Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00407

 

 

 

 

 

                              А Ж Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/02407 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А Ж Г ХХК-ийн хариуцагч Н.С, Э.Э, И ХХК, АЭДЭ ХХК-д  холбогдуулан гаргасан Н.Сгаас компанид учруулсан хохиролд 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж Э ХХК-д нөхөн төлүүлэх, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээний дагуу ....цогцолбор үл хөдлөх эд хөрөнгөөс 1-р орцны 5-р давхарт байрлах 120 м.кв талбайг Э ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг И ХХК-д даалгах, АЭДЭ ХХК-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай ....цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхарт байрлах 120 м.кв талбайг гаргуулан Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Э ХХК-ийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 61,325,000 төгрөгийг Н.Сгаас гаргуулах, 61,325,000 төгрөгийг Э.Эээс гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батболд, Д.Алтанбагана, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар, хариуцагч болон хариуцагч Н.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагч И ХХК, АЭДЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсор, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээний дагуу ....цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхарт байрлах 120 м.кв талбайг "Аз жаргалтай гэр” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг “Индустр" ХХК-д даалгах, "Ай Эй Ди Эм” ХХК-аас эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаарт бүртгэлтэй ....цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхарт байрлах 120 м.кв талбайг гаргуулан “Аз жаргалтай гэр" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, Н.Сгаас компанид учруулсан үлдэгдэл хохирлын нөхөн төлбөрт 206,250,000 төгрөг, Э.Эээс компанид учруулсан хохирлын нөхөн төлбөрт 246,750,000 төгрөгийг тус тус нөхөн төлүүлнэ. 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: А Ж Г ХХК, Н ХХК-тай хамтран нөөцийн мах бэлтгэх, худалдан борлуулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Э ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн гүйцэтгэх захирлаар Н.Сг томилсон. А Ж Г ХХК Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2 дах хэсэгт заасны дагуу Э ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Н.Сд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй. Н.С мөн хуулийн зүйлийн 84.1 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн өмнө өөрийн хөрөнгөөр буюу хувь иргэнийхээ өмнөөс хариуцлага хүлээж, учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Тэрээр Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “ Аз жаргалтай гэр” ХХК-тай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж 1,053,000,000 төгрөг нөөцийн мах бэлтгэх зориулалтаар авсан. Э ХХК нийт 419,705 тн мах бэлтгэж, 410,421.7 тн махыг нийт 2,170,186,290 төгрөгөөр худалдан борлуулсан нь тогтоогдсон. Н.С нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт “хариуцлагыг өөр дээрээ үүрч зээлийн оронд 390 тн махыг зарж 3,144,420,000 төгрөгийн орлого олсон” гэж мэдүүлсэн, зөрүү мөнгө болох 1 тэрбум гаруй төгрөгийг нэхэмжлэгч талд өгөөгүй, Э ХХК-ийн дансанд зөрүү мөнгө байхгүй байсан. Мөн Н.С мах худалдан борлуулснаас олсон орлого, зарлагын олон удаагийн гүйлгээг Э ХХК-ийн дансаар бус, өөрийн эзэмшлийн хувийн дансаар хийсэн. Н.С махыг хямд үнээр зарсан, алдагдалтай ажилласан, зээлээр зарсан, хүмүүс мөнгөө өгөөгүй гэх зэргээр худал мэдээллийг нэхэмжлэгч талд өгсөн.  Н.С өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас А Ж Г ХХК-аас авсан 1,053,000,000 төгрөгийг буцаан олгож чадахааргүй нөхцөл байдалд хүргэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийн хөрөнгөөр 1,053,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн. Тэрээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөг, авлага зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах, Улсын драмын эрдмийн театрын хажууд баригдаж буй ... орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 5 давхарт байрлах, 120 м.кв талбайтай байрыг дээрх төлбөрт тооцон нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Мөн эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт 1,053,000,000 төгрөгийн хохиролд дээрх орон сууцыг өгөхөөр тохиролцож, бизнесийн эрсдлийг өөрөө хүлээсэн гэж мэдүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй нэхэмжлэгч талыг хохироож байна. ... Н.С Э ХХК-ийн гүйцэтгэх захирал, Э.Э ерөнхий нягтлан бодогчийн хувьд Компанийн тухай хуулийн 84.