Цнар Т ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар эзэмшиж байсан тул 123 хүний 8,610 ш хувьцааг Т ХК-ийн халаасны хувьцаа болохыг нотолж, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэнэ. “Тавилга”  ХК-ийг хувьчлах үед  тус компанийн 100 гаруй ажилчдаас санал авахад бүгд байгууллагынхаа хувьцаа эзэмшигч болохыг хүсч бичгээр саналаа гаргасан байдаг. 1992 оны 03 дугаар сард хувьчлах тогтоол гарч 122,754 ширхэг хувьцаагаар 100 хувь хувьчлалын цэнхэр тасалбараар хувьчилсан. Компанийн архиваас хувьцаагаа компанидаа нэгтгэсэн 123 ширхэг цэнхэр тасалбарыг олсон ба 123 тасалбарын 8610 хувьцааг Э.Б, С.Цнар биржээс гадуурх худалдан авалтаар бүртгүүлсэн байна. 123 хүний цэнхэр тасалбар Т ХК-д эхээрээ хадгалагдаж байгааг Компанийн тухай хуульд зааснаар Т ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т ХК-ийг 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 34 дүгээр тогтоолоор хувьцаа гаргах хөрөнгийн хэмжээг 12,275.4 төгрөгөөр үнэлж хувьчилсан. 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Өмч хувьчлах тухай хуулийн 19 дүгээр зүйлд “үйлдвэрийн газрын хувьцааг зөвхөн биржээр дамжуулан худалдана” гэж заасан тул 123 тасалбарын 8610 хувьцааг Э.Б, С.Цнар биржээс гадуурх худалдан авалтаар бүртгүүлсэн гэх ямар ч үндэслэлгүй. Т ХК-аас Өмч хувьчлалын комиссын 34 дүгээр тогтоол болон мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар давуу эрхийн хувьцаа авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Т ХК-ийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 онд хийсэн шалгалтын тайланд давуу эрхийн хувьцаа болон үнэт цаас гаргаагүй ба халаасны хувьцаа байхгүй гэж тодорхойлсон.  123 ширхэг цэнхэр тасалбар нь үйлдвэрийн газрыг хувьчилж хувьцаа худалдан авах эрхийн бичиг болохоос хувьцаа биш, нэрнээс нь харахад тодорхой байгаа.Үүнийг хувьчилж байгаа үйлдвэрийн газрын үнэлгээнд тохируулан зохих тоо хэмжээгээр гаргаж, эрхийн бичгээ авсан хүмүүс брокерийн пүүст очиж аль компанийн өмчид хөрөнгө оруулахаа шийдээд  эрхийн бичгийнхээ сери дугаар, овог, нэр, паспорт, регистрээ бүртгүүлээд цахим бүртгэлд бүртгүүлж данс нээлгэн эрхийн бичгийнхээ ард хувьцааг авах компанийнхаа бүртгэлийг хийлгэж брокерийн пүүсийн тамгаар баталгаажуулж, гарын үсэг зурснаар эрхийн бичиг хувьцаа болж хувиран хөрөнгийн биржээр арилжаалагдана. Бүртгэл хийсэн тохиолдолд эрхийн бичгийг эздэд нь буцаан олгох ба дахин хэрэглэж ашиглах боломжгүй болдог. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/760 дугаартай албан бичгийн хавсралтад Т ХК-ийн 122754 ширхэг хувьцаа 37 брокерийн пүүс дээр 244 хүн дээр бүртгэлтэй байна гэж тодорхойлсон. Иймд Т ХК-ийн анх хувьчлагдсан 122754 ширхэг хувьцаа бүгд брокерийн пүүст бүртгэгдэж, 90 гаруй хувь нь арилжаалагдаж, үлдсэн хувь нь дансаа нээлгэж бүртгүүлээд арилжаалагдаагүй бүртгүүлсэн эздийнхээ дансанд хэвээр байна гэдгийг нотолж байна. 123 хүн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өөрсдийгөө төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад Ц.Б нэхэмжлэл гаргах  эрх зүйн үндэслэлгүй. Арилжааны хэлцлийг брокер диллерийн компани, түүнийг төлөөлж оролцогч диллер хийдэг болохоос биш Э.Б, С.Цнар дур мэдэн хийх боломжгүй. Нэхэмжлэгч нар хувьцааг худалдан авахдаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Брокер, диллерийн компаниар зуучлуулж арилжааны хэлцлийг хуулийн хүрээнд хийж байсан бөгөөд Т ХК-ийн хувьцааг худалдан авч 28 жилийн турш эзэмшиж, ашиглан, хууль ёсны эрх үүргээ хэрэгжүүлсээр ирсэн. Энэ бүх хугацаанд ямар ч этгээд хууль бусаар шилжүүлэн авсан байна гэдэг утга агуулгаар гомдол гаргаж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгч: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангалтгүй, нотлох баримт дутуу. Хариуцагч Ц.Б, Ц.Б нар ашиг сонирхлын гэрээ хийсэн учир хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах нь зүйтэй гэжээ.