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтнууд бөгөөд мөн хуулийн 84.4.1-84.4.6 дах хэсэгт заасан үүргийг хүлээхээс гадна 84.6 дах хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх этгээдүүд юм. Э ХХК-ийг махны зоорь, мах боловсруулах үйлдвэрийг бүтээн байгуулж тогтвортой ажиллуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулж, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгө болох 415,000 еврогийн, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр 1,053,000,000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон. ... 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ дүгнэсэн актаар зөвхөн тухайн гэрээний хүрээнд 419 тн махыг сертификатаар батапгаажуулж хүлээн авч 410 тн махыг борлуулсан болохыг тулган баталгаажуулж, төлбөр тооцоог шийдсэн. Э ХХК-ийн гүйцэтгах захирал Н.С 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Голомт банкинд харилцах данс шинээр нээлгэх хүсэлт гаргаж, уг дансаар бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийх, бусад банкнаас үзүүлдэг бүх үйлчилгээг авах эрхийг Э.Эт олгож эхэлсэн. Н.С, Э.Э нар эрх бүхий албан тушаалтнаар ажиллах хугацаандаа хамтарч компанийн нэрийг хувийн сонирхлоор ашиглаж, хувьцаа эзэмшигч А Ж Г ХХК-д байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж буй мэт худал мэдээлэл өгч, бодит гүйлгээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөлгүй нуун дарагдуулж, Компанийн тухай хуулийн 97.1.8, 97.2.3-д заасан үүргээ зөрчсөн. Хууль дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулаагүй, эрх мэдлээ хэтрүүлсэн, компанийн эрх ашгийг дээдэлж ажиллагаагүй, зориуд зүй бус шийдвэр гаргаж, сонирхлын зөрчилтэй байдлаар ажиллаж, уг нөхцөл байдлаа нуун дарагдуулсан, одоог хүртэл шударга бусаар хандсаар байгаа болох нь Э ХХК-ийн борлуулалт, үйл ажиллагааны орлогыг өөрийн хувийн эсхүл өөртэй нь нэгдмэл сонирхолтой бусад этгээдийн дансаар, бусад бэлэн болон бэлэн бус хэлбэрээр завшин авсан, компанийг хохироосон бүх үйл ажиллагаагаар нь нотлогддог. Улмаар тэдний хууль зөрчсөн үйл ажиллагаа нь хэрээс хэтэрч, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтгүйгээр мөнгө хувьдаа хяналтгүй завших нөхцлийг харилцан бүрдүүлсэн. “Баян сагсай аудит” ХХК-аас Э ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийхэд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, СТОУС, Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаалаар батлагдсан заавар, журам, маягтын дагуу бэлтгэгдэж чадаагүй, мөнгөн хөрөнгийн анхан шатны баримт болох бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг хөтлөөгүй, дэмжих баримтыг бүрдүүлээгүй, мөнгөн хөрөнгийн кассын журам мөрдөн ажиллаагүйгээс мөнгөн хөрөнгийг менежментгүй зарцуулсан, ХХОАТ компанид суутгадаггүй, татварын эрсдэл бий болгосон, бэлэн мөнгөний гүйлгээний тайланг бодитой гаргадаггүй, Н.С өөртөө байгууллагаас их хэмжээний бэлэн мөнгө авсан, хамтран ажиллагч хувь хүнд удирдлагын тусгай зардал гаргасан гэх нэрээр 98,000,000 авсан, тодорхой бус зардалд 295,000,000 төгрөг зарцуулсан, байгууллагын орлогоос Н.С хувийн хугацаагүй хадгаламжийн дансандаа 200,000,000 төгрөг болон бусад үнийн дүнгээр авч завшсан, бараа, материал, бэлэн мөнгө, цалингийн зээлийг эмх замбараагүй олгосноос авлага ихээр үүссэн, авлагын баталгаажуулалт, авлагын насжилтын тооцоолол хийдэггүй, авлага барагдуулах талаар нягтлан бодогч хөөцөлддөггүй, 335,989,985 төгрөгийн авлагыг тоооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй нь тухайн авлагыг авах эрхтэй гэдэг нь батлагдахгүй, бодит бус, үүний учир шалтгаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илчлэгдсэн буюу Н.С, Э.Э нарын эрх бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаатай нь салшгүй хамааралтай, түүнээс үүдэлтэй болох нь тодорхой болсон. “Биофүүдс” ХХК-ийн ажилтан Б.Билгүүнжав Э ХХК-д 72,945,750 төгрөгийн өглөгтэй болохоо аудитын шалгалтын үеэр хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Харин гэрчээр асуугдахдаа худал, зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн учир шалтгааныг дараа нь тайлбарлахдаа Э ХХК-ийн авлагыг Н.С өөрийн эзэмшлийн “Сийбридж” ХХК-ийн дансаар авсан гэж 65,434,320 төгрөгийн гүйлгээний банкны баримтын хуулбар үзүүлсэн байдаг. Кассаас шилжүүлсэн гэж бүртгэсэн анхан шатны баримтаар нотлогдохгүй махны төлбөрийн дүн 77,857,880 төгрөг, дутуу тооцсон авлага 92,267,793 төгрөг, анхан шатны баримтгүй зэрэг зөрчлүүдийг тогтоосон. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Н ХХКэргэн  төлөгдөх нөхцөлтэй 1-р санхүүжилтийг Э ХХК дахь өөрийн хувьцааны эзэмшлийн хувьд хувь тэнцүүлэн төлж үүргээ хүлээхээ илэрхийлж, өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг "Аз жаргалтай гэр” ХХК-д шилжүүлж 1-р санхүүжилтийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдсөн. А Ж Г ХХК 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн.   ... Н.С, Э.Э нар Компанийн дүрэм, хууль тогтоомжид заасны дагуу нийт 1,053,000,000 төгрөгийн хохирлыг хариуцна.

Хариуцагч Н.Энхчимэг байгууллагын нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа Компанийн тухай хуулиар хүлээсэн үүрэг болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.1, 20.2, 20.2.4, 20.2.5, 20.2.6, 20.2.8, 20.2.9, 20.2.10, 20.2.13-т заасан үүргийг зөрчиж эргэн төлөгдөх нөхцөлтэй 2-р санхүүжилт төлөгдөхгүй болж, хохирол учрахад хүргэсэн. Иргэний хуулийн 497.3 дах хэсэгт заасны дагуу Э.Эийн оролцоонд үндэслэн хамтран хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч нар зөвхөн Компанийн тухай хуулиар хүлээлгэсэн үүргүүдийг зөрчсөнөөс гадна бусад этгээдэд төлөх өр төлбөр, зардлыг ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр А Ж Г ХХК-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 2-р санхүүжилтээс өмнө тэргүүн ээлжинд төлж тухайн байршуулсан хөрөнгийг зохих нөхцөл, шаардлагыг биөлүүлэхгүй зарцуулах замаар үрэгдүүлсэн.

Хариуцагч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас "А” ХХК-аас Э ХХК-д эргэлтийн хөрөнгийн зориулалтаар байршуулсан 1,053,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө зүй бусаар зарцуулагдан Э ХХК-д хохирол учирсан. Иймд Иргэний хуулийн 510.1 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 86.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. ... А Ж Г ХХК нь И ХХК-аас, түүнчлэн хожим тухайн барилгын өмчлөх эрх шилжсэн охин компани АЭДЭ ХХК-аас ... цогцолборын 1 дүгээр орц, 5 дугаар давхарт байрлах 120 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн эрхийг шударгаар олж авсан этгээд болохынхоо хувьд уг үл хөдлөх хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 123.2 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгдсөн гэрээний хувьд захиалагч тал солигдох, шаардах эрхээ шилжүүлэх нь үүргийн мөн чанарт нөлөөлөхгүй тул “Индустр" ХХК-аас зөвшөөрөл авсан байх шаардлагагүй гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: 

2.1 Хариуцагч Н.С, Э.Э нарын тайлбарт: 2010 онд Н ХХКмалын махыг ангилан бэлтгэж экспортод гаргаж, борлуулахад хамтран ажиллах саналыг А Ж Г ХХК-д танилцуулсны үндсэн дээр 2 хуулийн этгээд хамтарч, Э ХХК-ийг үүсгэн байгуулж, Н ХХК40 хувь, А Ж Г ХХК 60 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон. Н ХХК-ийн зүгээс 60,638,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, А Ж Г ХХК махны үйлдвэрийн байр барих зориулалттай 415,000 еврогийн зээлээр хөрөнгө оруулалт хийсэн. 415,000 еврогийн захиран зарцуулалтыг А Ж Г ХХК нь дангаараа хийсэн. 2013 оны 10 дугаар сараас Н.Сг Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, 1,053,000,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалтаар А Ж Г ХХК-аас зээл олгосон.Мөн тухайн үед АЭДЭ ХХК-аас мах бэлтгэх зорилгоор 1,450,000,000 төгрөг зээлдэн авч компанийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Э ХХК-аас “Ай Эн Ди Эм” ХХК-д 1,450,000,000 төгрөгийг, хүүгийн хамт буцааж төлж дуусгасан. Харин А Ж Г ХХК-аас зээлсэн 1,053,000,000 төгрөгийг төлж чадаагүй. 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Э ХХК-ийн борлуулалтын орлого 2,818,507,711 төгрөг болсон боловч бараа материалын өртөг, зарлага, үндсэн хөрөнгө, үлдэгдэл бараа материал  нийт 3,641,885,087 төгрөг болсноор 823,377,376 төгрөгийн алдагдал хүлээсэн. Бараа материалын өртөг 2,852,911,180 төгрөг, татварын шимтгэл 23,474,225 төгрөг, ажилчдын цалин 79,275,936 төгрөг, түрээсийн төлбөр 67,469,037 төгрөг, бусад үйл ажиллагааны зардал 218,382,698 төгрөг , үндсэн хөрөнгө 38,000,000 төгрөг, зээлийн хүү 248,868,274 төгрөг, бараа материалын үлдэгдэл 51,016,300 төгрөг, бараа материалын хорогдол 62,487,437 төгрөг болсон ба “Баян сагсай аудит” ХХК-ийн дүгнэлт гаргасан. Э ХХК-ийн зээлсэн мөнгөнд ямар нэгэн баталгаа байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдаа үзүүлэх шаардлагатай гэсэн ойлголтыг Н.С, Э.Э нарт өгсөн учраас А Ж Г ХХК, Н.С нар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээг байгуулсан. Гэтэл А Ж Г ХХК тохиролцооноосоо ухарч, 1,053,000,000 төгрөгийг Н.С, Э.Э нар хувьдаа зарцуулсан мэт ойлголтыг шүүхэд төрүүлж, компанийн хүлээсэн алдагдлыг нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, хууль бус шаардлага гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.2 Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Аливаа эрх, үүрэг нь гэрээ байгуулснаар үүсдэг бөгөөд тус компани нь А Ж Г ХХК-тай гэрээний харилцаанд ороогүй, тэдний өмнө ямар нэг үл хөдлөх хөрөнгө, мөнгөн төлбөр өгөх үүрэг хүлээгээгүй. А Ж Г ХХК болон Н.С нар хоорондоо ямар гэрээ байгуулж, юу тохиролцсон нь И ХХК-д хамаагүй. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээг Н.Сгийн гуйсны дагуу байгуулсан. Бодит байдал дээр Н.С компанид ямар ч төлбөр төлөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. И ХХК уг гэрээг эрх зүйн үр дагавар үүсгэнэ гэж бодоогүй, тухайн үед дүр үзүүлэн хийсэн учир уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус болно. А Ж Г ХХК, Н.Стай байгуулсан гэрээ, хоорондын үүссэн маргаанаа ямар ч холбогдолгүй өөр этгээдэд хамаатуулан хариуцагчаар татаж, компанийн нэр хүндэд халдаж байгаа нь хууль зөрчиж байна. Тус компани нь ямар ч гэрээнд батлан дааж гарын үсэг зураагүй. Компанийн дээрх үл хөдлөх хөрөнгө баригдаж дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэжээ.