 6. Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б, Ц.Б нараас 115,900,000 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.11- д заасныг баримтлан хариуцагч Ц.Бгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нар нь хариуцагч Д.Цид холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, нэхэмжлэгч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлөх хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Ц.Б, Ц.Б нараас 737,450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан улсын төсвөөс буцаан гаргуулж Ц.Бд олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Ц.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

7.1 Т ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоолыг үндэслэж түрээсийн гэрээг байгуулсан. Уг тогтоолд Төлөөлөн удирдах зөвлөл ..... Ц.Б нарын 7 хүний гишүүний бүрэлдхүүнтэй байх ба үүнээс .... нар хараат бус гишүүн байна. Компанийн тухай хуульд зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирал нь гүйцэтгэх үүрэгтэй ба зөрчих эрхгүй. Эрүүгийн хэрэг болон шинжээчийн дүгнэлтэд 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоол хавсаргагдаагүй байсан. Тус тогтоол нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх ёстой ба тогтоол хүчинтэй, хууль зөрчөөгүй бол тогтоолыг хэрэгжүүлсэн гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос уг 08 тоот тогтоолыг хууль зөрчөөгүй гэсэн. Иргэний хуулийн 39-43, 189, 195, 196 дугаар зүйлийг зөрчөөгүй, 56-60 дугаар зүйлд заасан нөхцөл байхгүй байхад шүүх 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоолыг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд Иргэний хууль, Компанийн тухай хуулийг зөрчөөгүй, ТУЗ-ийн тогтоолыг биелүүлж байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дах заалтыг хэрэглэж, нэхэмжлэгч ТУЗ-ийн тогтоолтой маргаагүй, ТУЗ-ийн тогтоолыг үндэслэн байгуулсан гэрээтэй маргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2, 89.2.2, 90 дүгээр зүйлийн 90.1 90.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэсэн. Хэрэгт авагдсан 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээ Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулах журмыг зөрчиж гаргасан тогтоолыг үндэслэж гарсан гэрээ байна. Түрээсийн гэрээ байгуулсан Ц.Б, Ц.Б нар төрсөн ах, дүү учраас сонирхлын зөрчил бүхий этгээдүүдийн хооронд байгуулсан хэлцэл байна. Энэ хэлцлээс учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулж байна гэдэг байдлаар үндэслэл, шаардлагаа тодорхойлж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Б ТУЗ-ийн бүрэлдэхүүний нийт 7 гишүүний 4 гишүүн нь хоорондоо ах, дүүс гэдгийг хүлээн зөвшөөрсөн. ТУЗ-ийн дийлэнх олонхи нь сонирхлын зөрчилтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Компанийн тухай хууль зөрчсөн тогтоол хүчингүй бөгөөд тогтоолын дараа байгуулж буй хэлцэл сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн хооронд хийсэн хэлцэл байна гэдгийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Тус компани хотын төвд Алтай хотхон дотор Төмөр замын төв вокзалын урд байрладаг ба 1 м.кв талбайг 30,000 төгрөгөөр түрээслүүлдэг. Хотын төвийн А бүсд төвийн цахилгаан, дулаан, цэвэр, бохирт холбогдсон 10,000 м.кв үйлдвэрийн байрыг ах, дүү нар хувиараа 24 жил ашигласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Э.Б, С.Цнарын Т ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Ц.Б, Ц.Б, Д.Цнар эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын Хөрөнгийн биржээр дамжуулан Т ХК-ийн хувьцааг арилжаалан буцаан худалдан авсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цид холбогдох шаардлагаасаа татгалзсан болно.