2.3 Хариуцагч АЭДЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Тус компани нь А Ж Г ХХК-тай гэрээний болон гэрээний бус аливаа харилцаанд ороогүй, харилцаж байгаагүй тул тэдний өмнө үл хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгөх болон аливаа мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. А Ж Г ХХК, Н.С нар хоорондоо ямар гэрээ байгуулж юу тохиролцсоныг мэдэхгүй. И ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.Сгийн гуйлтаар захиалгаар ажлын байр барих гэрээг байгуулж төлбөр төлсөн гэж бичсэн. Бодит байдал дээр Н.С ямар ч төлбөр төлөөгүй. И ХХК 2017 онд уг барилгын зөвхөн газрын эрхийг эзэмшдэг болсон бөгөөд тухайн гэрээ байгуулагдах үед газрын эрх байгаагүй. И ХХК нь тухайн хөрөнгөөс аливаа этгээдэд худалдан борлуулах, шилжүүлэх эрх бүхий этгээд биш байсан учраас уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ мөн. Н.Сгийн хувьд өмчлөх эрх үүсээгүй учир үл хөдлөх эд хөрөнгө шаардах, компанийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх ямар ч эрх байхгүй. Н.С болон А Ж Г ХХК-ийн хооронд байгуулсан аливаа маргаанаас үүдэлтэйгээр А Ж Г ХХК-д ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх болон мөнгө төлөх үүрэггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөр этгээдэд хамаатуулан компанийн нэр хүнд болон эд хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас тус компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Э ХХК-ийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

3.1 Бие даасан шаардлага: 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлын 61,325,000 төгрөгийг Н.Сгаас,  61,325,000 төгрөгийг Э.Эээс тус тус гаргуулна.

3.2 Бие даасан шаардлагын үндэслэл: 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “АЖГ” ХХК хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний дагуу Э ХХК-д 1,053,000,000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүтэй зээлийг олгосон. Уг зээлийг Н.С, Э.Э нар ашиглаж мах бэлтгэн нийлүүлэх чиглэлийн төрийн баталгаат төсөл хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгч, мах бэлтгэн нийлүүлэгчээр оролцсон. Н.С 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Голомт банкинд харилцах данс шинээр нээлгэх хүсэлт гаргаж, түүндээ бэлэн, бэлэн бус гүйлгээ хийх болон бусад банкнаас үзүүлдэг бүх үйлчилгээг авах эрхийг Э.Эт олгосон. Энэ хүрээнд Н.С, Э.Э хоёр компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд компанийн мөнгөн хөрөнгийг хамтран захиран зарцуулж байсны хувьд хариуцлагыг хамтран хүлээх үндэслэлтэй. 1,053,000,000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн capын 1,25% хүүг  2014 оны 01 дүгээр сарын байдлаар төлөөгүйн улмаас хүү 30,000,000 төгрөг, мөн 2014 оны 07 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд хуримтлагдсан 92,650,000 төгрөг, нийт 122,650,000 төгрөгийг Э ХХК нь А Ж Г ХХК-д төлөх асуудал үүссэн учир  хохирлыг Н.С, Э.Э нараас тэнцүү хэмжээгээр гаргуулна гэжээ.  

4.Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж Э ХХК-д олгож, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 497 дугаар зүйлийн 497.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу нэхэмжлэгч А Ж Г ХХК-ийн И ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу А Ж Г ХХК нь ...т цогцолборын 1-р орц, 5 дугаар давхрын 120 мкв талбайг ирээдүйд өмчлөх эрхийг шударгаар авсан болохыг тогтоолгож, Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгуулах, хариуцагч АЭДЭ ХХК-нд холбогдуулан гаргасан дээрх талбайг Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Э ХХК-ийн хариуцагч Н.С, хариуцагч Э.Э нарт холбогдуулан гаргасан 122,650,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг эс зөвшөөрч байна.

5.1 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд диспозитив зарчмын дагуу хэргийг шийдвэрлээгүй байна. Нэхэмжлэлийн 1, 2 дугаар шаардлагууд нь А Ж Г ХХК захиалгын гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг шилжүүлэн авагч болохынхоо хувьд гэрээний үүргийг шаардсан, мөн шударгаар олж авсан захиалагчийн эрх тусгагдсан хөрөнгийг дуусаагүй барилгын нийлбэр, нэгдсэн бүртгэл бүхий гэрчилгээгээр дамжуулан олж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу хууль бусаар захиран зарцуулсны үр дагаврыг арилгуулах шаардлагуудад шүүх дүгнэлт хийхгүй өөрөөр ойлгож, уг ойлголтдоо үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатай гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн.

5.2 Шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээний дагуу захиалагчийн эдлэх эрхийг А Ж Г ХХК нь Н.Сгаас шилжүүлэн авсныг нотлох баримтууд авагдсан байдаг.

... Иргэний хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар төлбөр нэгэнт бүрэн төлөгдсөн болох тэмдэглэгээ хийгдсэн учраас захиалагч тал солигдох, шаардах эрхээ шилжүүлэх нь үүргийн мөн чанарт нөлөөлөхгүй, И ХХК зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхгүй. Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1, 2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 7 дугаарт шаардах эрх шилжүүлэхэд шаардах эрх эзэмшигч нь шаардах эрхээ бусдад шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчид энэ талаар мэдэгдэх л үүрэгтэй болохоос түүний зөвшөөрлийг авах, шаардах эрхээ шилжүүлж буй гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний талаар танилцуулах зэрэг ажиллагаа явуулах шаардлагагүй гэж тайлбарласан. Гэвч анхан шатны шүүх Дээд шүүхийн тогтоолд зааснаас өөрөөр хуулийг тайлбарлаж, Н.С нь И ХХК-д мэдэгдэх үүрэгтэй байх хуулийн зохицуулалтыг хариуцагч талд ашигтай байх байдлаар, оновчгүй тайлбарлаж, шаардах эрхийг хүлээн авагч А Ж Г ХХК нь мэдэгдэл хүргүүлсэн, түүнийг “хүлээн авсан аливаа баримт авагдаагүй” гэж дүгнэх замаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн уг тогтоолд заасны дагуу И ХХК нь А Ж Г ХХК-д шаардах эрх шилжих хуртэл хугацаанд тухайн захиалгын гэрээний шаардах эрх шилжсэн нөхцөл байдлыг эсэргүүцэх, шаардах эрхийн үндэслэл болсон захиалгын гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй, хүлээн зөвшөөрсөөр байсан. Нэгэнт шаардах эрхийг Н.С шилжүүлэн өгснөөс хойш хугацаанд дур мэдэн хөндлөнгөөс гэрээг цуцлах эрхгүй болсон зэрэг чухал үйл баримтыг шүүх үнэлээгүй. Хариуцагч талууд хоорондоо “гэрээг бид дараа нь цуцалсан”, “2021 онд автомашин өгч гэрээг цуцалсан” гэх агуулгатай аливаа тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй, шударга бус тайлбар юм. Н.С нотариатчаар гэрчлүүлэн, шаардах эрхээ А Ж Г ХХК-д 2016 онд шилжүүлэн өгсөн гэрээгээ хожим дур мэдэн хөндлөнгөөс оролцож тохиролцоо хийх замаар цуцлах эрхгүй болох нь илэрхий байтал шүүх Н. Санжаа, И ХХК 2018, 2020, 2021 онд гэрээг “цуцалсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж хүлээн авсан нь хамгийн ноцтой алдаа юм. Ингэснээр хариуцагч талууд үүргээс чөлөөлөгдөх, хариуцлагаас мултран зайлсхийх, дур зоргоор давуу байдал эдлэх бололцоо бүрдэхээр байна.

5.3 И ХХК-ийн тайлбарласнаар, “2018.06.29 өдөр гэрээ цуцлагдах”-аас өмнө буюу захиалгын гэрээ хүчин төгөлдөр байх үед охин компани болох “Ай Эй Ди Эм" ХХК-д ... цогцолборын дуусаагүй барилгыг ямар нэгэн хэлцэл, гэрээгээр бус, хувьцаа эзэмшигчийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг дэх баримтуудаар нотлогдсон. Уг 120 м.кв талбайд А Ж Г ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шударгаар тусгагдсан, захиалагчийн эрхийг шударгаар олж авсан нөхцөл байдлыг шүүх үнэн зөвөөр дүгнээгүй. Иргэний хуулийн 122 дүгаар зүйлийн 122.2, 122.3 дах хэсэг, 495 дугаар зүйлд заасны дагуу захиалагчийн эрхийг хууль ёсоор олж авсан этгээдийн эрхийг зөрчсөний үр дагаврыг арилгах үүргийг АЭДЭ ХХК хүлээж байгааг шүүх бодитоор дүгнээгүй. АЭДЭ ХХК бусдын шаардах эрх тусгагдсан хөрөнгийг шаардах эрх хүчин төгөлдөр үед шилжүүлэн авсан боловч энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, аливаа захиалагч нартай холбогдох ямар нэгэн үйлдэл хийгээгүй болохоо шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь илэрхийлсэн.

5.4 Шүүх хариуцагч талуудын байнгын тогтворгүй тайлбарын үр дагаврыг нэхэмжлэгчид хүлээлгэн, нотлох үүргийг тэнцвэргүй хуваарилж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нар илтэд худал тайлбар хэлж, урьдын тайлбар, байр сууриа тогтмол өөрчилж, нотлох баримтгүйгээр татгалзлаа тайлбарласаар байсан. Тухайлбал, захиалгын гэрээг хариуцагч талууд зарим үед гэрээ байгуулагдаад цуцлагдсан, зарим үед төлбөр бүрэн төлөгдсөн эсхүл хэсэгчлэн төлөгдсөн, зарим үед огт төлбөр төлөгдөөгүй, анхнаасаа гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж хоорондоо хорших байдлаар тайлбараа өөрчилсөөр ирснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. И ХХК, АЭДЭ ХХК тухайн захиалгын гэрээг дүр үзүүлсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт өгөөгүй, “гэрээ цуцалсан” гэх ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн тайлбар, харилцан зөрүүтэй мэдүүлгийг нь үндэслэн гэрээг цуцлах асуудлыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч Н.Стай тохиролцон шийдвэрлэсэн нөхцөл байдлыг буруутгах боломжгүй гэж дүгнээд, гэрээг цуцалсан, 100,000,000 төгрөг буцааж өгсөн, автомашин өгч өрийг хаасан гэх мэт баримтгүй тайлбаруудыг хүлээн авсан. Хариуцагч талуудаас илтэд зөрүүтэй байдлаар тогтворгүй хувьссан тайлбаруудыг нотлох баримтгүйгээр хэлэхэд шүүх үнэн зөв гэж хүлээн авч, бусад зөрүүтэй нөхцөл байдлыг харьцуулахгүйгээр зарим хэсэгчлэн авагдсан баримтуудыг хоорондоо нийцэж байна гэж дүгнэсэн нь шударга бус. Үүний улмаас маргаанд ач холбогдол бүхий захиалгын гэрээ “гуйлтаар хийгдсэн хүчин төгөлдөр бус” гэрээ юм уу, эсхүл “төлбөр төлөгдөөгүй гэж үзэн цуцлагдсан” гэрээ юм уу гэдэг асуудал мөн А Ж Г ХХК захиалагчийн шаардах эрхийг шударгаар олж авсан этгээд мөн эсхүл биш асуудал нь нээлттэй, дүгнэгдээгүй орхигдсон.