3. Иргэдийн төлөөлөгч “ ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангалтгүй, нотлох баримт дутуу. Хариуцагч Ц.Б, Ц.Б нар ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийсэн учир хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийжээ. /3хх112/

4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “компанийн хувьцаа эзэмшигч болон компанийн бусад албан тушаалтан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсний улмаас компанид хохирол учирсан” гэж тайлбарладаг.

4.а. Хэрэгт ЭЖЭБ ХХК-д Т ХК-ийн 3,000 м.кв талбайг 1 м.кв-ыг 1,000 төгрөгөөр тооцож түрээслүүлэхийг зөвшөөрсөн Т ХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ-ийн тогтоол, 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Т ХК-ийн захирал Ц.Б, ЭЖЭБ ХХК-ийн захирал Ц.Б нарын байгуулсан тус компанийн үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийг сарын 3,000,000 төгрөгөөр, 3 жилийн хугацаатай түрээслэх гэрээ зэрэг нь нотлох баримтаар авагджээ.

4.б. Тус компанийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолд гарын үсэг зурсан удирдах зөвлөлийн дарга, гишүүд болох .... нар төрсөн ах дүүс, Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.2.2-т заасан сонирхлын зөрчилтэй этгээдүүд болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. /2хх186-188, 3хх125-126/

5. Дээрх гэрээг байгуулахдаа Т ХК-ийн талбайг зах зээлийн ханшаас доогуур үнээр түрээслүүлсний улмаас 115,900,000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох баримт хэрэгт байхгүй байна. 

5.а. Хэргийн 1 дүгээр хавтасны 9-16 дугаар талд Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлийн шатанд хийгдсэн “Монголиан бизнес рейтинг аудит” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 22 болон 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт авагдсан байх боловч эдгээрийг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмаар гаргасан дүгнэлт биш байна.

Уг шинжээчийн дүгнэлтэд “ГБТ трейдинг” ХХК болон ЭЖЭБ ХХК-ийн түрээсийн гэрээнүүдийг хооронд нь харьцуулж, ЭЖЭБ ХХК-ийг улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг байсан, тус компанийн түрээслэж буй хэсэг нь халаалтгүй гэж дурьдсан байна. Дээрх нөхцөл байдал нь түрээсийн үнэ ханшид нөлөөлөх эсэх нь тодорхойгүй, уг дүгнэлтийг үндэслэн түрээсийн талбайн зах зээлийн үнэ болон гэрээний үнийн хоорондын зөрүүг хохиролд тооцох боломжгүй байна.

6. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт буюу шинжилгээ хийлгэх зэрэг тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ, шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасан.

Шүүх маргааны үйл баримтыг тогтооход мэргэжлийн шинжээч томилуулах шаардлагатай эсэхийг талуудаас тодруулж, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай бөгөөд нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа бүрэн хийгдсэний дараа түүнд үндэслэж Т ХК-д учирсан гэх хохирлыг бодитой тогтоох боломжтой болно.

Хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/03308 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

                                                                                    А.МӨНХЗУЛ