5.5 Н.С, И ХХК, АЭДЭ ХХК-д ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй байдлаар хэрэг шийдвэрлэгдэж, улмаар Н.С, Э.Э нарын учруулсан хохирлыг шүүх зөвхөн 653,200,000 төгрөгийн хэмжээгээр хязгаарласан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2014 оны 07 дугаарсарын 25-ны өдрийн туслан гүйцэтгэгчийн гэрээ дүгнэсэн актыг АЭДЭ ХХК, Э ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Н.С, ерөнхий нягтлан бодогч Э.Э нар хийж зөвхөн тухайн гэрээний хүрээнд гэхэд 419 тонн махыг сертификатаар баталгаажуулж хүлээн аваад 410 тонн махыг борлуулсан болохыг тулган баталгаажуулж, төлбөр тооцоог шийдсэн, бүрэн хүлээн авсан байгаа нь нотлогдсон тул хариуцагч талын алдагдалтай ажилласан гэх тайлбар няцаагддаг. Шүүхээс 1,053,000,000 төгрөгийг “...бүхэлд нь эрх бүхий албан тушаалтны Э ХХК-д учруулсан хохирол мөн гэж үзэх нь учир дутагдалтай, хариуцагчийн төлөөлөгчийн энэ үндэслэлийг дурдаж тайлбар гаргаж байгааг буруутгах боломжгүй" гэсэн дүгнэлт нь үүгээр үгүйсгэгддэг. Мөн Н. Санжаа бусад этгээдээс авах авлагыг хувьдаа авсан тул Э ХХК-ийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ бичгээр баталгаажуулж гэрээ байгуулсан байхад шүүхээс “энэ асуудлаар Э ХХК-ийн нэрийн өмнөөс шүүх болон бусад байгууллагад хуульд заасан журмын дагуу маргаан үүсгэн ажиллагаа хийх замаар компанийг хохиролгүй болгох боломжтой” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон. Шүүх Иргэний хуулийн 497.2 дах хэсэгт заасны дагуу “нотолгооны үүргийн хуваарилалт хариуцагчид оногдоно” хэмээн үндэслэлтэй дүгнэлт өгсөн атлаа хариуцагч Н.С, Э.Э нарын нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нотолж чадаагүй дүн болох 653,200,000 төгрөгөөр хариуцлага, хохирлын хэмжээг хязгаарлаж, өөрсдийнх нь хүлээн зөвшөөрч баримтжуулсан тооцооллыг “хохирлын дүнг эргэлзээгүй тодорхойлсон гэхээс илүүтэй ... үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгийн талаар дурдсан гэж үзэхээр байна” гэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.6 Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлууд бүрэн тогтоогдож чадаагүй. И ХХК нягтлан н.Ренчиндоржийг гэрчээр асуулгах хүсэлтийг хоёр удаа гаргасан боловч шаардлагагүй гэж шүүх үзсэн. Шийдвэрт хариуцагч Э. Энхчимэг “... 800,000,000 төгрөгийн хохирлын тал хувийг Н.Сгийн хамт хариуцан арилгахаар эвлэрч болохыг тайлбарласан”-тай нийцсэн байдлаар энэ хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин хэргийн бодит байдлыг олж тогтоох, хохирлын хэр хэмжээг үнэлэх, хариуцлагыг дүгнэх, үүргийг шударгаар гүицэтгэхээс зайлсхийсэн эсэх асуудал зохих хэмжээнд дүгнэгдэж чадаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсноос өөрөөр тайлбарлаж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй.

5.7 Хүчин төгөлдөр бус хэлцэл эсвэл талууд гэрээгээ цуцалсан эсэхийг мэдээгүй А Ж Г ХХК-ийг “шаардах эрхийг шилжүүлэн аваагүй” гэж үзэж, эрх хүлээн авагчид хамааралгүй шаардлагыг хамруулан хэрэглэж 600,000,000 төгрөгөөр хохироож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад И ХХК, АЭДЭ ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгосон тухайн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг болон шийдвэрлэхдээ баримталсан үндэслэл, дүгнэлтүүдийг эс зөвшөөрч байна.

6.1 Тухайн үед Э ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Н.С 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Голомт банкинд харилцах данс шинээр нээлгэх хүсэлт гаргаж, уг дансаараа бэлэн, бэлэн бус гүйлгээ хийх болон бусад банкнаас үзүүлдэг бүх үйлчилгээг авах эрхийг Э. Энхчимэгт” олгосон. Энэ хүрээнд Н.С, Э.Э нар компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд компанийн мөнгөн хөрөнгийг хамтран захиран зарцуулахдаа, компанид хохирол учруулж, үйл ажиллагааг доголдуулсан. Н.С буруутай үйл ажиллагаагаа, байгууллагын борлуулалтын орлогыг өөр зүйлд болон хувьдаа зарцуулснаа хүлээн зөвшөөрч, 1,053,000,000 төгрөгөөс 806,250,000 төгрөгийг хувиасаа төлж барагдуулахаа зөвшөөрч, баталгаажуулан өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Эдгээр эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас 1,053,000,000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн cap тутмын 1,25 хувийн хүүг 2014 оны 01 дүгээр сарын байдлаар төлөөгүйн улмаас үндсэн зээлэнд хөрвөсөн хүү 30,000,000 төгрөг, мөн 2014 оны 07 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд хуримтлагдсан 92,650,000 төгрөг, нийт 122,650,000 төгрөгийг Э ХХК нь зээлдүүлэгч А Ж Г ХХК-д төлөх хохирол хүлээсэн. Гэм хор учруулсан үйлдэл, зөрчил, буруутай үйл ажиллагаа нотлогдсон, түүний хохирол үзүүлсэн нөлөөлөл нь шууд шалтгаант холбоотой байсан нь нотлогдсон. Хариуцагч нар эрх бүхий албан тушаалтны үүргээ хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуулийн 84.4, 85.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1 дэх хэсэгт тус тус заасан шаардлагуудыг зөрчөөгүй бол зээлийн хүү хуримтлагдах үндэслэлгүй, Эй Эн Ди Эм ХХК-аас авсан зээлийг хугацаанд нь бүрэн, зохих ёсоор төлсөнтэй адил төлөгдөх байсан. Талууд 1,25 хувийн хүүгийн төлбөр тухайн үед төлөгдөх үндэслэлтэй байсныг зөвшөөрч баталгаажуулсан, өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ хүчин төгөлдөр байхад үүнийг нотлох баримтаар үнэлэхдээ эргэлзээтэй хэмээн үзэж, дээр дурдсанаар эрх бүхий албан тушаалтнууд “хууль бус бусад үйл ажиллагаа" явуулсан байх нэмэлт шаардлагыг тогтоож хандсан нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 497.3, 510.1 дах хэсэгт шаардах эрхийг үгүйсгэх ямар нөхцөл байдал уг хэрэгт үүсээд байгааг тодорхой дүгнэхийн оронд, харин шууд дүгнэх боломжгүй, өрөөсгөл эргэлзээтэй гэх байдлаар ерөнхийлөн дүгнэж, “хууль бус бусад үйл ажиллагаа явуулсан байх нэмэлт шаардлагыг тогтоох замаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, бие даасан шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1 Хариуцагч И ХХК-ийн тайлбарт: И ХХК Н.Стай орон сууц захиалгын гэрээг 2011-2015 он хүртэл 3 удаа байгуулсан. Н.Стай холбоотой гэрээг байгуулахад ямар нэг зүйл хийх гэж байгаа итгэл үнэмшил төрүүлээгүй. Хуулийн этгээдийн хувьд И ХХК нь тухайн гэрээг байгуулаад төлбөр төлөхийг хүлээж байсан. Гэтэл өнөө маргаашгүй төлбөр ороод ирнэ ээ, бидний дараагийн ажилд энэ чинь хэрэгтэй байна гэдэг. Гэрээний хавсралтад төлбөр төлсөн тоог тавьчихсан. И ХХК-ийн захирал н.Бадамдоржийн гарын үсэгтэй төлбөр төлөгдөөгүй. Төлбөр орж ирээгүй гэдгийг тодорхойлсон албан бичиг хэрэгт байгаа. И ХХК-ийн хувьд А Ж Г ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулагдаагүй байхад хариуцагчаар татсан нь ямар ч үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх хэргийг хууль зүйн утгаар нь үзэж И ХХК-ийг ямар нэгэн төлбөр хариуцахгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.2 Хариуцагч АЭДЭ ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. И ХХК, Н.Стай байгуулсан захиалгын гэрээгээ 2018 онд цуцалсан тул зохигчдын хооронд шаардлага гаргах хууль зүйн боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.3 Хариуцагч Н.С, Э.Э нарын тайлбарт: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Н.Сг компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа 1,053,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан. “Баянсагс аудит” ХХК-аас Э ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайланг үндэслэж дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг гаргасан н.Мөнхцэцэгийг гэрчээр асуухад гаргасан тайлангаа үндсэндээ үгүйсгэсэн. Э ХХК тухайн үедээ алдагдалтай болоод ашигтай ажиллаж байсан эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй гэдэг агуулгаар мэдүүлсэн. Үүгээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус болж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тус бүрээр мөнгөн дүнгээр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд хэд хэдэн гэрээ хэлцлүүд байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан байдаг боловч уг хохирлын дүнг тодорхойлсон шууд баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дах хэсэг заасан зохицуулалт хамаарах байсан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С, Э.Э нараас 122,650,000 төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулах шаардлага гаргасан ба шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Талуудын байгуулсан гэрээнд 1,25 хувийн хүү төлөх зохицуулалт байхгүй байсан учраас гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

            2. Нэхэмжлэгч А Ж Г ХХК компанид учруулсан хохиролд хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж Э ХХК-д нөхөн төлүүлэх, хариуцагч И ХХК-д холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээний дагуу ....цогцолбор үл хөдлөх эд хөрөнгөөс 1-р орцны 5-р давхарт байрлах 120 м.кв талбайтай байрыг Э ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөх, хариуцагч АЭДЭ ХХК-д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаарт бүртгэлтэй ....цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхарт байрлах 120 м.кв талбайтай байрыг гаргуулан Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Э ХХК хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохиролд хариуцагч Н.С, Э.Э нараас тус бүрт 61,325,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

            4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ.

4.1. Нэхэмжлэгч А Ж Г ХХК, Н ХХК-тай хамтран нөөцийн мах бэлтгэх, худалдан борлуулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Э ХХК-ийг үүсгэн байгуулан гүйцэтгэх захирлаар Н.Сг томилж, А Ж Г ХХК 60 хувийн хувьцаа эзэмшигчээр, Н ХХК40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Улмаар нэхэмжлэгч нь махны зоорь, мах боловсруулах үйлдвэрийг бүтээн байгуулж тогтвортой ажиллуулах төслийг хэрэгжүүлэхэд нь зориулан 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Э ХХК-д 415,000 еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,053,000,000 төгрөгийг зээлдүүлжээ. 415,000 еврогийн зээлийн төлбөрт Н ХХК-ийн Э ХХК дахь өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг А Ж Г ХХК-д шилжүүлэн өгснөөр уг гэрээний үүрэг дуусгавар болсон байна. /1хх5, 18-20, 83-93, 4хх51-52/

4.2. 1,053,000,000 төгрөгийн зээлийн хувьд, Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С нь 806,250,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын  24-ний өдөр И ХХК-тай байгуулсан захиалгаар ажлын байр барих гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орон сууц, үйлчилгээний цогцолборын өөрийн эзэмшлийн 120 м.кв талбайтай оффисийн байрыг А Ж Г ХХК-д шилжүүлэх тухай өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулжээ. Хэрэгт дээрх гэрээний зүйл болох оффисийн байрыг 600,000,000 төгрөгөөр захиалан бариулах гэрээг Н.С нь И ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээ авагдсан байна. /1хх21-24/

4.3. И ХХК тус ... орон сууц, үйлчилгээний цогцолборын барилгын төслийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр АЭДЭ ХХК-д шилжүүлж, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр АЭДЭ ХХК  70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. /3хх72-82/ 

            5. Э ХХК-д учруулсан хохиролд хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж Э ХХК-д нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн талаар,

5.а. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Хариуцагч Н.С, Э.Э нар нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төлбөрийн зарим хэсгийг хариуцан арилгах үүрэгтэй.

 5.б. “Баянсагсай” ХХК-ийн санхүүгийн дүгнэлт, аудиторч Д.Мөнхцэцэгийн гэрчийн мэдүүлэгээс үзэхэд Э ХХК-ийн бусдаас авах авлагыг тус компани хуульд заасан журмын дагуу шаардан авах боломжтой гэж үзээд гүйцэтгэх удирдлагуудын хувийн дансаар авсан, анхан шатны баримтгүй бусдад зээлдүүлсэн болон үндсэн хөрөнгө, удирдлагын тусгай зардлын мөнгөн хөрөнгө буюу 653,200,000 төгрөгийг компанид учруулсан хохирол гэж шүүх үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн гэж үзэв. /1хх94-109, 178-179/

5.в. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.С, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Э нар нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2, 84.4.3, 84.4.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 19 дүгээр зүйлийн 19.1.5, 19.1.6-д заасныг зөрчсөний улмаас компанид хохирол учруулсан гэх үндэслэлийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй байна. Мөн хариуцагч Н.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Э.Эийн “хохирлын хэмжээг 806,250,000 төгрөгийн тал хувь 400,000,000 төгрөгөөр тооцох” тухай тайлбар, нэхэмжлэгчийн нэр бүхий хариуцагч нараас шаардсан нэхэмжлэлийн дүн зэргийг шүүх харьцуулан дүгнэж хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлсон нь талуудын зарчимд нийцнэ.

Харин маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, хуулийн хэрэглээ оновчгүй байгааг залруулах нь зүйтэй.

            5.г. Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “ ... Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан хүрээнд компанийн эрх бүхий албан тушаалтны компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тайлбарласан. Тодруулбал, хариуцагч Н.С, Э.Э нарыг Э ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа компанид хохирол учруулсан гэж нэхэмжлэгч нь компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан шаардлага гаргасан байхад  шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэг гэсэн өөрчлөлтийг оруулна.  

             6. Нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээний дагуу ....цогцолборын 1-р орцны 5-р давхарт байрлах 120 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч И ХХК-д, уг үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч АЭДЭ ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг талуудаас тодруулсны үндсэн дээр тухайн маргаанд хамааралтай хуулийг тайлбарлан хэрэглэх учиртай. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу биш байна.

             6.а. Хэргийн 2 дугаар хавтасны 46 дугаар талд А Ж Г ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 87/19 дугаартай И ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг байх боловч уг албан бичгийг хариуцагч И ХХК хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт ямар нэгэн баримт байхгүй байна.

6.б. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, уг тогтоолд гуравдагч этгээдийн Прокурорын газарт гаргасан гомдол зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохгүй байна. И ХХК-ийн Н.Стай байгуулсан байр захиалгын гэрээг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цуцалсан гэх тайлбарыг үгүйсгэх хуульзүйн үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нарын хувьд нэхэмжлэгчийн өмнө эд хөрөнгө шилжүүлэх, бичиг баримт гаргуулах үүрэг үүссэн гэдгийг нотлох баримтгүй, шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. /1хх231, 4хх14-18/

             7. Гуравдагч этгээд Э ХХК-ийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 61,325,000 төгрөгийг хариуцагч Н.Сгаас, 61,325,000 төгрөгийг хариуцагч Э.Эээс гаргуулах бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

7.а. Гуравдагч этгээд Э ХХК бие даасан шаардлагын үндэслэлээ “ ... Н.С, Э.Э нарыг Э ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа А Ж Г ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээний дагуу зээлдэн авсан 1,053,000,000 төгрөгийн зээлийг төлөөгүйн улмаас зээлийн хүү хуримтлагдаж компанид хохирол учирсан” гэж тайлбарлаж байна. /4хх157-159/

7.б. Нэхэмжлэгч А Ж Г ХХК болон гуравдагч этгээд Э ХХК-ийн хооронд байгуулсан 1,053,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээгээр хүү төлөхөөр тохиролцоогүй байна. Уг зээл нь сар тутамд 1.25 хувийн хүүтэй байсныг нотлох баримтгүй байхын зэрэгцээ хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас Э ХХК-д 1,053,000,000 төгрөгийн зээлийн хүү хуримтлагдаж хохирол учирсан гэх шалтгаант холбоо нотлогдоогүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

7.в. И ХХК-ийн нягтлан бодогч н.Р гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсныг буруутгах боломжгүй. /3хх96-98, 5хх3-5/

8. Иргэдийн төлөөлөгч Ч.Оюунцэцэг эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийн биеийн байдалтай холбоотойгоор түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэснээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт нийцсэн байна. /5хх36/

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөөр томъёолж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд журмын дагуу үнэлээгүй, хохирлын хэмжээг үндэслэлгүй тогтоосон, гэрч асуулагх хүсэлтийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/02407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж Э ХХК-д олгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А Ж Г ХХК-ийн И ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу А Ж Г ХХК нь ...т цогцолборын 1-р орц, 5 дугаар давхрын 120 мкв талбайг ирээдүйд өмчлөх эрхийг шударгаар авсан болохыг тогтоолгох, Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгуулах, хариуцагч АЭДЭ ХХК-д холбогдуулан гаргасан дээрх талбайг Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Э ХХК-ийн хариуцагч Н.С, хариуцагч Э.Э нарт холбогдуулан гаргасан 122,650,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 3,157,950 төгрөг, мөн өдөр төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн төлөөлөгчийн төлсөн 771,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                             А.МӨНХЗУЛ